
Зуны нэвсгэр зөөлөн, торон даашинз, богино өмд, углааш, нарны дэрвэгэр малгайндаа баяртай гэж хэлэх цаг ирлээ.
Энэ өдрүүдэд Итали, Францын загварын агентлагууд, нэрт загвар зохион бүтээгчид ирэх намрын гоёо, хувцасны хэв маягийг тодорхойлж байна.
Мэдээж урт түрийтэй гутал, нимгэн савхин бээлий, уртавтар ноосон даашинзнуудаа шүүгээнээс гаргах мөч болсон ч барууны загвар зохион бүтээгчид 2012 оны намрын гоёл өмнөх жилүүдээс ялимгүй өөр байхыг сануулж байна.
Хүрэм, ноосон, даавуун даашинз урт, богино ч бай ялгаагүй бүгд дорнын хэв маягтай, Азийн торгоны хээ хуар, угалзаар чимэглэгдсэн байх гэнэ. Мөн үүн дээр нь 1960-аад оны сонгодог төрх нэмэгдэх аж.
Дундад Азийн улсуудын угалзарсан хээгээр зах, ханцуйг нь эмжээрлэсэн, даашинз, урт цамцны гадуур мөн тийм хээтэй пальто, уртавтар хүрэм өмсвөл энэ намрын загварыг дагаж байгаа хэрэг гэнэ.
Охид, бүсгүйчүүдийн үс засалтад энэ намар хэд хэдэн мода дэлгэрнэ. 1960-аад оны бүсгүйчүүдийн үсээ хөвсийлгөж, угийг нь босгодог байсан мода эргэн ирнэ. Бас бага зэрэг долгиотсон хэрнээ гялалзсан үс, үзүүр нь буржгар, мөр шүргэсэн үс, дээш шуугаад элдэв хавчаар, тууз мэтхэнээр тогтоосон засалт энэ намар бүсгүйчүүдийн дунд тархах аж. Харин өнгөний хувьд улаан, улаавтар туяатай байх гэнэ.
Харин Азичуудын, хувьд солонгос, сингапурын хөнгөн хэмнэлтэй, завсрын өнгөний Зохицолтой загвар энэ намрын гоёо нь байна. Охид богино савхин куртикээр гангарах бол 25-35 насныхан богино куртикээр гоёх юм байна! Эрчүүд нь гадуураа ноосон цамц куртикийн хосолмол маягтай хүрэм сонгох гэнэ.
2012 оны намрын гутлын хэв маягт дорнын дүрслэл ч бас нөлөөлнө. Урт түрийтэй гутал, өнгөний хослол бүхий богино түрийтэй гутал, барын эрээн өнгөтэй үргэлж ултай өсгийт, мөн рок чимэглэлтэй гуталнууд энэ намар таны хөлийг гоёх юм байна.
Европын дизайнерууд энэ намар алтлаг өнгө бусад өнгөнөөс илүү анхаарал татна гэжээ. Ялангуяа алтлаг, гялгар материалаар хийсэн даашинз, юбка хүний нүдийг хужирлах, таны шилдэг сонголт болно.
Барууны дизайнерууд "2012 оны намрын хувцас загварын чиг хандлага ерөнхийдөө Азийн нөлөөтэй, дорнын хэв маягтай байна" гэж нэгэн дуугаар хэлж байна.
Азийн нөлөө зөвхөн хувцас загварт ч биш үсний гоёо, гутал, цүнх гээд бүх л зүйлд давамгайлах юм байна.
Ази охид бүсгүйчүүд дөрвөлжин хийцтэй, урт гинжтэй цүнх, ангийн хиймэл үсэн оруулгатай, хавтсан цүнхээр энэ намар гангарна. Мөн товгор төмөр, гархи гинж бүхий рок чимэглэлтэй цүнхийг өдөр тутам барина. Азичууд ерөнхийдөө 1960, 1970-аад оны гадуур хүрэм, малгай, цүнх, гутлын модыг даган дуурайх юм байна.
Намар бол хэдий ургацын цаг ч нөгөө талаар хуримын улирал байдаг. Тийм болохоор загвар зохион бүтээгчид энэ намрын хуримын даашинзны загвар, үс засалт ямар байхыг зөвлөж байна. Сонгодог маягийн хуримын даашинз шинэ төрлийн загварт тийм ч амархан байраа тавиад өгчихгүй ч нэг мөртэй даашинзыг сүйт бүсгүйчүүл илүүтэй сонгох гэнэ. Харин үс засалт нь бага зэрэг долгиотсон эсвэл гоёмсогоор шуусан байвал зохимжтой.