Кино ертөнцөд алдартай Италийн Венецийн кино наадам өчигдөр эхэлжээ. Тус наадам Энэтхэгийн кино найруулагч Мира Найрын “Дурамжхан фундаменталист” киногоор нээлтээ хийсэн байна.
Улстөрийн триллер ангилалд багтах энэ кинонд 9-р сарын 11-ний халдлагын дараа АНУ-д амьдарч буй пакистан эрийн тухай өгүүлэх ажээ. Дэлхийн хамгийн анхны кино наадмын ерөнхий шүүгчээр Америкийн найруулагч продюсер Майкл Манн ажиллана. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан Францын загвар өмсөгч жүжигчин Летиция Каста улаан хивсний ёслолыг чимжээ.
Мөн Америкийн жүжигчин Кэйт Хадсон, Наоми Воттс, Селена Гомес, Вайнона Райдер нар улаан хивсний ёслолд ирсэн байлаа. Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналын төлөө 18 кино өрсөлдөх бөгөөд найруулагч Пол Томас Андерсоны “Мастер” нэртэй бүтээл онцгой анхаарал татаж байгаа ажээ. Найруулагч Спайк Лийгийн бүтээл “Муу 25” баримтат киног ч хүмүүс тэсэн ядан хүлээж байна. Азийн кино урлагийг төлөөлж Японы Такеши Китано, Өмнөд Солонгосын Ким Ки Дук нар иржээ. Венецийн кино наадам анх 1932 онд болж байжээ. Энэ жилийн наадам 9-р сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд 21 эмэгтэй найруулагч оролцоно.
Ийнхүү Венецийн кино наадмын улаан хивсний ёслолын зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.