“Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг олон кинонд тоглож авьяаслаг жүжигчин болохоо харуулж яваа жүжигчин Г.Золбоотыг монголчууд андахгүй. Дэлгэцэнд төдийгүй тайзны урлагт хүч үзэж яваа энэ жүжигчний талаар уншигчдадаа сонирхуулъя.
ГАРЫН ТАВАН ХУРУУ
1989 он. Улсын багшийн дээд сургуульд цөөнгүй оюутан элсэн орсон байлаа. Сурагчийн ширээгээ оюутны ширээгээр сольсон олон мянган хүүхдийн дунд нүд хөмсөг болсон нэгэн хөвгүүн байсан нь Г.Золбоот байв. Гэхдээ тэр жүжигчин болно гэсэн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн тус сургуулийн кино драмын ангийг сонгосон байв. Түүний ангид өөрөөс нь гадна хоёр хөвгүүн мөн хоёр охин элссэн байлаа. Газар газраас ирсэн шинэхэн оюутнууд эхэндээ нэг нэгнээсээ гэрэвшин байсан ч нэг их удалгүй гарын таван хуруу адил эвсэг хамт олон болон багцлагджээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд тэд дөрвөн намар, дөрвөн хавар, дөрвөн өвөл, дөрвөн зуныг өнгөрөөчихсөн оюутан насаа үдэж амьдралын шаардлагаар тал тал тийш жигүүрлэн нисэх болсон байх нь тэр. Бас кино драмын ангийнхан оюутан байхаасаа л авьяаслаг жүжигчид болох нь тодорхой байсан тул бүгдийнх нь гарт урилга атгаатай байсан гэх. Харин энэ нийтлэлийн эзэн Г.Золбоотын гарт “Золбоот таныг Армийн драмын театр ирж ажиллахыг урьж байна” гэсэн урилга байлаа. Тэрбээр ангийн анд Л.Батбаатартайгаа хамт нэг албан байгууллагад ажиллах болсондоо бас хязгааргүй баяртай байсан гэх. Мэдээж хүүхэд нас нь гүйцэд гээгдээгүй байсан болохоор нөгөөдүүлийнхээ гарт хаана хаанаас хэнийг урьсан урилга байна гэж сэм тагнавал И.Одончимэг, С.Энхтуул хоёрын гарт драмын театрын урилга харагдав. Харин хүнгэнэсэн хоолойтой С.Цоодол найзынх нь гарт МҮОНТ-д ажиллах урилга харагдах нь тэр. Оюутан цагийн найз гээд байгаа Одончимэг нь өдгөө хошин урлагийн лидер жүжигчдийн нэг болоод байгаа Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг л дээ. С.Энхтуул нь харин драмын театрын нэр дээр олон жил ажилласан тус театрын чадалтай жүжигчдийн нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин Энхтуул. Ийнхүү Золбоот амьдралын их далайд хөл тавилаа. Өөрөөр хэлбэл тэрбээр Армийн театраас ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн гэсэн үг. Түүнийг армийн театрт очиход тус театр “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжгийг тавьж байсан юм билээ. Мэдээж шинэхэн оюутанд айхтар том дүр оногдоогүй нь мэдээж. Гэхдээ тэр жүжигчин хүнийхээ хувьд ахмад жүжигчдээс асар их зүйл сурч бас ч гэж туршлага хуримтуулсан нь хожим маш их хэрэг болсон гэх. Учир нь тэрбээр 2000 онд энэхүү жүжгийн Жоу Чуны дүрийг бүтээж шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм.
ДАДЛАГА ТУРШЛАГА БОЛСОН “БҮЛЭЭН НУРАМ”
Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино. Анхны юм гэдэг сургамжтай бас хөгжилтэй байдаг хойно доо. Тэрбээр энэ кинонд тоглож мөн ч их зүйлийг сурч мэдэж бас дадлагажсан гэх. Жүжигчин залуу анхны бүтээлийнхээ талаар “камерын өмнө юу хийхээ ч мэдэхгүй нүцгэн амьтан чичрээд зогсож байж билээ. Эргээд тэр киног үзэхээр сандарсандаа миний эрүүний булчин чичирч байх шиг санагддаг юм. Тэндээс л би кино урлаг гэж юу байдгийг мэдэрсэн” хэмээн ярьсан байдаг. Энэ кинонд тоглохын тулд тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэн багшдаа мөн ч их загнуулсан аргадуулсан даа гэх. Харин түүнээс хойш 200 гаруй найруулагчийн нүүр үзсэн болохоор загнуулсан ч энэ бол байдаг л зүйл хэмээн хүлээцтэй суудаг болсон гэнэ билээ.
ӨГӨӨЖТЭЙ УРЛАГ
Гэхдээ тэр нэг л өдөр их тайзаа хошин урлагийн тайзаар сольчихлоо. Зарим хүмүүс түүнийг хошин урлагт нэг их зохицдоггүй гэж шүүмжлэх ч тэрбээр хошин урлаг өгөөж сайтайн дээр хүнд их юмыг ухааруулдаг урлаг шүү хэмээн энэ бүгдийг үл тоон зөвхөн урагш харж алхсаар. Мэдээж урлагийн хүн ямар ч чиглэлээр уран бүтээл хийж чаддаг байх хэрэгтэй гэсэн багш нарынхаа алтан сургаалыг уландаа гишгэх ухаан муутай хүн биш л дээ, Золбоот. Тиймдээ ч тэр драмын болон дэлгэцийн олон сайхан дүрээрээ монголчуудад хайрлагддаг. Магадгүй дэлгэцийнх нь бүтээл хүмүүст илүү таалагддаг учраас түүнийг драмын жүжигчин байсан нь дээр гэж шавхамдуулдаг биз. Урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдаа тэрбээр 40 гаруй дүр бүтээжээ. Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийнх нь. Бас ихэнх нь гол дүр шүү. Энэ бол түүний ур чадварын үнэлгээ. Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 130-аад дүрийн ард гарчихсан жүжигчин.
ҮГҮЙ
Соёлын тэргүүний ажилтан Г.Золбоотод нэг муу зан бий. Тэр нь хэзээ ч үгүй гэж хэлж чаддаггүй зан. Ямар сайндаа л урлагийнхан “Золбоотод ямар ч дүр өгсөн үгүй гэдэггүй юм” хэмээн ярилцаж байхав. Гэхдээ тэр энэ зангаасаа болж нэг сайн хаширч. Яасан гэхээр нэг удаа тэрбээр бага зэрэг эротик маягийн дүрд тоглож л дээ. Тэгсэн бараг л маргааш нь нэгэн сонин дээр түүнийг их муухайгаар биччихсэн байж. Түүнээс болоод нэр төрөө сэргээлгэх энэ тэр гээд их л юм болсон юм байх. Түүнээс хойш бодолтойгоор энэ үгээ хэлдэг болсон гэдэг. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэж л энэ байх. Хаширласны үндсэн дээр саяхан санал болгосон бас нэгэн эротик дүрээс “үгүй” хэмээн үнэн сэтгэлээсээ татгалзсан хариу өгсөн гэнэ билээ. Тэгээд ч тэр “ид залуу халуун насан дээрээ яваа биш яаж ч нүцгэлээд сууж байхав. Намбатай байсан нь дээр” хэмээн учирласан байдаг.
ОЛОН АНХДАГЧИЙН ЭЗЭН
Золбоотод их сайхан төв царайг бурхан заяачихаж. Энэ нь олон сайхан түүхэн дүрд тоглоход нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэрбээр “Үхэж үл болно Чингис хаан”, “Аравт” зэрэг түүхэн кинонуудад дүрээ үлдээгээд авсан азтай эр. Түүнчлэн олон хүнд хөдөлмөрч занг ухааруулсан түүний нэгэн дүр бий. Энэ бол нэгэн цагт Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан “Эзэнгүй айл” киноны савхиар юм оёдог залуугийн дүр. Ямартай ч энэ дүрээрээ тэр хүн өөрөө амьдралынхаа төлөө тэмцэх аваас болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй гэдгийг олон хүнд ухааруулсан гавьяатай. Түүнчлэн тэрбээр олон олон анхдагчийг бүтээсэн. Хамгийн эхнийх нь дээр өгүүлсэн Монголын анхны телевизийн олон ангит кино. Дараагийнх нь компьютер графикийн аргаар хийсэн “Цахирмаа” кино.
ОЛОН ХҮҮХДИЙН “ААВ”
Магадгүй та түүнийг багш эхнэртэй бас ганц хүүтэй гэдгийг мэдэж байгаа бол энэ гарчгийг уншаад юу вэ хэмээн гайхаж суугаа биз. Тэрбээр их “олон” хүүхдийн аав, гэхдээ уран бүтээлчийнхээ хувьд. “Сүүлчийн бүжиг” кинонд гэхэд нэлээд “зооглодог”, тэгсэн хэрнээ гэр бүлдээ хайртай, шударга аавын дүрд тоглосон бол "Эзэнгүй айл" олон ангит кинонд савхины өөдөс зүүж юм оёж гэр бүлээ тэжээсэн, хөдөлмөрч аавын дүрийг бүтээсэн. Харин “Цахирмаа” кинонд аюул занал, сүйрлийг үгүй болгох ерөндөг хийдэг эрдэмтний дүрийг тун чадварлаг гаргасан байдаг. Ер нь тэр “дүр бүтээнэ гэдэг амаргүй. Өөрийгөө эвдэж байж л дүр нь сайн амилдаг” хэмээн хуучилсан нь бий. Харин цорын ганц эсрэг талын дүр нь “Мойлхон” уран сайхны киноны Мархаа гэх ногоон малгайтын дүр. Уг кино нь буриад түмнийг хэрхэн хэлмэгдүүлж байсан талаар өгүүлсэн кино бөгөөд Мархаа До яамны сургуульд явж ирээд нутаг орныхоо хүмүүсийг хэлмэгдүүлж буй До яамны төлөөлөгч. Нэгэнт номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусны хувьд эсрэг талын дүр бүтээхээс яалтай. Гэхдээ түүнд эсрэг дүрд тоглох тун сонирхолтой байсан гэсэн.
ТЭР УДАМ ЗАЛГАСАН ЖҮЖИГЧИН
Түүний цусанд жүжиглэх авьяас бий гэхэд нэг их хилс болохгүй. Яагаад гэвэл түүний эмээгийн дүү нь бидний сайн мэдэх “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон Цэвэлсүрэн гуай юм билээ. Энэ мундаг жүжигчний үр удамд энэ зэргийн авьяас байлгүй л яахав. Бас төрсөн ах нь Монголын урдаа барьдаг цөөхөн театруудын нэг болох ДБЭТ-ын найруулагч Г.Эрдэнэбаатар. Бас удам залгах ганц хүү нь Хөгжим бүжгийн коллежид морин хуурч мэргэжлээр сурч байгаа гэсэн.
ХАРТАЙ, ШАРАЛХУУ ЭР
Жүжигчин Г.Золбоот нэлээд шаралхуу нөхөр. Тэр тусмаа уран бүтээл хийхийн тулд ёстой шараа гозойлгож өгнө гээч. Ингэж хийсэн бүтээл амттай болдог гэж боддог учраас тэр л дээ. Яг ийм зарчмаар амттай болсон бүтээл нь “Дусал нулимс юу гэж хэлсэн бол” киноны гол дүр нь гэнэ билээ. Тэр бас их хартай. Ямар сайндаа л өөрийгөө харын Оюутолгойн уурхай гэж тодорхойлж байхав. Гэхдээ үүнийгээ “хүний үрийг хайрлаж харамлах гэж авсан юм байгаа биз дээ” хэмээн хөөрхөн өнгөрөөчихнө.
МӨРӨӨДӨЛД ХЯЗГААР БАЙХГҮЙ
Байлдагчийн халаасанд генералын мөрдэс гэдэг шиг жүжигчин хүн бүхэнд кино найруулах хүсэл битүүхэн төрж байдаг нь нууц биш. Жүжигчин Г.Золбоотод ч бас ийм хүсэл бий. Гэхдээ тэр найруулагчийн тал дээр А ч үгүй хүн биш. “Овжин охид”, “Зугтаарай” гэсэн хоёр ч кинонд туслах найруулагчаар ажиллачихсан хүн. Тиймээс тэр өөрийн гэсэн нэр, данстай киноны найруулагчаар ажиллах хүсэл сонирхолтой явдаг гэнэ билээ. Эцэст нь хэлэхэд мөрөөдөлд хязгаар байдаггүй гэдэг. Тэгэхээр Г.Золбоот нэг л өдөр энэ хүсэл мөрөөдлөө биелүүлж нэгэн сайхан киног найруулан дэлгэцэнд гаргачихсан байхад нэг их гайхаад байх хэрэггүй юм билээ.