Попын хаан Майкл Жексоныг таалал төгссөнөөс хойш нас барсан шалтгааныг олон янзаар тайлбарлаж байсан. Харин саяхан өөр нэгэн хувилбар дэвшүүлжээ. Тодруулбал Майкл Жексон аялан тоглолтонд бэлдэж байх үедээ архи ихээр ууж, дарамтанд байсан гэнэ. Тайзнаа эргэн ирэх ёстой гэсэн өөрт тавьсан шаардлагаасаа болж стресст орж, улмаар үхэлд хүргэсэн аж. Los Angeles Times сонины сэтгүүлчид Майкл Жексоны 2009 оны аялан тоглолтыг зохион байгуулагчдын зурвасыг олж авсан байна. Зохион байгуулагчид цахим захидлууд дээрээ дуучин сэтгэл санаа болон эрүүл мэнд нь маш муу байгаад сэтгэл зовниж байна хэмээн бичсэн байжээ.
“Жексон нүүр будалтын өрөөндөө ороод хаалгаа түгжсэн. Согтуу, маш дарамттай байдалтай байна” хэмээн AEG фирмийн ажилтан Рэнди Филлипс даргадаа бичсэн байсан гэнэ. Нийтдээ 250 гаруй захидал олдсон бөгөөд эдгээр захидлуудыг ирэх онд болох шүүх хурал дээр танилцуулах аж. Түүнчлэн AEG компани дуучны эрүүл мэндийн талаар хуурамч мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр Lloyd’s of London даатгалын компани 17.5 сая долларын нөхөн төлбөрийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.