Програм хангамжийн хамгаалалтын компани “McAfee” сүүлийн зургаан жилийн турш кибер ертөнцөд хамгийн аюултай оддыг шалгаруулсаар ирсэн. Яг ямар үндэслэлээр аюултай вэ гэвэл кибер гэмт хэрэгтнүүд тэдгээр алдартнуудын нэр, зургийг ашиглан тэдэнтэй холбоотой сүүлийн үеийн хов жив, мэдээллийг сонирхуулах нэрийдлээр интернет хэрэглэгчдийг веб холбоос руу оруулж, хувийн мэдээлэл, нууц үгийг нь олж мэддэг. Мөн спам, вирус явуулах болон түүнээс ч дор зүйлс тохиолдох нь бий.
Энэ жилийн хамгийн аюултай хүнээр Харри Поттер цувралын од Эмма Уотсон тодорч, өнгөрсөн жилийн нэгдүгээр байрын эзэн Хайди Клумыг ардаа орхижээ.
Эммагийн ардаас Жессика Биль, Ева Мендес, Селена Гомез нар удаалж байна. Мөн 2012 оны кибер-аймшигт оддод Хaлли Берри, Меган Фокс, Шакира, Камерон Диаз, Салма Хаеэк, Софиа Вергара нар багтжээ.
Энэ жил аюултай топ 10 алдартан бүгд эмэгтэй хүн байсан анхны жил юм. 2012 оны топ 20-д багтсан ганц эрэгтэй нь Америкийн хошин шогч Жимми Киммель байжээ.
Ц.Мишээл