Зохиолч: Вон Кар Вай, Лауренс Блок
Зураглаач: Дариус Хонжи
Хөгжмийн зохиолч: Райн Күүдер
Гол дүр: Жүүд Лоу, Нора Жонес, Натали Портман
Хугацаа: 111 минут
Төсөв: 10 сая доллар
Ашиг: 21.9 сая доллар
Хонконгийн сод найруулагч Вон Кар Вай 2007 онд “My blueberry nights” киногоо үзэгчдийн хүртээл болгосон нь фэнүүдийнх нь хувьд том бэлэг байлаа. “My blueberry nights” нь Канны наадмын шилдэг найруулагчийн шагналт Вон Кар Вайн Америкт зургийг нь авч, америк жүжигчдийг тоглуулсан анхны кино болсноороо онцлог юм. “Грэмми”-гийн шагналт жааз дуучин Нора Жонес, орчин цагийн блюз хөгжмийн хатдын
нэг Кэт Пауэр, алдарт Натали Портман, Жүүд Лоу нар гол дүрд тоглосон юм. Хөврөх мэт зураглалууд, нэрстэй бялууны түүх, удаан хэмнэлтэй дуу, дүрүүдийн харилцан яриагаар үзэгчийг соронздох уг кино дэлгэцийн түүхэн дэх
хамгийн сайхан бүтээлийн нэг гэдэг нь гарцаагүй.
Та аялах дуртай юу? Огт очоогүй газар, танихгүй хүмүүс, шинэ хот, тааж үл мэдэх учралууд руу аяллын зам биднийг хөтөлдөг. Гэхдээ хаана ч очсон хүн өөрөөсөө зугтаж чадахгүй. “My blueberry nights” бол аялах дуртай нэгэн бүсгүйн түүх. Тэр нэрстэй бялуунд дуртай.
“Эзгүйгээр нь амьдралыг төсөөлж чадахгүй тэр хүндээ чи хэрхэн баяртай гэж хэлдэг вэ? –Би баяртай гэж хэлдэггүй. Би юу ч хэлэлгүй явдаг”.
Ингээд гол дүр болох Элизабет (Нора Жонес) Нью-Йоркийг орхисон бөгөөд автобус түүнийг Мемфис хотод буулгасан юм. Тэнд бүсгүй өдөр нь түргэн хоолны газар, шөнө нь цэнгээний газар ажиллана.
“Чи яагаад ингэж их ажиллаж байгаа юм бэ? –Би машин авах мөнгө цуглуулж байгаа”.
Гунигт мэдрэмжийн аялгуу блюз хөгжийн нутагт Элизабетийг ганцаардсан цагдаа, хуучин эхнэртэйгээ хүлээж байх болно. Салсан эхнэрээ хүлээсээр буй тэр цагдаа хуримын бөгжөө хэзээ ч тайлдаггүй. Эхнэрээ хүлээн үдшийг клубт өнгөрөөнө. Гэвч бүх юм хэдийнэ дууссаныг ойлгосон өдрөө тэр амиа хорлочихдог. Элизабетийн дараагийн зогсоол нь Невада мужийн нэгэн казино. Мөрийтэй тоглоомчин бүсгүй Лесли (Натали Портман) Элизабеттэй наймаалцаж, мөнгө зээлдүүлэхийг хүснэ.
Тэрбээр цоо шинэ машинаа Элизабетэд барьцаалан, хэрвээ хожвол олсон мөнгөнийхөө гуравны нэгийг түүнд өгөхөөр тохиролцдог. Татгалзаж боломгүй сайхан санал. Энэ зуур Нью-Йоркийн нэгэн дүүрэгт “Ключ” нэртэй кафе ажиллуулдаг Жереми (Жүүд Лоу) Элизабетийг хүлээх аж. Бүсгүй хотыг орхихоосоо өмнө буюу найз залуугаасаа салсныхаа дараа орой бүр “Ключ”-д нэрстэй бялуу иддэг байсан юм. Хүмүүс кафед түлхүүрээ хэн нэгэнд үлдээж явах боломжтой бөгөөд эзэн нь хэзээ ч ирж аваагүй түлхүүр ч цөөнгүй бий.
“Эзэн нь ирж авахгүй түлхүүрүүдийг хаячихаж болдоггүй юм уу? – Хэрвээ би түлхүүрүүдийг хаячихвал хаалга хэзээ ч онгойхгүй байж магадгүй шүү дээ”
Гэхдээ хаалгыг онгойлгосон ч хайж байгаа хүн чинь байхгүй байж магадгүй. Тэгвэл одоо “Миний нэрсний үдшүүд”-ийн хаалгыг тогших уу?