Монголын анхны “Boy Band” хамтлагийн нэг “Номин талст”-ын “Номин талст 15” тоглолт өчигдөр “UB palace”-ийн концертийн их танхимд боллоо. Өнгөрсөн жил тус тоглолтын тухай яриа гарсан даруйд л сонсогчид нь яг хэзээ, хаана болохыг асуугаад тус хамтлагийнхны амар заяаг нь бараг үзүүлээгүй гэсэн. Тиймдээ ч тоглолт эхлэхээс цаг хэртэйгийн өмнө үзэгчид цуглачихсан утас, бугуйн дахь цагаа байн байна харан товлосон цагийг нь хүлээнэ. Үүгээрээ энэ тоглолтыг ямар их хүлээснээ илтгэнэ. “UB Palace”-ийн өмнөх машины зогсоол дүүрсэн байсан болохоор цагаасаа хоцорч ирсэн машинтэй үзэгчид авто хүлгээ түр зогсоох газраа хайж нэлээд мунгинсан. Энэ мэт зүйлсийг ажиглах зуур аль хэдийнээ 19:00 цаг болжээ. Үзэгчид хамгаалагчаар тасалбараа шалгуулан нэг нэгээр яарамгүй орно. Харин хөшигний ард орж тус хамтлагийнхныг юу хийж байгааг нь ажиглавал нэг их сандарсан шинжгүй ус, ундаа, кофе ууж сууна. Зарим нь хувцасаа дөнгөж өмсч байгаа бололтой харагдана. Гэвч Т.Дэлгэрмөрөн харагдсангүй. Асуухад “Одоо ирж байна гэсэн” хэмээн хамтлагийн ахлагч Д.Батсүх хэлсэн. Энэ яриа бараг дуусаагүй байхад “Sweetemoytion” хамтлагийнхан ирлээ. Тэд нэлээд яарсан бололтой орж ирж А.Хаянхярваагаас “За бэлэн үү. Амжилт хүсье” хэмээн гар барьж мэндэллээ. Үзэгчдийг харвал хоосон суудал бага үлджээ. Тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой шүгэлдэх нь шүгэлдэж, хашгаралдаж байв. Ингээд 20:00 цаг болоход үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт эхэллээ.
Хөтлөгч Анхаа тоглолтын эздийг ичээв
Хөтлөгчөөр “C1” телевизийн хөтоөгч Анхаа ажилласан. Тоглолт амьд хөгжимтэй дуулагдсан болохоор улам их сүрийг бадруулна. Нүргэлсэн хөгжим дугарч олон өнгийн гэрэл цацархад хөтлөгч гарч ирж үзэгчдийн оройн мэндийг эрэн мэндчилнэ. Түүнийхээ дараа тус хамтлагийнхны тухай хошиноор хэлж танилцууллаа. Нэгдүгээрт мэдээж тус хамтлагийн ахлагч С.Батсүхийг хэлнэ. Түүнийг “Хүмүүс амьдралаа Амбийгийн нүүр шиг барзгар хэмээн төсөөлдөг. Тэгвэл нөгөө талаар Д.Батсүхийн нүүр шиг гөлгөр, гөлчгөр байна гэх болсон. Тийм ч учираас монголын ихэнхи охид, бүсгүйчүүд түүнийг хайрлах зүрхээ тэсэн ядан цээжиндээ авч яваа. Харин Хаянаагийн хувьд дуугаараа бүсгүйчүүдийг уяраадаг. Тэгээд ч зогсохгүй рок попын залуухан бүсгүйчүүдтэй хамтарч уран бүтээл хийдэг. Тодруулбал Маралжингоо, Номинжин, Номин, Д.Оюунтүлхүүр нарыг нэрлэнэ. Тэд нараас ч өөр дуучин бүсгүйг нэрлэж болно. Харин түүнтэй хамтарч дуулаагүй эмэгтэй дуучин байвал өөрийгөө маралын элэгдэлд орчихсон байна гэж ойлго. Ерөнхийдөө Хаянаа рок подын эмэгтэй уран бүтээлчдийг сорчилж дуулдаг гэхэд хилсдэхгүй. Хаазаагийн хувьд “Зав л гарвал өөртөө зориулж шүлэг бичдэг” хоббитой. Тэгсэн хэрнээ удаанаараа Геннисийн номонд бүртгэгдхэд ойртоод байгаа. Үүнийг илтгэх нэг зүйл нь хамтлагийн гурван гишүүн нь 15 жилийнхээ ойноос өмнө тус бүр нэг цомог гаргачихад байхад тэр гаргаагүй. Хэдэн жилийн өмнө “Нэг цомог гаргъя даа” гэж сонсогдтол өнөөдрийн тоглолт болчихож байгаа юм. Дэлхий сөнөлөө яанаа Хаазаа гэвэл “Өө тийм үү” л гэх хүн. Тэгвэл Дээгий 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг нээж байсан хийморьтой эр. Энэ бол түүний зөвхөн жишээ. Бусдыг нь та нар мэднэ” гэв. Үүнийгээ Анхаа тус хамтлагийнханд хэлээгүй гэсэн. Тиймээс магтуулсан нэг нь онгирсон бол ихэнхи нь ичиж байгаа бололтой тайзны ард зогсч байсан. Ингээд тоглолт эхэллээ. Дэлгэцэнд дүрс гарч тус хамтлагийнхны “Би гэртээ” дуугаар тоглолтын салхи хагарав. Үзэгчид хашгаралдах нь улам ихэсч жинхэнэ сэтгэл огшив. Хүрэн өнгийн хослолоор жигдэрсэн дөрвөн залуу нэгдүгээр хэсэгтээ дээрх дуунаас гадна “Чинийх”, “Би түүнийг харахаараа”, “Хайртай байсныг чинь мэдсэнгүй”, “Дурласан сэтгэл”, “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ”, “Цас хаялсан үдэж”, “Дурлачихжээ” зэрэг дуугаа багтааж үзэгчиддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мэндчилгээ дэвшүүлэх үед хамтлагаасаа хамгийн даруухан гэгддэг Хаазаа мөн л нэг их зүйл хэлсэнгүй. Өөртөө оногдсон хувиа дөнгөж өнгөрөөсөн төдий л болов. Яриа муутай болохоор нь хамтлагийнхан нь түүнийг “Дахиад юм ярь л даа” хэмээн үзэгчдийн өмнө ичээнэ. Гэсэн ч тэр үл тоов.
Хоёрдугаар хэсэг нь тэдний хувьд үзэгчиддээ барьж буй номер байв
Тэд тус бүр өөрсдийн бие даан гаргасан дуугаа дуулсан. Хаянаагийн хувьд дуучин Д.Оюунтүлхүүртэй хамтарч дуулдаг “Зүүдний учрал”-ыг охин Анхилуунтайгаа дуулсан. Учир нь Т.Оюунтүлхүүр гадаадад яваа тул охинтойгоо дуулсан аж. Энэ нь ч үзэгчдэд маш том гэнтийн бэлэг болсон. Түүний дараа С.Батсүх, Б.Амархүүтэй дуулсан “Татар ажиллагаа” уран сайхны киноны дуугаараа тус кинонд тоглосон хувцастайгаа гарч ирж мэндчилгээ дэвшүүлсэн. Гэхдээ Б.Амархүү мөн л ирсэнгүй. Харин тус кинонд хамтран тоглосон Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү нар тайзнаа гарч ирж тус киноны хэсгээс тоглож үзүүлсэн. Түүнийг дуулсны дараа Хаазаагийн ээлж болжээ. Тэр нүцгэн шахуу олон бүсгүйчүүдтэй гарч ирж бүжиглэж “Захиа” дуугаа дуулахад үзэгчид улам их шүгэлдэж байв. Учир нь түүнийг өмнө нь ичээд нэг их юм ярихгүй байсан болохоор тэгж бүжиглэхийг нь үзэгчид яахан санах билээ. Тайзнаас буухад нь буулгахгүй гэсэндээ нэлээд хашгаралдаад авна билээ. Тэгсэн ч нэмэр үл болно. Хамгийн сүүлд Дээгий өөрийн зохиосон найзын тухай шүлгээ уншиж тайзны араас гарч ирхэд феэүүд нь “Буруу эргэлт” уран сайхны киноны андын тухай дууг дуулах байх гэж бодож байсан. Тэдний бодлоор тэрбээр тэр дуугаа дуулж үзэгчдийг уяраагаад авсан. Ингээд тус тоглолт өндөрлөхөд үзэгчид тэднийг буцахыг хүссэнгүй. Дахин дуулуулахыг хүсч хэрэндээ л шуугиад авсан. Тэд ч тайзнаасаа бууж хөшигий араар оров. Тэгсэн ч үзэнгчид суудлаасаа боссонгүй. Тиймээс “Номин талст”-ынхан арга буюу дахин тайзнаа гарч хоёр дуу дуулаад үзэгчдийнхээ гомдлыг тайлав.
Азтай үзэгчээр Н.Халиун тодорлоо
Тус тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolian airlines” групп ажилласан. Тус тоглолт нь азтай үзэгчийг хосоор нь “УБ-Шанхай” руу үнэ төлбөргүй аялуулна хэмээн амлаж байсан. Тэр амлатаараа азтай үзэгчийг шалгаруулж СХД XIX хороо 21 хороололын оршин суугч Н.Халиун тодорсон. Тэрбээр тун удахгүй маамуулах гэж байгаа гэсэн. Тиймээс гэр бүлийнхээ хүнтэй гурвуулаа явах болж байгаа юм.
Тоглолтын дараа тус хамтлагийнхны сэтгэгдлийг сонссон юм.
Д.Батсүх: Сүүлийн сар бараг нойргүй ажилласан болохоор нэлээд ядарч байна
Тоглолтын эхний өдөр бидний эрч хүч оршдог бол хоёр дахь өдөр үнэ цэнэ үлддэг. Тоглолтын бэлтгэл ажил таван сарын өмнөөс эхэлсэн болохоор бүрэн хангагдсан. Гэхдээ сүүлийн сар бараг нойргүй ажилласан болохоор нэлээд ядарч байна. Гэхдээ үзэгчид маань санасанаас илүү сайхан хүлээж авч алга ташилтаараа сэтгэл сэргээсэнд бид маш их урам орлоо. Үзэгчидээ би “Гэрэл сүүдэр” цомогт багтсан дуунуудыг илүү сонсох байх гэж бодсон болохоор тэр цомогт орсон дуугаа голчилж дууллаа. Тоглолтын дараа хамтлагаас гарч байгаа найм дахь цомог үзэгчдийн хүртээл болно. Продюсероор нь гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий ажиллаж байгаа. Одоогоор цомогтоо нэрээ өгч амжаагүй байна.
Т.Дэлгэрмөрөн: Энэ удаагийн тоглолтоороо бид өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгээ харуулахыг зорьсон
Бидний тоглолтууд байнга сайхан болдог. Энэ удаагийн тоглолтдоо бид өмнөхөөсөө хөгжим хэрхэн хөгжиж вэ, хэрхэн өөрчлөгдөж чадсан байна вэ гэдгээ үзэгчиддээ шагуулах гэсэн бодлого тавьсан. Үүнээс дараа дараагийн рок попын халаа болон гарч ирэх дүү нар маань ч мэдрэх байх. Бас хамтлагаараа “лаг” байхын утгийг мэдрээсэй гэж хүсч байна. Мөн чадварлаг хөгжмийн зохиолч, яруу найрагчдийн бүтээлийг өчүүхэн ч өөрчлөлгүй олонд хүргэсний минь ач ийм хэмжээнд хүргэдгийг харуулах гэсэн юм. Харуулж ч чадлаа. Би маргааш (өнөөдөр) болох тоглолтдоо хайрын бурхандаа 999 сарнай бэлэглэнэ. Тэр мөч зөвхөн намайг биш үзэгчдийн сэтгэлийг огшоох биз ээ. Яагаад сарнай бэлэглэж байгаа юм бэ гэхээр надад хүү төрүүлж, миний жаргал зовлонг хуваалцдагт нь маш их баярладаг. Тэр баярласан сэтгэлээ би өмнө хэлж байгаагүй болохоор цэцэг гардуулахдаа хэлэх гэж байгаа. Үүнийг би тэсэн ядан хүлээж байна. Танай сайтаар дамжуулж үзэгчиддээ хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Улам их аз жаргал хүсье.
Т.Хангэрэл: Баярласандаа би юм ярьж чадахгүй нь
Эхний өдрийн тоглолт сайхан боллоо. Хамгийн гол нь бидэнтэй хамт байгаа үзэгчиддээ талрахснаа илэрхийлье. Бид хамтлагийнхаа арван жилийн ойд дуулагдаагүй дуугаа голчилж дууллаа. Энэ нь онсон сонголт болсон болов уу. 1997 оны дууг ч сайхан хүлээн авч хамтдаа дуулсанд нь баярлаж байна. Би баярласандаа юм ярьж чадахгүй байна ойлгоорой.
А.Хаянхярваа: Миний охин аавынхаа дуунуудыг мэддэг болохоор нэг их бэлдээгүй
Миний сэтгэлд хүрэхээс илүү бидний тоглолтыг үзэх гэж ирсэн үзэгчдийнхээ сэтгэлд хүргэж чадсан бол болох нь тэр. Намайг дуучин Д.Оюунтүлхүүртэй хамтран дуулдаг “Зүүдний учрал” дуугаа охин Анхилуунтайгаа дуулхад үзэгчид сайхан хүлээж авсанд талархаж байна. Бид хоёр тоглолтын бэлтгэл ажил хийх үеэс хамт дуулна гээд шийдчихсэн байсан. Тэгээд ч миний охин аавынхаа дуунуудыг мэддэг болохоор нэг их бэлдээгүй. Хамт хоёр удаа л дуулсан.
У.Баярсайхан