Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана өчигдөр уншигчидтайгаа уулзсан билээ. “Интер ном”-д болсон тус уулзалтыг “Номын түлхүүр” сэтгүүлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд анхныхаа зочноор түүнийг сонгожээ. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулсан билээ. Тодруулбал “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг роман хэвлүүлсэн.
Мөн “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван роман хэвлүүлсэн юм. Зөвхөн утга зохиолын бүтээл бус философи уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть гаргасан. Мөн үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон билээ. Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эссэнүүдийг “Сонгомол эссээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүллэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг тус тус орчуулан хэвлүүлсэн юм. Уулзалтын үеэр уншигчид өөрийн сонирхсон асуултаа асууж, чөлөөтэй ярилцсан нь тэд номын садан мэт болсноо харууллаа.