Хэдэн жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн содон өнгө аяс бүхий дуугаар түрлэг нэмж басхүү нэгэн шинэ үгийн утга нэмсэн яруу найрагч Найдансодын Энхбаатар найрагчийг “Айргаар цэнгэгч” хэмээн нэрлэж болно. Түүнийг ийн нэрлэхийн учрыг өгүүлсү. 5,6 дугаар ангийн жаалхан хүү нэгэн өдөр ган үзгээ хурцлан “Хавар” гэх гарчигтай “хөөрхөн” гэгч нь аргагүй шүлэг бичжээ. Гэтэл эл шүлэг нь Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд хэвлэгдэж тухайн үедээ “мань эр” ангидаа “Од” болон гялалзаж шүлгээр жигүүр хийн дэрвэж явжээ.
Хожмоо буюу 1993 онд X ангиа дүүргэж дунд сургуулийн сурагчийн ширээнээс холдмогцоо шүлэг, найрагт сэтгэлээсээ дурлаж 2008 онд “Хайрхан цэнхэр тогоруу” нэртэй шүлгийн анхны номоо гаргаж онгодоо хөглөсөн байдаг.
Түүний дараа 2010 онд “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолт хийсэн нь өөрийн орон зайг урлагийн ертөнцөд дархалсан анхны гараа байлаа.
Түргэн түүхий юм хийхгүй, чансаатай бүтээл төрүүлэхийн тул удаан бодно. Ерөөс “Шүлэг бичих нь яг л шатар тоглож байгаа юм шиг” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан нь Н.Энхбаатарын уран бүтээлийн чанар чансааг тодорхойлно. Шатар тоглоно гэдэг оюуны спорт. Эл спортыг оюун ухааны хаан ч гэж болно. Ухаанаа хаанчилж амьдарна гэдэг нь хүссэн хүн бүрт олдоод байдаггүй ховор заяа.
Бас Маяковскийн “Нэг сайхан үг олохын тулд мянган үгийн хүдрийг тунгаана” гэх үгтэй санал нийлдэг нь үгээр урлах гантиг хөшөөний донж маягийг хэр тааруулдгийг илтгэнэ.
Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, УГЗ Т.Сэр-Од, Ш.Өлзийбаяр, Төв аймгийн н.Намширболд, Өвөрхангайн н.Бадамсамбуу, “Хос шарга”-ын Д.Баасандорж, “Адуутай, айрагтай, найрагтай нутаг”-ийн Г.Төвшинтөр нартай хамтран бүтээлээ туурвина. Онгод хийморь хоёртоо эрдэж амьдардаг эл хөгжмийн зохиолчидтой хамтран ихэнх бүтээлээ “өлгийджээ”.
Түүнд нутгийн ах Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хааяа зөвлөгөө өгч хамтран ажилладаг гэдэг.
Найрагч маань тийм ч онгироо бус. Даруухан, дөлгөөхөн бор залуу. Шүлэг найраглалаа тайзан дээр уншиж цээжээ дэлдэнэ гэж даанч үгүй. Харин Төв аймгийн өдрүүдээр анх удаагаа тайзан дээр гарч “Айргаар цэнгэгчийн орон” гэсэн найраглалынхаа хэсгээс нутгийн ард түмэндээ уншиж сонирхуулсан нь нижгэнэсэн алга ташилтаар шагнуулсан гэдэг.
…Аяа… Айргаар цэнгэгчийн орон. Түүний анхны цомгийн нэр. Атар тал нутаг, дэл нь хийссэн омголон морьд, хамар сэтлэм сэнгэнэсэн айргийн үнэр, самсаа шархирам эгшиг. Энэ нь Н.Энхбаатар ахын уран бүтээл, дуунуудаас төсөөлөгддөг дүр зураг.
“Айргаар цэнгэгчийн орон”-д аялгуу нэмж буй уран бүтээлч маань тун удахгүй найргаар цэнгэх дуун эгшгийн бүтээлээ олноо толилуулахаар бэлтгэж байгаа гэсэн. Тодруулбал, Монгол бөхийн өргөөнд хоёр дахь бие даасан тоглолт буюу уран бүтээлийн дуун цэнгүүнээ хийхээр төлөвлөж буй. Хурсан олны сэтгэлийг хуурын эгшиг найргийн хураар цэнгүүлэн буй яруу найрагчийн уран бүтээлд амжилт хүсч “Найргийн хур тань намиран орох болтугай” хэмээн ерөөе.