“Take me to your heart” дуугаараа монголчууд бидэнд хэдийнээ танил болсон “Michael learns to rock” хамтлаг ирэх сарын 7, 8-нд манай улсад урилгаар ирж тоглох нээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар зохион байгуулж буй аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо хийхээр болсон аж.
1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан тус хамтлаг манайд улсад ирж тоглох болсонтой холбогдуулан өчигдөр “Blue Sky” цамхагт хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, “Шар айраг” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат, “EVENTO” ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан менежер н.Батжаргал нар оролцов.
“EVENTO” ХХК-ийн санаачлан зохион байгуулж буй уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм байна. Уг төслийн зөвлөхөөр УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг Тotal Music компани, хамтран зохион байгуулагчаар Вагнер Ази, Улаанбаатар паласын хамт олон оролцож байгаа аж.
Тоглолтын тасалбар www.evento.mn цахим хуудсаар худалдаалагдах бөгөөд уг тасалбар нь “Micro Siesmic” компанийн бүтээсэн ухаалаг карт хэлбэрээр гарах гэнэ. Үнийн хувьд 40 мянга, 60 мянга, 80 мянган төгрөг гэсэн сонголттой юм байна. Энэ нь дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ч ашиглагдах ажээ. Тодруулбал, “EVENTO” ХХК болон төслийн багийнхан ирэх онд дэлхийн томоохон оддын шоу тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөгөө гаргасан гэнэ. Тэд Монголынхоо рок поп сонирхогчиддоо дэлхийн оддын тоглолтыг толилуулах төслийн баталгаа нь удахгүй ирэх “Michael learns to rock” хамтлаг байна гэв.
П.Наран