Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд будант газар ясаа тавьдаггүй… гэх тэр нэгэн найрагчийн тэнгэрлэг бүтээл мэт зурагнууд. Яг л тийм гүн цэнхэр тэнгэр өөд тэмүүлсэн бийр түүнийх аж. Түүнийг өнгө будгийнхан нь “Солгой” Баяраа гэх юм билээ. Тиймээс зураач С.Баярбаатарын урланд түр саатлаа.
-Таны энэ зурагнаас наадмын нэг сайхан өглөө харагдаж байна. Наадмыг санагалзаа юу?
-Мэдэхгүй юм. Би сэтгэлдээ бууснаа л зурж сууна. Нэр нь “Наадмын өглөө”. Хурдан хүлгүүд, унаач хүүхдүүд. Уяачид наадмын өглөөний өнгийг ярьж сууна. Манайхан чинь наадмын өглөөний тэнгэрийг ажиглаж, өнөөдөр ямар зүсмийн ямар морь түрүүлэх вэ гээд л ярилцдаг. Би зургандаа ийм л дурслэлийг гаргаж байна. Тулгын гурван чулуунд гал түлээд арц хүчээ уугиулж наадмын өглөөг угтдаг. Гэрээсээ зайдуухан буудалласан уяачдын өглөөг нэг иймэрхүү байдлаар сэтгэлдээ буулгасан хэрэг л дээ.
-Харин энэ “Удамших мөч”. Тэнгэр, газрыг ард түмэнтэй хамтад нь дүрсэлсэн нь юуг өгүүлж байна вэ?
-Монголын ард түмнийг “Тэнгэрлэг хэмээн тодотгодог шүү дээ. Эхлээд лам нар, тэгээд хаад, ноёд, гурав дахь хэсэгт жирийн иргэд, эцэст нь ядуу гуйлгачин хүмүүс. За, тэгээд нохойг чонотой зүйрлэдэг шүү дээ. Цаана нь ногоон морьтой сүйх тэргэнд ирээдүйн хаан, хатан болох хүн сууж байгаа. Зүгээр л тэнгэрлэг ард түмэн. Энэ хүмүүс газар дээр алхаж, бас үүлэн дээр хөвж байна.
-Энэ бүтээл хэр хурдан хугацаанд бүтсэн вэ?
-Олон жил бодож явсан зураг. Монголын ард түмний тэнгэрлэг байдлыг, ёс заншлаа хүндэлдэг тэр зан чанарыг дүрслэхийг хичээсэн.
-Таны зурагнуудад тэнгэрийн өнгө давамгайлсан харагдах юм. Таны дуртай өнгө үү?
-Үгүй. Би цагаан өнгийг нэрлэнэ. Юу ч үгүй цагаан цаасан дээр бүхнийг зурж болдог.
-Тэгвэл энэ гүн цэнхэр өнгөнүүд?
-Намайг Москвад сурч байхад Оросын Ардын зураач Сидоров “Монгол орон гүн цэнхэр өнгөтэй орон. Гоё сайхан бүтээлүүдийг туурвиж, өнгөөр тоглож байх хэрэгтэй” гэж захидаг байсан. Москвагийн тэнгэр саарал шүү дээ. Багш маань “Цэнхэр тэнгэр танайд бурхнаас заяасан. Монгол нутгаа хайрлаж яваарай” гэдэг байлаа.
-Тэгээд та багшийнхаа захиасыг биелүүлж чадаж байна уу?
-Үгүй л гэх байх. Одоо Монгол нутгаа хайрлаж яваа хүн алга. Гэхдээ яруу найрагчид, зураачид л үүний төлөө шаналдаг. Хөдөө явахаар энд, тэндгүй ухаж сэндийчсэн газар. Яг үнэндээ бийр, будгаар буулгах сайхан байгаль олдохгүй болж байна шүү дээ.
-Зургаа зурах гэж хөдөө их явдаг гэсэн үг үү?
-Зуны улиралд зураачид маань хэд, хэдээрээ баг болоод байгальдаа гарна. Тэндээс эскизээ гаргаж ирээд л урландаа суудаг. Монголын бүх аймгийн аль үзэсгэлэнтэй байгальтай газарт гарч судалгаа хийдэг. Монгол орон бол агуу түүхтэй уудам нутаг. Түүн дотор явахад өчүүхэн жаахан шоргоолж шиг. Тийм сайхан байгалийг бүтээл болгож үлдээх сайхан.
-Зураач таны сэтгэлд буусан хамгийн гайхамшигт агшин?
-Одоохондоо би зураач болоогүй. Байнгын эрэл хайгуулж хийж, жинхэнэ бүтээл туурвиж байж зураач болно. Яг тийм зураг гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ өглөө эрт босоод нар мандахыг харах бол гайхамшиг. Орой нар жаргахад бүх төрлийн өнгө гарна. Өдөр цэлийсэн тал, цэв цэнхэр тэнгэр, ёстой л жинхэнэ Монголын их амар амгалан ноёрхдог.
-Та яруу найраг сонирхдог уу?
-Уншихгүй бол уран бүтээлч гэж яваад яах вэ дээ. Нэг сайхан шүлэг уншаад л хөөрсөн сэтгэлээр зургаа зурдаг.
-“Бүтээлээс бүтээл төрдөг” гэсэн үг байх нь ээ?
-Тийм. Шүлэгнээс зураг, зурагнаас шүлэг төрнө. Яруу найраг, уран зураг гэдэг салшгүй холбоотой. Сайхан яруу найраг уншаад тэндээс зургаа буулгадаг. Би олон зохиолч, яруу найрагч найзтай. Тэд ч урлангаар маань ороод гарахдаа сайхан бүтээлийн санаа өвөртлөөд буцдаг гэдэг. Би яруу найрагч Д.Цоодол гуайг охинтой нь шүтнэ, Бавуу ах гээд олон яруу найрагчийн бүтээлийг унших дуртай.
-Бүтээл бүр өөр, өөрийн гэсэн түүхтэй байх. Таны хамгийн нандин дурсамж ямар зурганд үлдэв?
-Хүүхэд байхаасаа л зураг зурдаг байсан. Миний өвөө ойн цагдаа байсан. Би чинь өвөө, эмээгийн хүүхэд. Тэгээд ой модон дунд өссөн болоод ч тэр үү мод их зурдаг хүүхэд байсан. Мод зурахаар бага насны дурсамж сэргээд сайхан байдаг юм.
-Харин энэ инээмсэглэл нуусан харц ямар нэгэн дурсамж өгүүлж байх шиг…
-Миний хайртай, хайрлаж явсан хүн. Сэтгэлээ илчилсэн ч энэ зургаа өгөөгүй. Зураг болгон өөр, өөрийн гэсэн түүхтэй. Сэтгэл л шингэхгүй бол зураг болохгүй. Хийсэн бүтээл бүр миний сэтгэлд байх ёстой. Бүх зураг минь намайг шаналгаж бүтнэ. Би өөрийнхөө зургийг тархиндаа боловсруулдаг. Судалгаа хийж толгойгоо байнга ажиллуулж байж зурна шүү дээ. Шөнө зүүдэлж босч ирэнгүүтээ л санаагаа буулгана. Би зургаа голох, гомдоох дургүй.
-Таны зүүдэнд хамгийн тод буусан ямар бүтээл байв?
-Ан хийж байгаа индиан эр. Гэхдээ сүмд байгаагаар… Цаана нь хадны сүг зургууд… Анчин индиан сүмд байгаа учраас далавчтайгаар төсөөлөгдсөн. Тиймээс би тэр чигээр нь л шууд буулгасан.
-Та төрмөл зураач мөн үү. Эсвэл?
-Миний оюун ухаан надад “Ийм зураг зур” гэж тушаадаг. Зураач хүн цаанаасаа төрдөг гэдэгт итгэдэг. Би олон багштай. Гавьяатуудыг бүгдийг нь биширч явдаг. Анх намайг зурагт дурлуулсан хүн бол Жавзан багш маань. Тэгээд Рэнзэн, Амгалан, Цүлтэм гээд зөндөө хүмүүс бий. Хойно Орост ч бас багш нар минь бий. Суриковоос өгсүүлээд зөндөө. Би В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургууль төгссөн л дөө.
-Сүүлийн үед айл гэр, албан байгууллагууд уран зургийг ханандаа өлгөж, нэг ёсондоо зиндаархдаг болжээ. Ингэснээр “Уран зураг үнэ цэнэтэй болж байна” гэж ойлгож болох уу?
-Хүмүүс уран зураг сонирхдог болж, хивсний оронд ханандаа өлгөхийг чухалчилж байна. Гэхдээ зургийн үнэ цэнийг мэдэрч, ойлгох болоогүй байна.
-Хүмүүс танаас ихэвчлэн ямар сэдэвтэй зураг худалдаж авдаг вэ?
-Бүх юм чөлөөтэй болчихлоо. Зураач хүн өөрийнхөө бүтээлүүдийг л ард түмэнд хүргэнэ. Харин тэрхүү бүтээлүүд нь ямар чиглэлийнх вэ гэдгийг урлаг судлаачид хэлнэ. Урлаг судлаачид тодорхой цензур тавиад байгаа юм. Бид, ер нь уран бүтээлчид тэнгэрээс заяасан зүйлсээ л хийнэ. Харин би зургаа л зурна. Жишээлбэл, энэ могой. Үүнийг ямар зураг вэ гэдгийг урлаг судлаачид л тайлбарлана.
-Би энэ зургийг өөрийнхөөрөө харж, ойлголоо. Могойн чуулган гээд л бага байхад их ярьдаг байсан. Тэр л дүрслэгдэж байна?
-Ер нь бол тийм. Чи зөв харжээ. Миний өвөө Ховд аймгийн хүн. Тэрбээр надад Зайсанд ойн цагдаа хийдэг байсан тухайгаа ярьсан юм. Өвөө маань могойн чуулганы тухай сонин, сонин түүхүүд ярина. Надад “Могойн чуулган харагдах юм бол хормойгоо тосоод суучихаарай. Хөдөлж болдоггүй. Хөдлөх юм бол могой хатгана” гэж захидаг байсан.
-Хүмүүс нутаг усныхаа зургийг зуруулахыг их хүсдэг бололтой?
-Тийм ээ, хүмүүс бие биедээ уран зураг бэлэглэх дуртай болсон. Тиймээс тэд ихэвчлэн нутаг усныхаа зургийг зуруулах сонирхолтой байдаг. Аав, ээж, хайртай бүсгүйнхээ зургийг ч зуруулдаг. Энэ нь уран зургийг ойлгож эхэлж байгаагийн илрэл юмуу даа. Гэхдээ нэг л зурсан бол тэр зураг дахин хэзээ ч давтагддаггүй. Харин төстэй болж болно.
-Байнгын уншигч гэдэг шиг таны үнэнч шүтэн бишрэгч хэн бэ. Өөрөөр хэлбэл, зургийг чинь байнга худалдаж авдаг хүн бий юү?
-Байгаа. Гэхдээ олон биш. Ерөнхийлөгч хэд, хэдэн зураг авч байсан. Тэр бол том урам юм шүү.
-Уран бүтээлчид “Онгод орно” гэж ярьдаг даа. Харин зураач хүний тэр мэдрэмжийг “Догдлол” хэмээн нэрлэж болмоор санагддаг. Таныг хамгийн их догдлуулдаг цаг хугацаа?
-Зураг зурах нь их сонин ертөнц шүү дээ. Зураач хүн урландаа байвал жаргалтай байдаг. Харин ар гэрээ бол хоёрдугаарт тавина шүү дээ /инээв/. Зургаа зурж, будаг үнэртүүлээд сууж байх нь ертөнцийн жаргал юм даа. Бүтээл туурвиж байх үедээ би орчноо мартчихдаг. Тиймээс уран зураг гэдэг бол агуу том бүтээл.
Эх сурвалж: www.INFO.mn
П.НАНСАЛМАА