БНМАУ-ын Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин
Юндэндоржийн Оюун
|
Ю.Оюун Улаанбаатар хотод ХҮII-жарны усан луу жил төрсөн. 1960-1964 онд 10 жилийн 23-р дунд сургууль, 1964-1972 онд ОХУ-ын Санкт Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн Академик дунд сургуулийг Башкирын Ардын жүжигчин Л.М.Тюнтинагийн ангид суралцаж төгссөн. 1972-1991 онд Сонгодог Урлагийн Академик Театр; 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин; 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБДС, БЦДБЧ-д багшаар ажилласан. Төрийн болон ойн хүндэтгэлийн концертуудад 40 гаруй удаа оролцож өөрийн тайзнаа Болгарын И.Дрангажав, алдарт бүжигчин ОХУ-ын М.Лиепа, Швейцарийн Х.Мейстер нартай "Хунт нуур", "Дон Кихот", "Жизель" бүжгийн жүжигт гоцлон Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улан-Үдэ, Бээжин, Хөх хотуудад айлчлан тоглосон. 1974 онд Варна, 1977, 1981 онуудад Москва, 1978, 1980 онуудад Японд болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, 3 хүрэл медаль авч, 1990 онд Токиод болсон А.Павловагийн дурсгалд зориулсан Гала концертонд урилгаар оролцож байлаа. 1993 онд Москвагийн олон улсын тэмцээнд хүндэт зочноор уригдсан. 1975, 1979, 1982 онуудад Соёлын Яамны Тэргүүний уран бүтээлийн шагналаар, 1984 онд Монгол, Вьетнам улсын "Соёлын Тэргүүний ажилтан", 1976 онд "Засгийн газрын хүндэт жуух" бичгээр, 1978 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор, 1986 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор, 1991 онд Ардын Хувьсгалын 70 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж "Зууны мэдээ" сониноос ард түмний дунд явуулсан санал асуулгаар "Зууны манлай бүжигчин" өргөмжлөл хүртсэн.
Уран бүтээлийн жагсаалт:
П.И.Чайковский "Щелкунчик"
Л.Делиб. "Талисман" Адажио 1972
П.И.Чайковский "Нойрссон гүнж" 1990 |