-ЦАГААН ХООЛ ИДЭЖ, МАЦАГ БАРИХ НЬ ХОДООДОО АМРААХ ГОЛ АРГА-
Сар шинийн баяраар манай монголчуудын хувьд мах сүү, ааруул тос, чихэр жимс, архи дарс, айраг ундаа гээд олон төрлийн хоол хүнс хольж хэрэглэдэг. Үүний улмаас гэдэс дотор, ходоод үрэвсэж өвчлөх тохиолдол цөөнгүй гардаг билээ. Бид энэ удаад уншигч та бүхэндээ цагаан сарын баярын дараа ходоодоо хэрхэн амраах талаар эмч О.Доржхандын зөвлөснийг хүргэж байна.
Цагаан сараар бараг өдөржингөө хоол идсэний улмаас ходоод дээд зэргээр ядардаг учир ходоодоо амраах хэрэгтэй. Хүний ходоод нэг удаагийн хоолыг боловсруулах гэж зургаан цаг ажилладаг. Шөнөжингөө ажилласан ходоодонд өглөө дахиад бууз нэмэгдэж, ходоодонд ирэх ачаалал улам ихэснэ. Иймд юуны өмнө ходоодоо амраахын тулд их уураг, гурилаас татгалзаж, цагаан хоол идэж, эсвэл мацаг барих хэрэгтэй. Хүмүүс шинийн 8, 15-нд цагаан хоол идэж, мацаг барих нь ходоодоо амраах гол арга юм. Мах идэхгүйгээр, бүр зориудаар өлсөж, ходоодоо амраах хэрэгтэй.
