Бид хөгжмийг сонсдог, таашаадаг, дурласнаа дахин дахин сонсмоор болдог. Харин дуртай хөгжмөө уран зургаар амилуулан сэтгэл оюундаа гүн бат шингээж, байршуулах гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм байна. Зураач О.Дарамбазар, зураач болж яваа гээд хэлчихэд гомдохгүй “Урбанек” Б.Лхагважав нарын хамтран гаргасан уран зургийн “Аялгуут солир” үзэсгэлэн ийм мэдрэмж төрүүлсэн юм. Үзэсгэлэнгийн танхимын ханаар “Ноктюрн”, “Этюд”, “Хар даралт”, “Нууц амраг”, “Намар”, “Хувьсгал”, “Өвлийн салхи”, “Хар зураас”, “Ягаан толбо” зэрэг “Аялгуут солир”-оос бусад нь нэгэн ижил хэмжээтэй, тус бүртээ суут Ф.Шопены этюд болон ноктюрн төрлийн хөгжмүүдэд зурсан бүтээлүүд өөр өөрийн байрыг эзлэн эрхэмсгээр инээмсэглэн байна.