“Photo Guide to Birds of Mongolia” буюу Монгол орны шувууны фото лавлах ном нь шувууны аялал жуулчлал, шувуу сонирхдог жуулчид, өргөн олон уншигчид болон оюутан залууст гарын авлага болгох зорилгоор эрхлэн гаргасан юм. Шувуу хэмээх үзэсгэлэнт амьтан 190-136 сая жилийн тэртээ хэвлээр явагчаас үүсэн гэж үздэг. Харин одоо цагт маш олон зүйл шувуу устаж үгүй болж байгаа бөгөөд цаашид шинээр зүйл үүсэхгүйгээр бүр мөсөн устах аюул ойртсоор байгаа юм.Монгол орны шувууны фото лавлах ном нь проф Ш.Болдбаатарын 2008 онд нийтлүүлж олны хүртээл болгосон, “Монгол орны шувууны фото лавлах” (125 зүйл) хэмээх олны дунд “хар ном” гэж нэршсэн номын шинэ хувилбар юм. Тэрхүү ном нь монголд анх удаа гарсан фото лавлах төдийгүй шувуу таних анхны гарын авлага болсон бөгөөд тухайн үедээ БСШУЯ-ны шилдэг бүтээлд шалгарч байсан юм.
Харин энэ удаагийн номоо олон улсын жишигт нийцүүлэн авч явхад авсаархан, Монгол орны нутгаар явахад олонтой тохиолдох болон гадаадын жуулчид үзэж сонирхох хүсэлтэй байдаг 175 зүйл шувууг багтаасан ба түүнтэй холбоотой 525 фото зургийг нэмж оруулжээ.Номыг орчин үеийн байгалийн аялал жуулчлалын хэрэглээг хангахад чиглүүлэн, манай орны шувуудыг гадаадын жуулчид төдийгүй шувуу сонирхдог хүмүүс таниж, судлахад дөхөм, барьцтай байх үүднээс англи ба монгол хэл дээр бичсэн байна .
Тус номонд өмнөхөөсөө 50 зүйл шувуу нэмж оруулсан ба шувуу тус бүрийг аль болох олон талаас нь харуулахаар буюу өөрөөр хэлбэл шувуу бүрийн онцлогтой холбогдуулан зүйл тус бүрт 3 зураг оруулжээ. Мөн тухайн зүйл шувууд ангилал зүйн хувьд ямар багт хамаарах хамаарлыг харуулж 18 багийн онцлогийг бичиж оруулсан болно.
Шувууны бичлэгийг хялбаршуулан товчилж, биеийн гадаад шинж ба тархац, амьдралын онцлогийг англи, монгол хэл дээр манай орны шувууны нэр томъёо, бусад улс оронд хэрэглэж заншсан хэллэгт тохируулан бичиж нийтлүүлсэн юм.
Энэ номонд шувууны зүйл тус бүрийн тархац, үүрлэх нутгийг харуулсан тойм газрын зураг, манай оронд оршин байх хэлбэр, байх цаг хугацааг зааж өгснөөс гадна тэр зүйл шувууны биеийн хэмжээг хүмүүс сайн таньж мэдэх нугас, болжморын биеийн хэмжээтэй жиших маягаар хараар дүрслэн зурагласан байна. Түүнээс гадна лавлах номонд орсон 175 зүйл шувууны хамгаалалтанд өртсөн байдлыг харуулсан зүйлийн жагсаалт гарган хавсаргав.Энэхүү номыг хэвлэх ажилд “Мөнхийн үсэг” хэвлэлийн компани болон Соёл,Спорт, Аялал Жуулчлалын яам дэмжлэг үзүүлсэн юм.