Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин нэр шигээ уянгалаг цээл хоолойтой, сопрано Ө.Уянга Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол улсын гавъяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялаасан.
СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг МУГЖ Д.Бандийн удирдлаган дор төгссөн Ө.Уянга ДБЭТ-т гоцлон дуулаачаар 10 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Театрын “гургалдай” хоолойт гэгддэг тэрбээр тайзнаа тоглогддог дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын алдартай дууриудын гол ба туслах дүрүүдийг бүтээсэн дуурийн театрын шилдэг “сопрано”-ууд нэг юм. Хамгийн сүүлд гэхэд л алдарт хөгжмийн зохиолч Дж.Верди “Аида” дуурийн Аидагийн дүрийг, алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьянагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээж тоглож чадсан.
Сонгодог урлагт дурлагсад түүний “Риголетто” дуурийн Жильда, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатны аринуудыг шимтэн сонсон өндрөөр үнэлдэг.
Ө.Уянгыг тайзнаа дуулахад, түүний гайхалтайгаар өгсөж, уруудан уянгалах хоолойн цар хүрээг мэдрэхээс гадна харцнаас нь хор шар, уучлал, түрэмгийлэл, эрч хүч, цөхрөл, хайр, бардамналыг мэдэрдэг.
Тэрбээр нэг юм хийх гэж зорьсон л бол бусад нь юу гэхийг үл хайхран хийж дуусгадаг гэдгээ “Монгол” тоглолтоороо нотлон харуулсан юм. Мөн тэрбээр “Grand Opera” төслийг хэрэгжүүлэн дэлхийд алдартай поп опера дуунууд болон монгол поп опера уран бүтээлүүдээ нэгтгэн цуврал тоглолтуудаа хүргэсэн гээд уран бүтээлүүдийн давалгаа нь үргэлжилнэ.
Монголын сонгодог урлагийн тайзнаа бүтээсэн түүний дүрүүд, авъяас чадварыг нь төр засаг үнэлж, ийнхүү МУГЖ хэмээх цолоор шагнасан нь сонгодог урлагт хайртай үзэгчид, ард түмэн нь талархан хүлээж авсан юм. Ард түмнийхээ энэ хайр,талархлыг дуучин Ө.Уянга уран бүтээлээрээ өргөн барихаар “Монгол-2” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 20-нд ДБЭТ-ын тайзнаа 19.00 цагт хийх гэж байна. Түүний хувьд өмнө нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуучинд зориулсан бичсэн дуунуудаар “Монгол” тоглолтыг 2011 оны зургаадугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа толилуулж байсан юм. Тиймээс энэ удаагийн тоглолтоо “Монгол” тоглолтынхоо үргэлжлэл болгон “Монгол 2” нэртэйгээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ари романс, дуунуудын бүтээлээр дагнан үзэгчдэдээ хүргэхээр зэхжээ. Тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулан бичсэн “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романсууд дуулагдахаас гадна үзэгч сонсогчдын сайн мэдэх “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр минь”, “Таны төлөө зүтгэе” дуунууд нь эгшиглэх аж. Мөн Чингис хаан дуурийн Хадааны ариг дуулах аж. Энэхүү тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд түүний хоолойтой хоршин эгшиглэдэг баритон, мецо-сопрано хоолойтнууд хамтран дуулах юм байна.
Ингээд Гавьяат жүжигчин, сопрано Ө.Уянгатай тоглолтын бэлтгэл дээр нь очиж уулзсан юм.
-Тоглолтын тов гарчээ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Энэ сарын 20-нд Гавьяат жүжигчин цолныхоо талархлын тоглолтыг хийх гэж байна. Энэ тоглолт маань “Монгол” нэртэй сонгодог тоглолтын маань үргэлжлэл. Хамгийн анх “Монгол” тоглолтоо монголын үе үеийн алдарт хөгжмийн зохиолчдын мэргэжлийн сайхан дуунуудаас бүрдүүлсэн. Үүний үргэлжлэл болгож “Монгол-2” буюу талархлын тоглолтоо хийх гэж байна.
-Энэ тоглолт юугаараа онцлог вэ?
-Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын бүтээлүүдээс энд эгшиглэх болно. Тэр алдартай хөгжмийн зохиолчийн маань есөн сайхан романс, дууны бүтээлүүдээс нь мэргэлийн хэмжээний бүтээлийг Морин хуурын чуулга, ДБЭТ-ынхаа симфони оркестортой хамт эгшиглүүлэх гэж байна. Тоглолтынхоо бэлтгэлд орчихсон дасгал сургуулилт жигдрээд явж байна.
-Яагаад заавал Б.Шарав гуайн бүтээлүүдийг сонгов. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуурийн дуулаачдын хоолойнд тохируулан хийсэн бүтээлүүд олон бий. Ерөнхийдөө эдгээр бүтээлүүд нь Хөгжим, бүжгийн коллеж, СУИС-ийн сургалтад зориулагдчихсан, оюутнууд дуулаад өнгөрчихдөг бүтээлүүд байдаг л даа. Тэр сайхан бүтээлүүдээс нь мэргэжлийн дуурийн дуулаачдын хоолойнд буюу сопрано хоолойнд зориулсан бүтээлүүдийг сонгосон. Романс бол хүний амьдралыг нэг дор харуулдаг их том бүтээлүүд байдаг учраас эдгээр бүтээлийг онцолсон. Мэдээж Б.Шарав гуайг бол монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ шүү дээ. Түүний романсуудыг энэ удаад нэг дор эгшиглүүлэхээр зориуд сонгосон. Дашрамд сонирхуулахад, Шарав ахын бичсэн “Үхэж үл болно” гээд киноны хөгжмүүдийг “Монгол-2” тоглолт дээр тоглох юм. Тиймээс сонирхолтой сайхан тоглолт болох байх аа.
-“Монгол 1,2” тоглолтуудынхаа уран бүтээлээр цомог гаргах уу?
-Би өнгөрсөн хугацаанд чамгүй олон тоглолт хийсэн байна. Тэдгээр тоглолтуудынхаа түүвэрлэсэн дуунуудаар гаргасан DVD-гээ үзэгчдэд хүргэхээр зорьж байгаа. Мөн энэ тоглолтод маань эгшиглэх есөн романсыг зөвхөн төгөлдөр хууртай эгшиглүүлэн цомог гаргана. Энэхүү цомог маань тун удахгүй бэлэн болно.
-Бичлэгээ хаана хийлгэж байгаа вэ?
-Манай рок, попынхон сайн мэднэ дээ. Баярхүү гээд залуу бий. Түүний студид бичлэгээ хийлгэж байгаа. Мэдээж цомог ганцхан бичлэг хийлгээд болчихдог ажил биш шүү дээ. Цомгийн нүүрийг бид сонин содон загвартай байхаар их бодолцож байна. Ерөнхийдөө Б.Шарав гуайн бүтээлүүд хүний зүрх сэтгэлээс гадна байгалийг их тусгасан байдаг. Тэрбээр Р.Чойномын шүлгүүд дээр романсуудаа бичдэг.
-Таны уран бүтээлийн талаар сонирхмоор байна. Ирэх сард ДБЭТ шинэ улирлын нээлтээ хийнэ. Өнгөрсөн жилийн нээлтэд та “Евгений Онегин” дуурийн Татьяанагын дүрд анх удаа тоглосон. Энэ удаад үзэгчдэдээ ямар дүрээр уулзах гэж байна?
-Театрын уран бүтээлчид маань есдүгээр сарын 2-нд ажилдаа орсон. Бид одоо Ж.Бизен “Кармен” дуурийг эх хэл дээр нь буюу франц хэл дээр дуулах гэж байгаа учраас бараг л шинээр тавьж байгаа юм шиг найруулга бүх зүйл дээр нь бэлтгэл хийн ажиллаж байгаа. Энэ улирлын нээлтээ Төрийн соёрхолт Б.Шаравын “Чингис хаан” дууриар хийнэ. Энэ дуурьт би Хадааны дүрд дуулж театрынхаа нээлтэд оролцоно.
Эх сурвалж: Eagle.mn
Г.Даша