Од болж тэртээд харвасан аавтайгаа золгонхон зүүдэллээ
Таныг алтангадастай хамт, долоон бурхадтай хамт, үүрийн цолмонтой зүүдэллээ
Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ ээж минь… хэмээн дуулдаг “Харанга” хамтлагийн “Манан” нэртэй дуу удахгүй болох хамтлагийн продюсер Ц.Чулуунбатын урлагт хүчин зүтгэсний 40 жилийн ойн тоглолт дээр нүсэр симфони оркестрын бүрэлдэхүүн болоод “Харанга” хамтлагийн чадварлаг хөгжимчдийн хамт тайзнаа эгшиглэнэ.
Ирэх онд тохиох “Харанга” хамтлагийн 25 жилийн ойг угтан хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн уран бүтээлийн тоглолтыг толилуулж байгаагаас харвал “Харанга”-ын 25 жилийн ой Монголын рок, попын ертөнцийнхнийг гайхуулж, олныг хамарсан томоохон үйл явдал болох шинжтэй.
Урлагийн хүн, урлагийн ертөнцийг энэ удаагийн зочин маань өөрийн зохиосон “Blues” нэртэй доорх дууны мөртөөр илэрхийлэхийг хүссэн. Энэ дууг хамтлагийн ахлагч Ц.Энхманлай дуулжээ.
Хүний амьдрал хүслээр золгож
Хүслээрээ зовлоо ч энэ миний жаргал
Миний орчсон хүслийн ариун тэнгэрт
Чиний мэдэхгүй ертөнц оршино….
Ерөөс “Харанга”-ын ах нартай илэн далангуй ярилцана гэдэг ховорхон тохиох завшаануудын нэг юм. Учир юу гэвээс “Харанга”-д хайргүй монгол хүн ховорхон. Хамтлагийн гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбаттай ярилцлаа.
-Одоогоос 25 жилийн өмнө та бүгд ямар сонин хэвлэлд анхны ярилцлагыг өгч байсан бэ?
-Социализмын үед “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, Ардын армийн хэвлэл гээд хэдхэн хэвлэл байлаа. Ардчилал гарсны дараагаар олон шинэ хэвлэлүүд гарч ирсэн. “Харанга” хамтлаг тухайн үеийн нийгэмд шинэ үзэгдэл болж чадсан. Мэдээж хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсаар байсан. Шар хэвлэлүүдээс авaхуулаад л тэр бүгдэд бид ярилцлага өгдөг байсан.
-Тэгвэл та хамгийн анх өөрийгөө юу гэж танилцуулж байсан бэ?
-Сэтгүүлчид үү?
-Тийм.
-”Харанга” хатмлагийн хөгжимчин, дуучин гэж танилцуулж байсан. Нээрэн бид тухайн үед “Новости монголия” сонинд ярилцлага өгч байсан юм байна.
-Хөгжмийн зохиолч С.Долгион “Новости монголия” сонинд сурвалжлагч хийдэг байсан гэдэг байх аа.
-Тийм. С.Долгион эрхлэн гаргаж байсан. Дараа нь барууны орнуудын олон хэвлэлээр гарсан. 1990-ээд оны үед Японы NHK телевизээр гарсан. Францийн хэвлэлээр гарч байсан. Тухайн үед тэд Монгол руу анхаарлаа хандуулж эхэлж байсан үе байлаа. Ардчилсан хувьсгал хийгээд энэ монголчууд юу хийгээд байна гэдгийг гаднынхан сонирхож байсан цаг үе шүү дээ. Тэд рок хөгжим Монголд байна гэж үү дээ гэдэг утгаар тухайн үеийн хөгжмийн хамгийн том төлөөлөл болсон “Харанга” хамтлагтай ярилцаж байсан.
-”Харанга” хамтлаг байгуулагдахаас өмнө таныг Сэлэнгэ аймагт байсан гэдэг. Ингэхэд та аль нутгийн хүн бэ. Бас Сэ-лэнгэд байсан тухайгаа ярьж болох уу?
-Аав маань Төв аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Ээж минь Увс аймгийн Зүүнхангай сумынх. Би хотод төрсөн. Аав, ээжийнхээ нутагт ээлтэй. Сэлэнгэ аймгийн хувьд би урлагт орох гэж л тийшээ очсон. 1972 он байсан санагдана.
-Та хотын унаган иргэн мөртлөө яагаад хөгжим сурах гэж Сэлэнгийг зорих болсон юм бэ?
-Намайг нот мэдэхгүй, ямар ч мэргэжлийн үнэмлэх байхгүй тул хотод авах газар олдохгүй байсан юм. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Соёмбо” чуулгад би очиж шалгуулж байсан. Нот мэдэхгүй хүн явдаггүй байсан үе шүү дээ. Намайг авах газар олдоогүй. Тэгтэл Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд гавьяат зүтгэлтэн Цэрэв гэж манай ах “арын хаалга”-аар аймгийнхаа Соёлын ордонд ажиллуулах болсон.
-Та тэр үед хэдэн настай байсан бэ?
-Дөнгөж 16 настай жаахан хүүхэд байсан. Тэнд очиж л урлагт хөл тавьсан. Шууд сонсголоороо Сэлэнгийн үндэсний хөгжмийн чуулгад контр басс хөгжим тоглосон. Зүгээр үед нь жүжигт тоглоно. Заримдаа бүжигт хүртэл бүжиглэдэг байсан. Дээр үеийн Соёлын орднууд ийм статустай байсан юм. Найрал дуунд хүртэл дуулсан. Цэвэрлэгчээ ч хүртэл хийнэ. Сэлэнгэд их түймэр болдог тул түймэр унтраахад хүртэл явна шүү дээ.
-Хотод төрж өссөн хүн хөдөө очихоор аймгийн “атаман”-уудад нь дээрэлхүүлэхээс авахуулаад бэрхшээл байсан биз дээ?
-Тухайн үед Оюунбат гээд хөгжимд дуртай, Сэлэнгийн атаман залуу байсан. Нэг өдөр би дэлгүүр орчихоод явж байтал баахан хүүхдүүд намайг зодох гэж хөөлөө. Би гэртээ орж иртэл нөгөөдүүл бас араас орж ирсэн. Хананд өлгөсөн миний гитарыг хараад “чи гитар тоглодог юм уу” гэхэд нь би тийм гээд гитараа тоглосон. Тэдний хажууд би бараг л Пол Маккартни байлгүй яахав. Тэгээд тэд намайг хамтлагтаа авсан. Хамтлаг гэдэг нь тухайн үед байрны хамтлаг байсан юм. Би ч тун удахгүй тэдэнд акорд зааж өгч, хамтлагийг нь удирдаад тэгж нэг атамануудаас бултаж байсан. 1973 онд Сэлэнгээс Барилгачдын соёлын ордонд ирээд жинхэнэ басс гитараа барьсан даа.
-Хотын хүүхэд гэрээсээ хол Сэлэнгэ аймагт амьдрахдаа та амьдрал ахуйн хувьд ямаршуухан байсан бэ?
– Одоо ярихад өнөөгийн хүүхдүүд итгэхгүй дээ. Би масло боосон цаасыг хаялгүйгээр авч хар цайнд буцалгаад өглөө ажилдаа явахдаа ууж, орой ажлаасаа ирэхдээ түүнийгээ дахин цайндаа хийгээд л унтдаг байсан. Ган-цаараа Сэлэнгийн соёлын ордны хувцасны өрөөнд амьдардаг байлаа. Нэг талд нь хувцаснууд өлгөөстэй, нөгөө талд нь төгөлдөр хуур, ганц гитартай бас би байна. Их л өлсдөг байсан. Намайг тухайн үед урлаг л барьж чадсан. Урлагт сонирхолтой тулдаа л би өлсөж, ухаан алдан байж тэнд үлдэж чадсан. Тэгж үлдэж чадсанаараа би өнөөдөр урлагийн гэр бүлд сайхан л явж байна.
-Хамгийн анх та гитар хөгжмийг хаана, хэзээ, хэний тоглож байснаар харсан бэ?
-1960-аад онд Улаанбаатарт засмал зам гэж бараг үгүй шороон дээр цас ороод дагтаршчихдаг байсан. Тийм нэг өвлийн өдөр эсгий гутланд цасны тэшүүр углаад Пионерын ордны (хуучнаар) хавиар явж байтал гитар дуу-гарч байхыг олж сонссон. Очоод цонхоор нь хартал Галсаа ах гитар тоглож байлаа. Би Галсаа ахыг ч тэр үед танихгүй жаахан хүүхэд байсан.
-Монголын анхны гитарчин, гавьяат жүжигчин, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн Галсанбат агсан гитараа тоглож байсан хэрэг үү?
-Тийм. Тэгээд л би шүтэж эхэлсэн. Тэр цагаас хойш би ийм л хөгжимчин болно гэж мөрөөдсөн. Намайг өдөөгч бол Галсаа ах юм шүү дээ. Тэр мөчөөс хойш миний чихэнд байнга л тэр аялгуу дуугараастай явдаг болсон. Тэгээд арван жилийн сургуулиа хаяад хөгжимчин болохоор шийдсэн. Би тийм ч томоотой хүүхэд бас байгаагүй. Сэлэнгэ аймагт очоод сургуулиа үргэлжлүүлэн сурсан.
-Ингэхэд “Харанга”-ынхан бүгдээрээ цэрэгт явсан цэргийн цолтой хүмүүс гэдэг.
-Тийм. Бүгдээрээ цэргийн ахмад цолтой. Хамгийн олон тэмдэгтэй нь манай Пүүжээ шүү дээ. Би цэрэгт арав гаруй жилийг өнгөрүүлсэн.
-Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч, хотол олон минь ах нар гэдэг юм. Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу гэгээн наранд бүлээн байдаг юм гээд “Харанга” хамтлаг дуулдаг байх аа.
-Зөвлөлтийн дайчдын дуу юу. Тийм шүү. Цэргээс маш олон зүйлийг бид сурсан. Одоо ч би цэргээс, цэргийн дарга нараасаа сурсан арга барилаараа л өдөр тутмын ажлаа удирдан зохион байгуулдаг шүү дээ.
-Ингэхэд та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Сүсэглэнэ. Монгол хүн тэнгэрээ дээдлэнэ, тэнгэртээ залбирна. Би ч мөн ялгаагүй. Бид нэг төрлийн улаачид шүү дээ. Бөөгийн шашинтай хүмүүс дээд тэнгэр надад онгод хайрлалаа гэж ярьдаг. Уран бүтээлчид бид ч ялгаагүй тэнгэртэй, онгодтойгоо харьцаж уран бүтээл туурвина. Энэ утгаараа урлагийн хүмүүс ч ялгаагүй улаачид юм. Тиймээс бид урлагийн тэнгэрийн дамжуулагчид юм.
-Хүний хөгжил сонсч байгаа хөгжимтэй нь бас их холбоотой гэдэг.
-Тэгэлгүй яахав. Хүн өөрөө хөгжихийн хажуугаар сонсч байгаа хөгжмөө дагаж хөгжиж байдаг. Хөгжим хөгжихийн нөлөөгөөр хүн хөгжмөө дагаж хөгждөг. Хүн хөгжим сонсч гэгээрч, уярч, хөгжим сонсч л итгэлээ олж чадваас хөгжиж чадна. Дуу нь ч мөн хөгжиж байх ёстой. Пинкфлоид “биднийг арван жилийн дараа хүмүүс ойлгоно. Бид арван жилийн өмнө явж байгаа” гэж хэлсэн байдаг Одоо ч дэлхий даяар тэдний дууг ойлгосоор, ойлгохыг хичээсэн хэвээрээ л байна. Урлаг ийм л байх ёстой. Түүнээс биш дээл нь хүнддээд ядраад байна, миний ээж эсвэл миний цайнд дэвтээсэн ааруул амттай байна гэх зэрэг үгтэй дуу дуулах нь утгагүй. Тулга тойрсон ахуй дуулбал хөгжим ч өөрөө гарахгүй. Тиймдээ ч “Харанга”-ын болоод миний дууны шүлгүүд өөр байдаг. Жишээлбэл,
Хайрлахаас минь илүү шаналал гэж үгүй
Харцнаас минь илүүтэй эрх чөлөө гэж үгүй гэсэн үгтэй дуу байна. Үүнийг яруу найрагч Б.Ичинхорлоо бичсэн юм. Хүний нүд харц хязгааргүй эрх чөлөө юм гэдгийг хэлж байна шүү дээ.
-Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай нэгэн удаагийн ярилцлагадаа, дуулж байсан ид үедээ “би л байсан” гэж хэлсэн. Үүнтэй адил “Харанга” хамтлаг 1990-ээд оны рок поп ертөнцөд “Харанга” л байсан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Тэгж хэлж болно. Саяхан надаас нэгэн хүн сайн хамтлаг болохын тулд юуг анхаарах вэ гэж асуусан. Би ха-риуд нь нэр төр, мөнгө биш, сайхан дуу хийхийн тулд биш сайн хамтлаг байж чадья гэвэл сайн хамт олон байх ёстой. Бие биенийгээ ойлгодог, нэг нэгэндээ итгэдэг хамт олон байх ёстой. Тэгж байж та нар “Харанга” шиг оршиж чадна гэж би хэлсэн.
-Дуурийн дуучин, ардын жүжигчин Б.Долгортой хамтарч дуулсан та бүхний нэгэн дуу бий. Рок хөгжим, дуурийн ари хоёр хоорондоо хэрхэн хослож болдгийг монголчуудад анх удаагаа харуулсан бүтээл болсон байдаг.
-”Энхтайван” гэж нэртэй дуу байдаг. Бид уран бүтээлийн эрэл хайгуулыг хийдэг байсан. Анх удаа морин хуурын чуулгатай хамтарч тоглож үзсэн. Монголд анх удаа гэхээр жаахан онгирсон болчихно. Эрэлхийлж байсан юм. Ний нуугүй хэлэхэд Монголд анх удаа гээд онгирвол “Харанга”-ын хийсэн их юм бий. /Инээв/
-Урлагт 40 жил хөдөлмөрлөснийхөө баярыг та тун удахгүй тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд сайхан болоод хэцүүхэн зүйлс нь юу байв?
-Надад хэцүү байсан үе байхгүй. Хийж байгаа бүхнээ ажил болгож, түүгээрээ бахархаж, жаргал амсч явж байгаа учраас “Харанга”-ынхан нэг газраас нөгөө газар руу ямар ч хүйтэн цаг агаарын нөхцөлд эрсдэлтэй явж байсан ч бидний хувьд тэр нь жаргал юм. Зовлон гэж боддоггүй. Учир нь бид хүсэл сонирхол, хоббигоороо амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс би зовж байсан гэж үнэхээр хэлж чадахгүй. Бурхан минь, урлаг бол үнэхээр сайхан ертөнц. Би урлагийн ертөнцийн тухай “Blues” нэртэй дуу зохиож Х.Энхманлай дуулсан байдаг юм. Та тэр дууны шүлгийг олоод ярилцлагадаа оруулчихаарай. Урлагийн хүний юу бодож явдгийг би энэ дуугаараа хэлэхийг хүссэн. Урлагийн амьдрал гоё үедээ гоё, муухай үедээ муухай. Гэхдээ хүний л амьдрал. Урлагийн ертөнц үнэхээр өөр. Би таны ертөнцийг мэдэхгүйтэй л адилхан юм.
-”Харанга” хамтлаг их олон шүтэн бишрэгчидтэй. Тэр дундаа эмэгтэйчүүдээс их олон захидал авч байсан байх гэж боддог юм.
-/Инээв/ Залуу байхад байсан. Зөндөө байсан. Тэглээ гээд сагсуурсангүй.
-”Харанга”-ынхан хамтлагаараа байхдаа ихэд сүртэй харагддаг. Олон хүмүүс сайн ах нар, сайхан эрчүүд ч гэж ярихыг сонсч байсан. Таныхаар сайхан эрчүүд, сайхан нөхөрлөл гэж юуг хэлэх вэ?
-Мөнгө, нэр төрийн төлөө бид найзлаагүй. Бид зүгээр л дур сонирхол, хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж найзууд болсон. Тийм ч учраас ингэж явж байна. Мөнгөний найз бол өнгөний л найз шүү дээ.
-Ингэхэд та “Харанга”-ын дууг хамгийн сүүлд хэзээ сонссон бэ?
-Хамгийн сүүлд бид Хайлаар хотод очиж 30 мянган хүний суудалтай стадионд очиж тоглохдоо “Харанга”-ын гурван дууг нь сонслоо. Үүнээс өмнө Шилийн голд очиж бүтэн концертыг нь сонссон. /Инээв/
-Нээрэн аялан тоглолтоор явчихаад ирсэн гэж сонссон юм байна.
-Тийм. Саяхан явчихаад ирлээ. Өө нээрэн хамгийн сүүлд гудамжаар явж байгаад “Бодлын тэнгис” дуугаа сонссон. Гудамжнаас дуугаа олж сонсоход ямар гоё мэдрэмж төрдөг гэж санана. Би чамайг танихгүй мөртлөө та миний дууг дуулаад гудманд явж байвал нуруу тэнийгээд л ирдэг. Муу дуу байсан бол тэр хүн дуулахгүй шүү дээ. Уран бүтээлч хүний жаргал энд л оршдог.
-Таны зохиосон дуунууд зөөлөн талдаа аялгуутай гэж хүмүүс хэлж байв уу?
-Үгүй. Миний аяыг зөөлөн гэж ярьдаггүй. Х.Балхжавын аяыг өөр шигээ их зөөлөн гэж хүмүүс ярьдаг. Миний зохиосон ая рок, баллад талдаа болдог. Ер нь хүнийг зохиосон бүтээснээр нь таньж болдог гэдэг. Гэхдээ би хатуу хүн биш л дээ.
-”Түрүүлж үхсэн нь амиа бодсонд тооцно” гэж “Харанга”-ынхны нэг үг байдаг гэж сонссон. Энэ хэзээ хэн нь хэлсэн үг вэ?
-Манай Оогий /Одсүрэн/ нэг ярилцлагадаа ёгт байдлаар хэлсэн юм. Гэхдээ хорвоогийн жамыг бид яалт ч үгүй шүү дээ. Гэхдээ “Харанга” үгүй болсон ч дуу нь мөнхрөх байх.
Э.Одгэрэл