ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа. Наадмын өмнөхөн гавьяат жүжигчин цол хүртсэн тэрбээр үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолт хийх гэж буй юм. Дуунд дуртай, дуурийн урлагийг дээдлэн биширдэг, хүргэсэн дуу, тайзнаа амилуулсан дүр болгоныг нь таалж, талархдаг үзэгч түмэндээ зориулж энэ сарын 20-нд “Монгол-2” тоглолтоо өргөн барих гэж байна. Шинэхэн гавьяаттай ярилцлаа.
-Гавьяат цолны мялаалга тоглолт гэж ойлгож болох уу?
-Хүндэтгэлийн тоглолт юм. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж, тоож, сонсч ирсэн үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан “Монгол-2” хүндэтгэлийн тоглолт.
-Дан монгол дуунаас бүрдэх үү?
-Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын дууны уран бүтээлээс бүрдэж байгаа. Б.Шарав гуай олон сайхан мэргэжлийн гоё дуу, романстай. Тэдгээрээс нь сопрано хоолойд зориулж бичсэн бүтээлүүдээс дээжилж дуулах юм. Яруу найрагч Р.Чойном, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн зэрэг уран үгийн шилдэг мастеруудын шүлэгт бичсэн романсуудыг сонгосон. Манай театрын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга тоглож, удирдаач Н.Туулайхүү гуай удирдах юм.
-Ямар ямар романс байх вэ?
-Жишээ нь Р.Чойномын шүлгээр хийсэн “Үүл, бороо, цэцэг гурав” гэж байна. Оюутнууд шалгалт өгөхдөө, уралдаанд орохдоо дуулдаг. Танхимд дуулаад байдаг болохоос гадагш нь олон нийтэд зориулж дуулсан нь үгүй болов уу. “Толь”, “Холын амраг”, “Хавар”, “Солонго”, “Миний шүтээн” гээд есэн гоё романс бий. Тоглолт их өгүүлэмжтэй, драмтай болно. Яагаад гэхээр шүлгүүд нь маш гоё. Дээрээс нь ая дан ороод ирэхээр бүр тансаг. Хүний амьдралыг тэр чигт нь романсын хэлбэрт шилжүүлж харуулж байгаа ч юм шиг. “Монгол-1” тоглолтоо Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээр хийж байсан бол энэ удаа ганц хөгжмийн зохиолчийн бүтээлээр хийх гэж байна. Мөн таван сайхан хоолойтой хоршиж дуулна. Уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзул, баритон, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, манай театрын залуу дуучин тенор Гомбо-Очир, мөн манай театрын меццо сопрано Д.Доржхорлоо нартай хамт дуулна.
-Тавуулаа зэрэг дуулах юм уу?
-Үгүй ээ, хосолж дуулна.
-Ээлжилж үү. Тавуулаа зэрэг дуулах юм байх. Өөр өөр хоолойтой таван дуучин уртын дуучинтай цугтаа дуулах юм байх, супер юм болох нь дээ гэж бодлоо.
-Хөгжмийн зохиолчид тийм бүтээл бариад ирвэл дуулна аа (хөхрөв).
-Со гавьяат найруулж байгаа гэсэн үү?
-Тийм.
-Дуучин Уянга тоглолтоо хийх гэж байна гэдгийг дуулаад гавьяат найруулъя гэж өөрөө санал болгосон уу, эсвэл таны санал уу?
-Миний хүсэлт. Би өөрийгөө дуучин болж байна даа гэж бодох болсон үеэсээ арав, хорин тоглолт төлөвлөж байлаа. Сэдэв, хэлбэр, хийцийн тухайд янз бүрээр бодоод үзэхэд их олон тоглолт гарахаар байсан л даа. Эдний нэг нь дуучдын тавилтай тоглолт гэж яриад байдаг өөрийн гэсэн тавил, найруулгатай концерт. Өөрөөр хэлбэл хөтлөгчгүй, дуу, ари, романсуудын агуулга, өгүүлэмжид тулгуурлан зохиомжилж найруулсан тоглолт хийнэ дээ гэж боддог байсан юм. Үүнийг найруулах хүн бол Со ах гэж ч бодсон.
-Тоглолт нь төсөөлж байснаас нь өөр болж ч магадгүй болов уу. Яагаад гэхээр найруулагч Д.Сосорбарам ямар ч шийдэл гаргаж магадгүй…
-Би бас өөрөө гаж юманд дуртай хүн шүү дээ. Нэгэн хэвийн зүйлийг мэргэжлийн хүмүүс бид эвдэж байх ёстой гэж боддог. Дэлхийтэй хөл нийлүүлж алхая л даа. Манай урлаг ямар баялаг билээ, түүнийг харуулъя. Тайз орчин үеийн 3D технологийн байх юм.
-Засварт орсон шинэхэн театрын анхны тоглолт гоё болох бололтой. Шууд тоглолтын тухай яриад эхэллээ. Зун нутагтаа сайхан амраа юу, танай нутгийнхан гавьяатаа яаж хүлээж авсан бэ?
-Хачин сайхан. Очсон газар бүр дээшээ залж, найр наадам хийж угтсан. Манай аав Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынх, харин ээж Эрдэнэбулганых. Аль аль суманд намайг хүлээж авч баяр хүргэсэн. Асар майхан барьж, идээ цагаагаа дэлгэн, залуус нь адуугаа хурааж морио уралдуулаад л. Ард түмэн гэж ямар сайхан юм бэ гэдгийг тэр үед мэдэрлээ. Энэ л сайхан олны дэм, дэмжлэг, хайраар би сайн явна гэж бодсон. Тийм болохоор би намайг гэсэн хүн бүрт талархал илэрхийлж дуу хуураа өргөн барих ёстой гэж бодож байна.
-Муухай юм даа, гэхдээ асуумаар байдаг, танай нутгийнхан бэлэг сэлт их өгөв үү?
-Өгсөн. Юугаар баян, түүгээрээ дайлж байлаа. Нутагтаа очмогцоо шууд нэг клип хийлгэсэн. Майнбаярын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая “Бүрэнтогтох нутгаа санана” гэдэг дуунд клип хийлгэлээ. Нутгийнхан мөнгө төгрөгөө гаргаад их хурдан амжуулсан. Би ч нутгийнхандаа талархлаа, нутгийнхан маань ч надад талархсан. Таван хошуу мал дүүрэн болоод ирсэн дээ. Суурь сууриар хоньтой, үхэр, адуутай болсон.
-Дуулахаас уйдвал хөдөө гарч мал маллаж амьдрахад ч болохоор болсон уу?
-Бараг л. Гэхдээ би дуулахаас хэзээ ч уйдахгүй. Ер нь нутагтаа жил болгон очдог юм. Нуурандаа очно, Даяндээрхдээ мөргөнө. Ёс жаягтай. Энэ удаа өдөр хоног их хурдан өнгөрөх шиг санагдсан.
-Уянга охин дууны урлагт сэтгэл зүрхээ өгснөөр ард түмнээрээ хүндлүүлсэн сайхан дуучин, уран бүтээлч боллоо. Хэдэн жилийн өмнө уулзаад “Классик жем”-ээсээ яагаад гарсан бэ” гэж асуухад дуурийн замаар алхахыг хүслээ, манай хамтлагийнхан гомдохгүй, ойлгож байгаа гэж байсан. Тэр шийдвэр их зөв байжээ гэж өнөөдөр бодогдож байна уу?
-Хамтлагтаа би хайртай. Тэр үед уран бүтээлийн шаардлагаар аргагүйн эрхэнд хамтлагаасаа гарч байлаа. Энэ тухайгаа хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор мэдэгдэж байсан. Нөхөд маань ч ойлгож амжилт хүссэн. Гэхдээ өнөөдрийн амжилт, алдар хүнд тэр хамтлагт ажиллаж, олонд танигдсаных гэж боддог. “Жем интернэшнэл” компанийн 100 хувийн дэмжлэгээр гарч ирсэн хамтлаг байлаа шүү дээ. Тийм ч болохоор компанийн сурталчилгааны ажлаар эх ороо нар зөв бүтэн тойрч уран бүтээлээ хүргэж байлаа. Тэгэхэд хүмүүс Уянга гэж ийм дуучин байдаг юм байна гэж мэддэг болсон. Би “Жем”-ийнхэнд дандаа талархаж явдаг. Дуурийн театраар овоглодог болсноос хойш ч гэсэн байнга холбоотой байсаар ирсэн.
-Ер нь та яагаад дуучин болсон юм. Хэн нэгэн энэ замд хөтлөв үү?
-Багаасаа л дуулах дуртай байсан. 1992 онд манай аймагт мэргэжлийн чиг баримжаа олгох есэн жилийн сургалттай сургууль зохион байгуулахад би урлагийн ангид нь орсон юм. Ангийнхнаасаа хоёр насаар дүү байлаа. Тэгсэн ч гэсэн төгсөөд СУИС-д орохоор шалгуулъя гэхэд хотоос очсон Г.Хайдав багш “Ийм нас бага, араа шүд нь ч гүйцэд ургаагүй хүүхдийг дуулаачаар элсүүлэх болоогүй, хоёр жилийн дараа шалгуулаарай” гэсэн. Тэгэхэд нь би зүтгээд Соёлын коллежид ирсэн юм. Харин удалгүй СУИС, Соёлын коллеж хоёрын статус адилхан болоход шилжиж орсон. Тэр жил өөр сургуульд ажиллаж байсан Д.Банди багш СУИС-д багшаар ирж таараад. Тэгээд л би багшийнхаа удирдлага дор суралцсаар дуучин болсон доо. ДБЭТ-таа 2003 оноос ажиллаж байна.
-Аав ээж нь ямар мэргэжлийн хүмүүс вэ?
-Аль аль нь шүүх, цагдаагийн чиглэлийн хүмүүс. Аав тэтгэвэртээ гарсан, ээж одоо ажиллаж байгаа.
-Залуу хүмүүс юм…
-Тийм ээ.
-Танай хүү том болж байна уу. Хэд хүрч байна?
-Зургадугаар ангийн сурагч болсон.
-Урлагийн сургуульд билүү?
-Үгүй. Арай өөр чиглэлийн мэргэжилтэй байвал зүгээр юм уу, өөрөөсөө хэдэн хуруу илүү боловсролтой болгохсон гэж үзээд хятад сургуульд сургадаг. Миний хүү урлагт их дуртай. Гэхдээ тийм их оргилсон, цойлсон авьяас байдаггүй. Мэдэгддэг юм байна. Гэсэн ч урлагт хайртай, элэгтэй хүн болж өсөх байх. Манай театрын сайн дурын жүжигчин.
-Танай хүү жүжигчин юм уу?
-Хүүхэд гардаг жүжгүүдэд байнга оролцдог. “Чингис хаан” дуурийн Хасарт тоглож байлаа. Одоо Ананд маань том болоод “Чингис хаан”-ы Тэмүүжин болох гэж байгаа.
-Зургадугаар ангийн хүүхэд Тэмүүжинд тоглоно гэж бодохоор нэлээд нуруулаг, биерхүү байх нь.
-Биерхүү. Тэмүүжин дуулахгүй зөвхөн үг хэлдэг юм. Хаан аавын үүрд эзгүйд, хатан ээжийн энүүхэн зуурт хатгалдахаар чи ирэв үү, харвалдвал ч харвалдая л даа гэж ирээд жигтэйхэн сайн хэлнэ. Их хариуцлагатай. Жүжигтэй өдрөө цагаасаа хоёр цагийн өмнө ирчихсэн будгаа хийлгэж бүх юмаа бэлдээд байж байдаг юм. Яг л жүжигчин шиг тайзан дээр гарахад бэлэн болоод байж байдаг. Манай Сараа найруулагчийн найдвартай сайн жүжигчин нь. Багадаа “Увдист лимбэ”-ийн дэгдээхэйд гардаг байлаа. Одоо Тэмүүжин болж байна гэдэг чинь хүүхэд-жүжигчний хувьд тэтгэвэртээ гарах нь дөхөж байгаа нь энэ.
-Ямар хөгжилтэй юм бэ. Охинтой болохсон гэж боддог уу?
-Бодно оо. Одоохондоо дүүгийнхээ охиныг гүнжээ болгочихоод санаа тавьж явна. Хөгжим бүжгийн сургуульд оруулна гэж бодож ч байх шиг, төгөлдөр хуурч эсвэл бүжигчин болгохыг хүсдэг, их дураараа байгаа биз.
-Уран бүтээлчийн эрэл хайгуулд хязгаар байдаггүй гэдэг. Одоо дуулахсан гэж бодож хүсч буй ямар дүр байна вэ?
-Тоска, Чио авхай. Би одоо театртаа колоратурный болон уянгын сопраны партиудад дуулж байна. Туршлагада дулдуйдаад энэ дүрүүдэд тоглоно л гэж боддог.
-Гадаадын театрын тайзнаа сайхан жүжигт тоглож, гол дүр бүтээхсэн гэж боддог л байх…
-Тэгэлгүй яах вэ. Манай дуучид дэлхийн энд дуулдаг болсон энэ цаг үе их сонирхолтой байна. Уран бүтээлчид өөрсдөө эрэл хайгуул сайн хийж, өөрийгөө таниулбал болохгүй юм байхгүй. Зүгээр л суугаад байвал энд ийм хүн дуулж байна гэж хэн мэдэх билээ.
-Та эрэл хайгуул хийж байгаа биз дээ?
-Хийж байгаа.
-Театрын дотоод амьдралтай холбоотой асуулт байна. Танайх одоогоор найруулагчгүй байгаа. Жүжгүүдээ найруулагчгүйгээр яаж явуулах вэ. Энэ талаар уран бүтээлчид ямар бодолтой байгаа юм бо?
-Бид удирдлагыг хардаг. Театрын удирдлагын мэдэх асуудал. Бид бол уран бүтээлчид. Биднийг хэрчсэн мах гэж үзэх юм бол бууз хийх үү, банш болгох уу гэдгийг шийддэг хүн нь найруулагч. Ерөнхий найруулагчийн асуудлыг цаашид хэрхэн шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Манай улс дуурийн найруулагч төдийлөн бэлтгэж ирээгүй юм билээ. Дуучид, хөгжимчид бол байна. Удирдаач ч мэр сэр байна. Харин найруулагч байдаггүй. Уран бүтээлийн шинэ улирлын нээлтийг “Чингис хаан” дууриар хийхээр бэлтгэж байгаа. Туслах найруулагч Сараа эгч ажиллах байх. “Кармен”-ийг шинэчилж франц хэл дээр нь тавьж байгаа. Үүнийг удирдаач Ж.Бүрэнбэх найруулж, Н.Туулайхүү маэстро удирдах юм. Дуучид өөр өөрсдийн партиа хийгээд, франц хэлнийхээ багаштай, концертмейстерүүдтэйгээ ажиллаад явж байна.
-Ярилцсанд баярлалаа. Ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин