Дэлхийн дуу хөгжмийг нэг хэсэг байлдан дагуулж явсан, залуу уран бүтээлч Жастин Биберийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унасан нь үнэн. Түүний бие авч яваа байдал, найз охиноосоо салсан шалтгаан, шүтэн бишрэгчдээ үл хүндэтгэсэн олон таагүй үйлдлүүд нь түүний амжилтаас хойш татсан хэвээр байгаа. Тэгвэл залуу уран бүтээлчийн менежер Скотер Браун түүний талаар www.celebuzz.com сайтад сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.
-Сайн байна уу. Өнөө цагийн хамгийн нэр хүндтэй залуу уран бүтээлчийн нэг Жастин сүүлийн үед таагүй үйлдэл ихээр гаргах болов. Түүнд зааж, зөвлөж байгаа хүн бий юу?
-Тийм ээ. Манай залуу өсвөр наснаасаа эхлэн үеийнхэн болон дэлхийн сая, сая залуучуудыг байлдан дагуулж байсан үе саяхан. Гэвч өсвөр насандаа хүний үг авдаг, дуугаа л дуулдаг жаахан хүү байхаа болсон. Жастин одоо насанд хүрч, том залуу болж эхэлж байна. Түүний одоогийн байдал ямар байна, яг л ирээдүйд тийм л хүн болж төлөвшинө. Тэгэхээр бид юу хийж чадах вэ. Энэ авъяаслаг залууд зааж зөвлөх л хэрэгтэй байна. Миний бие, түүнтэй ойр дотно байдаг гэрийнхэн, найз нөхөд нь гээд л бүгд зааж, чиглүүлэх хэрэгтэй байна.
-Магадгүй түүнийг зарим хүчин зүйлс уур бухимдлыг нь хүргэдэг болоод ийнхүү бусдад сөрөг байдлаа харуулаад байгаа юм болов уу?
-Магадгүй л юм. Би түүнтэй ажил төрөл, дуу хөгжим болон уран бүтээлийн талаар голчлон ярилцдаг. Гэхдээ мэдээж би ч гэсэн хувийн амьдралтай хүн учраас зааж зөвлөх тал дээр дутагдалтай байгаа байх. Бид бараг л ах дүүс шиг байдаг. Таны хэлсэнчлэн түүний бухимдал хуучин найз бүсгүй Селенагаас болж байж ч мэдэх юм. Гэхдээ хэн мэдэх вэ. Залуу хүүхдүүд угаасаа л уур бухимдал ихтэй байдаг шүү дээ. Алдаж байж л ухаарна. Бид нар ч гэсэн нийгмийн хар бараан, амьдралын үнэн мөн чанартай нүүр тулах үед иймэрхүү бэрхшээлүүд гарч л байсан. Гэр бүлийн маргаан, эцэг эхтэйгээ үл ойлголцох, найз нөхдөө гомдоох зэрэг нь байдаг л асуудал. Үүнд бас нэг их ач холбогдол өгөөд байх нь тийм ч оновчтой биш байх. Түүнд бодож тунгаах цаг хугацаа өгөх хэрэгтэй. Залуу хүнд алдах зүйл байдаг.
-Түүний хоёр найзыг та гэрээс нь хөөсөн талаар зарим хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
-Түүний хоёр найз бол үнэндээ “өнгөлөн далдлагчид” гэж ойлгож болно. Лил Твист болон Лил За хоёр сүүлийн үед Жастины нэрийг барин бас бус асуудлыг үүсгэсэн. Бараг хоёр сар гаруй Жастины гэрт амьдарсан. Тэд Жастиныг албаны хүмүүстэй уулзах болгонд түвэг учруулдаг. Энэ бүх залхмаар байдлаас болж би гэрээс нь явахыг шаардсан юм. Жастин өөрөө энэ талаар ямар байр суурьтай байгаагаа надад хэлээгүй. Бидний харилцаа урьдын адил хэвээр байгаа. Жастины хувьд тиймэрхүү найзуудтай байх ёсгүй гэж үзсэн. Тэд дуртай үедээ асуудал үүсгэнэ гэдэг чинь арай л бүдүүлэг хэрэг. Тэглээч Твист, За хоёр ирэх сараас өөрийн байранд орох талаар өмнө нь ярьж байсан. Гэхдээ Жастин тэднийг сарын сүүл хүртэл гэрт нь байхыг хүссэн учраас одоо хамт байгаа. Гэхдээ би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүмжлэлийг хүлээн авсан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз.
-Шинэ уран бүтээлийн хувьд?
-Ирэх аравдугаар сараас Жастины шинэ дуу, шинэ клип бэлэн болно. Бид одооноос уран бүтээл дээр гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Удахгүй шинэ уран бүтээлээр фэнүүдтэйгээ уулзана. “Never say never” цомгийн дараах хамгийн том цомог энэ жилийн зул сарын баярын өмнө бэлэн болно. Бид өнгөрсөн долоодугаар сараас эхлэн шинэ цомгийн ажилдаа орсон. Мөн зул сард зориулан маш сайхан клип хийж байгааг хэлэх таатай байна.
-Сүүлийн үед Жастин ямар нэг баяр ёслолоос шагнал авсан тохиолдол байхгүй юм байна шүү. Шинэ уран бүтээл шүтэн бишрэгчдэд нь таалагдана гэдэгт итгэлтэй байна уу?
-Мэдээж. Түүнийг дэмждэг олон сая шүтэн бишрэгчид байгаа цагт уран бүтээл болгон нь амжилт олно байх. Түүний авъяасыг бид хэдэн жилийн өмнө мэдэж авлаа. Тэгвэл тэрбээр одоо томоохон тэсрэлт хийхэд ойрхон байна.
-Саяхан Жастин Гиннесийн номонд бичигдсэн. Энэ талаар тэрбээр баяртай байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн хамгийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд манай залуу уран бүтээлч бичигдсэн үйл явдалд би ч маш их баяртай байгаа. Түүний эхний таван цомог нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлж хамгийн залуу уран бүтээлч гэгдэн Гиннест бичигдсэн. Мөн “Youtube” сайтад түүний клипийг давхардсан тоогоор гурван сая хүн үзсэн амжилтын эзэн болсон. Жастины бага нас маш чухал үүрэг гүйцэтгэж, түүнийг ийнхүү амжилт бүтээлээр угтаж байна. Бага байхдаа төгөлдөр хуур, бөмбөр, гитар, бүрээ зэрэг олон хөгжмийн зэмсгүүдийг тоглодог байсан нь хожим үр ашгаа өгч эхэллээ. Гэрийнхэн нь ч баяртай байгаа.
-Торонто хотод түүн рүү дайрсан хэрэг гарсан. Энэ юу болж өнгөрсөн бэ?
-Энэ сарын эхээр Канадын нэгэн шөнийн клубд нэгэн залуу түүн рүү дайрсан. Тодруулбал шөнийн гурван цагт найзуудтайгаа VIP бүсэд байж байтал нэгэн танхай этгээд түүн рүү дайрч, цамцыг нь базан газар унагаах гэж оролдсон. Золоор клубын хамгаалагчид болон бие хамгаалагч нар нь согтуу залууг салгасан. Ингээд согтуу эрийг цагдаад өгөлгүй зүгээр л клубээс хөөсөн. Түүнтэй зууралдах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгээд ч согтуу байсан учраас түүнд бие хянах боломж байгаагүй гэж бид үзсэн. Дараа нь уучлалт гуйсан байсан. Жастин ч тухайн үед эр хүн шиг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард Лондонд зурагчин эрийн фото аппаратыг эвдсэн. Гэхдээ тэр зурагчин бас л нүүрэнд нь тулгаж байгаад зураг аваад байсан талаар хожим надад хэлсэн. Зурагчин эрийн хохирлыг барагдуулсан бөгөөд иймэрхүү халдлага, ямар нэг муу зүйлээс хол байх талаар өөрөө хүсэж байгаагаа хэлсэн. Би түүний өмнөөс баяртай байгаа. Бага зэргийн зүйлийг тоохоо болсон нь зан ааш нь өөрчлөгдөж байгаагийн илрэл.
Б.Баатар