Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр буюу Зүүнсалааны шинэ эцэст байрлах Одонтын 24,25-р гудамжнаас Хүннүгийн үеийн булш Өнгөрсөн оны гуравдугаар сард олдсон билээ. Харин энэ оны есдүгээр сарын эхээр тус булшийг малтах, авран хамгаалах ажил эхэлсэн бөгөөд яамнаас санхүүжилтыг нь шийдвэрлэж өгсөн байна.
Тиймээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн болон бусад албаны хүмүүс уг авран хамгаалах малтлагын ажлын явц байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тус газар нийтдээ 29 булш байгаа бөгөөд одоогийн байдлаар 3 булшинд малталт хийгээд байгаа ба ихэнх булш нь айлын хашаанд байгаа учир малталт хийхэд бага зэрэг хүндрэл учирч байгаа гэнэ. Тиймээс энэ жилийн хувьд малтлагын ажлыг зөвхөн ил гудамжинд байгаа буюу машин зам дээр байгаа эвдэрч сүйдэх, устаж үгүй болох магадлал бүхий өндөр булшнуудыг малтах юм.
Харин ирэх жилээс айлуудын хашаан дотор, байшингийн суурин дор байгаа булшнуудыг малтахаар болжээ. Тиймээс ССАЖ-ын сайд ирэх жилийн малтлагын санхүүд айлуудын хашаанд малтлага хийхэд шаардагдах нөхөн төлбөр, зардлыг нэмж тусгаж өгнө гэдгээ хэллээ.
Эдгээр булшийн авран хамгаалах үйл ажиллагааг ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн баг хамт олон болон МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн архелоги, антропологийн тэнхимийн төгсөгчид болон магистрантууд гүйцэтгэж байна.
Тэд Хүннүгийн үеийн булшийг язгууртны болон жирийн иргэдийн гэж ангилдаг бөгөөд Зүүнсалаа орчмоос олдсон эдгээр булшууд жирийн иргэдийн булш хэмээлээ. Одоогийн байдлаар булшнаас модон аяга, хүрэл толь, зүүлт, соёо зэрэг тухайн үеийн эд өлгийн зүйлс багагүй олдсоныг дурдан танилцуулсан юм.
Мөн эдгээр булшнуудын хадгалалт харьцангуй сайн бөгөөд малтлагаар гаргасан зүйлсийг тусгай лабораторын шинжилгээнд хамруулсаны дараа музейд байрлуулах юм байна.
Тус оршуулгын газраас модон аяга, хүрэл толь зэрэг тухайн үеийн эд өлгийн зүйл нилээд олдож байгаагийн хамгийн үнэтэй олдвор нь тариа, будаа олдсон явдал ажээ. Ер нь түүх соёлын өв хэдий чинээ баяжина тэр хирээр тухайн улсын соёлын дархлаа сайжирдаг гэх бөгөөд хойч үедээ бид олон өв үлдээх тусам соёлын дархлаа тогтох сайн талтай юм.
www.URLAG.mn