“Гэр бүл” киноны Ён Вугийн дүрээрээ монголчуудын сайн танил болсон Солонгосын нэрт жүжигчин Ким Нам Жу одоо 42 настай. Түүний нөхөр Ким Сан Ву эхнэрээсээ хоёр насаар ах. Солонгосын хөөрхөн хүүхэн Ким Нам Жугийн нөхөр Ким Сан Вуг бид “Зочид буудлын эзэн”, “Мистер Дюк” киногоор нь сайн мэднэ.
Хосууд танилцаж үерхээд 13 жил, гэрлээд найман жил болж байгаа. Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр 2005 онд гэрлэхэд Солонгосын дуучид, жүжигчид тэр аяараа очиж, нүсэр баяр болж, ихээхэн хөлтэй хуримласан. Энэ нь тэр хоёрыг Солонгосын шоу бизнест, кино урлагт асар их нэр хүндтэйг харуулсан явдал боллоо гэлцсэн.
Ким Нам Жу, Ким Сан Ву хоёр хэзээ ч “мода”-наас гардаггүй, кино, зар сурталчилгаанд хамгийн эрэлттэй жүжигчид. Рекламанд хамгийн өндөр үнэ ханштай тоглодог, гэхдээ л энэ хоёрыг хамтад нь рекламанд тоглуулах гэсэн хүсэлт огт тасардаггүй. Солонгосын нэр хүндтэй сэтгүүлүүд “Vogue”, “Bazaar” зэрэг сэтгүүлийн нүүрэнд хамгийн олон удаа гарсан солонгос жүжигчин гэгддэг. Ким Нам Жугийн тоглосон “Миний нөхрийн гэр бүл” кино 2012 оны Солонгосын шилдэг киногоор шалгарсан.
Ер нь энэ хоёрыг Солонгосын хамгийн төгс гэр бүл гэдэг. Хамтдаа 13 жил байхдаа ганц ч удаа хэрэлдэж үзээгүй, хамтдаа байхдаа байнга хөгжилтэй зүйл ярьж инээлдэж, ойр тойрныхныгоо баясгаж байдаг, эрч хүчтэй, сайхан энергитэй гэр бүл гэнэ. 5-6 сая доллароор үнэлэгдэх байр нь цэвэр цэмцгэрийн туйл, Ким Нам Жуг үнэхээр сайн эзэгтэй гэж орсон гарсан бүгд үнэлж дүгнэдэг аж.
Ким Нам Жуг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж дэлхий даяараа мэднэ. Солонгосчууд хамгийн их гоо сайхны мэс засал хийлгэдэг улс. Солонгосчуудыг энэ зам руу уруу татсан хүн нь Ким Нам Жу гэж дуу нэгтэй хэлдэг. Ким Нам Жу гоо сайхандаа 100 сая хол давсан вонн зарж, нүүрэндээ тэр чигт нь мэс засал хийлгэсэн. Нүд хамар, эрүү, дух гээд бүх эрхтнээ өөрчилж, одоогийн төгс гоо сайхнаа олж авсан аж.
Ким Нам Жу үүнийгээ огт нуудаггүй. Энэ нь нөхөртэй болоход нь саад болоогүй. Ким Нам Жугийн нөхөр Ким Сан Ву эхнэртээ их хайртай, халамжтай сайн хань гэдэг. Нөхөр нь байнга сэтгэл санаагаар дэмжиж, урам хайрлаж байдаг болохоор эхнэр нь энэ дайны амжилтанд хүрсэн биз. Ким Нам Жуг солонгос кино одууд “хатан хаан” гэж өргөмжилдөг нь санаандгүй хэрэг биш байх. Загварын өндөр мэдрэмжтэй, сайхан хувцасладаг гэж загварын сэтгүүлүүд үнэлж, энэ хоёроор нүүрээ чимэх дуртай. Хамтдаа хагас нүцгэн шахуу зураг цөөнгүй авахуулснаас болж, Солонгосын Дэвид Бекхем, Виктория Бекхем гэх нь ч бий.
Солонгосын Дэвид Бекхем, Виктория Бекхем хоёр маань хоёр хүүхэдтэй. Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр хэзээ ч хүүхдүүдтэйгээ олны өмнө гарч байгаагүй, хүүхдүүдийнх нь зургийг нийтэлсэн сонин, сэтгүүл, сайт одоогоор ганц ч байхгүй. Солонгостоо нэрд гарсан хоёр жүжигчин хүүхдүүдийнхээ хувийн амьдралыг хайрлаж, олны өмнө гаргадаггүй аж. Хоёр жилийн өмнө Ким Нам Жу телевизийн ярилцлаганд орохдоо гэр бүлийнхээ нэг нууцыг дэлгэн, солонгосчуудыг шоконд оруулсан. Учир нь алдарт жүжигчин хосуудын том охин нь нүүрэн дээрээ төрөлхийн том мэнгэтэй, үүнээсээ болж байнга эмчилгээ хийлгэдэг, их ч мөнгө зардаг гэдгээ илэн далангүй нулимс унаган ярьжээ.
Том охин нь аавтайгаа жигтэйхэн адилхан гэдгийг ч хэлжээ. Хөөрхөн хүүхэн Ким Нам Жу “Охиныхоо өмнө би буруутай” гээд мэлмэрүүлэн уйлсан гэдэг. Харин бага хүү нь эрүүл саруул, ёстой л арилгасан сонгино шиг хөөрхөн хүүхэд байдаг сурагтай. Солонгосчууд жүжигчдээ холливудын оддоос дутуугүй үзэж, хайрлан хүндэлж, зургийг нь байнга авч байдаг ч Ким Сан Ву, Ким Нам Жу хоёрын дундаас мэндэлсэн хоёр хүүхдийн зургийг харсан Солонгос хүн ганц ч байдаггүй, хоёр хүүхдээ ёстой л нүдний цөцгий мэт хайрлан өсгөдөг.
Нэр алдрын оргилд гарч, Солонгосын “мода”-ны ертөнцийн хаан хатан болсон хоёр Ким сүүлийн үед элдэв тансаг хэрэглээнээс татгалзаж, эгэл жирийн амьдрахыг илүүд үзэх болжээ. Урьд нь дэлгүүр хэсээд шинэ хувцас ихээр авч, байн байн гадагшаа дотогшоо явж, шоппинг хийдэг байсан бол үүнийгээ зогсоож, нэрт хоёр жүжигчин шинэ хувцас хунар худалдаж авахаа больжээ. Дэлгүүр хэсэх цагаа гэр бүлдээ зориулж, чөлөөт цагаа байнга гэртээ, гэр бүлтэйгээ хөгжилдөн өнгөрүүлдэг гэнэ.
Дэлгүүр хэсч, шинэ хувцас авахаа байсан нь тэдний санхүүгийн байдал муудсан гэсэн үг биш. Тэр хоёр одоо ч Солонгосын хамгийн үнэтэй баян жүжигчид, тэр хоёрыг рекламандаа урьж тоглуулахын тулд Солонгосын томоохон компаниуд хоорондоо уралдаж, ёстой яахаас ч буцдаггүй. Солонгосчуудын хамгийн хайртай жүжигчин гэр бүл. Царайлаг, баян, авъяаслаг хоёр жүжигчний том охин нь нүүрэн дээрээ том мэнгэтэй төрсөн гэж түрүүн бичсэн.
Харин сүсэг бишрэлтэй ганц нэг нөхөд “Ким Нам Жу бурхны бүтээлийг сөрж, бурхнаас заяасан нүүрний хэлбэрээ тэр аяар нь өөрчилсөн болохоор дээд тэнгэрээс өгсөн шийтгэл” гэж үзэх нь бий гэнэ. Юутай ч ямар ч зовлон алдарт хоёр жүжигчнийг хэрэлдүүлж, муудалцуулж чадахгүй, гуниглуулахгүй, Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр хаана ч явсан байнга инээд хөөр болж, хаа сайгүй хайрыг түгээж явдаг. Охид бүсгүйчүүдээс нуугдаж, хаусаа тойруулан цагаан хэрэм хүртэл барьж, ганцаараа амьдардаг Солонгосын нэрт жүжигчин Бэй Юн Жун буюу Чань Ву “Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр шиг сайхан хайртай учирч, сайхан амьдрахыг мөрөөддөг”-өө санаа алдан ярьж байсан удаатай.
Л.ХАТАН WWW.TOVCHOO.MN