“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас энэ сарын 22-30-нд “Баянгол” ресторанд циркийн өвөрмөц шоу зохион байгуулж байгаа билээ. “Кабаре цирк” шоу нь дэлхийд аль хэдийнэ тогтсон хэв маяг болон хөгжиж өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчдээр хүрээлүүлж өргөжсөөр байгаа юм. Манай орны хувьд циркийн энэхүү хэлбэр, соёл нь шинэлэг бөгөөд үзвэрийн чансаа болон нэр төрлийг нэмэгдүүлэн дээшлүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчдын зүгээс тодорхойлж байгаа. Тоглолтын зохион байгуулалтын талаар “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэтэй ярилцлаа.
“Кабаре цирк” ямар онцлогтой байдаг вэ. Мөн энэ удаагийн кабаре шоу юугаараа онцлогтой байх вэ?
1880-аад оны үед Францад дэлхийд алдаршаад байгаа циркийн урлагийн нэг төрөл болох анхны кабаре шоу зохион байгуулагдаж байсан түүхтэй. Тус шоунд мэргэжлийн бус жүжигчид оролцсон байдаг. Энэ удаа бид кабаре шоуг Монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тоглолтод Монте-Карлогийн наадмаас мөнгөн цом хүртсэн Английн “Алтан хүчтэнүүд”, БНХАУ-ын Уханийн олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээний мөнгөн цомын эзэн Өмнөд Африкийн уран нугараач, Украины зургаан бүжигчин , “Гиннес”- ийн амжилтыг гурван удаа эвдсэн АНУ-ын цагаригаар наадагч оролцоно.
Кабаре шоу зочид буудалд болно гэхээр зарим үзэгчдийн тоог хязгаарлаж байгаа юм биш үү?
Кабаре шоу заавал зочид буудалд зохион байгуулагддагаараа онцлогтой. Тийм учраас 100-250 хүн үзэх боломжтой. “Баянгол” ресторанд долоо хоног үргэлжлэх энэ удаагийн шоуг 1500-1600 хүн үзэх боломжтой. Дээрээс нь кабаре шоу бол амьд орчин бүрдүүлж хамтарч дуулдаг, бүжиглэдэг. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа “Кабаре диннер” шоу гэж нэрлэсэн. Тиймээс үзэгчид зөвхөн тоглолт үзэхгүй. Тоглолтын тасалбарт хоёр төрлийн халуун хоол, бүх төрлийн зууш багтсан байгаа.
Энэ шоуг чухам яагаад Монголд зохион байгуулахаар болов?
Би өөрөө Европт циркийн менежер хийдэг хүн. Монголынхоо циркчдийг олон улсын наадамд авч явж оролцуулж байсан. Хамгийн сүүлд Францад телевизийн кабаре шоунд оролцсон. Эдгээр шоунд оролцсоны дараа кабаре шоуг Монголд зохион байгуулахаар шийдсэн. Манайд жүжигчид нь байна, тоглуулах газар нь байна гэж үзэхэд болохгүй юм гэж байхгүй шүү дээ.
Шоунд дотоодын уран бүтээлчид оролцох уу?
Монголын үндэсний циркийн тэнцвэрийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир, хөнгөн хөгжмийн хамтлаг оролцоно. Сүүлийн үед элсээр зурах урлаг дэлхийд шинээр үүсч хөгжиж байна. Энэхүү урлагаар дагнаж байгаа монгол зураач залуус маань үзэгчдэд гайхамшгийг мэдрүүлнэ.
Таны бодлоор Монголын циркийн хөгжил яг ямар түвшинд яваа бол?
Циркийн түвшин өмнө хаана байсан өнөөдөр тэр л газартаа байгаа. Олон улсын циркчдийн тэмцээн жил бүр тогтмол зохион байгуулагддаг. Эдгээр тэмцээнд манай циркчид тогтмол гурван байрт орж байна.
Өнгөрөгч гуравдугаар сард манай төвөөс “Дэлхийн цирк 30 жилийн дараа Монголд” тоглолтыг зохион байгуулсныг үзэгчид сайн мэдэх байх. Тус тоглолтод 13 орны 70 гаруй циркчид оролцсон юм. Тэр үед ирсэн жүжигчид манай орны жүжигчдийг магтан бишрээд явсан. Яагаад гэвэл манай циркчид дэлхийн циркийн рекорд амжилтыг эвдсэн шүү дээ.
Монголд миний мэдэхийн гурав, дөрвөн цирк үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь сайн уу аль эсвэл..
Зөвхөн Монголд л цирк нь хуваагдаад гурав, дөрвөн цирк байгаа биш л дээ. Бүх улсад хувийн циркүүд бий. Тиймээс байдаг л асуудал. Тэрнээс биш циркүүд хоорондоо дайсагнаад байгаа хэрэг биш. Тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа ч гэсэн хамтарсан тоглолт хийдэг.
Танай төвийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө?
Ирэх арванхоёрдугаар сард монгол түмэндээ шинэ жилийн баярын бэлэг болгож анх удаа Мөсөн цирк тоглуулахаар бэлтгэж байгаа. Дэлхийн хэмжээнд 5-6 мөсөн циркийн шоу байдгаас энэ удаа алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит Москвагийн циркийн шоуг авчрахаар болсон. Тоглолт арванхоёрдугаар сарын 7-22-нд Монголын үндэсний циркт болно. Мөсөн циркийг Монголд авчрах гэж гурван жил хөөцөлдсөний эцэст удахгүй биелэлээ олох гэж байна.
Ярилцсанд баярлалаа
Т.Жанерке