Хүний амьдралд баяр, гуниг, зовлон, жаргал ээлжлэн байдаг. Энэ л амьдрал юм шиг. Нэгэн цагт “Сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгдэж загварын тайзанд өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж чадсан загвар өмсөгч А.Пүрэвмааг танихгүй хүн ховор. Хөлчүү нэгний балгаар хөлгүй болж далавчаа хугалсан ч бусдын сайн сайхны төлөө сэтгэлийн жигүүрээрээ босон алхсан юм. Өнөөдөр түүний хийж байгаа сайн үйлсийн аянд олон хүн нэгдэж саашаалтай хандаж байгаа. Тэрээр хэлэхдээ “Би зургаан сарын турш түлэнхийн төвд эмчлүүлэх хугацаандаа амьдрах гэж , амьд үлдэх гэж өвчнөө шүд зуун давж байгаа хөөрхий үрсийн уйлах дууг чихээрээ сонсож, жаахан биенд нь хэтэрхий ахадсан өвдөлтөө даалгүй хорвоог орхиж байгааг нүдээрээ харж, тэднийг өрөвдсөндөө сэтгэл минь шимширч байсан. Тиймээс энэ бүхнийг хараад нулимс унагаад орхихыг хүсээгүй. Хэдийгээр би эдгэхгүй гэсэн ч эдгэх боломжтой энэ бяцхан хүүхдүүдэд чадах ядахаараа туслахыг хүссэндээ энэхүү аянг зохион байгуулсан. Би нэг хүүхдэд ч гэсэн амьдрах боломжийг нь нээж өгөх юмсан гэсэн сэтгэлээр хандаж байгаа болохоор элэг нэгт Монголчуудаа ч гэсэн энэ сайн үйлсийн аянд маань чин сэтгэлэсээ нэгдээсэй гэж уриалмаар байна.Түлэнхийн төвд маань маш их түлэгдэлтэй бяцхан хүүхдүүд асар ихээр ирж байна. Эх эцгийн болгоомжгүйгээс болж хэдхэн сартай хүүхэд халуун цайнд түлэгдчихсэн, харах хүнгүй гэртээ үлдсэн хүүхдүүд цоожтой хаалганы цаана шатчихсан гэх мэт бусдын буруугаас болж насаараа хөлгүй, гаргүй болж байна. Харин эдгээр түлэгдсэн хүүхдүүдэд заавал арьс нөхүүлэх эмчилгээ хийдэг. Үүнийг манай түлэнхийн эмч нар аппратаар биш өөрсдөө гараараа зүсэж хийдэг. Хэдийгээр манай эмч нар механикаар маш сайн хийдэг ч үүнийг гараараа зүснэ гэдэг үнэхээр нарийн мэдрэмж шаардагддаг. Гэтэл үүнийг аппратаар хийвэл эдгэх нь ч амархан учраас бид бүхэн түлэнхийн төвдөө энэхүү ганц аппратыг л авч өгөхийг зорилгоо болгож байна. Тийм ч учраас энэхүү аппратны төлбөр болох 15 сая төгрөгийг цуглуулахын тулд Элэг нэгт Монголчуудаасаа бяцхан сахиусан тэнгэрүүдэд өглөгийн гараа сунгаж тэдний өвдөлтийг нэг хоногийн өмнө ч гэсэн эдгэхэд нь хувь нэмрээ оруулаарай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна” гэдгээ хэлжээ. Тийм ээ өнөөдөр энэ бүсгүйн хийж байгаа зүйлийг хараад өөрийн эрхгүй энэ бүсгүйгээр бахархаж байна. Бид бүхэнд эрүүл мэнд, хоёр хөл,эрх чөлөө бүгд байна. Гэтэл хэн нэгний төлөө бид юу хийсэн бэ гэж бодогдлоо. Өнөөдөр хоёр хөлгүй ч тэрээр бусдыг гэсэн сайхан сэтгэлээрээ жигүүр хийн нисэж байна.Олон сар жил гадаад, дотоодын нэртэй гэсэн эмнэлэгээр явсан боловч “эдгэхгүй” гэдэг ганцхан хариулт сонссон ч тэрээр цөхөрч, уйлж суусангүй харин эдгэх боломжтой хүүхдүүдэд амьдрал бэлэглэхээр зүтгэж яваа түүнийг хараад үнэхээр “Сахиусан тэнгэр” гэдэг нэрийг түүнд бурхан өгсөн мэт санагдлаа.Түүний бусдыг гэсэн сайхан сэтгэлийн хариуд шагнал болгож бурхан нэг л өдөр хөл дээр нь босгоно гэдэгт итгэж байна. Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. Бяцхан үрс буруугүй тэдэнд амьдрал бэлэглэе.
Хандивын данс
голомт банк 123 0000 182 "та ч гэсэн сахиусан тэнгэр"
хаан банк 5031 6938 43 " та бол сахиусан тэнгэр"
www.URLAG.mn