Хошин урлагийн салбарт хамгийн ахмад хамлагт тооцогддог СТА, найруулагч Ц.Хүсэлбаатарын үүсгэн байгуулсан “Өнгөт инээд” хамтлаг нэрээ сольж, залуу жүжигчдээр бүрэлдэхүүнээ тэлсэн билээ. Түүнчлэн “Шилдэг өнгө” продакшин нэртэй болсон. Уг продакшин цоо шинэ бүрэлдэхүүнтэй болсноос хойш шоу тоглолтуудадаа тасралтгүй үзэгчдэдээ хүргэж байгаа. Тэгвэл тус хамтлаг шинэ уран бүтээлээ өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 15-ныг хүртэл ҮЭСТО-д “Амьдралаа аймаар гоё” шоу тоглолтоо хүргээд эхэлсэн юм. Өчигдөр тоглолтын дараа жүжигчин С.Өлзийхүүтэй цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Тоглолтыг үзэгчид сайхан хүлээж авч байна. Тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Өнгөт инээд хамтлаг бүрэлдэхүүнээ шинэ залуучуудааар цус сэлбэгдсэн. Нэрээ өөрчлөөд “Шилдэг өнгө” болсноос хойшхи тоглолуудын нэг “Хайр аймаар гоё” тоглолт нь олон залуу жүжигчидтэй шинэлэг уран бүтээл болсон. Залуу жүжигчдээс гадна жүжигчин СТА Бямбацогт, Батхүү нэр нэмэгдэж орсон байгаа. Бид нилээн хүч хөдөлмөр зарцуулсан тоглолт боллоо.
-Танай хамтлаг залуучуудаас бүрдсэн байна. Залуу жүжигчид нь хэдэн онд аль сургуулийг төгссөн бэ?
-2012 онд Соёл урлагийн их сургуулийг С.Сугар багшийн удирдлаганд дор төгссөн нэг ангийнхан. Мөн Кино урлагийн дээд сургуулийг төгссөн залуус байгаа. Манай хамтлагт нэг сэтгэл зүрхтэй, хөдөлмөрлөе гэсэн залуус орж ирсэн болохоор их гоё байдаг. Энэ хэд маань хүүхэд байхаасаа дөрвөн жил хамт суралцсан болохоор зан зангаа мэднэ. Бие биетэйгээ ойлголцоход ч хялбар, зохион байгуулалт сайтай.
-Хамтлагийн нэрээ сольсоноос хойшхи тоглолтуудаа “Хайр”-ын тодотголтой нэр өгөх болсон. Энэ нь танай хамтлагийн онцлог уу?
-Залуучууд их орж ирсэн болохоор тэр үү дандаа “Хайр” гэсэн сэдвийг сонгож авч байгаа. Ер нь хүний амьдралын хэзээ ч хуучрашгүй хамгийн гоё зүйл нь хайр шүү дээ. Бүх насныханд хайр байдаг. Жоохон цэцэрлэгийн хүүхэд хүртэл манай ангийн тэр охин их хөөрхөн би түүнд хайртай гээд яриад явдаг. Тэр хайр гэдэг үгийг ойлгоогүй хэрнээ хэрэглээд яваад байгаа. Хайр гэдэг зүйл хүний амьдралыг гоё сэргээж өгдөг. Хүний амьдралын хамгийн гол утга учиртай нандин зүйл. Тийм учраас л энэ хамгийн гоё, нандин үгээр бид тоглолтоо нэрлэж байгаа юм.
-Мэдээж хайр нандин зүйл. Та хэзээ анхны хайртайгаа учирсан бэ?
-Бид хоёр арван жилээсээ цуг нэг сургуульд сурсан. Би чинь ерөөсөө ханьдаа хайртай болоод суугаад л анхны хүүхдээ гаргасан. Одоог хүртэл хоёр биеэндээ хайртай. Бид хоёр хүний амьдралын хамтдаа туулах ёстой зовлон жаргалыг туулж явж байгаа. Миний анхны хайр хань минь.
– Хамгийн анх хэзээ захиа авч байсан?
-Манай ангийн охидуудад их ирдэг байсан. Надад ерөөсөө захиа ирдэггүй байж байгаад найм билүү есдүгээр ангид байхад ирээд би баярлах ч гайхах ч болж байсан.
-Хоёулаа жүжигчин мэргэжилтэй сайхан хосуудын нэг. Мэдээж хэрэг хоёулаа урлагийн хүмүүс байна гэдэг давуу тал олон байдаг байх. Та ханийхаа талаар тодорхойлж хэлбэл?
-Өө тэгэлгүй яахав. Давуу тал бол маш их шүү дээ. Ажил ихтэй гэртээ оройтоод очсон ч гэсэн өнөөдөр ачаалал ихтэй байв уу ядарсан уу найз нь энэ ажлаа хийе миний хань тэрийгээ хийчих гэнэ. Хөдөө тоглолтоор хэдэн сараар явдаг үүнийг сайн ойлгодог. Өвөрмонголд тоглолтой явж байгаад дөнгөж гэртээ орж ирээд чемодамтай хувцсаа сольж хийгээд л Европ руу сар тоглолтоор явах жишээтэй. Энэ бүгдийг урлагийн хүн ойлгоно. Тэрнээс өөр мэргэжилтэй нөхөр ойлгоход бол нэлээн бэрх. Би урлагийн ижил мэргэжилтэй ханьтай болсон доо өөрийгөө их азтай гэж боддог.
-Та саяхан Япон, Монголын хамтарсан бэйсболлын тухай кинонд эмэгтэй бэйсболлчины дүр бүтээсэн. Энэ талаар?
-Би бэйсболл гэдэг спортыг сайн мэддэггүй байжээ. Тэгсэн чинь сая энэ Япон, Монголын хамтарсан кинонд тоглоод ирсэн чинь бас их сонин спорт юм байна. Энэ кинонд тоглосноос хойш бэйсболд сонирхолтой болсон. Бэйсболл чинь бидний дээр үед хүүхэд байхдаа тоглодог байсан маатгарах руу юм шиг надад санагдсан л даа. Япон, Америкт их моодонд орсон манай Монголоор бол үндэсний бөх шиг зиндаад байдаг спорт юм байна.
-Та багадаа ямар тоглоомоор тоглож өссөн бэ?
-Би чинь багадаа их спортоор хичээлдэг байсан. Бидний үеийн хүүхдүүд чинь хичээлээ тарж ирээд гадаа гарч сагс, дээс, чирта тоглодог байлаа. Зусланд воллейбол их тоглоно. Мөн хөнгөн атлетикаар хичээллэнэ би ер нь гүйж харайх дуртай.
-Одоо жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутнуудадаа хандаж хэлэх таны захиас?
-Би өөрийн туршлагаасаа харахад оюутан байх хугацаандаа өөрийгөө сайн дайчилж ажиллах ёстой. Яагаад гэхээр оюутан байх хугацаандаа маш их цаг зав ихтэй өөрийгөө хаашаа л бол хаашаа сорьж болдог. Манай уран чадварын Доржоо багш маань та нар оюутан байхдаа тэр Жульетта, хөвгүүд нь Отелло дэлхийн сонгодог зохиолуудын хамгийн сайхан хүүхэн, залуусын дүрд тоглоорой. Сургуулиа төгсөөд тэр дүрүүдийг зөвхөн найруулагчаас хүлээнэ харин одоо өөр өөрсдөө мундаг дүр өгч сориход хялбар бай гэдэг байсан. Тийм болохоор оюутан байх хугацаандаа өөрийгөө маш сайн дайчилж ажиллаад задла. Мөн жүжигчин мэргэжил бол амар биш нэлээн хэцүү хувь хүнээс маш их тэвчээр, цаг хугацаа шаарддаг ажил. Тийм учраас энэ мэргэжлийг нэгэнт эзэмшвэл сэтгэл зүрх бүх зүйлээ зориулах хэрэгтэй гэж би боддог. Тэгсэн хүн л олонд танигдсан жүжигчин хүн болдог шүү. Одоо ер нь монголд олонд танигдаад ажлаа хийгээд явж байгаа жүжигчид маань энэ төрөлдөө сэтгэлээ өгчихсөн, бүх хүч чадлаа зориулсан хөдөлмөрч, авьяаслаг улсууд байгаа гэж хэлмээр байна.
-Та эмэгтэй жүжигчний хувьд залуу эмэгтэй жүжигчдэдээ ажил, амьдралаа хэрхэн зохицуулах талаар хэлвэл?
-Ажил амьдралаа зэрэгцүүлэх л хэрэгтэй л дээ. Тэрнээс биш нэг тийшээ хэт туйлшрах хэрэггүй. Хүний амьдрал л хойно асуудал гарна. Өөрийнхөө цагийг зөв зохистой зарцуулж өөрийгөө маш сайн дайчлах нь чухал.
-Мэдээж зүтгэл байж тэр хүн цаашаа явна л даа. Хүнд 99 хувь нь хичээл зүтгэл байх хэрэгтэй 1 хувийн авьяастай байж болно гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үнэн. Хүнд байгаа авьяасаа хүн хөдөлмөр гэдэг зүйлээр сайхан усалж авьяасыг цэцэг гэж бодон хөдөлмөрөөрөө усалж байж тэр цэцэг мэт дэлбээлж гарч ирдэг. Тэгэхээр услахгүй л юм бол тэр авьяас зэвэрнэ. Хэрвээ зэвэнд идэгдээд л эхэлвэл авьяас байхгүй болно шүү дээ. Мөн өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Орчин цагт жүжигчид өөрийгөө боловсруулах шаардлагатай юм болов уу гэж бодогдох болсон.
-“Өнгөт инээд” продакшины дараагийн уран бүтээл?
-Дараагийн уран бүтээл маань уран сайхны кино байгаа. Зохиолоо бичээд дууссан одоо дүрүүдээрээ ажиллаж байгаа. Залуучуудад зориулсан инээдмийн кино хийх гээд бүгдээрээ дүрүүдээ авсан бөөн баяр баясгалантай явна. Энэ олон сайхан залуу жүжигчдээ олны танил жүжигчин болгохын төлөө хөдөлмөрлөж байгаа.
-Уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан: Х.Даваанаа