-Сүүлийн үед хэвлэлээр танай гэр бүлийн талаар янз бүрийн л яриа гарах болов. Та Кимтэй хурим хийх сонирхолгүй байгаа талаар ярьсан байсан. Энэ үнэн үү?
-Ким бид хоёрыг тойрсон олон л яриа байдаг. Бид залуу хүмүүс. Тиймээс бүхнийг хамтдаа бүтээхийн тулд их зүйлийг зорьж байгаа. Биднийг зарим хэвлэлийнхэн яагаад ингэж янз бүрээр бичээд байдгийг сайн ойлгохгүй л байна. Тэдэнд бидний амьдралаас олж хэрэглэх зүйл байдаг бололтой. Одоо ч тэгээд энэ бүхэн сонирхол татахаа байлаа. Уйтгартай хуучин номын тавиур шиг л санагдаж байна. Бид одоохондоо хурим хийх талаар бодолгүй яваа. Магадгүй хэсэг хугацааны дараа хуримын талаар ярилцах байх. Харин хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг ирээд байна.
-Хүүхдийнхээ ирээдүйн талаар?
-Бидний дундаас төрсөн аз жаргал. Түүнийг ямар ирээдүй хүлээж байгааг бурхан л мэдэж байгаа байх. Би аав болсон. Одоо эцэг шиг байхын тулд хичээх л үлдлээ. Кимийн хувьд бие нь тааруу байгаа учраас түүнд туслалцаа хэрэгтэй байгаа. Хүүхдийнхээ төлөө санаа зовж, ирээдүйг нь бодож, төлөвлөсөн зүйл байлгүй л яахав. Хүүхдийг эрүүл өсгөх хамгийн чухал гэдгийг хоёр талын гэр бүлийнхэн анхааруулсаар байгаа.
-Хадмуудтайгаа эв түнжин тааруу байгаа гэж дуулсан юм байна. Зарим нэг зүйл дээр маргалддаг гэсэн?
-Гэр бүлийн л асуудал. Ямар ч гэр бүлд иймэрхүү жижиг асуудал тулгардаг байх. Заримдаа ганц хоёр зүйл дээр санал зөрөлдөж, хэл ам зөрөлдсөн зүйл байдаг л даа. Гэхдээ эцсийн дүнд гэр бүлийг би л хариуцна шүү дээ. Бидний өмнөөс хэтэрхий их зүйлд хутгалдаад байдагт нь хааяа би уцаарладаг нь үнэн. Гэхдээ манай хоёр гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц том асуудал биш.
-Таныг “South Park” хүүхэлдэйн цуврал дээр ижил хүйстэн мэтээр хошигносон байсан. Та үүнийг үзсэн л биз дээ?
-Үзсэн. Би зохиолчтой нь уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлмээр байна. Намайг ямар нүдээр харж, ижил хүйстэн гэж төсөөлж чадсаныг гайхаж балмагдсан шүү. Хэдийгээр ижил хүйстэн ч гэсэн миний инээдийг хүргэсэн зүйл байсан. Би эхлээд “Ээ, бурхан минь. Энэ одоо юу вэ. Үнэхээр ийм зүйл болж байна гэж үү” хэмээн бодсон. Хөгжилтэй ч юм шиг. Харин дараа нь найзууд минь намайг дооглож, тохуурхаж эхэлсэн.
-Та Кимийг араар нь тавьсан гэсэн мэдээлэлд няцаалт өгсөн байсан. Лэйла Гобадигийн талаар?
-Түүнийг ямар зорилгоор энэ бүх худал зүйлийг ярьсан нь ойлгомжтой. Бусдыг муулж нэрд гардаг тохиолдол ховор. Гэхдээ намайг муулж лав биш. Би лав тэр тоглоомын нэг хэсэг биш. Намайг оролдохгүй байсан нь дээр. Миний төлөөлөгч ч энэ талаар өмнө нь анхааруулсан. Дахиж энэ талаар яримааргүй байна.
-Шинэ уран бүтээлийн талаар сонин хачин юу байна вэ?
-Цөөн хэдэн дуун дээр ажиллаж байгаа. Энэ зуныг гэр бүл гээд л ер нь өнгөрүүллээ. Шинэ цомгийн ажлыг оноос өмнө дуусгах бодолтой байна. Охиндоо зориулж нэг дуу хийж байгаа. Удахгүй олон нийтэд хүргэнэ. Уран бүтээлийн талаар нэг иймэрхүү л байна даа.
-Ким бол гайхалтай эмэгтэй, түүнийг гомдоох эр хүн байхгүй мэтээр ярьдаг хүн цөөнгүй бий. Нэгэн ресторанд өөртэй чинь тааралдаад гомдол мэдүүлж, шуугиан тарьсан нь үнэн үү?
-Тэр бол Кимийн шүтэн бишрэгч. Харин би хүүхдийнх нь эцэг. Бидэнд ямар нэг зүйл сургаж, зааварлах, зөвлөгөө өгөх хүмүүс байлгүй яахав. Гэхдээ тэр эр согтуу байсан. Түүний хэлж ярихыг би эхлээд сонсож байсан л даа. Гэтэл тэр сүүлдээ яг л миний эцэг шиг “солиорч” эхэлсэн. Ингээд би ганц хоёр ширүүн үг хэлсэн юм. Ийм л зүйл болсон. Түүнээс биш би түүнд гар хүрээгүй. Надад тэгэх ч сонирхол байгаагүй. Тухайн үед цагдаад өгчихмөөр байсан ч гэр бүлээ хэрүүлээс хол байлгахыг хүссэн юм.
-Та яагаад Кимээс хэсэг хугацаанд хол амьдрах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж байсан юм бэ?
-Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Бүгд л миний буруу юм шиг санагдаж байв. Урьдын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, би нэг л буруу зүйл хийчихсэн юм шиг. Тэгээд хэсэг хугацаанд өөрийгөө сонсохын тулд ганцаараа баймаар байсан юм. Сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөхүүд надад маш их тусалсан. Эцэг хүн болно гэдэг үнэхээр хариуцлагатай болгодог ажил. Би ч охинтой болсныхоо дараа бусдын зовлон, жаргалыг мэдрэх шиг л болсон. Аз жаргал, зовлон зүдгүүртэй тэмцэн ирж байгаа тэр мэдрэмж. Том хариуцлага, уран бүтээлийн шинэ давалгаа. Эцэг хүний ертөнцийг үзэх үзэл нь хүртэл өөрчлөгддөг юм билээ. Гэр бүлд шинэ хүн иймэрхүү л уур амьсгал дагуулж байна даа. Ким бид хоёр дахин хүүхэдтэй болох талаар саяхан ярилцсан шүү. Бас л сонин мэдрэмж. Ер нь хүний хамгийн нандин гэсэн зүйл үр хүүхдээс л эхэлдэг юм шиг мэдрэмж сүүлийн үед төрөөд байгаа.
-Таныг эцэг болсонд дахин баяр хүргэе. Мөн уран бүтээл, гэр бүлийн амьдралд тань аз жаргал хүсье.
Б.Баатар