Америкийн цэнгээний урлагийн од, домогт дуучин Фрэнк Синатрагийн дуунуудаас бүрдсэн тоглолтоо энэ сарын 12-нд “River sounds” клубт толилуулах гэж байгаа талаар нь түүнтэй ярилцлаа.
-Заавал Фрэнк Синатрагийн дуунуудыг сонгож, тоглолт хийх болсон учир нь юу бол?
-Бидний үеийнхэн “Битлз”-ийг шүтэж өссөн. Хөгжимд нэлээд хорхойсоод судлаад ирэхээр тэр хамтлагийн амжилтын эхлэлийг тавьж байсан, цэнгээний урлагийн дэлхийн анхны од болсон хүн нь яах аргагүй Синатра. Түүний дуунуудыг сонсох тусам амттай. Амьдралд ухаан суусан үед сонсвол бүр амттай байдаг юм. Тийм онцлогтой сайхан уран бүтээлтэй хүн л дээ. Бид хоёр жилийн өмнөөс ийм тоглолт хийхээр төл өвлөж, өнгөрсөн жилээс бэлтгэл ажилдаа орсон.
Синатраг дэлхийн олон уран бүтээлч дуурайж дуулдаг. Олон оронд Синатрагийн наадам зохион байгуулж, адилхан хувцаслаж, хөдөлгөөнийг нь хүртэл дуурайх жишээтэй. Элвис, Майкл нарыг дуурайдагтай адил. Бид гадаад төрх, хөдөлгөөнийг нь дуурайх биш, амьдралын үнэн, хайр сэтгэлийн тухай тун энгийн сайхан үгээр илэрхийлсэн дуунуудынх нь агуулга, аялгууны онцлогийг гаргахыг зорьж байгаа. Ер нь түүний дуу хэт гоёмсог чимэг үг багатай байдаг онцлогтой. Түүний бэлгэ тэмдэг болсон “Mиний зам”, “Нью-Йорк” зэрэг 20 гаруй дуунаас бүрдэх тоглолт “River sounds” клубт болно. Гэхдээ би ганцаараа дуулахгүй.
Манай “Black and white” хамтлагийн дуучин Буянаа, Уянга болон дуучин Наран, Хулан, “Свитиэмоушн” хамтлаг дуулна. Мөн миний охин Эрдэнэ- Солонго надтай хамтран дуулна. Сонирхуулахад, Синатра охинтойгоо хамтран дуулж байсан түүх байдаг юм билээ. Синатра “Би дуунуудынхаа үг бүр, ноот болгонд анхаардаг. Тэгж байж би амжилтад хүрсэн” гэж хэлсэн байдаг. Бид ч тэгж л хичээж бэлтгэж байна даа. Манай “River sounds” клуб олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа баримталсан гол чиглэл бол амьд хөгжмийг дэмжиж, мэдрүүлэх явдал байсан. Тэр утгаараа дуучин, хөгжимчин, уран бүтээлчдэд том боломж олгосон сайхан газар.
-Жаазыг оркестртой хослуулснаараа Синатра энэ урлагийг дээдсийн хүрээнийхэнд хүргэж чадсан гэдэг. Тэгэхээр танай тоглолтод үлээвэр, чавхдаст хөгжим эгшиглэх үү?
-Аз болж манай “Black and white” хамтлаг үргэлж үлээвэр хөгжмийн уламжлалтай байсан. Үндсэн хөгжимчдөөс гадна Дона, Ариана нар үлээвэр, чавхдаст дуугаралтыг даралтат хөгжмөөр, Мөнх-Оргил гитараар хүч нэмнэ. Манай Жандал гэж тун даруухан хүн бий. Тоглолтын хөгжмийг ноотлох, хөрвүүлэх гол ажлыг энэ хүн хийснийг онцлох ёстой. Жааз бол манай уламжлалт хөгжим, бидний тоглодог поп хөгжмөөс ялгаатай. Тиймээс энэ их ярвигтай ажил юм. Мөн Пүүжээ, Боогий, Одхүү, Отгоо, Сээбий нарыгаа дурдах хэрэгтэй.
Энэ мэтчилэн найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчдынхаа хүчээр тоглолтыг босгож байгаа. Монголд жааз урлаг тодорхой хэмжээнд хөгжиж, хөгжмийн наадам жил бүр зохиож, олон орноос хөгжимчид ирдэг болсон. Манай уран бүтээлчид энэ урлаг руу тэмүүлэх болж. Тэгэхээр жааз хөгжмийн сайхныг Синатрагийн уран бүтээлээр дамжуулан улам мэдрүүлэхийг хичээлээ.
-Америкийн томоохон хэвлэлүүдэд “Синатра үгүй болох тэр үе бол ХХ зууны төгсгөл” гэж бичиж байсан гэдэг. Тэгэхээр Синатра шиг хүмүүс байгалиас төрдөг юм уу?
-Миний бодлоор энэ бол тухайн улсын түүхтэй уялдаатай. Америк улс их хямрал, дэлхийн II дайныг даван туулсны дараа сэргэн, босож, энхтайван цаг ирж байсан үед Синатрагийн уран бүтээлийн ид цэцэглэлтийн үе таарсан. Хүмүүс амар амгалан амьдрал, хайр сэтгэлийн тухай бүтээл хүсэж байсан цаг. Нөгөө “галзуурал” буюу охид, бүсгүйчүүд үс гэзгээ зулгааж, орилж, уйлж хашгирдаг үзэгдэл анх Синатрагийн тоглолтын үед гарч ирсэн гэдэг юм билээ. Үүнийг бас халуурал ч гэж орчуулж болно. Өөрөөр хэлбэл, одоогийнхоор од гэдэг ухагдахууныг Синатра тавьсан гэж болохоор. Жааз урлаг хар арьстнуудаас гаралтай, тогтсон хэмнэлийг эвдэж, сонирхолтой, чөлөөтэй сэтгэж тоглох боломжийг уран бүтээлчдэд нээж, эрх чөлөө олгодог онцлогтой. Энэ хөгжмийг Синатрагийн үеийнхэн оркестртой тоглож, дээдсийн хүрээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан.
-Өнгөрсөн зун Америкаар аялаад ирсэн. Энэ тоглолттой холбоотой байв уу. Аяны богцоо задалсан нэвтрүүлг үүдээ хэзээнээс үзэгчдэд хүргэх вэ. Миний бодлоор гадаад оронд бэлтгэсэн таны нэвтрүүлгүүд бусдынхаас арай өөр санагддаг. Илүү соён гэгээрүүлэх, хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан тухайн орны талаар хүргэхийг зорьдог шиг санагддаг. Ер нь аяллын нэвтрүүлгийн тань зорилго юу вэ?
-Хүн бүр өөрийн харсан өнцгөөс тухайн зүйлийг хүргэж байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг хийх маш өргөн сонголтууд бий болж байна. Миний нэвтрүүлэг ч тийм сонголтын нэг нь. Урлаг, соёлоор нь дамжуулан тухайн орны түүх, бодит амьдралыг харуулахад илүү дөхөм. Мөн мэдээллийн багтаамж арвинтай нэвтр үүлэг хүргэхийг зорьдог. Энэ удаагийн аяллынхаа тухай “Гайхамшигт ертөнц” цуврал нэвтрүүлэг бэлтгэснээ тун удахг үй үзэгчдэд хүргэнэ. Ер нь гадаад ертөнц рүү явах тусмаа бид хэн билээ, дэлхийд ямар байр суурь эзлэх ёстой юм, улсынхаа цаашдын хөгжилд яаж нэмэр болох ёстой вэ гэдгийг илүү тод ойлгодог юм болов уу гэж боддог. Синатрагийн магтан дуулсан оронд очоод, Нью-Йоркоор явж байхдаа тэр хүнийг санан, дурсаж явлаа. Бас өөрийн дуулсан “Нью-Йорк” дууны зургийг тэнд авахуулсан. Энэ орны талаар олон нэвтрүүлэг телевизүүдээр цацагдаж, хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэл авчихсан. Тэгэхээр би бусдаас арай өөрөөр харуулахыг зорьж, хөгжим, урлаг талаас нь дамжуулан Америк орныг харуулахыг хүссэн.
Миний хувьд эрх чөлөөний хөшөө, өндөр барилга байгууламжуудаас илүү Нью-Йоркийн хуучны байшингууд, тэрний доод давхар, хонгилд байдаг хөгжмийн клубууд илүү сонирхолтой байсан. Тэндээс тэр хотын амьдрал, уур амьсгалыг ойлгоход илүү дөхөм байдаг санагдсан. Хэдэн жилийн өмнө Монголд танилцсан америк жааз хөгжимчин найз маань газарчилж, урлагийнхан цугладаг газруудаар нэлээд явлаа. Үүнээс гадна би Олон улсын харилцааны сургуульд байхдаа Америкийн түүхийг судалж явсны хувьд энэ орны түүхийн талаар цэгцтэй мэдээлэл хүргэхийг зорьсон. Европ тивээс тэр газарт хүн очсоноос хойш энэ улс яаж хөгжсөн юм бэ, хөгжлийнх нь нууц юунд байсан, түүхийн явцад ямар бэрхшээл туулсан бэ гэхчлэн бид төдийлэн ярьдаггүй сэдэв хөндөхийг хүссэн.
-Гаднын орнуудаар аялж, амарч явахад хоолны соёл гэдэг том зүйлийг анзаарахгүй өнгөрөх аргагүй. Танд аль газрын хоол хамгийн их таалагдаж, сэтгэлд тань нийцэв?
-Хаана ч, хэзээ ч монгол хоол хамгийн сайхан шүү. Гаднынхны хувьд хоолыг урлагийн түвшинд гаргаж чадсан улс бол Франц. Зүгээр ходоодоо дүүргэх нэг хэрэг. Харин урлагийн таашаал авч, хооллох соёлыг жинхэнэ утгаар нь авч явдаг улс юм даа. Гэхдээ миний хувьд Ази, Дорно дахины ард түмэн хоолны соёлоороо Европоос илүү гэж боддог.
-Та ер нь хэдэн орны хилийн дээс алхсан хүн бэ. Тоолж үзсэн үү?
-Тоолж үзээгүй юм байна. Улсад ажиллаж байхдаа төрийн буянаар олон газарт очсон. Сүүлийн үед хувиараа бас нэлээд явлаа. Олон арван орон үзсэн байх. Ер нь Америк, Хятад, Энэтхэг, Орос шиг том улсад нэг, хоёр удаа очоод түүх, соёлтой нь танилцах боломжгүй л дээ.
-Хүний нутгаас буцаж ирээд, Монголоо голдог хүмүүс байдаг. Та аяллаас ирээд нутгаа хэрхэн мэдэрдэг бол?
-Гадаадаас ирээд гэрээ муулна гэж байж болохгүй. Гэхдээ муухай гэж биш, харин илүү сайжруулъя гэсэн сэтгэлээр голж болно. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг шүү дээ. Ер нь би нэг сар хүрэхгүй л нутгаа санаж эхэлдэг. Хүний газарт яаж ч тансаг, хангалуун байгаад өөрийн нутаг шиг сайхан мэдрэмж төрөхгүй шүү дээ. Манайх өндөрлөгт байрладаг, өөрөөр хэлбэл тэнгэр рүүгээ арай дөхүү болоод ч тэр үү гайхамшигтай, амар амгаланг төрүүлдэг нутаг шүү.
-Сүүлийн үед хүүхэд, залуучууд ямар нэгэн шүтээнгүй, эрхэмлэх зүйлгүй болсон мэт санагддаг. Энэ нь цаг үе, дэвшилтэйгээ холбоотой болов уу. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол ганц Монголд биш хаа сааг үй л байгаа асуудал байх. Хөгжингүй орнуудад шашны нөлөө буурч байна. Хүн хөгжих тусам хэрэглээний нийгэм рүүгээ илүү хазайж ирдэг юм байна л даа. Энэ нь нэг талаар сайн хэдий ч нөгөө талаараа хүний ариун шүтээн, нандин зүйлүүдийг нь мартуулдаг аюултай, сөрөг нөлөөтэй байдгийг бид бусад орны туршлагаас суралцах хэрэгтэй. Ер нь материаллаг эд баялгаар бялхсан ч хүний зовлон байсаар л байна. Тэр цагт хүн өөр төрлийн зовлон амсаж эхэлнэ. Бусад зүйлийг анзаарах цаг завгүй, мөнгө гэдэг хамгийн чухал юм шиг явсаар эцэстээ ганцаардаж, гунихарч, баярлах юмгүй болдог. Энэ бол хөгжлийн нэг зам хэдий ч бид бусдаас мэдэрч, харж байгаа сөрөг талуудыг заавал туулалг үй орхиод явах юмсан. Нөгөөтэйг үүр сүүлийн үед бага уншиж, бага мэдэж байх шиг. Уг нь унших тусам “Яагаад” гэсэн асуулттай тулгарч, гарц хайх болно доо. Тэгээд аяндаа тэр шүтээн, шүтлэг, бурхны ном сургаал гэж юу байдгийг сонирхож эхэлнэ. Тэр цагт хайгаад байсан үнэт зүйл нь материаллаг эд баялаг бишийг ухаарна.
-Таны шүтээн юу вэ?
-Шүтээн гэдэг их өргөн ойлголт шүү дээ. Ер нь хүн байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй учраас үргэлж хайрлаж, баярлаж явах учиртай. Бид үнэ хөлс төлөлгүй тэнгэр, үүл, уул хад, гол горхийг хараад ямар сайхан тайвширч, нүд, сэтгэлээ баясгадаг билээ. Тэр сайхнаасаа холдож, дөрв өн ханаар тусгаарлаж, “Би” гэдгээ үргэлж тэргүүн байранд тавих тусам ууртай, дээрэнгүй болж байгаа биз дээ.
-Монголчууд эдийн засгийн бололцоо муу байна гэдэг хэрнээ хэрэглээ нь эсрэгээрээ их тансаг. Заримдаа энэ нь хэтрээд хэрэглээг хүртэл гангараа болгоод байх шиг. Тэр шуналтай холбоотой юм болов уу?
-Ер нь монголчууд өлсөх, ажилгүйдлийн зовлон, дайны хүнд хэцүүг азаар мах цусандаа шингэтэл үзэж, мэдрээгүй хүмүүс юм л даа. “Амар ирээд амархан явдаг” гэсэн англи үг бий. Манай зарим хүн харьцангуй амар замаар олсон мөнг өө хялбар үрж байна уу даа. Уг нь хэрэглээгээ хангаж л байвал заавал өндөр үнэтэй машины хэрэг юу байх вэ. Гэхдээ хосгүй юм эзэмшихийг хүсдэг зан монгол, гадаад гэлтгүй хүмүүст адилхан байдаг байх. Ер нь “Би” гэдэг нь давамгайлаад ирэхээр энэ байдал улам томордог байх л даа. Гэхдээ ийм байдал хөгжлийн явцад жигдэрч ирнэ ээ. Аливааг хоёр талаас нь харах хэрэгтэй.
-Та өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ?
-Хүн өөрийгөө дүгнэх шиг муухай, буруу юм байхгүй л дээ. “Би ийм тийм” гэхээр нөгөө “Би” чинь улам л том үсгээр бичигдээд ирнэ биз дээ.
-Урлаг судлаачийн хувьд танаас нэг зүйл тодруулмаар байна. Та түрүүн амьд хөгжим гэж ярьсан. Зарим хүн үүнийг шүүмжлээд тэгвэл ямрыг нь үхсэн хөгжим гэх вэ гэдэг. Ер нь амьд хөгжим гэж орчуулах нь хэр нийцтэй юм бол?
-Уг нь бодит хөгжим гэх ёстой юм. Гэхдээ амьд хөгжим гээд хэлчихээр бас буруудахгүй л байх. Ер нь заримдаа монгол хэлэнд шууд махчлан орчуулахад хэц үү үгнүүд бий л дээ. Маанийн таван үсгийн “Ум” гэдгийг эрдэмтэд судлаад физикийн үүднээсээ хамгийн зөв энерги үүсгэдэг авиа юм гэдгийг тогтоосон юм билээ. Тэгвэл энэ мэт үгийг бид орчуулах гэвэл бүр инээдтэй юм болно. Бас интернэт орчны үгс байна. Манай нэг том зохиолч надад микрофон гэдгийг дуу цацруулагч гэж хэлэх ёстой гэж зөвлөсөн. “Энтэртэйнмэнт” (яагаад ч юм ”энтэртайнмент” гэж бичиж хэлээд байдаг), “контэмпорари” зэрэг монгол хүнд хэлэхэд хэцүү үгсийг “цэнгээний” болон “орчин цагийн” хэмээн утгын орчуулгаар нь хэлж яагаад болохгүй гэж. Тэгж байгаад хэвших байх аа.
Ж.Эрдэнэ