Энэ удаагийн дугаарын зочноор залуу дуучин П.Баярцэнгэлийг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээл болон үзэл бодлынх нь тухай ярилцсан юм.
-Реппер Gennie-тэй төгс хүслийн тухай дуулсан байсан. Дор нь үлдээсэн сэтгэгдлүүд дандаа өөрт чинь баяр хүргэсэн байна лээ?
-Залуусыг спортлог амьдрахад уриалсан дуу. Хүмүүс сайхнаар хүлээж авсанд таатай байна. Эрүүл мэнд урт наслахын үндэс шүү дээ. Залуустаа спортоор хичээллээрэй гэж хэлье.
-Чиний дуунууд дандаа хайрыг өгүүлдэг шүү дээ. Энэ удаа хэв маягаа зоригтой эвдэх шиг болсон. Фэнүүд чинь чамаас илүү ихийг хүсэх байх даа?
-Хайр бол мөнхийн сэдэв. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Тиймээс олон сайхан хайрын дууг амилуулахсан гэж боддог. Хүмүүс надаас илүү ихийг хүсвэл би илүү ихийг хийх болно. Хүмүүсийн алга ташилт, үнэтэй сургамж, шүүмжлэл намайг хурцалдаг.
-“Universe best songs” наадмын гуравдугаар шатанд шүүгчид болон үзэгчдийг нэлээн хөгжөөсөн. Тэр ямар дуу байсан бэ?
-Тэмцээний үеэр найз маань ёодэл гэх урсгалаар дуулаач гэсэн санал тавьсан юм. Альпийн нурууны ард түмний үндэсний урлаг. Дэлхийд мэдэхгүй хүн ховор, гайхалтай урлаг юм билээ. Манайд өмнө энэ урсгалаар уран бүтээл хийсэн дуучин байхгүй. Би анх удаа “Uninerse best songs” наадмын тайзнаас хүргэсэн нь тэр байсан.
-Яаж сурсан бэ. Бэрхшээлтэй зүйл хэр байв?
-Дууны түүх, онцлогоос судалсан. Тэгээд үгэн дээр нь ажилласан. Бэрхшээлтэй зүйл байлгүй яахав. Гэхдээ шантрахыг хүсээгүй. Удахгүй зөвхөн ёодэлээс бүрдсэн шинэ цомог маань хэвлэлтээс ирнэ.
-Тэгэхээр энэ урлаг чиний нэрийн хуудас болно гэж ойлгож болох уу?
-Миний бусад дуучнаас ялгарах онцлог гэж хэлмээр байна. Энэ урлагийг эх орондоо хөгжүүлж, дэлгэрүүлэхийг хүсч байна. Хүмүүс ёодэлийг “Цасангуа ба долоон одой” хүүхэлдэйн киноны дуу гэдгээр нь сайн мэддэг. Гэхдээ түүнээс өөр олон сайхан бүтээл байдаг юм билээ. Дараа жил зөвхөн энэ урлагаар уран бүтээл хийдэг дуучдын фестиваль болно. Би эх орноо төлөөлж оролцохоор болсон.
-Залуу уран бүтээлчдийн дунд өрсөлдөөн хэр байдаг вэ?
-Урлагийнхан хэн нэгэндээ хар буруу санаж, муу зүйл хийхийг хүсдэггүй. Ялангуяа залуу уран бүтээлч бидний хувьд бие биеэ дэмжиж, урам өгдөг. Өрсөлдөхдөө гол нь биш нэг нэгнээсээ суралцах нь чухал гэж боддог.
-Монголын хөгжмийн ертөнцөд залуу дуучдын орон зай хэр вэ. Уран бүтээлээ бусдад хүргэхэд бэрхшээлтэй зүйл юу байна?
-Хүсэл, зорилго, мөрөөдөлдөө тулгуурлаад хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Нэг хувийн авъяас 99 хувийн хөдөлмөр гэдэг үнэн үг шүү. Бид харьцангуй чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа. Уран бүтээл хийхэд шахаж, хавчсан сөрөг зүйл гардаггүй. Хүмүүс урам өгч үргэлж дэмждэг. Залуу уран бүтээлчид өөрсдөө хичээвэл амжилт гаргаж чадна гэж бодож байна.
-Тэгвэл чи хэр хөдөлмөрч вэ?
-Хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан бүтээл хийхийн төлөө өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж байна. Хөдөлмөр хүнийг тэтгэдэг шүү дээ. Өнөөдөр биш юм гэхэд ирээдүйд үр шимийг нь хүртэх болно. Би оюутан байхдаа шинэ жилээр албан байгууллагуудаар явж дуулдаг байсан юм. Олсон мөнгөөрөө хувцас аваад өмсмөөр, хэрэгтэй зүйлээ авмаар санагдана. Гэхдээ үрж чадахгүй, уран бүтээлдээ зарцуулъя гээд хураадаг байлаа. Одоо үр шимийг нь хүртэж байна.
-Анх хэзээ тайзан дээр гарч байсан бэ. Тэр үед юу мэдэрч байв?
-Санадаггүй юм. /инээв/ Би багаасаа л дуунд дуртай, дуулдаг хүүхэд байсан. Тайзан дээр гарах бүртээ үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг мэдэрдэг. Хөгжим бол миний амьдралын нэг хэсэг.
-Чи уран бүтээлээрээ хүмүүст юу бэлэглэхийг хүсдэг вэ?
-Миний нэр П.Баярцэнгэл шүү дээ. Тэгэхээр хүмүүст баяр цэнгэлийг бэлэглэхийг хүсдэг. Дуулсан дууг минь сонсоод хүмүүс аз жаргал, эрч хүч, хөөр баярыг мэдрээсэй. Хэрвээ хүмүүс ажигладаг бол би үргэлж аз жаргалыг дуулдаг. Хар барааны тухай дуулахыг хүсдэггүй.
-Чиний мэргэжил жүжигчин гэсэн. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллах уу?
-Би КУДС-ийг Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн удирдлаганд төгссөн. Саяхан манай Дорнодын уран бүтээлчид хамтарч кино бүтээсэн. Тэр кинонд оролцож дүр дээр ажилласан. Мөн “Найрын ширээний ууц” жүжигт оролцлоо. Миний мэргэжил надад олон ололттой зүйлийг өгсөн. Одоо ч хөгжмийн ертөнцөд, уран бүтээлээ хийхэд минь үр өгөөжөө өгч байна. Би камерийн өмнө биеэ барихгүй, чөлөөтэй байж чаддаг. Энэ миний мэргэжилтэй холбоотой.
-Мэргэжлийнхээ онцлогийг дууныхаа клипэнд гарамгай ашигладаг тиймээ?
-“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууны клипийг хэлж байна уу. Хүн бүхний мэддэг, зүрх сэтгэлд нь хоногшсон тэр сайхан бүтээлийг өөрийнхөөрөө хүргэхийг хичээсэн. Харин клипээ хөнгөн, сонирхолтой хийе гэж зорьсон юм.
-Хэзээ нэгэн цагт жүжигчин, дуучин гэсэн сонголтын өмнө ирвэл яах вэ?
-Эргэлзэх зүйлгүй дуучин гэж хэлнэ.
-Урлаг чамд юу сургаж байна?
-Урлагаас нинжин сэтгэл, хүсэл тэмүүллийг мэдэрч байна. Ирээдүйд илүү сайхныг мэдэрнэ гэдэгтээ эргэлздэггүй. Хөгжим үргэлж миний сэтгэлийг хөглөдөг. Надад уярал ухаарлыг бэлэглэдэг. Хамгийн чухал нь би урлагаас амьдралын аз жаргалыг мэдэрч байна.
-Нэр төр гэдгийг чи юу гэж боддог вэ?
-Хариуцлага гэж боддог.
-Зарим залуу уран бүтээлчийг оддын өвчнөөр өвчиллөө гэж зэмлэх хүмүүс байдаг. Чи өвчилчихгүй биз?
-Би ахмад уран бүтээлчдээсээ үргэлж үлгэр дууриал авч, үгийг нь сонсохыг хичээдэг. 20, 30 жилийн дараа гавьяат Б.Жаргалсайхан ах, Х.Лхагвасүрэн ах шиг чадалтай уран бүтээлч болох юмсан гэж хүсдэг. Оддын өвчнөөр өвчлөх нь тухайн уран бүтээлчийн ухамсрын асуудал байх. Харин П.Баярцэнгэл үргэлж өөрийнхөөрөө байна гэдгээ батлан хэлье.
-Хэн нэгэнд баярлалаа гэж хэлээч гэвэл чи хэнийг онцлох вэ?
-Намайг урлагтай нөхөрлөсөн цагаас минь тусалж, дэмжсэн ахдаа хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлье. Дүү нь таныхаа итгэлийг алдахгүй.
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ