Г.Жигжидсүрэн найруулгчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан “Нарны унага” киноны дууг өөрийн хэв маягтаа оруулан шинэчлэн дуулан түүнийгээ дүрсжүүлэн клип хийлгэн ард түмэндээ хүргэж байгаа залуу дуучинтай ярилцлаа.
-Уншигчдадаа шинэ уран бүтээлийнхээ талаар танилцуулна уу?
-Би анх 2007 онд хөгжмийн зохиолч “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд оролцоод 500 гаруй оролцогчдоос шалгараад шилдэг 15-т үлдэж багагүй амжилт гаргасан. Энэ тэмцээнээс СУИС-д шалгалтгүй элсэн орох урилга авч байсан юм. Саяхан Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэг хийгдсэн. Энэ нэвтрүүлэгт зориулж залуу уран бүтээлчид киноны дуунуудаас нь дуулсан байгаа. Би Нарны уянга киноны дууг нь дуулсан юм. Өөрийнхөө хэв маягт оруулан өөрчлөөд дуулсан. Нэгэнт дуулсан болохоор дүрсжүүлээд клип хийе гэж бодон энэ намар клипнийхээ зураг авалтыг хийж үзэгчдийн хүртээл болгосон байгаа.
-Клипний зураг авалт хаана хийгдсэн бэ?
-Уг клипний зураг авалт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийгдсэн байгаа. Айрис Энимайшин студид бүтээгдсэн.
-Дуучид дуугаа өөр өөр өнцгөөр харж уран бүтээлээ туурвидаг. Та энэхүү дуугаа аль өнцгөөс нь харж дуулсан?
-Би бага байхын л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан. “Нарны уянга” киноны дуу маань өөрөө маш сайхан аялгуутай, сайхан үгтэй дуу. Клипний гол дүрийн бүсгүй хөдөө нутаг усандаа ээжтэйгээ өнгөрүүлж буй багынхаа дурсамжуудыг бодож байгааг гаргахыг бодсон. Тэгэхээр мэдээж ээж, нутаг ус, бага насны тухай үзүүлэхийг зорьсон энэ өнцгөөс л харан хийсэн байгаа.
-Таны дараагийн уран бүтээл?
-Хүн бол урдаа тавьсан маш их мөрөөдөлтэй, зорилго зорилтот байж тэр зүйлийнхээ хойноос маш их шаргуу хичээсний үндсэн дээр тодорхой хэмжээний амжилтанд хүрдэг гэж боддог. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг биелж байгаа гэж бодож байгаа. Менежер болон дуу хөгжмөө орхихгүй гэж боддог юм. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийнэ аль алиийн л амжуулна гэсэн зорилттой байна. Дараагийн уран бүтээл бол залуу яруу найрагч Энхтайвны шүлэг, Ганаа аялгууг нь бүтээсэн шинэ дуу бий.
-Хүрэлбаатар гэдэг залуу уран бүтээлчийн дотроо тавьсан хэтийн зорилго?
-Мундаг урлагийн хүн болохоор зүтгэж яваа. Би өөрийнхөө л хүсэл мөрөөдлийн дагуу явж байгаа болохоор миний дууг сонсодог нь сонсдогоороо маш зөв талаас нь хүлээж аваасай гэж боддог. Мөн дуучин хүн болгон сайн уран бүтээл хийж, үзэгчдэдээ хүргэхийг зорьдог үүнийг л бодож явна.
-Анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хүн болгон хийдэг. Та хэдэн жилийн дараа хийе гэж бодож байна?
-Энэ жил хийнэ. /Инээв/ Би ерөнхийдөө шинэ уран бүтээлүүдээ ар араас нь гаргасныхаа дараа анхны бие даасан цомгоо гаргая гэж бодсон. За энэ бол Хүрэлбаатарын уран бүтээл гэдгийг найз нөхөд, аав, ээж хамаатан садандаа мөн миний дууг сонсдог хүмүүсдээ үлдээхийг маш их хичээж байгаа. Өөрийн гэсэн цомгоо өлгийдэн аваад тэр миний хүн болгонд өгч буй сэтгэлийн бэлэг юм шүү гэж хүмүүст барихыг хичээж байна. Уран бүтээлүүдээ нэлээн хугацаанд хийсний дараа л тоглолтын талаар яригдах байх. Одоо бол энэ талаар ярихад арай эрт юм. Бүхнийг цаг хугацаа л харуулна.
-Таньтай мөр зэрэгцэн алхаж байгаа залуучуудаа харахад ямар харагдаж байна?
– Хүн ер нь санаа зөв бол заяа зөв гэдэг. Ямарваа нэгэн зүйлийг үргэлж сайн сайхнаар бодож, сэтгэж явбал урдах мөр зам нь сайн сайхан болно л гэж боддог юм. Сүүлийн үед ажиглаад байхад бие биетэйгээ эерэгээр биш сөрөгөөр харьцаж байгаа харагддаг. Хүнийг маш их муулж байна хүн өөрөө өөрийгөө ямар билээ гэж бодсоныхоо дараа хүн муулж бай. Эсвэл заавал тэгж муулах шаардлагагүй. Өөрт нь хамаагүй бол янз бүрээр хэлж, ярихгүй байх нь дээр. Манай залуучууд хийж бүтээхийн тулд боловсрох хэрэгтэй мөн хүмүүжил сайтай байх, өөрийгөө нийгэмшүүлэх тал дээрээ дор бүрнээ анхаарч байгаасай гэж бодож явдаг. Мэдээж бас өөдрөг сэтгэлтэй алижваа зүйлийг болж бүтэх талаас нь харж байх хэрэгтэй.
-Хувь хүний хүмүүжил бол гэр бүлтэй салшгүй холбоотой. Энэ талаар?
-Мэдээж гэр бүл юугаар ч солишгүй хамгийн сайн сайхан зүйл. Бид нар ээж, ааваасаа мэндэлнэ мөн энэ орчлон хорвоо дээр энэ биеийг бий болгоно гэдэг чинь хамгийн аз жаргалтай гайхалтай мөч. Би аав, ээжээсээ долуулаа айлын хамгийн бага хүүхэд. Аав, ээж маань сэхээтэн хүмүүс бидний хүмүүжид нэлээд анхаардаг байсан. Үүний төлөө л бие сэтгэлээ зориулдаг байсан байх гэж боддог. Бага насандаа ээжийнхээ алганы амт, аавын суран бүсээр ороолгож л явсан. Одоо бодоход тэр ухамсарын шанаа биднийг илүү сайн хүн болж төлөвшихөд их нөлөөлсөн байх. Мөн илүү төлөв даруу болж, хүмүүжилд нь сайнаар нөлөөлж байсан уу гэхээс буруудсан зүйлгүй.
-Бага насны дурсамжаасаа хуваалцвал?
-Хүн болгон бага насандаа эргэж очихийг боддог байх. Бага байхдаа хурдан том хүн болох юмсан гэж боддог хэрнээ одоо бол эргээд бага насандаа очихийг мөрөөддөг. Бага нас бол цагаан цайлган юуны ч төлөө санаа зовдоггүй нас. Айлын бага хүү болохоор хүмүүс их эрхлүүлдэг байсан. Гэхдээ эрхлэхийнхээ хажуугаар маш том үүрэг хариуцлага хүлээсэн би. Ах, эгч нараа сургууль соёлын мөр хөөгөөд явахаар гэртээ аав, ээждээ туслах хамаг ажил миний нуруун дээрээ ирсэн. Мал хариулах, ус түлээгээ хагалж, зөөх гээд л ажлуудыг их хийж сурсан даа. Намайг бага жоохон гэж голохгүй ах, эгч, аав, ээж нар ажил хийхийг зааж өгч сургаж байсан. Үүний гавьяагаар би цагаан гартан болж өсөөгүй. Аливаа ажлыг сайн хийж сурсан. Гурван настай байхдаа би цэцэрлэгийнхээ концерт дээр дуулахаар болсон юм. Мөн манай цэцэрлэгийн ахлах ангийн хоёр хүүхэд бор нөмрөг нөмрөөд ботго болж байсан. Тэгээд би дээл, тоорцог малгай, монгол гуталтай нөгөө тэмээгээ хөдлөөд тайзан дээр гарч ирэн “Гангийн халуун наран миний ээжийн бөн бөн бөн гадасаа тойроод” гээд дуулаад ботгоо сөөг сөөг сөөг гэж байгаад ботгон дээр суугаад тайзны араараа орж байснаа их тод санадаг юм. Тэгэхэд намайг хүмүүс маш их өхөөрдөж хүлээж авч байсан. Тэр үед анх тайзан дээр гарч тийм сайхан сэтгэгдэл төрж байлаа. Тэгээд дуулж дууссаны дараа ээж, багш нар гоё дуулсан гээд надад тусд нь ширээ засч ангийн хүүхдүүдээс тусад нв өөр хоол хийж өгсөн тэгэхэд нь би нөгөө шинэ дээлэн дээрээ хоолоо асгасанаа хэзээ ч мартдаггүй тод санадаг.
-Та тайзан дээр гараагаа багадаа эхэлсэн байж яагаад менежер болчихсон юм?
-Ямарваа нэгэн юман дээр зурсан зураг гэж байдаг гэдэгт би итгэдэг. Арван жилд байхдаа тэмцээн уралдаанд их оролцож алт, мөнгөн медаль их авдаг байсан. Урлагийн хүн болно гэж их боддог байсан юм. Аав, ээж багш нар маань хүртэл намайг дуучин болно гэж хэлдэг байсан. Ахын хэлснээр Дархан хотын техникийн коллежид дулааны инженерийн ангид суралцаж байгаад сургуулиа орхиод аялал жуучлалын мэргэжлээр суралцаж төгссөн. Энэ хугацаандаа урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байлаа. Тэгээд л аялал жуучлалын менежер мөн урлагийн менежер болсон доо. Одоо шинэ цагийн удирдлагын академид маркетингийн менежерээр суралцаж байгаа.
-Арван жилдээ охидуудод хэр хайрын захиа бичиж байв?
-Наймдугаар ангид байхдаа хэдэн нийлдэг хүүхдүүд байсан юм. Тэд нартайгаа нийлж хичээлээ давтана гэж нэгнийдээ цугларна. Тэгсэн чинь яг хичээлээ давтана даа захиа бичиж суудаг байсан. Ангийн банди нараасаа арай цэвэрхэн бичигтэй нь байсан юм шиг байгаа нь надаар их бичүүлнэ. Тэгээд найз нарынхаа охидуудад өгөх захиаг найруулаад бичнэ заримдаа нөгөө охинд нь таалагдуулахын тулд чимж дээр нь зураг зурдаг байсан.
-Эмэгтэй хүний талаар юу гэж боддог вэ?
-Энэ байгаль дэлхий хорвоо ертөнцийг эмэгтэй хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ээжийгээ болон эмэгтэйчүүдий хайрлаж, хүндлэхийг их хичээдэг. Зарим залуучуудын нэг ойлголт байдаг зөвхөн эмэгтэй хүн хоол ундаа хийж, хүүхдээ асарч өсгөх үүрэгтэй гэж энэ нь тийм биш адилхан эрх тэгш эрхтэй байх хэрэгтэй. Нэг нь хоолоо хийж байхад нөгөө нь хүүхдээ харах жишээний байх нь хэрэгтэй гэж би боддог юм. Энэ нь зөвхөн эмэгтэй хүний ажил биш.
-Та хоол хийдэг үү?
-Анх арван жилд байхдаа дугуй хуушуур хийсэн. Тэгсэн чинь их амттай болсон. Тэгсэн чинь ах, эгч нар гэртээ намайг аваачин хуушуур хийлгүүлж идэж байсан. Одоо ч гэсэн хоолны сэтгүүл, номноос харж шинэ хоол хийдэг.
-Ярилцсанд баярлалаа.
-Хөгжмөөр дамжуулаад өөрийнхөө хэлэхийг хүсч байгаа бүхнийг илэрхийлэх болно. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж залуу дуучин надад урам хайрлаж, шүүмж зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай гэж үзэгчид, сонсогчдоосоо хүсье. Гэхдээ зөв үгээр шүүмжлээрэй. Уран бүтээлч хүний хувьд дараа дараагийн удаа шинэ уран бүтээлтэй баяртайгаар сайхан уулзацгаая. Залуу уран бүтээлчийг дэмжиж байдаг Апу ХХК-даа болон Ганболд, Нарангэрэл, Болороо, Сэргэлэн багш нартаа баярлалаа. Төрүүлж өсгөсөн ижий аавдаа, найз нөхөд, хамт олондоо мөн миний ярилцлагыг хүлээн авч уншсан уншигчдадаа баярлалаа.
Ярилцсан. Х.Даваанаа