-Хурлын хэрүүл дуусаагүй байна уу?
Манай зохиолчдын их хурал өнгөрсөн сарын 20,21 нд болсон. Монголын зохиолчдын таван үе оролцсон, сүүлийн жилүүдэд цуглаагүй том чуулган болох шив дээ. Нээлттэй хэлэлцүүлэг хийж утга зохиолын чиг хандлага, өнөөгийн байдал, хойшид хэрхэх тухай олон асуудлыг тусгасан “Үндэсний утга зохиолын хөтөлбөр”-ийг боловсруулан яам засаг төрд өргөн барьсан. Хурлын төлөөлөгч гишүүд өнгөрсөн жилүүдийн ажлын тайланг сонсон хэлэлцэж дүгнэн зохиолчдын байгууллага удирлагуудаа сонгосон. Ил тод нээлттэй, ардчилалтай хурал болсон шүү. Их хурц нарны гэрэл туссан газар халууцсан цангасан шатаж үхэх шахсан гомдол байсаар байдаг даа. Харин ч энэ бол монголын зохиолчдын гал голомт унтраагүй, орох орон, үүх түүхтэй байгааг харуулсан амьд үзэгдэл гэж бодож байна.
-Та бүхнийг мөнгө идсэн, энд тэндээс нь мөнгө гарч ирсэн гээд шуугаад байгаа нь ямар учиртай юм бэ,
Их чуулган тойрсон утга зохиолын арга хэмжээг зохион байгуулах гэж бид төсөл боловсруулан хагас жил хөөцөлдөн тэрхүү зардлыг олж авсан. Яам салбараа дэмжиж байгаа нь яагаад буруу болох гэж. Тайлан гүйцэтгэлээ хугацаанд нь гарган бид яамандаа өгөх ёстой. Чуулгантай холбоотой гарсан зарим зардал төлбөрөө гүйцэд хийгээгүй байна. Ямар ч эрүүл оюун ухаант хүний ойлгох ажил биз дээ. Хурлаа хийж дөнгөж хоёр хоноод , төлөөлөгчид буцаагүй, бид ажлаа дүгнэж хэлэлцэж амжаагүй байтал шалгалт, шүүлэг ороод ирдэг юм байна лээ.
-Таны сейфнээс гарсан гээд байгаа 38 сая гэдэг ямар учиртай юм бэ.
Бид төслийн санхүүжилтээ хоёр өдөрт үрэх гэж, гурав хоногт зарах гэж аваагүй. Энэ төслийн хүрээнд хийгдэх ажлууд зөндөө байгаа . Гэрээ, нэхэмжлэхүүд нь овоороод байж л байна. Төсөл гэдэг төлөвлөж бичээд төсөв гүйцэтгэлээр хянадаг хамгийн энгийн зүйл. Дутаж ч болно,хэмнэгдэж ч болно. Зохиолчдод өгсөн мөнгө зохиолчдынхоо эвлэлийн байшинд тоо ёсоороо байсан нь тэр. Орон гэр оймс түрүүндээ хийгээд, эсвэл үрээд үгүй хийчихсэн бол өөр хэрэг болох биз дээ.
-Тэгээд АТГазар шалгаж байгаа нь ямар учиртай юм бол.
Тэр идчихлээ, энэ уучихлаа гээд хэн нэгэн матаас барьж гүйгээд байвал шалгаж магадлах нь тэдний ажил байх л даа. Ер нь зохиолчдоор юу хийлгэх гэж энэ цагт ямар тэнэг хүн авилга өгч байх юм бэ. Ер нь манай зохиолчдоос хэдэн номыг нь авилгад авдаггүй юм бол өөр юуг нь авах гэж хэн авилга өгөх билээ дээ. Уран зохиолын зам гэдэг маш тод бас том гэрэлт зам байдаг. Энд бүтээлээрээ үлддэг үү гэхээс цагийн өнгө, бусдын нэрэнд дулдуйдан хорслоор амиа түймэрдэх гэж явдаг хүмүүсийн мөр багтсан түүх байхгүй ээ. Энэ бүхний ард атаа хорсолдоо багтаж ядсан ганц нэг хүн байгаа нь нууц биш. Атаархал бол 1 хувь нь илээр бусдыг хорлож, үлдсэн 99 хувь нь далдуур өөрийг нь сөнөөж байдаг гэдэг. Хуй салхины ард жалганы хог сайхан цэвэрлэгддэгтэй адил ажлыг минь шалгаад харин ч зохиолчдын хорыг гаргаж хог шаарыг ялгаж өгч байна гэхэд болно.
-Түрээсийн мөнгө идсэн гэж танай удирдах дарга нарыг шүүмжилсэн байна.
Манай зохиолчдын хорооны байшин маань 1969 онд баригдсан нийслэлийн анхны томоохон барилгуудын нэг. Тухайн үеийн удирдлагууд санал санаачлага гарган зохиолчид орон гэртэй болсон түүхтэй. Шороог нь зөөж, модыг нь тарьж байсан ахмадууд маань одоо ч амьд байгаа. Гал голомтоо унтраачихгүй, буйраа харлуулчихгүйн тулд түрээслэн энэ байраа торддог маань үнэн. Хуучин нойтон гээд хамгийн хямдаар түрээслэдэг, олсон хэдээр нь өнгө будаг нэмж, настай хүнд арчилгаа хэрэгтэйн адил ихэнх зардлаа байр маань өөрөө” уучихдаг”. Юун бид илүүчлэн идэх нь байтугай, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах гээд хүрэх юм байдаггүй. Төрөөс бид юу ч авдаггүй. Бүхий л зовлонг маань зохиолчид манайхан мэднэ дээ. Зарж идэх гэсэн улстай тэмцэж жагсаал цуглаан хийж хоосон хонож хороогоо авч үлдсэн манай үеийнхэн яагаад буруудах ёстой гэж. Ээлж халаагаа ирэхээр буурлууд шигээ хүлээлгэж өгөх оюун ухаан тэнхээтэй залуучууд бидэнтэй зэрэгцэн оршиж нэг агаарт амьдарч бүтээл номоо туурвин байна. Харж хамтран ажлуудаа төлөвлөж байгаа. Зохиолчийн байгууллагын нэр төр өсөж, зохиолчийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэж, уламжлал шинэчлэл хослосон бүтээлч ажлууд сүүлийн жилүүдэд өрнөөд ирэхээр зохиолчид бидэнрүү дайрсан хандлагууд ихсээд ирж байна л даа. Тоосго нэмээгүй хүмүүсээр тогоо руугаа нулимжуулж, гэр ирж шөргөөсөн бүхнээс айж дуугүй суугаад нураалгачих айл зохиолчдын эвлэл бас биш шүү. Дайрч давшилж хүчээр гутаан доромжилж байгаа хүмүүсийн нэр бичиг үсэг, зурвас захидал бидэнд байгаа. Цаг нь болохоор гаргаж тавинаа.
Эх сурвалж: shudarga.mn