Улсын драмын эрдмийн театрынхан ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн бүтээснийг олноо алдаршуулан уран бүтээлийн цэнгүүнийг нь хийдэг уламжлалтай билээ. Тэд энэ удаад УДЭТ-ын ахмад уран бүтээлч олноо “Хөх чоно” нэрээр алдаршсан Гавьяат жүжигчин С.Дамдингийн уран бүтээлийн хүндэтгэлийн цэнгүүн хийхээр онцоллоо. Уг цэнгүүн энэ сарын 11-нд 19:00 цагаас “UB palace”-ын концертын их танхимд болох юм.
“Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо” уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолтод драмын театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон хүндэтгэл үзүүлэхээс гадна ҮДБЭЧ-ын уран бүтээлчид, хошин урлагийн “Шинэ үе”, “Маск”, “Х түц” продакшн болон “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”-хан оролцох нь ээ. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Төрийн шагналт Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан тэргүүтэй рок попынхон оролцон ая дуугаараа хөглөнө гэсэн шүү.
Сонирхуулахад, Гавьяат жүжигчин С.Дамдины тоглосон “Шарга даага” уран сайхны кино өчигдөр олон улсын кино наадмыг нээн “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарсан юм. Тэрбээр дэлгэцнээ хуурч өвгөний дүрийг бүтээсэн юм. БНСУ-ын Пусаны кино наадамд өрсөлдөж буй уг кино тун удахгүй кино театруудад нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болох юм.
www.URLAG.mn