Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэл, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Ганболд , Н. Адъяабазар нарын зураачид өнөөдөр өөрсдийн Гималайн уулсаар аялсан тэмдэглэлт уран зургуудаараа үзэсгэлэн нээх гэж байна. “Гималай” уран зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 11-нд 18:00 цагаас “Цагаандариум арт” уран зургийн галерейд гарах болно. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчидтэй уулзлаа.
Ц.Нарангэрэл:
-Гималайн уулсаар хийсэн аялал хэр урт зам туулсан бэ?
-Хятадын Сичуан муж руу бид 2012 онд явсан юм. Жинду ороод манай багийнхан машинаар болон уулын замаар явсаар Төвдийн тэгш өндөрлөгт гарсан. Байгал, уулын зам нилээд хүндхэн аялал болж өнгөрсөн.
-Яагаад Гималайн уулыг зорих болсон бэ?
-2011 онд Европ руу дөрвөн зураач явсан. Энд сууж байгаа дөрвөн зураач Европоор аялал хийгээд “Европын тэмдэгллүүд” гэх аяллын зургуудаас бүтсэн үзэсгэлэнг өмнө нь “Цагаандариум музей”-д гаргаж байсан. Тухайн үед “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэн маань нэлээд амжилттай болсон учраас дараагийн аяллын талаарх бодол төрж эхэлсэн. Ер нь Монголын зураачид алийн болгон эндээ баригдаад байхав. Гаднын зураач нар манайд ирээд уран бүтээл туурвиад байдаг. Манайхаас өөр газруудаар ч аялаад уран бүтээлээ хийгээд байдаг. Бид нар бас юугаар дутах вэ гэсэн бодол ч бас байсан. Манай зураач нар ч гэсэн гадагшаа аялж уран бүтээл туурвих боломжтой шүү дээ. Урьд нь Европоор аялсан, энэ удаа хэдүүлээ Азиар явбал яасан юм гэсэн санааг гаргасан. Бүгдээрээ ч Гималай явж үзээгүй байсан учраас ч Гималайн уулыг сонгосон байж болох. Тэгээд л таван хүний баг бүрдүүлээд хөдлөхөөр болсон.
-Аяллынхаа санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ? Ивээн тэтгэгч авсан уу?
-Мэдээж Гималай явахад санхүүгийн асуудал тулах нь бол тодорхой. Зардал ч их гарна. Зураач хүмүүс чинь тэр болгонд зардлаа халааснаасаа гаргаад явахад хүндрэлтэй. Урлагт хайртай, урлагийг ойлгодог хүний туслалцаатай явчихаад л ирсэн дээ.Тэр тусалж дэмжсэн хүн маань “МCS” компанийн Ж.Оджаргал захирал. Тэр хүн биднийг тусалж дэмжээгүй байсан бол өнөөдрийн энэ бүтээлүүд гарна гэдэг бол асуудалтай, магадгүй гарахгүй ч байж болох байв.
Н. Адъяабазар:
-Гималайн ууланд очоод юуг илүү мэдэрсэн бэ? Хэр өндөрт гарав?
Талын монголчууд гэдгээ л хамгийн сайн мэдэрсэн дээ. Манай багийнхан яг газар хөдөлсөн газраар явсан. Уулын зам гэдэг хэр баргийн хүний яваад байх зам бол биш юм билээ. Хэцүү даваа байсан шүү, эвгүй гишигвэл л уначих гээд ч байгаа юм шиг. Тэнд явж байсан залуухан хориодхон настай хятад залуучууд ухаан алдаж унасан шүү дээ. Бид хэд тэднийг бодвол бас яваад байгаа юм аа. Арай ч ухаан алдаад уначихаагүй. /Инээв/. Ямар ч байсан 5000 метрийн өндөрт гарсан шүү. Нуугүй хэлэхэд бидний уран бүтээлийг хараад хүмүүс ямар гоё зурагнууд вэ? гэж ярих л байх. Гэхдээ эдгээр зурагнуудын чинь цаана маш хүнд нөхцөл байгаа. Цасаар шуурах, тэсэхийн аргагүй их хүйтэн гэх мэт олон давааг давсан.
-Хүмүүсийн биеийн байдал нилээд хямарсан байх даа?
-Амьсгаа давхцана, даралт хөдлөнө, зүрх өвдөнө гээд л асуудал их гарсан. Тэгсэнийхээ хүчинд бас ч гэж сонин газар үзсэн шүү. Өндөр уултай, уулан дундаа асар том нууртай газар байсан. Их сүрдмээр санагдсан, айдас хүрмээр ч юм шиг. Шулуухан хэлэхэд бол айдас байсан. Түвдийн тэгш өндөрлөг далайн төвшнөөс дээш 3500 метрт оршдог тэгээд тэр өндөрт маш том нууртай. Их өвөрмөц санагдсан гэсэн ч зарим үед хэн нь ч Гималай руу явья гэсэн санааг гаргачихав даа гэсэн бодол төрсөн үе бий. /Инээв/
Ш.Чимэддорж:
-Хэр хугацаанд Гималайн нуруугаар аялсан бэ?
-Цөөхөн хоног явсан. Арав гаруй хоног л явсан. Гэхдээ удаахан яваад судалбал гоё газар. Наад зах нь удаан байрлахад их зардал гарна шүү дээ. Тийм болохоор удаагүй. Хамгийн ихдээ л 14 хоносон.
-Төвдийн амьдралыг ажиглахад юу их сонирхол татав?
-Төвдүүд чинь тэндээ сарлагаа хараад майхан бариад оторлоод байж байдаг. Тэр майханд нь ямар цуг амьдраад байлтай нь биш. Гэхдээ тэдний амьдралыг харсан, манайхыг бодвол харьцангуй буурай орон. Манай орон хажууд нь хангалттай амьдралтай санагдсан.
-Тэгвэл зургууддаа юуг илүү голчилж буулгасан бэ?
-Жишээ нь энэ зургийг харъя л даа. Энэ зургийг хархад их хүйтэн шөнө, олон даваа нугачаанууд байгаа биз дээ. Тухайн үедээ юу бодож байсан, тэр зүйлсээ л зурсан. Амьдрал гэж их богинохон мөртлөө жигтэйхэн хоорондоо холбоотой. Бурхан тэнгэр ивээж байдаг гэх бодол төрсөн. Хүн юу эсийг боддог билээ дээ. Төвд орон гэдэг чинь Бурханы орон шүү дээ. Тэр ч утгаараа хүнд их инерги эрч хүч өгч байдаг юм. Энэ мэт утгуудыг л энэ зурагтаа гаргаж зурсан юм. Бүтээл бүрт тухайн үеийн сэтгэгдлээ дүрслэхийг хичээсэн дээ.
Ц.Энхжаргал:
-Энэ зураг нүдэнд их туслаа. Хүнийг дүрсэлсэн хирнээ амьтны хөлтэй. Энэ ямар утгатай зураг бэ?
-“Багт наадам” гэдэг нэртэй зураг л даа. Европ ч бай, Төвд ч бай бүгд л багтай байдаг гэсэн утгатай зураг. Хичнээн сайхан багт наадмын царай гаргадаг ч хуурамч багтай байдаг гэдгийг илэрхийлсэн зураг юм л даа. Төвд нутгийг ч гэсэн олон улс орон эзлэх гэж шунадаг байсан. Англичууд хүртэл эзэлж авах гээд чадаагүй газар шүү дээ. Хичнээн том гүрэн сайхан инээж байсан ч цаагуураа уг улсыг авах санаатай, бас л багтай байсан хэрэг. Гэхдээ ганц Төвд оронг дүрслээгүй. Бүх л оронд, бүх л улс үндэстэнд байдаг зүйл юм даа.
-Та нарын тавьсан зургууд хоорондоо их ялгаатай харагдлаа. Ер нь ямар арга барилтай зураачид вэ?
-Арга барил гэвэр яг тэр гэхэд хэцүү. Зураг шүүмжлэгчид миний арга барилыг поп арт урсгал гэж тодорхойлоод байдаг юм. Миний хувьд бол өөрийнхөө бодсон зүйлээ, мэдрэмжээ илэрхийлэхийг хүсдэг. Ямар нэгэн арга барил, урсгалд баригдаад байдаггүй. Гэхдээ судлаачид поп арт гэж тодорхойлоод байдаг юм.
Н.Адъяабазар:
-Та хоёрын уран бүтээлүүд хоорондоо их ялгаатай юм. Таны хувьд ямар арга барилаар уран бүтээлээ туурвидаг вэ?
-Харин минийх бол өнцөг их орсон бүтээлүүд байдаг. Жишээ нь Пикассогийн уран бүтээлүүдэд кубизм их орсон байдаг. Минийх бас тиймэрхүү. Гэхдээ тэр хүнтэй адилхан болох гэж энэ урсгалаар зурдаггүй. Өөрсдийнхөө мэдэрснийг л шингээх гэж оролддог. Гэх мэтчилэн өөр өөрсдийн арга барилтай өөр өөр уран бүтээлүүд төрнө л дөө. Яах вэ, геометрийн дүрс их орсон модерн урсгалаар уран бүтээлүүд маань гардаг юм.
-Уран бүтээлчид, ялангуяа зураач хүмүүст онгод гэж их чухал юм байдаг юм шигээ. Таны хувьд онгод гэж юу вэ?
-Бие их аятайхан, сэтгэл санаа их тайван, орчин бас их тайван байсан үед шөнө л их санаа орж ирдэг дээ. Тэрнийхээ таталбар зурийг буулгачихдаг. Бүх уран бүтээл амьдралаас ургадаг шиг уран зураг ч мөн амьдралын нөхцөл байдлаас шууд хамаардаг. Нэг их гоё санагдсан үе байна, сэтгэл санаа сайхан, хаяа гоё хүүхэн харахад хүртэл сэтгэл санаа сэргээд явчихдаг шүү дээ. Харин хаяа болохоор сэтгэл санаа хүндхэн үед хар бараан өнгийн зурагнууд гарах ч юм уу. Гэх мэтчилэн сэтгэл санааны байдал болон нөхцөл байдал олон янз байдаг шүү дээ. Ерөнхийдөө сэтгэл санааны байдалтай шууд холбоотой доо.
Н.Адъяабазар:
-Яг Гималайн уулан дээр байх үедээ зургуудаа зурж байв уу? Эсвэл гэрэл зургийг нь авчихаад, дараад нь зурдаг юм уу?
-Тухайн үед шууд буулгалгүй яах вэ. Бид их олон таталбар зураг татсан. Бодит зүйлээс л аливаа зураг төрнө шүү дээ. Тэдгээр таталбар зургуудаасаа харж дараа нь зурсан. Машинд явж байхдаа ч зурмаар санагдсан зүйлийнхээ хажууд тамхи татаад сууж байхдаа гараараа таталбар зургуудаа гаргаж байсан.
-Залуу уран бүтээлчид мөнгөний зураг их зураад байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед гараад байгаа. Жуулчдын улирлын үед морь, байгаль, монгол гэр гурав хамгийн их гүйлгээтэй байдаг гэх ч юм уу?
-Би бол үгүй гэж бодож байна. Манай залуучууд их дайчин зурж байгаа шүү дээ. Мөнгөний зураг зурдаг нь цөөхөн байдаг юм. Гэвч бүх хорвоо ертөнц амьдрахын тулд л явдаг шүү дээ. Ганцхан манайх биш, Хятад хүртэл биенийгээ дууриагаад л хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлээд л байна. Мөнгөний зураг гэж байхгүй. Хүн бүр ерөөсөө л амьдрахын төлөө явдаг. Нарийн бичиг бол амьдархын төлөө л нарийн бичиг хийдэг шиг. Зураач хүн ч гэсэн амьдрахын төлөө л зургаа зурдаг. Пикассо ч зургаа зурчихаад таван франкаар зарах гээд л явж л байсан шүү дээ. Социалист нийгэмд бол бид чинь наймаа хийж чадахгүй, ганзганд явж чадахгүй болохоор жинхэнэ усан будгаар мөнгөний зураг зурдаг байлаа. Богдын музейн урд зурсан зургаа үүрээд л явж байсан үе бий. Тэр бол жинхэн мөнгөний зураг байсан. Одоо ардчилсан нийгэмд тэгээд зургаа үүрээд явж байгаа залуу зураачид харагдахгүй байна шүү. Энэ бол урлаг хөгжиж байгаагийн нэг илрэл юм даа.
Ц.Нарангэрэл:
-Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ?
-Дараагийн үзэсгэлэн энэ жилийн арванхоёрдугаар сард гарна. Чимиддорж бид хоёр өнгөрсөн хавар Европоор, Дани зэрэг улсуудаар аялсан. Тэрнийхээ үзэсгэлэнг бас гаргах төлөвлөгөөтэй байгаа.
Гадаадын зураач Монгол зураач хоёрын ялгаа юу юм бол?
Ш.Чимэддорж:
-Монгол зураач нар их чадалтай байдаг юм. Ер нь хаа ч явсан. Сургууль их нөлөөлдөг байх. Манай сургууль чинь Ази, Европыг хольсон сургалттай. Ер нь их суурьтай. Азийн орнуудаас илүү суурь сайтай, тэгээд ч их эрх чөлөөтэй орон учраас зураачдын сэтгэлгээ, оюуны чадамж гээд маш олон зүйлээрээ ялгарч байдаг. Ардчилал манайханд их олон зүйлийг өгсөн юм. Чөлөөтэй зурах, сэтгэх боломжийг ч олгосон.
-Европын орнууд илүү сэтгэлгээ нь хөгжсөн биш гэж үү. Монголоос илүү ардчилалд суралцсан улс шүү дээ?
-Европчууд их баригдмал хүмүүс шүү дээ. Урлаг нь эрт дээр үед хүчээ аваад хөгжчихсөн, одоо эргээд унаж яваа. Эргээд эрчээ аваад хөгжихөд хэцүү. Хүмүүс нь ч нөгөө гоё сургуулиудаа үгүйсгэчихсэн, “би чөлөөтэй сэтгэнэ” гээд зурахыг хүртэл үгүйсгэдэг. Тэр дундаас зураач гарах гэдэг бол хэцүү шүү дээ. Бүгдээрээ л хог тавьчихаад л тэрийгээ “энэ миний уран бүтээл” гээд сууж байдаг. Гэхдээ тэр нь аль дээр үед аль хэзээний гарчихсан бүтээл байдаг ч юм уу. Амьд хүнийг зурна гэчихсэн байдаг. Тэгсэнээ нэг бөөрөнхий зурснаа дунд нь гурван цэг тавьчихаад “энэ надад ингэж л харагдаж байна шүү дээ” гээд л сууж байдаг. Багш нар нь “Өө, энэ сэтгэж чадаж байна. Энэ болно” гэж хэлдэг. Харин манайд бол эхлээд чи зурж чаддаг байх ёстой, дараа нь сэтгэх ёстой гэж сургадаг. Гарын ур, сэтгэлгээний ур, ухааны ур гэдэг зүйлс заавал байх ёстой. Энэ бол их зөв хичээл байгаа юм. Бид нарын хувьд ч ухааны ур л их болоод байгаа байх даа. Хөгширчихсөн болохоор бодох юм их болчихдог шиг байгаа юм. Зураач хүн хамгийн гол нь зураад л байх хэрэгтэй. Зурах тусам хөгжинө шүү дээ.