Их Нацаг гэрийн буйраа сэлэглээ. Нүүдэлчин удамт монголчууд хэзээ, хаашаа нүүж, хаана буухаа мэддэг ард түмэн. Тиймээс энэхүү нүүдэл суудал алдаагүй байх гэж найдаж байна. Их Нацагийн шинэ гэрийн буйр, энэхүү хөшөө дөрвөн хан хайрхан уулын дундаа оршиж дөрвөн цагийн эргэлтэнд дөрөө чанга, ганзага сул, ерөөл дөмөг байх болтугай.
Эрхэм зочид оо
Эрхэм зохиолчид оо
Эрхэм нийслэлчүүд ээ
Дашдоржийн Нацагдорж сэрүүн тунх байсан бол өнөөдөр 106 жил 9 сар 13 хоног болох байлаа. Тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлээд 76 жил, энэхүү хөшөө байгуулагдаад 57 жил болж байна. Гэвч зуун дамжсан, нийгэм солигдсон энэхүү цаг хугацааны их сорилго, шүүлтүүрт монголчууд Дашдоржийн Нацагдоржийг монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч, монгол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй соён гэгээрүүлэгч хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирлээ. Энэ бол агуу их зохиолчийн үнэлэмжийг баталгаажуулсан цаг хугацааны тэнгэрийн соёрхол мөн бөгөөд цаашид ч энэ хэвээр үргэлжлэхийн зөн билгийг өнөөдрийн энэ хөшөөний буйр сэлэгсэний ерөөл гэрчилж байна. Үнэндээ хөшөөг нүүлгэх тухай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр зөв эсэхэд зохиолч бид эргэлзэж, үл итгэж байсан бөгөөд харин энэ цаг мөчид үнэнд гүйцэгдэж эргэлзээ, тээнэгэлзээ маань тайлагдлаа. Та бүхний шийдвэр зөв байсныг цаг хугацаа улам баталгаажуулах буй заа.
1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлзэй хэмээх газар нэгэн хохь тайжийн гэрт магнай тэнүүн, монгол сайхан хүү мэндэлсэн нь Дашдоржийн Нацагдорж байсан билээ. Тэр цаг үе бол монголчууд ертөнцийн “түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн” “Хуучин хүү” байсан бөгөөд “таван далай таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээсэн” “Шинэ хүү” төрж мэндлэх нийгмийн дуншилтын үе байсан. Тэр үед төрсөн Нацагдорж хархан бага наснаасаа оюун ухаан, авъяас чадвар, эрдэм боловсролоороо үе тэнгийнхнээсээ төдийгүй үе цагийнхнаасаа хол тасархай төрүүлсэн ер бусын хүүхэд байжээ. Түүнийг 13-хан настайд нь буюу 1919 оны өвлийн тэргүүн сард Цэргийн яамнаас харъяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн гавъяаг хөхүүлэн шагнасан, 15 насандаа Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож 1921 оны 7 дугаар сард Цэргийн яаманд бичээч болж Жанжин Сүхбаатарын гарын нарийн бичгийн дарга болсон, 17 насандаа Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 18 насандаа «Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар» Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зэрэг түүний намтрын зөвхөн эхлэл хуудсыг сөхөхөд сод хүн байсныг төвөггүй мэдэх болох юм.
Дашдоржийн Нацагдорж монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч байсныг Та бид өнөөдөр бахархан дурсан санаж байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч гэдгийн үндэслэл нь нэгдүгээрт, Монголын орчин үеийн шинэ утга зохиолын анхны дорвитой, гайхамшигт суурь бүтээлүүдийг бичиж туурвиж, шинэ утга зохиолын реалист чиглэл хандлагыг тогтоосон түүний уран бүтээлийн уран чадварын шинэчлэл, хоёрдугаарт, түүний гайхамшигт бүтээл туурвилын монголын утга зохиолд үзүүлсэн нөлөөлөл, дагуулах чадвар, мөнхөд оршихуйн чанар, гуравдугаарт, монголын зохиолчдын анхны байгууллагын зорилтуудыг хэрэгжүүлэхэд гардан оролцсон зэрэг бодит байдлыг шинжлэн үзэхэд эдгээр нь тов тодорхой байдаг юм. Их зохиолч Д. Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг үзээгүй, “Миний нутаг” найраглалыг уншаагүй монгол хүн гэж байхгүй. Ер нь Дашдоржийн Нацагдоржийн бүтээл туурвилыг мэдэж буй эсэхээс орчин үеийн монгол хүн мөн эсэхийг мэдэх тийм өндөр шалгуур, нийтлэг шинж нэгэнт тогтсон гэж хэлж болох юм. Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа орчин үеийн уран зохиолын үндсэн гурван төрөл болох яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол туурвиж гандан бууршгүй өв уламжлал үлдээсэн билээ. Үнэхээр түүний туурвисан “Миний нутаг”-ийн өргөн их дэлгэц дээр “Учиртай гурван толгой”-н хайр дурлалын алтан гурвалжин мөнхөд үргэлжилж, “Од” шүлэг шиг орчлонг таних монгол сэтгэлгээ гүнзгийрч, “Цагаан сар ба хар нулимс”-ын үйл явдал “Хуучин хүү” мэт улирч, “Харанхуй хад”-ны зөн билэг сэрж, “Шувуун саарал” уяан дээрээ үүрссээр байх болно.
Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл тухайн цаг үеийнхээ шууд тусгал, нөлөөт толь нь байсан гэж хэлж болох юм. Учир нь тэрбээр уран бүтээлээрээ мөнхөд оршихын ид шидийг олсон боловч хувь хүнийхээ хувьд монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэснийхээ төлөө хэлмэгдэж байсан нь өнөөдөр бидэнд сургамж болж байна.
Д. Нацагдорж 23 насандаа буюу 1929 онд Германаас феодол, тайж гаралтай хэмээн татагдаж, “үндэсний үзэлтэн,барууны этгээд лүгээ нөхөрлөсөн,улс төрийн ажлыг үл сонирхдог” хэмээн намаас хөөгдөж, 26 насандаа улс төрийн хэлс хэрэгт баривчлагдаж 170 гаруй хоног шоронд хоригдож хожим цагаатгагдаж байлаа. Энэ бүхнийг энэхүү хөшөө үеийн үед монголчуудад сануулсаар байх болно.
Хөшөө дурсгал бол үл мартах, үл мартуулахын алтан тийз юм. Хөшөө дурсгал бол өнгөрсөн үеэ ирээдүй үеийнхэнд холбох өнөө үеийн цаг тооны бичиг юм. Хөшөө дурсгал бол хотын үзмэр төдий байгууламж бус хот, хотынхны оюун санааны бодит тусгал, эргэн дурсахуйн шалтаг шалтгаан, нийгмийн санах ой тогтоомжийн өдрийн тэмдэглэл юм.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч, монгол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн энэхүү гэрэлт хөшөө үеийн үед сүндэрлэж монголын их утга зохиолын түүчээг өглөөн наран мэт сануулсаар байх болтугай.
Анхаарал тавьж соёрхсон Та бүхэнд баярлалаа.