Монголын рок попын хөгжмийн хүрээлэлд өөрийн стиль имиж, авъасаараа хүлээн зөвшөөрөгдсөн энэ эгэл дуучин бүсгүйтэй ярилцлага хийсэндээ баяртай байна. Хөгжим шигээ эрч хүчтэй түүний илэн далангуй яриаг та бүхэнд хүргэе.
-Олон хүн таныг гэрийн эзэгтэй болоод уран бүтээлээ завсарлалаа гэж харж байгаа бололтой. Сүүлийн үед уран бүтээл хийж байна уу?
-Мэдээж гэр бүлтэй хүн чинь тэдэндээ цаг зав гаргалгүй яахав. Гэхдээ уран бүтээл завсардсан гэж ойлгож болохгүй. Ямар ч байсан энэ жилдээ багтаагаад өөрийнхөө дуулсан, зөвхөн дуучин гэж харагдахаар цомог хийе гэж бодсон. Залуу уран бүтээлчидтэй хамтарч “Chill out” чиглэлээр дуулсан хэд хэдэн дуу бий. Цомог маань удахгүй гарна. Ямар ч байсан мастерингийн ажил,ганц хоёр видеоны ажил үлдээд байна. Удахгүй промоушн нь гараад ирэх байх. Миний өмнө нь альбом гаргаж байсан үеийг бодвол одоогийн үе харьцангуй өөр болсон. Хүмүүс ихэнх мэдээллээ онлайнаар авч, шоу бизнесийн ертөнц ч хувьсаж байна. Тэгэхээр анхлан суралцагч гэдэг шиг шинээр гаргаж байгаа альбомныхаа промоушныг маш сайн ярилцаж бодолцох хэрэгтэй юм шиг байна. Урьд нь хоёр альбом гаргаж байхдаа залуу насны ааг омгоор гэдэг ч юм уу сэтгэл хөдлөлөөр, зүгээр л урсгалаараа явсан юм шиг ээ. Тиймээс шинэ цомогтоо илүү хариуцлагатай, ажил хэрэгч хандахыг хичээж байна.
-Тэгвэл таны шинэ цомог эрс өөр өнгө аястай байх нь ээ.
-Тийм ээ өөр өнгө аяс харагдах байх. Яагаад гэвэл энэ бүгд миний CD-ний бичлэг, хоолойгоо бичүүлэх гээд тэр болгон дээр харагдаж байгаа юм чинь. Урьд өмнө нь би өөрийнхөө зохиосон ч юм уу “Нисванис”-ын Амгаа ахын зохиосон рок маягийн дуунуудыг дуулдаг байсан бол энэ удаагийн цомог маань “Chil out” урсгалынх. Хүн заримдаа амьдралд зүгээр гоё байх үедээ тайван хөгжим сонсохыг хүсдэг. Яг тийм хөгжим дээр дуулсан болохоор нэгдүгээрт шинэлэгийн хувьд бол Монголдоо шинэлэг байх гэж бодож байна. Гэхдээ ямар ч байсан өөр өнгө аяс мэдэгдэх болно. Миний хувьд энэ цомогт дуучны үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр дуулахдаа л анхаарна гэсэн үг. Урьд нь би студид хөгжим бичиж байхад хажууд нь заавал суудаг байсан бол энэ удаад тэгэх шаардлага байгаагүй. Цаг давчуу байсан ч амжуулж чадлаа. Миксмастераа хүлээгээд сууж байна даа.
-Дуучин Отгоогийн жирийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Зуны цагт хүүхдүүдтэйгээ илүү ойрхон байж агаар салхинд гарна. Өмнө нь долоо хоногийн долоон өдрийг урлагтаа зарцуулдаг байсан бол одоо долоо хоногийн хоёр өдрийг зарцуулж бусад өдрийг гэр бүлийнхэнтэй өнгөрүүлж байна. Уран бүтээлийн ажлуудаа тэр хоёр өдөртөө амжуулна. Одоо хүүхдүүдийн маань сургууль цэцэрлэг нь эхэлчихсэн байгаа болохоор өдрийн цагаар өөртөө цаг гаргах зав олдоод их дажгүй байна.
-Та хоёр хүүхдийн ээж. Ер нь ээж хүн рок дуулах ямар байна даа?
-Тэрийг ёстой л намайг гадна талаас минь харсан хүмүүс л хэлэх байх. Ямар ч л гэсэн би янз бүрийн арга хэмжээн дээр очоод өөрийнхөө өмнөх уран бүтээлээсээ дуулахаас аргагүй учраас очоод юу ч болоогүй юм шиг дуулж л байгаа. Хүмүүсийн сайн мэддэг дуунуудаа дуулж байна. Шинээр гаргаж байгаа цомогт маань багтсан уран бүтээлүүд арай өөр өнгө аясыг харуулж, намайг арай зөөлөн болгож харуулах болов уу гэж бодож байна даа.
-Жаахан саваагүй зүйл асуучих уу. Та хэзээ нэгэн цагт эмээ болчихоод хит рок дуунуудаа амандаа аялахад ямар байх бол гэж төсөөлж байсан удаа бий юү?
-Ерөөсөө төсөөлж байгаагүй. Ер нь байж болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Одооны гаргаж байгаа альбомон дээр би зөвхөн дуучныхаа үүргийг гүйцэтгэлээ гэдгээ хэлсэн. Миний өөрийнхөө зохиосон дуунуудаас бүрдсэн альбом маань дараагийн цомог байх болно.Тэдгээр дуунууд ерөнхийдөө надад яг одоо бага зэрэг уянгын талдаа болчих гээд байгаа учраас түр зуур хойш нь тавьсан.
Надад одоо дахиж тайзан дээр хүчтэй харагдмаар, доргио дуулмаар энерги байгаа учраас хойш нь тавьсан гэх үү дээ. Тэрнээс биш хүүхэд гаргасан юм чинь уянгын дуунуудаа л дуулья даа гэж явж болохгүй биз дээ. Жишээлбэл “Хайрласаар”, “Заримдаа” шиг уянгын маягийн дуунууд дуулья даа гэж бодвол дараагийн альбомоо гарахад бэлэн болно гэсэн үг. Тиймээс би одоохондоо нэг гоё эрч хүч амтагдсан, үнэртсэн дуу дуулмаар байна.
-Энэ цомог шинэ эхлэл байх бололтой. Та анх рок дуулж тайзанд гарсан үеийнхээ талаар дурсаач.
-Жоохон байхаасаа янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож, урлагт ойрхон өссөн болохоор тэр дундаас анхны уран бүтээл гэж олоход хэцүү. Гэхдээ ямар ч байсан арван жилээ төгсчихөөд урлагийн карьер хөөхөөр шийдэж хамгийн анх хийсэн дуу гэвэл “Би ч үгүй”. Энэ дуугаа би хамгийн анх 1996 онд “Харанга” хамтлагийн бэлтгэлийн байран дээр хийж байсан. Тухайн үед Ц.Энхманлай ах дээр очиж та хамтлагийнхаа хөгжимнүүдийг хийдэг байх. Рок хамтлагийн хөгжимчин юм чинь миний энэ дууг хийж өгөөч гэсэн хүсэлт тавьж байлаа. Дууг хийж эхлээд явж байсан чинь “Харанга” хамтлагийнхан хоёр альбомоо Германд бичүүлэхээр болоод яваад өгсөн. Тэгээд хүү нь миний анхны дууны бичлэгийг хийж өгсөн юм. Тэрхэн үедээ FM, радиогоор яваад өнгөрсөн. Дараагийн дуу гэвэл “Гитарын дуу”. Энэ дууг “Болор” хамтлагийн гитарчин Оргил ах маань өөрийнхөө студид бас хоёр гурван дуутай хамт бичиж өгч байлаа. Дуугаа мөн Монгол телевизэд дүрсжүүлж байсан юм. Энэ дуу намайг олон нийтэд таниулсан дуу.
-Таныг амьд хөгжимд юу татаж оруулав?
-Хөгжимд эргэлзээгүйгээр дурласан гэхүү нэг тийм үед амьд хөгжим Монголд хүчтэй байсан. Дэлхий даяар ч гэсэн гоё хөгжмүүд их байв. Хүн болгонд тийм үе байдаг юм шиг байгаа юм. Арав хорин жилийн дараа тэр үеэ дурсахад их гоё санагддаг юм. Элисон Моррисон, Гарбейж, Кардиганз гээд дандаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай давтагдашгүй дуучид их байсан учраас тэр хүмүүсийг харж магадгүй дуучин больё гэж шийдсэн байх. Нэг ёсондоо эдгээр гайхамшигтай дуучид намайг гоё хөглөж өгсөн. Тухайн үед илүү гоё, олныг хамарсан хүчтэй дуунууд гарч байсан. Тэр үеийг мэдэхгүй одоогийн залуучууд одоогийн үеэ л гоё гэж боддог. Зарим нь Отгоо эгч одоо юу яриад байна гэж магадгүй л дээ.Тэр үеэс хойш хүмүүсийг байлдан дагуулсан эмэгтэй дуучид гарч ирээгүй юм шиг надад санагддаг. Сүүлийн үед өөрийн гэсэн өвөрмөц стилтэй дуучид шинээр гарч байгаа ч гэсэн үнэхээр чадалтай, чансаатай дуучид байхгүй байгаа юм шиг ээ. Чансаатай нь ховор байна.
-Манайд рок хөгжим тоглодог залуу хамтлагууд их болж. Эдгээр хамтлагуудын тухай юу гэж боддог вэ?
-Болж л байна ш дээ. Алдаагүй амьдрал гэж байхгүй юм чинь. Цаг хугацааны эрхээр хүн болгон амьдралын шалгарлаар үлддэг байхгүй юу. Бүх хүмүүс залуу насандаа хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөн ямар нэгэн зүйлийг хийж бүтээхийн төлөө амьдралын турш тэмцэж явдаг. Тэр болгондоо тэмцэж явж л байг. Тэгэж явтал зарим шантрах нь шантарч, зарим нь өөр мэргэжил рүү явна. Амьдралдаа эргэлт хийнэ. Үлдсэн хэсэг нь энэх хөгжимнөөс салж хагацахгүй үлддэг биз дээ. Энэ бол байх л асуудал. Тиймээс миний хувьд ямар нэгэн байдлаар дүгнэж цэгнэх нь чухал биш хамгийн гол нь залууст боломж байна шүү дээ. Тэдэнд байгаа алдаа, оноо цагийн эрхээр аяндаа мэдэгдээд ирнэ.
-Анхны уран бүтээлээс чинь хойш 16 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дуучин Отгоод ямар өөрчлөлт гарав?
-2008 онд бие даасан тоглолтоо хийж байх үед бараг 10 гаруй жил дуулжээ гэж тооцоолж байлаа. Тэрнээс хойш бол идэвхгүй таван жил өнгөрчээ. Ихэнх цаг заваа гэр бүлдээ зарцуулсан. Цаг хугацаа маань тийм болж таарлаа гэхдээ бас зүгээр суугаагүй ээ. Мэдээж би уран бүтээлч хүн уран бүтээлийн амьдралыг өөрөө сонгосон учраас тийм ч амархан салж чадахгүй байх л даа. Тийм учраас дуулах байх гэж бодож байна. 30 гараад ирэхээр цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэдэг дээ. Нэг мэдэхэд 40 нас хүрсэн байна гэж боддог.
-Тоглолт гэснээс таны сонсогч фенүүд цоо шинэ уран бүтээлүүдээс гадна тоглолтын талаар сонирхож байгаа байх. Тоглолтоо хэзээ хийх вэ?
-Мэдээж тоглолтоо хийнэ. Шинээр гаргаж буй уран бүтээлүүд маань хүмүүст хүрсний дараа магадгүй дараа жилээс тоглолтоо хийнэ гэж бодож байна. Уг нь энэ жил тоглолт хийх төлөвлөгөө байсан юм. Хараахан амжсангүй. Амьдрал гэдэг чинь яг төлөвлөгөөний дагуу явдаггүй юм байна гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч байна. /Инээв/ Тийм учраас тоглолтоо түр зуур хойш нь тавьсан. эхлээд цомгоо, видео клипээ гаргья. Тэгэж байтал тоглолт хийх өдөр хүрээд ирнэ шүү дээ. Шинэ уран бүтээл дуучин Отгоог цоо шинээр харуулах учраас.
-Та шавьтай юу?
-Одоохондоо байхгүй л дээ. Найз нөхөд дунд байна. Би ч нэг их юм хийсэн юм шиг гэдэг шиг хүнд зааварлаад байх ч хаашаа ч юм. Гэхдээ залуучууд зөвлөгөө авдаг тохиолдол бий. Тэгээд би ч гэсэн хүнээс асуучихмаар эргэлзээтэй юмстай тулгарна шүү дээ. Тиймээс одоохондоо шавь бэлтгэх арай л эрт. Ерөнхийдөө продюсерийн ажил хийх юмсан гэж боддог. Миний мөрөөдөл байгаа юм. Ном дүрмийнх нь журмаар үнэхээр хүсэл мөрөөдлөө дагасан залуучууд байвал урлагийн замын эхлэлийг гоё тавьж өгөх юмсан гэж боддог.
-Би таны “Заримдаа л” дууг сонсох дуртай. Сонсох болгонд өөртөө гоё тайвшралыг авдаг. Дуу төрсөн түүхээс хуваалцвал?
– Дууны үгийг би өөрөө бичсэн. Энэ дуу манай нэг найзын санаа байсан юм л даа. Маань эрд дандаа энгийн байгаагаараа байна, тиймээс өөрөөр хайруулахыг хүсэж байна гэж эхнэр нь хэлсэн юм байна л даа. Тэгээд хэд хоног эхнэрийнх нь хүссэнээр байя гээд илүү их халамжилж, хайрлахад эхнэр нь чи ерөөсөө л өөрийнхөөрөө байсан чинь дээр юм байна. Миний хэлснээр хэтэрхий өөрчлөгдөөд хэрэггүй юм байна гэж хэлсэн гэсэн. Энэхүү санааг дуун дандаа хийдэг биш заримдаа хийсэн юм илүү амттай юм байна гэдэг утгаар оруулж өгсөн. Мэдээж энэ дуундаа өөрийнхөө үзэл бодлыг тодорхой хэмжээгээр шингээсэн гэх үү дээ.
Жинхэнэ амьдрал дээр гараад ирэхээр заримдаа хайртай гэж хэлж байснаас дандаа хэлж байвал гоё ч юм шиг санагддаг юм байна лээ. Өдөр болгон надад хайртай гэж хэлж байгаасай гэж бодох үе бас байна.
-Ингэхэд өөрчлөлтийг хэр хүлээж авдаг вэ?
Яг ямар өөрчлөлт вэ гэдгээс шалгаалах байх. Шинэлэг өөрчлөлт байвал хүлээж авахад бүүр илүү гоё байна биз дээ. Өөрчлөлт дампуу байвал тэгээд дэмий шүү дээ.
-Рок дуучид хар өнгөтэй маш ойр байдаг. Таны хувьд?
-Хар өнгө миний өнгөлөн далдлалт юм. Орчлон хорвоод биеийн хэлбэрээс авахуулаад өө сэвгүй хүн гэж байдаггүй. Хар өнгө хүний нуугдмал нууцлагдмал байхад их нөлөөлдөг юм шиг санагддаг байхгүй юу. Халуун зунаар хав хар хувцас өмсөөд хар өнгөөр нүүрээ будаад яваад байх нь ч хаашаа ч юм. Хааяадаа өнгөтэй, гэрэлтэй хувцас өмсөнө. Тэгэж их туйлширдаггүй. Ерөнхийдөө миний хувцасны шкафанд тоглолтын плате, хувцаснууд гээд бүүр ихэнх нь хар хувцас байгаа.
-Таныг өмнө нь хувцасны шошго цуглуулдаг байсныг мэднэ. Одоо юу цуглуулж байна вэ?
-Тийм шүү. Багадаа шошго цуглуулдаг байлаа. Тухайн үедээ шинэ хувцас авахдаа баярлаж шошгыг цуглуулах сонирхолтой байж дээ. Одоо шинэ хувцас аваад кайф авах нас биш шүү дээ /Инээв/. Нэг л өдөр сонирхолгүй санагдаад хаясан.
Би уран бүтээлч урлагийн хүн гэдэг утгаараа янз бүрийн зүүлт, ээмэг аксессуарны зүйл цуглуулдаг. Хэрэглээ болохоор өөрийн мэдэлгүй цуглуулга болсон байдаг учраас би ийм юм цугуулах дуртай гэж хэлбэл онцгүй ш дээ. Зүгээр л амьдралын шаардлагаар цуглараад байгаа байхгүй юу. Жил ирэх тусам шинэ загварын, брендийн шинэ хувцас өмсмөөр байна, нүдний шил зүүмээр байна гэдэг утгаараа цуглараад байгаа болов уу гэж бодож байна. Тиймээс цуглуулга гэж хэлдэггүй. Сүүлд харин ийш тийшээ явахдаа хөргөгчинд наадаг магнитнууд их цуглуулаад байгаа шүү. Гэрээрээ их цуглуулсан. Нэг газар очихдоо тэрнээс олныг аваад дараа нь тэдгээрийг харахад гоё юм байна лээ. Зарим нь дээр өөрсдийнхөө зургаа нааж болно.
-Өнөөдөр бага зэрэг бүрхэг өдөр байна шүү. Та ямар өдөрт дуртай вэ?
-Бороотой өдөр. Нартай өдрөөс бороотой өдөр гоё санагддаг. Гадуур явахад халууцахгүй. Шинэхэн цастай өдөр бас их гоё. Нэг их хүйтэн байдаггүй. Чийглэг. Монголд ийм л өдрүүд дутагдаж байна даа.
-Хэр шүтлэгтэй вэ?
-Учиргүй шүтлэгтэй гээд лам хар дээр очоод ч гэдэг ч юм уу хэтэрхий улайрдаггүй л дээ. Гэхдээ ямар ч байсан хүнд буруу зөрүү юм хийхгүй зөв санаа бодолтой явах юм бол цаанаас нь дээд тэнгэрээс харж ивээж байдаг бурхан байдаг юм болов уу гэж боддог л доо. Зарим нэг үед өөрийн чадлаар дийлэхээргүй ч гэдэг юм уу ямар нэгэн асуудал хүний амьдралд гарч ирдэг. Тэр үед аврал эрж хэн нэгэнд хандахаас өөр аргагүй болдог. Хэн нэгнийг шүтэхээс өөр аргагүй. Дээр нь ээж байна. Ээжийгээ сайхан сүсэглээд шүтэж явах хэрэгтэй. Өөртөө итгэлгүй үедээ ээжийнхээ сайхан царайг нүдээ аниад харсан байхад тэр чинь муухан ном уншуулснаас дээр гэж ярьдаг биз дээ.
-Ямар ч зүйлийн эхлэл төгсгөлд эмэгтэй хүн байдаг гэсэн үг бий. Эмэгтэйчүүдийн талаарх таны бодол?
-Өөрөө эмэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийг магтачихаар уншигчид өөрийгөө яриад байгаа ч юм шиг бодож магадгүй. Гэхдээ хүн гэдэг утгаараа хүн шиг амьдрах хэрэгтэй. Хүн шиг амьдарна гээд диваажин шиг амьдралыг хүсээд байх нь хаашаа ч юм. Эмэгтэйчүүдийг гоё сайхан нам жим өөрийнхөө орчиндоо өөрийнхөө ертөнцийг бүрдүүлчихсэн хайртай хүмүүсээрээ хүрээлүүлчихсэн тийм сайхан амьдралыг бүрдүүлэхийн төлөө зөв замаар зөв явбал дээр юм болов уу гэж бодож байна. Хэн нэгнийг гомдоохгүй, муу санахгүй явж байвал цаанаас нь амьдрал өөрөө зохицуулах юм шиг санагддаг. Тэрнээс биш уурладаггүй, таалагдахгүй юм гэж үгүй бүх юм нь хүлээн зөвшөөрөгдсөн нэг л их сайхан налайсан хүн гэж юу байхав.
-Та хэр нийгмийн идэвхтэй хүн бэ?
-Хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож байлаа. “Оюунтүлхүүр сан”-гийн аав ээжгүй өссөн хүүхдүүдийг өсгөж байгаа өвөө эмээ дээр очиж тэдгээр хүүхдүүдтэй хоёр өдрийг хамт өнгөрүүлж байлаа. Гэхдээ үүнийгээ их юм хийсэн юм шиг ярих дургүй. Тухайн үедээ нэг зүйлийг мөрөөдөж байсан. Нэгэнт урлагаар явсан юм чинь өөрөө олон хүүхэдтэй болж чадахгүй байх. Чадвал уулын мухарт хоёр давхар байшин барьж амьдралын шаардлагаар аав ээжээсээ холдсон, хөндийрсөн хүүхдүүдээс аваад амьдралд хөл гишгэтэл нь өсгөх юмсан даа гэж дотроо боддог байсан. Одоохондоо өөрийнхөө жаахан хүүхдүүдтэй зууралдаад юу нийгмийн ажилд оролцох манатай. Санал тавихад үгүй гэдэггүй. Ямар ч байсан хандивын тоглолт бүх юманд аль болох идэвхтэй оролцохыг хүсдэг.
-Рок дуучдыг тоглолтын үеэр их ядардаг гэдэг?
-Ядарна. Намайг чинь ганц удаа тоглолт хийсэн чинь үсэрч гарч ирээд үсрээд буцаад орсон гэж ярьдаг ш дээ манай найзууд. Тэр үедээ үнэхээр ядарч байсан. Амьсгаадаад л. Энерги их зарцуулж дуулж байсан байх. Яагаад гэвэл нэгдүгээрт амьд хөгжимтэй дуулах учраас хөгжимнөөсөө илүү хүчтэй дуугарах ёстой, хоёрдугаарт тайзан дээр нэг удаад дараалаад 20 гаруй дуу дуулна гэдэг чинь их ачаалал, гуравдугаарт тэр дуугаа хүнд хүргэхийн тулд өөрийнхөө эмоци, сэтгэлийн хөдлөлөө тэр дуутайгаа хамт илэрхийлж гаргана. Доргио хэмнэлтэй дуу дууллаа гэхэд тэрэндээ тааруулах гээд хөдөлснөөс болж амьсгаадна.
-Та тайзанд дуулж байхдаа юуг мэдэрдэг вэ?
-Гайхалтай зүйл. Үзэгчид, сонсож байгаа хүмүүс сайхан мэдрэмж төрүүлэх юм бол бүр дуундаа ороод илүү гоё дуулна. Ёстой л сэтгэл зүрхээрээ дуулна ш дээ.
-Монголын рок поп урлагийн хөгжил дэлхийд ямар түвшинд явж байна гэж бодож байна даа?
-Саяхан сэтгүүлээс нэгэн зураачийн ярилцлагыг уншсан л даа. Зураач гуравхан сая хүнтэй Монголд манай зураачдын туурвиж байгаа уран бүтээл хангалттай гэж хариулсан байсан. Тийм болохоор миний хувьд ч санал нийлж байна.
Манай Монгол шиг гуравхан сая хүн амтай улсад рок поп урлаг гэх юм уу урлагийн түвшин энэ зэрэгтээ байгаа нь их авууштай, давуу зүйл. Улаан-Үд, Буриад, Өвөрмонгол манай Монголын уран бүтээлчдээс үлгэр жишээ авч уран бүтээлээ хийдэг. Биднээс жишээ авч амьдарч байна шүү дээ. Тиймээс миний хувьд хангалттай болж байна гэж хэлмээр байна.
-Таны цаашдын зорилго?
-Нэгэнт энэ амьдралд уран бүтээлч гэдэг нэрээр Отгоо гэдгээрээ танигдсан учраас уран бүтээлчээрээ байх юмсан даа гэж боддог. Тэгэхдээ тийм байж чадах нь үгүй юу. Гэхдээ байхыг л хичээнэ. Хааяа бас интернет хөгжсөн өнөө үед зарим нэгэн хүмүүсийг их муу муухайгаар бичсэн мэдээллийг уншиж хараад эмзэглээд хэрвээ би урлагийн амьдралаараа идэвхтэй уран бүтээлээ хийгээд явбал бараг л тийм нэг тамын тогоо гэдэг шиг зүйлд өөрөө гүйж очоод гараа дүрж байгаатай адилхан юм шиг надад санагддаг. Тиймэрхүү мэдрэмж сүүлийн үед их төрж байна л даа. Тэгсэн ч гэлээ би урлагт хайртай учраас өөрийгөө дуулахгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог. Өнөөдөр ингэд чамд ярилцлага өгч байгаа шиг олон сэтгүүлчид, олон удаа иймэрхүү дэлгэрэнгүй ярилцлага өгч чадахгүй байх гэж бодож байна. Магадгүй тэгээд хэрэггүй ч болов уу. Гэхдээ шинэ гаргаж байгаа цомогтойгоо холбогдуулаад удахгүй олон нийтэд мэдээлэл өгөх болно. Угаасаа ч би өөрөө андерграунд гэдэг ч юм уу олонд нээлттэй биш байсан. Одоо ингээд интернет, харилцаа холбоо хөгжлөө гээд би гэнэтхэн л их нээлтэй хүн болчихно гэж юу байхав. Амьдрал намайг яаж зурсан тэр зургаараа явах байлгүй дээ.
-Цаг заваа гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Т.Жанерке
Эх сурвалж: time.mn