БНСУ-д нэрд гарч яваа “MONTANT” Multicultural Transnational Chorus байгууллагын дуучин С.Гантогоотой ярилцсан юм. Тэрбээр Солонгосын телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг “SBS” телевизийн “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож, “Жалам хар” бүжиглэн солонгосчуудыг гайхшируулсан билээ. Мөн “MIGRANT SONGS FESTIVAL” тэмцээнд удаа дараа оролцож 1,2,3 дугаар байр эзэлж байжээ.
Одоогоор тус байгууллагад Монгол, АНУ, Хятад, Индонези, Филлиппин, Төвөд, Солонгос, Мьнмар, Марокко гэсэн улсын шалгарсан дуучидтай хамтран ажиллаж байгаа аж. Ингээд БНСУ-д өөрийнхөө хүч хөдөлмөр, авьяас чадвараараа амжилтад хүрч чадсан С.Гантогоотой ярилцсанаа хүргэе.
-Хоёулаа ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлээр тань эхэлье?
-Одооноос яг өөрийн гэсэн уран бүтээлээ хийхээр бэлдэж байна. Энэ байгууллагад ороод нэг жил хагас болж байгаа болохоор орон орноос ирсэн дуучидтай хамтран тоглолтоос тоглолтын бэлтгэл гээд тун завгүй байдаг.
-Шинэ уран бүтээлээ эхлээд монгол хэлээргаргах уу. Эсвэл солонгосоор дуулах уу?
-Мэдээж эхлээд монгол хэлээр уран бүтээлээ хийж эхэлнэ. Дараа нь солонгосоор дуулах санаа байгаа. Хамт ажилладаг солонгос охинтой хамтарсан нэг мюзикл хийсэн. Гэхдээ одоогоор маш олон тоглолттой байгаа учраас дараа бичлэгт орохоор болсон.
-Уран бүтээлийнхээ үг, аяыг өөрөө зохиодог уу?
-Аяа өөрөө зохиож, үгээ шүлэг зохиодог найзууддаа захиалж хийлгэж байгаа.
-Танай хамтлаг яг хэзээ байгуулагдсан бэ. Мөн “Монтант” нэрийнхээ утгыг тайлбарлаж өгөөч?
-Манай “MONTANT” Multicultural Transnational Chorus хэмээх байгууллага байгуулагдаад гурван жил болж байна. “MONTANT” гэдэг үг нь солонгосоор “Бүгдээрээ, хамтдаа” гэсэн утгатай. Одоогоор Монгол, АНУ, Хятад, Индонези, Филлиппин, Төвөд, Солонгос, Мьнмар, Мароккогоос шалгарсан дуучидтай хамтран ажиллаж байна.
-Анх энэ байгууллагад яаж, ямар шалгуураар орсон бэ?
-Би анх Солонгост гэрээний ажилтнаар ирсэн. Гэрээгээр үйлдвэрт ажиллаж байхдаа энд болж байсан гадаад иргэдийн дууны тэмцээнүүдэд оролцож хүмүүстэй танил болж эхэлсэн. Тэгээд жилийн өмнө энэ байгууллагын сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр багынхаа мөрөөдлийг хилийн чандад биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байдаг. Маш олон бэрхшээлтэй тулгарч байсан ч бууж өгөөгүй ээ.
-Та “Бид хэл яриа, ёс заншил, үндэс угсаа өөр ч дуу хөгжим биднийг холбодог” гэж хэлсэн байсан. Үнэхээр нэг санаа, нэг зорилгын төлөө нэгдсэн болохоор ийм сайн хамтлаг болсон байх?
-Тийм. Бид хоорондоо үнэхээр арьс, хэл яриа, харилцаа, ёс заншил гээд бүгд өөр. Гэсэн хэдий ч биднийг нэгтгэж байгаа зүйл бол урлаг, дуу хөгжим юм. Урлаг дуу хөгжим гэдэг үнэхээр гайхалтай.
-Та хүн амьдралаа яаж өөрчлөж болдгийг харуулсан үлгэр жишээ залуу уран бүтээлч. Залуучууддаа хүсэл мөрөөдөлдөө яаж хүрч болох талаар туршлагаасаа хуваалцаач?
-Би дээрээ хоёр насаар ах нэг ах, нэг нэг насны зөрүүтэй хоёр охин дүүтэй. Ах бид хоёр сургуулиа аав ээжийнхээ хүчээр төгссөн. Гэтэл хоёр дүү маань бас их сургуульд орох болсон. Би МУБИС-ийг газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 2006 онд онц дүнтэй төгссөн. Ажлын байр бэлэн байсан ч хоёр дүүгийнхээ сургалтын төлбөрт нэмэр болох, гэр бүлдээ санхүүгийн тал дээр жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлэхээр БНСУ-д гэрээгээр ирсэн. Анх бусад гэрээгээр ирсэн монгол залуусын адил үйлдвэрт хэцүү ажил хийж байсан ч зорилгоо биелүүлэхийн тулд хичээж ажилласан. Хоёр охин дүү маань ч үнэхээр сайн суралцаж, их сургуулиа амжилттай төгсөөд ажиллаж байгаа. Ухаантай дүү нартаа баярлаж явдаг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар ч хэцүү бэрхшээлтэй тулгарсан бай тууштай үнэнчээр зүтгэж чадвал хэзээ нэгэн цагт заавал биеллээ олох болно. Гагцхүү хүсэл мөрөөдлөө орхиж болохгүй нөхцөл боломжоо хараад байнга ирэлхийлж байх хэрэгтэй гэдгийг л залуустаа хэлмээр байна.
-Таны багын мөрөөдөл дуучин болох байсан уу. Яагаад заавал багш мэргэжил сонгосон юм бол?
-Тийм ээ, багын мөрөөдөл дуучин болох байсан. Миний аав цэргийн хошууч, ээж маань багш хүн л дээ. 10-н жилдээ гайгүй сурлагатай байлаа. Бас дуулдаг. Аав маань “Дуулах авъяас чинь байхаас хойш арай өөр мэргэжил давхар эзэмшсэн нь дээр” байх гэж хэлсэн. Бас ээж маань багш болохоор нөлөөлсөн байж болно.
-Хэдий багш мэргэжлийг сонгон суралцаж байсан ч хүсэл мөрөөдлөө орхилгүй 2005 онд “Оддын эрэлд-2” шоунд оролцож, сүүлийн дөрөвт шалгарсан байсан. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?
-Тэр үе үнэхээр дурсамжтай. Анхны “Оддын эрэлд” шоу болсны дараа төгсгөлийн гала тоглолтыг үзээд сууж байхдаа дараа жил зохиогдвол заавал орно гэж өөртөө амласан. Тэгээд дараа жил нь оролцоод шилдэг дөрөвт үлдэж байсан. Тухайн үеийн шилдэг дөрөвт “Motive” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Л.Насанбуян болон Эрдэнэбаатар нар үлдэж байсан. Бид хэд байнга холбоотой байдаг л даа. Харин Эрдэнэбаатартай холбоогүй байж байгаад миний оролцсон “Оддын хаан” нэвтрүүлэг гарч, албан ёсны цахим хуудсаа нээсэн даруйд холбоо тогтоосон. Одоо гэр бүлтэй болоод Монголдоо ажиллаж, амьдарч байгаа.
“Оддын эрэлд-2” шоу нэвтрүүлэгт шалгарсан та хэд бараг бүгдээрээ л Монголдоо танигдсан сайн уран бүтээлч болсон байна. Нийлж уран бүтээл хийх бодол байгаа юу?
-Тийм шүү. Ер нь “Оддын эрэлд” нэг болон гурваас төрөн гарсан дуучдаас уран бүтээл хийж байгаа нь цөөн. Харин бидний оролцсон “Оддын эрэлд-2”-оос Ганбаа, Насаа гээд сайхан уран бүтээлчид төрж гарсанд баяртай байдаг. Бид нийлж уран бүтээл хийх талаар ярилгүй яах вэ. Уг нь “Оддын эрэлд-2”-ын сүлд дуу гээд маш сайхан дуу байдаг юм. Тэрийг шинэчилж дуулах тал дээр ярилцаж байгаа. Бас уран бүтээлийн тал дээр цаашдаа хамтарч ажиллах төлөвлөгөө бий.
-Нууц биш бол хэзээнээс уран бүтээл хийхээр ярилцаж байгаа вэ?
-Энэ онд Ганбаа, Насаа хоёр тоглолтоор Солонгост ирээд явахад нь уулзацгаасан. Тэгээд сайхан яриа өрнүүлж, хамт уран бүтээл хийж болох талаар ярилцсан. Магадгүй ирэх оноос юм дуулгах байхаа.
-Монголдоо хэдийгээр ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
– Монголын нэгэн компани сарын өмнө манай хамтлагт Монголд тоглолт хийх санал тавьсан. Одоогоор хэлэлцэж байна. Сайн ярилцаж нөхцөл бүрэлдвэл Монголдоо хамтлагаараа очиж тоглолт хийж магадгүй. Ер нь хамтарч ажиллах тал дээр би болон манай байгууллага нээлттэй.
-Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
–Манай байгууллага дан тоглолт хийгээд байдаггүй. Сургалт, семинари, фестивалийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Багшийн мэргэжил, заах арга үнэхээр хэрэг болж байгаа шүү. Хүнд ер нь сурсан эрдэм мэдлэг илүүдэхгүй юм байна лээ. Эндхийн оюутан сурагчид болон иргэдэд сургалт явуулахад багшийн заах арга барил үнэхээр хэрэг болж, хариуцсан сургалтаа амжилттай хийж өндөр үнэлгээ авч байгаа.
-Анх хамтлагаараа тайзан дээр гарахад ямар байв. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Анх тэнцсэндээ итгэхгүй байсан. Шууд тайзан дээр гарна гэж байхгүй. Тоглолтонд орхын тулд 3, 4-н сар бэлдэж байж гарна. Бэлтгэл хийгээд үзэсгэлэн яармагт гурван сарын турш мюзиклд тоглосон. Анхны хамгийн гайхалтай мэдрэмж байсан.
–“Оддын хаан” нэвтрүүлэгт оролцох санал анх хэзээ ирж байв?
-Солонгосын “SBS”телевизээс манай хамтлагийг нэвтрүүлэгтээ орох саналыг тавьсан юм байна лээ. Ямар өнгө аястай яаж орох тал дээр хоёр тал их ярьж байгаад гэрээ хийсний дагуу баталгаажиж дараа нь бидэнд албан ёсоор хэлсэн. Бас байгууллагаас хэн хэн орох талаар шалгуур болсон. Тэр дунд нь би байсан даа.
-“Оддын хаан”-д оролцсон чинь монгол үзэгчдэд маш их таалагдсан байсан?
-Тийм, би үнэхээр баяртай байна. Маш олон хүн надаар бахархаж байна. Амжилт хүссэн гайхалтай урмын үг хэлж байсан. Өмнө нь эндхийн хамгийн том шоу нэвтрүүлэг “SUPER STAR K3”-т орж байсан ч “Оддын хаан”-д орсноор намайг энд байгаа монголчууд мэдэх болсон.
-Цахим хуудсыг тань маш олон хүн дагадаг болсон байна лээ. Мөн тэд маш их урмын үг өгч хүч чадал хайрладаг байх. Тэр хүмүүст хэлэх үг байна уу?
-Үнэхээр гайхалтай итгэмээргүй зүйл гэж үүнийг л хэлэх байх. Миний page-ээр байнга орж, урмын үг хэлж дэмжиж байдаг та нартаа үнэхээр хайртай шүү гэж хэлмээр байна. Бас хүний нутагт Монгол орныхоо нэрийг чадах ядахаар өргөж явна гэдгээ хэлье.
-“Оддын хаан” нэвтрүүлэгт Монгол орныхоо нэрийг гаргаад “Жалам хар” бүжиг бүжиглэж байсан. Алдарт “Gangnam style”дууны бүжиг Монголоос гаралтай гэдгийг харуулахыг зорьсон юм болов уу?
-Яг үнэндээ хэлэх үг урьдаас бэлэн болсон байдаг. “Жалам хар” бүжгийг бэлдэгдээгүй зүгээр л бичлэгийн явцад Худун надаас Монгол орноо яаж сурталчилмаар байна гэж асуусан. Тэгээд л шууд “Жалам хар” санаанд орж, цаг авахгүйгээр бүжиглэсэн. Магадгүй нэг минут юу ч хийгээгүй байсан бол алгасах байсан байх. Манай хамтлаг “Жалам хар” гэсэн шинэ бүтээл гаргасан. Хөгжмийн найруулагч маань “Жалам хар”-ын аяыг тэр хэвээр нь оруулж би гоцлол дуулсан.
-Тэр үед Солонгосын дуучин Ким Тэүтэй дуэт дуулсан байсан?
-Бас гэнэтийн зүйл болсон. Ким Тэүтэй анх манай байгууллагын филлиппин дуучинтай хамт дуулах байсан юм. Яг дөрөв хоногийн өмнө гэнэт надтай дуулмаар байна гэж манай менежерт хэлсэн байсан. Тэгээд л Тэүгийн сонгосон дууг дөрөв хоног бэлдээд хамтдаа дуулсан.
-Аав ээж болон гэр бүлийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Миний өдий зэрэгтэй яваа маань ээжийн минь ач тус гэж боддог. Миний ээж үнэхээр гайхалтай багш хүн байдаг. Бас аав, охин дүү нартаа хайртай гэж хэлье. Эцэст нь Монголынхоо залууст хандаж зоригтой, зорилготой байж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадвал бүтэхгүй зүйл гэж байддаггүй юм шүү гэдгийг хэлмээр байна.
Б.Оюунгэрэл