Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Лениний музейд
Номын чинээ цонхоор
Холын нутаг тодров…
Алдрай багадаа багшаасаа анх дуулсан
Разлив нуурын орчин эх нутаг шиг танил
Яг л энд би Ильич багштай
Ярилцах завшаан олдсон шиг баяртай
Чанасан цай нь буцалчихсан бололтой
Түлсэн гал нь цогшиж байгаа янзтай
Хожуулан дээр дэвтэр ном нь дэлгээтэй
Хамаг орчлон эзнээ угтан зэхээстэй
Харин энд Ильич л алга байлаа
Хариугүй одоо хүрээд ирэх юм шиг санагдлаа
Өргөн ойн тэрүүхэн чөлөөгөөр ч юм уу
Өвсөн овоохойн энүүхэн араар ч юм уу
Эсвэл Разлив нуурын цаанаас
Ильич багш гараад ирэх нь дээ гэж бодлоо
Ертөнцийн нэгэн суут хүнтэй
Ерөөлтэй тохиолоор уулзах л гэж мөрөөсөн
Сэтгэл зүрх догдлон
Хэдхэн хором саатан зогслоо… /1975 он/ (Г.Мэнд-Ооёо. Бодлын шувуу. УБ. 1980. хуудас 13) хэмээн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо шүлэглэж Оросын пролетарийн их удирдагч Владимир Ильич Лениний үйл хэрэгт чин үнэнчээ тунхаглан түүнийг амьд сэрүүн байгаа мэтээр өгүүлсэн буй. (В.И.Ленин гэдэг нь 1917 оны Оросын ажилчин тариачны үймээний толгойлогч, марксист онолыг туршигч, практик үйл ажиллагаанаас онол боловсруулагч байсан ба пролетарийн диктатурийг тогтоогч, уг диктатурийн улмаас 100 орчим сая хүний амь, асар олон хүний амьдрал хохирсон бөгөөд В.И.Ленин гэгч В.И.Ульянов нь 1870 онд төрсөн, 1924 онд нас барсан, Я.Дүгэр, Б.Батбаатар нарын “Ленин үлгэр ба үнэн” номд дурьдсанаар архаг тэмбүүгээр үхсэн, Ф.А.Оссендовски харвалт, саажилтаар үхсэн гэж бичсэн, пролетариудын сүржин түүхээр бол хувьсгалын эсэргүү нэгэн эмэгтэй буудан хороосон гэдэг)
“…Шамбалын Галава ордоны хот мандлын тигийг Өвөр Хамарын талбайд буулгах зохистой газрын эрчимийг шинжихээр Хутагт хэд хэдэн газар сэлгэж бясалгав. Хутагт сүнс юүлэн дээд оюунт мандалд одоход лагшин нь юуг ч үл мэдрэн үлдэх тул шавь нар дээр нь жодгор барьж, солонгон хүрээнийх нь цацрагийн хязгаараар чулуу шигтгэн гортиг тэмдэг татна. Солонгон хүрээний цацрах талбайн том багаар газрын тамир мэдэгдэнэ. Хутагтын биеэс халин нисч одсон сүнс хүн төрөлхтөний эрт эдүгээн оюун бодол орших дүрс үгүйн аялан эргэж ертөнц хийгээд тэнгэрс Богдосын орон, дээд Шамбалаар аялан эргэж лагшинд залрахын цагт үлэмж их гэрэл цацран буух нь бясалгалд суугаа лам нарт л үзэгдэнэ…” (Г.Мэнд-Ооёо. Гэгээнтэн. УБ. 2012. хуудас 280) хэмээн “Гэгээнтэн” романдаа мөн бичиж Их говийн догшин ноён хутагт Ө.Равжаагийн хувилгаан чадлыг тунхаглажээ. (Ө.Равжаа нь Долнуурын 14 гэгээнтний нэг Наваан Агримба Ноён цоржийн хувилгаан бөгөөд хожмоо Говийн ноён хутагтын тавдугаар дүр гэж алдаршсан, 1803-1856 онд амьдарч байсан, яруу найрагч, жүжгийн зохиолч, зураач, Буддизмын улааны урсгалын лам)
Г.Мэнд-Ооёо гуай нь ихээхэн нэр хүндтэй хүн бөгөөд нэрийн өмнөх элдэв шагнал, цол гуншингуудаа “Алтан овоо” (2010) номдоо өөрөө жагсаасан байгааг нь дурьдвал МЗЭ-ийн гишүүн, Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн шагналт, Монголын радио, телевизийн тэргүүний ажилтан, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Алтан өд” (2001) шагналт, 2000 оны Монголын 9 алдартны нэг, Дэлхийн соёл урлагийн академийн байнгын гишүүн, Хятадын Дайлянь хотод болсон Олон улсын Яруу найргийн Пен клубын YII чуулганы Олон улсын яруу найргийн Пен клубын 2001 оны шагналт, Дэлхийн соёл урлагийн академийн “Утга зохиолын доктор”, 2002 оны олон улсын шилдэг яруу найрагч, Олон улсын энх тайвны шагналт, НҮБ-ын хананд нэрээ бичүүлэгч, 2004 оны Кембриджийн Олон улсын намтар судлалын төвийн “Оны зохиолч” шагналт, 2005 оны Дэлхийн яруу найрагчдын “Бурханы хайр” яруу найргийн уралдааны тэргүүн шагналт, 2005 оны Дэлхийн соёл урлагийн академийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” шагналт, Грекийн зохиолчдын Олон улсын нийгэмлэгийн шагналт, Солонгосын “Ханчон” академийн Соёлын шагналт, Олон улсын яруу найрагчдын тив хоорондын нийгэмлэгийн “ Гарамгай яруу найрагч” цол, шагналт, Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын төвийн Дорнын их яруу найрагч Явуухулангийн нэрэмжит олон улсын шагналт, Дэлхийн соёл урлагийн академийн “Алтан алх” шагналт, Дэлхийн энх тайвны утга зохиолын Академийн дээд алтан медальт, Их Монгол-800 ойн медальт, Сокагийн их сургуулийн хүндэт доктор, “ХХI зууны Олон улсын яруу найргийн форум”-ын яруу найргийн шагналт, Дэлхийн яруу найргийн эрхэм дээд “ПОЭТ ЛАУРЕТ” цол, алтан титэмт яруу найрагч, зохиолч гэжээ. Энэ нь нэг талаасаа түүнийг ямар их нэр хүндтэй болохыг нь, нөгөө талаасаа ямар их нэр төр хөөцөлддөг болохыг нь давхар нотлон харуулна.
Тэрээр “Бодлын шувуу” (1980), “Өлзий утас” (1984), “Хуурын магнай” (1990), “Утгын болор сүм” (1997), “Гэрэлтэх агшин бүр” (2010), “Хэсэг цагаан манан” (2010) гэх зэрэг олон номууд хэвлүүлсэн яруу найрагч, “Гэгээнтэн” (2012) роман хэвлүүлсэн зохиолч. Дэлхийн бараг бүх хэлээр шүлгээ орчуулуулан хэвлүүлсэн бөгөөд монголд түүн шиг олон хэлээр бүтээлээ хэвлүүлсэн, дэргэдээ орчуулагч ажиллуулдаг хүн байхгүй биз ээ. Энэ нь ихээхэн ач тустай үйлс бөгөөд өөрийн шүлгүүдийг орчуулуулахын завсар чөлөөнд бусад найрагчдын шүлэг зохиолуудаас ч нэлээд орчуулуулж энд тэнд хэвлүүлсэн нь яруу найрагчдад цаашлаад монгол эх орондоо их хэрэгтэй үйл бүтээж байгаа гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй.
Г.Мэнд-Ооёо гуайн яруу найраг гадаадад их нэр хүндтэй бөгөөд Лондон-2012 олимпийн үеэр дэлхийн улс бүрийн нэг, нэг яруу найрагчийн шүлгийг унших болоход монголоос Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлэг шалгарч байх жишээтэй. Энэ бол түүний гадаад ертөнцөд өндөр үнэлэгдсний баталгаа. Харин монголын яруу найргийн ертөнцөд өөрийн намтар, нэрийнхээ өмнөх цол гуншингуудад ихээхэн анхаарч ирсэн, менежмент сайтай Г.Мэнд-Ооёо гуайн шүлгүүд ямар байр суурьтай вэ гэдгийг нь ашиг сонирхлын зөрчилгүйгээр анзаарч үзэх ёстой.
1980-аад оныхон буюу социализмын алтан үеийн хүүхдүүдийн нэг болох тэрбээр 1980 онд “Бодлын шувуу” түүврээ хэвлүүлжээ. 80-аад оныхон социализм, коммунизм, Зөвлөлт-Монголын болон бусад социалист орнуудын найрамдлын тухай, хайр сэтгэлийн тухай, энхрий хайрт монгол орныхоо байгалийн сайхны тухай, эх орондоо хайртай хүүгийн тухай гэх мэтээр соц үеийн сэдэв чиглэлүүдээр уран бүтээлээ туурвисан байдаг. Тэр үед Д.Нямсүрэн, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нарын зэрэг цөөн хэдэн яруу найрагчид л учиргүй их үзэл сурталжаагүй үлдсэн буй. Тэгвэл Г.Мэнд-Ооёо найрагч цагийн шалгуурыг хэрхэн давсан болохыг нь уран бүтээлээс нь төвөггүйхэн үзэж болно. Түүний “Бодлын шувуу”, “Өлзий утас” зэрэг эхэн үеийн бүтээлүүдэд тухайн цаг үеийн буюу ах дүүгийн ганбат найрамдал, нийгэм журмын сэдэвтэй бүтээлүүд бий. Тухайлбал “Бодлын шувуу” номонд “Ленины музейд”, “Алтайнхаа цэнхэр салхиар Андын нуруунд хүргүүлэх шүлэг”, “Өлзий утас” номонд “Ремизовын хорооны туг” зэрэг шүлгүүд хэвлэгджээ. Дээр өгүүлсэн “Лениний музейд” шүлэгт:
…Алдрай багадаа багшаасаа анх дуулсан
Разлив нуурын орчин эх нутаг шиг танил
Яг л энд би Ильич багштай
Ярилцах завшаан олдсон шиг баяртай… (Г.Мэнд-Ооёо. Бодлын шувуу. УБ. 1980. хуудас 13) гэх мэтээр шүлэглэсэн буй. Эндээс Владимир Ильич Ленин гэдэг халзан орос монгол хүний сэтгэлд ямархан байр суурьтай байсныг үзэж болохоор юм. Мөн “Өлзий утас” номын “Ремизовын хорооны туг” шүлэгт:
Ремизовын хорооны туг
Элсэн манхан өөд ассан гал
Харийн дайсныг онилон чиглэсэн
Хатан зоригийн улаан сум
Гал утаа, элс шороотой зуурагдан
Газар өм ховхрон тэнгэр шидэгдэнэ
Тэрэн дотор эзэнгүй гар хөл!
Тэсрэлтийн дараа элснээс цухуйх ган сэлэм!…
(Г.Мэнд-Ооёо. Өлзий утас. УБ. 1984) гэх мэтээр шүлэглэсэн байна. Эндээс түүнийг жинхэнэ хувьсгалч найрагч байсныг нь харж болно. Дайнд ялах нь мэдээж монгол улсад, монголын ард түмэнд чухал байлгүй яав гэж. Харин яруу найраг бол ямар нэгэн дайн тулаан мэтийн нийгмийн үзэл санаанд шууд хамааралгүй бөгөөд иймэрхүү шүлгүүд бичсэнээрээ яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1980-аад оны үеийн улаан хувьсгалч найрагчдын л нэг, байдаг л нэг шүлэгтэй, байдаг л нэг социализмын үлдэгдэл, холимог гэдэг нь тодрох ажээ. Мөн тэр үеийнхэн ЗХУ-аас гадна социалист лагерийн аль нэг тэмцэл хөдөлгөөнтэй Куба ч юм уу, Чили ч юм уу улсын тухай шүлэг найргаа тэрлэж, гал цогтой, хиймэл сүржигнэсэн, хувьсгалт үгсээ хэлэх үүрэг хүлээдэг байсныг Г.Мэнд-Ооёо гуайн жишээгээр үзүүлбэл:
«Томас Мор» гудамжинд
Танкны гинж харжигнан гэнэт буун дуу тачигнан
Нарны цацраг тасчин
Тэнгэрт хэрээс зурсан онгоцнууд
«Ла Монеда» ордон дээр
Сүүдэр бөмбөг хоёроо унаган
Аленде алагдлаа… гэх үгс
Агаар балбан
Чихний хэнгэрэг дэлдэн
Зүрхэнд харанга цохилоо
Мандлаа навчаар хээлэн урсдаг
Мапочо гол
Хүний хүүрээр хальж
Хүрэн улаанаар эргээ будсаныг
Хэвлэлээс уншаад
Хилэн буцаллаа… (Г.Мэнд-Ооёо. Бодлын шувуу. УБ. 1980. хуудас 14-15) гэх мэтээр дүрийг эсгэн, сүрийг бадруулжээ. Иймэрхүү хоосон сүржигнэлийг тухайн үеийн байдаг л нэг яруу найрагчдын байдаг л нэг шүлгүүдээс олноор нь үзэж болно.
Яруу найрагч О.Дашбалбар агсан найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн тухай “…Зарим шүлгээ дэндүү нухна. Тэгээд цаадах нь хиймэл, зориуд зовж бичсэн гэдэг нь мэдэгдэнэ. Бас нэг үе иргэний уянгын шүлэг бичив гэж дэмийрээд өөртөө хамаагүй огт ч зохицохгүй дайн байлдаан, Халх гол, буу сум, бөмбөг дэлбэрэх… болоод явчихна. Бас дууны үг гэж хачин юм бичээд түүнийгээ жинхэнэ найраг гэж эндүүрээд, улс амьтан жаахан магтаад дуулаад ирэхээр их л баясаж, хангалуун явна…” (Дашбалбар.О. “Хүн ертөнц” УБ. 2003 хуудас 358) гэж бичсэн байдаг нь дээрх шүлгийн “Агаар балбах, Чихний хэнгэрэг дэлдэх, Зүрхэнд харанга цохих, Хүний хүүрээр халих, Хүрэн улаанаар эргээ будах, Хэвлэлээс унших, Хилэн буцлах” гэх мэтийн толгой холбон сүржигнэхийн тулд чихэж оруулсан, нуршуу мөр бадгуудаас нь харагдаж байна. Ер нь тэрээр заримдаа ихээхэн нуршуу, хүүрнэл маягаар бичдэг ба хүчээр толгой холбон шүлэг хэлбэрт оруулдаг нь харагддаг. Сүүлхэн үед бичсэн шүлгүүдээс нь жишээ татвал Лондон-2012 олимпийн наадмаар олимпийн тэнгэрт эгшиглэхээр тодорсон хэмээн онгирдог “Ертөнцийн явдал” шүлэг нь буй. Энэ шүлэг нь баахан хуурай тоочсон, ямар ч агааргүй, зүгээр л толгой холбож, яльгүй гүн ухааны санаагаар хачирласан хүүрнэл бөгөөд харин аль ч хэл үрүү орчуулахад амархан ойлгогдох энгийн зүйл байж магадгүй юм. Ер нь энэ шүлгийг харахад орчуулахад амрыг бодсон мэт харагддаг нь ч нууц биш. Жишээлбэл:
…Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана… (Г.Мэнд-Ооёо. Гэрэлтэх агшин бүр. УБ. 2010. хуудас 16) гэх мэтээр нуршсан тоочлого шүлгийн туршид үргэлжилнэ.
Гэвч түүнийг дандаа л «хиймэл» шүлэг үйлдвэрлэдэг гэвэл худлаа хийгээд өрөөсгөл болно. Түүний яруу найргийн нэгэн сэдэв чиглэл нь нүүдэлчин ахуйн дүрслэл хийгээд хүний сэтгэлийн өөрчлөлт хувьсал, байгаль улирлын өнгө төрх юм. Хожмоо ХХ зууны сод найрагч Д.Нямсүрэнгийн номын нэр болсон “Сэтгэлийн байгаль” нэртэй шүлэг Г.Мэнд-Ооёогийн “Өлзий утас” номонд байдаг. “Сэтгэлийн байгаль” шүлэгт:
… Гандсан шар хөндий ногоон өнгөнд сүжирч
Гал улаан наран үүлэн завсраар наашилж байна
Найман өнгийн солонго тэнгэр газрыг алдлан
Налсан намуу өвс нар тосон өндийж байна
Яг л энэхэн мөчид сэтгэлийн нь байгальд багтаагүй
Явдал замын би даан чиг азгүй
Бодлын нь гүнд борооны дараа гарах нарыг хараагүй
Богинохон хайртай тэр залуу бүүр ч азгүй… (Г.Мэнд-Ооёо. Өлзий утас. УБ.1984. хуудас 32) гэх мэтээр шүлэглэн байгалийн байдал хийгээд хүмүүний сэтгэлийн аяс төрхийг нээсэн буй. Яахав энэ шүлэг балчир сонсогдож байгаа ч энэ сэдэв чиглэлээр нэлээд шүлгүүд бичсэн нь түүний нэгэн өвөрмөц өнгө төрх.
Түүний 2003 оны 9-р сарын 15-нд бичсэн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” хэмээх нэгэн шүлэг буй.
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдэрнэ… (Г.Мэнд-Ооёо. Гэрэлтэх агшин бүр. УБ. 2010. хуудас 18) хэмээх уг шүлэгт ер биш дорнолог аяс буй. “Хуучин сүм” гэдэг нь өнгөрсөн цаг хугацааг сануулах бол “саран мандах” гэдэг нь ирж буй цагийг бэлгэдэх, “хулсан лимбэний … салхи” гэдэг нь урсан өнгөрөх хүмүүний амьдралыг, “…холын гуниг…” гэдэг нь мөнх бусыг номлох мэт мэдрэмжийг эрхгүй төрүүлнэ. Шүлгээс хэдийгээр гуниглангуй аяс мэдрэгдэх боловч:
…Замбуу тивийн сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй… гэсэн мөрүүдээр түлхэгдэх алсын гялбаа, ирэх цагийн гэгээн зөн гэрэлтэж, хүлээлтээр өндөрлөнө. Энэ бол Г.Мэнд-ооёо найрагчийн ур чадвар, мэдрэмжийг илтгэж байгааг үгүйсгэх учиргүй. Мөн “Гэрэлтэх агшин бүр” гэх цуврал шүлгүүд нь ч түүний яруу найргийн зөн мэдрэмжийг илтгэж байдгийг дурьдах ёстой. Тухайлбал:
Дотоод сэтгэлийнхээ аглаг буйдад зул мэт асъя
Дорнын хээр талынхаа домгийн алсад цэнхэртье
Гангар сарны сэмдэс цагаан туяанд булхъя
Ганга нуурынхаа гүн цээлийн элсэн дээр амаръя… гэх буюу
…Хөх өвсний салхинд бөхөлзөх гуниглангуйд олзлогдъё
Хөвөрсөн их нүүдэлтэй цуг тэнгэрийн хаяа уруу алдаръя… (Г.Мэнд-Ооёо. Гэрэлтэх агшин бүр. УБ. 2010 хуудас 21) гэх зэрэг мөр бадгууд нь зөвхөн нүүдэлчин эрийн л бичих мөрүүд, сэрэх агшнууд байдаг бөгөөд түүний яруу найргийн өвөрмөц өнгө төрхийг илтгэнэ. Бас Г.Мэнд-ооёо найрагчийн “Эрээнцавын гунилан” гэх сод найрагч Д.Нямсүрэнд зориулсан нэгэн шүлэг буй. Шүлэгт:
…Хөх нуурын тогорууд нь
Хөх мананд бөрзийжээ
Хөх зогдорыг нь самнадаг хүн
Хөөрхий шүлэгч Нямсүрэн сэн
Аглагхан талынх нь өвс
Анхны хяруунд бөхийжээ
Өвсний зовлонг ойлгодог нь
Өнөөх л муу Нямсүрэн сэн… (Г.Мэнд-Ооёо. Гэрэлтэх агшин бүр. УБ. 2010 хуудас 69) гэх мөрүүд нь Данзангийн Нямсүрэн найрагчийн яруу найргийн мөн чанарыг илтгэхийн зэрэгцээгээр Г.Мэнд-Ооёо найрагчийн урлал зүйн торгон мэдрэмжийг тодотгоно. “Хэсэг цагаан манан” номонд орсон “Хэсэг цагаан манан” шүлэгт: Ухаан бодол дунд цадиг хууч бүдгэрэн маналзаж, тодрон
гэрэлтэх газар дэлхий дээр хэсэг цагаан манан амилан мөлхөж,
арилан замхрах… адилсах нэгэн учир буй
Уулс ногоон өнгөөрөө, хад чулуу улаан хүрэн зүсээрээ, гэр
бараа, адуу мал ахуй төрхөөрөө харагдах нь энгийн сайхан
боловч тэр бүхнийг манан дунд үзэх нь ер юутай сонин болоод
содон бэ?…(Г.Мэнд-Ооёо. Хэсэг цагаан манан. УБ. 2010. Хуудас 125) гэх
мэтээр бичжээ. Эдгээр баримтууд нь Г.Мэнд-Ооёогийн гэх өнгө аясыг илтгэж байгаа бөгөөд яруу найрагч Г.Мэнд-Ооёо бол монголын яруу найраг түүний дотор 1980-аад оныхон дотроо томоохон орон зайтай, уран бүтээлч гэдгийг нь харуулж байгаа юм. Энд нэг зүйлийг зориуд дурьдахад 80-аад оныхон сайнтай, муутай л байсан гэхдээ хоорондоо адилгүй, бие бие давтдаггүй байсан гэдгийг тэмдэглэх ёстой.
Мөн түүний хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг үргэлжлүүлэн хольж бичсэн шүлэг гэхэд хэцүү, үлгэр гэхэд хэцүү, хууч яриа шиг зүйлс нэлээд байдгийг нь “Алтан овоо” (2010) номоос нь үзэж болно. Бас шинэ ном хэвлүүлэхдээ өмнө хэвлэгдсэн гайгүй шүлгүүдээ давтан оруулах, нутаг орны хууч яриа, үлгэр, домог сэлтээр хачирлах, нэр алдартай хүмүүсийн намтар замналаар чимэглэх, өөрийнхөө байгуулсан олон төрийн бус байгуулагагуудын үйл ажиллагаа, зураг хөргөөрөө тордох зэргээр ихээхэн оновчтой менежмент хийдэг нь ч харагддаг.
Сүүлдээ яруу найрагч асан О.Дашбалбарын “Булан тохойд нуугдах хэрэггүй, Бурхан чамайг харж байгаа” гэдэг шиг шалдаа буусан дэмий юмсын араас орж “Алтан овооны тахилын шүлэг” мэтийн зүйлүүд бичсэн байгаа нь ч “Алтан овоо” номонд нь байна. Ер нь Г.Мэнд-Ооёо найрагч өөрийгөө давтах, нурших байдал уруу эрчимтэй орсноо анзаардаг болов уу…
Түүний шүлгүүдээр дэлхийд монголын яруу найргийг төлөөлүүлнэ гэхээр жаахан харамсалтай л байдаг. Гэхдээ дэлхийн яруу найргийн академи ч билүү тийм нэг байгууллагаас Г.Мэнд-Ооёо найрагчид Дэлхийн шилдэг яруу найрагчийн шагналыг өгсөн юм гэнэ лээ. Энэ бол монголын яруу найраг ямар их хөгжсөн болохыг харуулах баримт. Учир нь захын шүлэгч Г.Мэнд-Ооёо гуай очоод л шилдэг шагналыг нь авч байна гэдэг чинь монголын яруу найргийн чансаа ямар болохыг дэлхийд нотолж байна бус уу? Тодруулбал зөвхөн Дарьгангын гурав, Дарьгангын дэг сургуулийнхан гэж өөрсдийгөө хөөрцөглөн нэрлэсэн Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-ооёо гурваас хамгийн сайн нь Д.Нямсүрэн агсан, удаах нь О.Дашбалбар гуай, хамгийн муу нь Г.Мэнд-Ооёо гуай шүү дээ, гэтэл муу нь л дэлхийд шилдэг болж байдаг, тэгэхээр монголын яруу найраг үнэхээр өндөр хөгжсөн нь харагдана. Гэхдээ Дарьгангын дэг сургууль гэж тусгай школ байхгүй л дээ, Дарьганга гэдэг нь зүгээр л газар орны нэр бөгөөд тухайн газар нутагт төрсөн болохоороо л монголчуудын жалга довны үзэл ёсоор бие биенээ хөөргөж байгаа хэрэг юм. Харин нэг нэгнийхээ шүлгээс нэлээд санаа авдаг байсан нь ажиглагддаг.
Нэгэн цагт Лениний талын хүн байсан Г.Мэнд-Ооёо гуай маань 2012 онд “Гэгээнтэн” гэдэг роман хэвлүүлсэн. Романд говийн ноён хутагт Равжаагийн хувилгаан чадлыг маш тодорхой үзүүлсэн нь эрхгүй анхаарал татна. Тухайлбал Равжаа гэгээнтэн бол амьтны хэлийг нэвтэрхий мэдэгч, “…Хутагт үгээ үргэлжлүүлэн, -Чоно их гунигтай ульж байна. Үр гуйгаад л байгаа бололтой…” (Г.Мэнд-Ооёо. Гэгээнтэн. УБ. 2012. хуудас 107) аливааг тарнидан хувилгагч, илбэ шидтэн, “…-Одоо би болон архи нанчидыг эдлэгч нар өмнөх хуланд сөгнөсөн архийг аршаанд урвуулсныг уусугай хэмээн өөрийн өмнөх хултайг хэдэнтэй тарнидахуйд үнэр анхилам аршаанд хувилаад түүнээ ундаас тайлан нэгэн амьсгаагаар хүртэв…” (Г.Мэнд-Ооёо. Гэгээнтэн. УБ. 2012. хуудас 114) бурхдыг буй биеэр нь буулган ирүүлэгч, “…Шөнийн амгалант суудалд очирын мөн чанарт орших Хутагтын орой дээр Үржин Богдын орны хот мандал айсаж, Ханд дагинасууд дуулан, бүжиглэж, нисэлдэн ирэхүйн дүр байдал дундаас бэлгэ, билгийн дагина язгуур эх Мажигловдонмагийн ялгуусан гадаад дүр тунгалаг ялдам цагаан нигуур, үүл мэт намисан хадган тунгалаг хормогчоор доод биеийг чимээд, нүцгэн цээжиндээ эрдэнэс чимгийг асааж баруун мутартаа дамар, зүүн мутартаа очир хонх өөд харуулан барьж, зүүн сугандаа очир оройт хурц үзүүрт хадамгаа хэмээх очир таяг хавчуулаад, шагайвч чимгээ уян хөлдөө сугсалзуулан бүжиглэхүйн байдал үзүүлэх нь нэн гайхамшиг ажээ…” чөтгөр шулмыг засаг захиргааны харьяаллаар нь ялган танигч ба тэдгээрийг үзтэл даран чадагч, “…Хутагт –Ар халхын Говь мэргэн вангийн нутгаас ирээд танай хошууны буг чөтгөртэй үзэлцэж арай чуу дараад гэлэн дүрдээ буцаж ирж амжаагүй шахуу сууж байна даа…” (Г.Мэнд-Ооёо. Гэгээнтэн. УБ. 2012. хуудас 183) сүнс гэгч зүйлээ хүссэн үедээ биеэс юүлэн одогч, “…Хутагт сүнс юүлэн дээд оюунт мандалд одоход лагшин нь юуг ч үл мэдрэн үлдэх…” (Г.Мэнд-Ооёо. Гэгээнтэн. УБ. 2012. хуудас 280) гэх мэтээр яг л В.И.Ленин багшийн үхээд өчнөөн жил болсон байхад нь амьд мэтээр бичсэн шигээ дүрсэлсэн буй. Эдгээр чин сүжигт дүрслэлүүд нь орчин цагийн уран зохиолд түгээмэл буй хийсвэрлэх сэтгэлгээтэй холбогдохоос илүүтэйгээр бурханд итгэх, сүсэглэхтэй холбогдох аж.
Ер нь Г.Мэнд-Ооёо гуайн романы иймэрхүү дүрслэлүүд нь мухар сүсэгт автсан, шаманизм, буддизм хоёртоо төөрөлдсөн манай өнөөгийн нийгмийн өнгө төрхийг илүүтэй илэрхийлж байгаа бөгөөд постмодерн уран зохиолд байдаг хийсвэр сэтгэлгээний дүрслэлүүд нь шашин шүтэх, бурханд сүсэглэх тухай асуудалтай шууд хамааралгүй гэдгийг тэмдэглэх ёстой.
Г.Мэнд-Ооёо гуай нь 1980-аад оноос эдүгээ хүртэл уран бүтээлүүдээ туурвиж, Ленин багшийг үнэд орох үед нь магтаад, Равжаа хутагтыг үнэд орох үед нь бас магтаад одоогийн байдлаар соёлын гавьяаттай «цохиж» яваа дарьганга эр. Иймээс ч В.И.Ленин, Ө.Равжаа нар Г.Мэнд-ооёо гуайд тус болсон хоёр бөгөөд тэр шижмээрээ Ленин багш, Равжаа гэгээнтэн, Мэнд-Ооёо гавьяат гурав холбогдох учиртай.
Эцэст нь дүгнэж үзвэл Г.Мэнд-Ооёо гуай нь авъяаслаг яруу найрагч, нэр төр улайран хөөцөлдөгч, нийгэм, олон нийтийн нэрт зүтгэлтэн, социализмын улаан хамгаалагч, буддизмын чин сүжигтэн, өөрөөр хэлбэл коммунизм, буддизм хоёрын холимог, монголынхоо түүх, соёл, уламжлалыг хайрлан хамгаалагч, нийгмийн үзэл санааг дагалдан худал дүр эсгэгч, дэлхий дахинд танигдсан монголын соёлын зүтгэлтэн, зальхай менежер, нэр алдартай зохиолч юм.
www.URLAG.mn