Ардын Уран зохиолч, Төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж агсны “Сэгс цагаан Богд” найраглалыг мэдэхгүй хүн үгүй. Нэгэн үеийнхний зүрхний дуудлага, амны уншлага болсон ч гэж хэлдэг. Тэгвэл тус найраглалын гол баатар сайхан хотын хөөрхөн хархүү Төрийн шагналт, СГЗ, зохиолч Долгорын Нямаа Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй Н.Сүхбаттай 44 жилийн дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт учирчээ.
Тэрхүү найраглалыг олон жил ард түмнийхээ сонорт хүргэсэн СГЗ, сэтгүүлч Д.Амбасалмаа уулзалт, нэвтрүүлгийг санаачилсан бол “Таны зүтгэлийн төлөө” ТББ бүрэн дэмжиж, хэдийнээ олны хүртээл болоход бэлэн болсон аж. Ингээд “Сэгс Цагаан Богд” найраглалын гол баатруудын уулзалтын сонин хачнаас уншигч танд хүргэж байна.
Гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа мэдлэг, чадвар, туршлагатай ахмадуудын хүчийг нийгмийн хөгжилд татан оролцуулах зорилготой “Таны зүтгэлийн төлөө” ТББ-ын тэргүүн Ш.Батбаяр адал явдалтай аяллынхаа тухай ийнхүү ярьж байна.
-Танай байгууллагын хэвлэл мэдээллийн ахмадын баг олз омог, сонин сайхан үйл явдлаар дүүрэн аялал хийгээд иржээ…?
-Манай ахмадын хэвлэл мэдээллийн багийг СГЗ Д.Амбасэлмаа гуай ахалдаг. УГЗ нэвтрүүлэгч Ж.Бямбаа гуай, сэтгүүлч Р.Чулуунцэцэг, найруулагч Р.Аля нарын хүмүүс бий. Энэ баг маань сард нэг удаа Үндэсний телевиз, Улаанбаатар телевизэд цаг авч нэвтрүүлэг хийхээр болсон. Бид эхний нэвтрүүлгээрээ их сайхан сэдэв сонгосон гэж бодож байгаа. Энэ саналыг анх Д.Амбасэлмаа гуай гаргаж “10 дугаар сарын 15-нд Д.Пүрэвдорж гуайн төрсөн өдөр болно. Тэрнээс наана нэг нэвтрүүлэг бэлдмээр байна” гэсэн юм. Тэгээд зохион байгуулъя гэсээр байтал 11 сар гарсан, төрсөн өдөр ч өнгөрсөн. Тэгсэн ч гэсэн “Сэгс цагаан богд” мөнхийн бүтээл учраас хийе гэж шийдсэн. Баг маань надад 1 сая 800 мянган төгрөгний төсөв танилцуулсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машинаар өөрөө жолооч хийгээд явбал гээд тооцоод үзсэн чинь сая төгрөгөнд багтахаар байна. Тэгээд л гэнэт шийдээд “хөдөө битий яваарай, цасан шуурга болно” гэж зарласан өдөр найруулагч, зураглаач, найраглалын нэг дүр болох хэргийн эзэн Долгорын Нямаа, Д.Амбасэлмаа гуай бид хэд замд гарсан.
-Уншигчид Д.Пүрэвдорж агсныг зохиолын гол дүр гэж ойлгодог. Харин СГЗ, Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн тухайд?
-Д.Пүрэвдорж гуай, Д.Нямаа гуай нарын хэдэн хүмүүс 44 жилийн өмнө зохиолч, уншигчдын уулзалтаар Овоотын хилийн застав орох замдаа Надмид гэдэг айлд бууж цай хоол идээд явсан. Энэ айлын охин Сүхбат 16 настай илгээлтийн эзэн тэмээчин байсан. Тэр үед Сүхбат нэг хулангийн унага тэжээж байсан гэдэг. Аяллын багийнхан тэр хулангийн унагыг өхөөрдөөд амьтны хүрээлэн рүү ярьж тийш нь өгөх арга бодъё гэж ярьцгааж л дээ. Тэд нартай цуг Жүгдэрийн Дамдин гэж партизан зургийн аппараттай явсан учраас Д.Нямаа, Н.Сүхбат, Надмид нарын хулангийн унага тэвэрсэн зургийг авсан юм билээ.
Тэгээд Д.Нямаа гуай унагыг нь өхөөрдөөд толгойг нь нэг илчихээд энгэрийнхээ тэмдгийг унаганы ногтонд зүүж өгөөд хошуун дээр үнссэн юм байх. Тэгээд нөгөө хэд нь замдаа Д.Нямаа Сүхбатыг үнсэх гэж байгаад унага үнссэн гээд наргиан болгоод явж. Тэр үед л Д.Пүрэвдорж гуай найраглалынхаа сэдвийг олж нэг их удалгүй “Сэгс цагаан богд”-оо бичсэн гэдэг. Найраглал гарсан даруйдаа хэвлэлд нийтлэгдсэнийг Н.Сүхбат олж үзээд Д.Пүрэвдорж гуайд захидал бичсэн байгаа юм. Н.Сүхбат Д.Пүрэвдорж гуайг өөртөө сайн болчихож гэж ойлгохгүй юу.
Д.Пүрэвдорж гуай захиа ирэнгүүт нь Зохиолчдын хороон дарга С.Удвал гуай дээр “Нөгөө хүүхнээс чинь ийм захиа ирлээ. Одоо яах уу. Андуурсан юм шиг байна” гэжээ. С.Удвал гуай “Хөдөөний хүн чин сэтгэлээсээ л бичсэн байгаа. Тийм учраас чи ямар ч байсан хариу бич. Яаж бичихээ чи өөрөө мэд” гээд гаргасан гэдэг. Тэгээд Д.Пүрэвдорж гуай “энэ найраглалд гардаг баатар бол би бишээ. Би хоймор сууж байсан нүдний шилтэй ахимаг настай хүн байна.
Харин энэ найраглалд гардаг баатар бол унаганы хошуун дээр үнсдэг Д.Нямаа юм” хэмээн тайлбарлан бичжээ. Н.Сүхбат дараа нь Д.Нямаад хоёр ч удаа захиа бичсэн гэсэн. Нэг захиан дээрээ хоёр цэцэг зурсан гэдэг тэр нь алга болсон гэж байсан. Тэгээд эхний захиаг нь сая уулзахдаа авч очсон.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.