Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 2013-11-23, 30-нд хөгжмийн зохиолч Ж. Пуччини “Тоска” дуурь амилна. Энэ дуурийг анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Римид тоглож байсан бол манай тайзнаа 1982 оны нэгдүгээр сарын 9-нд амилан үзэгчдийн хүртээл болж байсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл сонгодог урлагтай хайртай үзэгчдийн шимтэн үзэх дуурийн нэг байсаар байгаа билээ.
Гурван бүлэг, гурван үзэгдэлт дуурь
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 20 минут
Насны хязгаар 12+
Хөгжим: Ж. Пуччини
Цомнол: Л.Иллика, Ж.Жакоза нар
Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
Найруулагч Л.Эрдэнэбулган УГЗ
Зураач: Ч.Гунгаасүх АЗ
Туслах найруулагч Е.Сарантуяа СТА
Дуурийн анхны тоглолт 1900-1-14-нд Римид болжээ.
Манай тайзнаа 1982-01-09-нд анх тоглогдсон.
ДҮРҮҮД:
Флория Тоска /дуучин эмэгтэй) (сопрано) -С.Мөнгөнцэцэг МУГЖ
Марио Каварадосси /зураач) (тенор) -Д.Эрдэнэ-Очир
Гүн Скарпъя /нууц цагдаагийн газрын дарга) (баритон)-Э.Амартүвшин МУГЖ
Чезаре Анжелотти /тэмцэгч/ (бас) -О.Хүрэлбаатар СТА
Тахилч (бас) -Б.Алтанхуяг
Сполетто /мөрдөгч/ (тенор) -М.Даваадорж
Шаррон /шүүгч/ (баритон) -Э.Бумхүү СТА
Хамба лам -О.Батбаатар
Шоронгийн харуул (бас) -Ч.Чинзориг СТА
Малчин хүү (сопрано) -Ш.Гантуул
Хотын иргэд, мөргөлчид, цэргүүдэд найрал дуучид тоглоно.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нэгдүгээр үзэгдэл
Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдаллена эх дагины хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно.
Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анжелотти энэ сүмд нуугдсан байжээ. Каварадосси Анжелоттитай уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлав.
Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ.
Зураач Анжелотти оргосон болохыг хэлэхгүй байлаа. Тоска Каварадоссийн зурсан хөргийг харангуут сурвалжит бүсгүй Аттавантитай төстэй болохыг ажиж хардах сэтгэл төрөв. Каварадосси сэтгэлт бүсгүйгээ тайтгаруулан зөвхөн түүнд үнэнч хайр сэтгэлтэйгээ батлана.
Тоска тайвширч, орой учрах цагаа болзоод гарч явав. Зураач Анжелоттийг дагуулан гарна. Энэ үест Скарпъя дагуулынхаа хамт сүмд дайран орж ирээд Аттавантийн овгийн сүлд бүхий дэвүүрийг олно. Мөн эх дагина Магдалена, Аттавантитай төстэй болохыг ажив. Аттаванти бол Чезаре Анжелоттийн төрсөн дүү бөгөөд түүнийг оргоход гол үүрэг гүйцэтгэжээ.
Үүнээс үндэслэн Скарпъяд Каварадосси Анжелотитой холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрөв.
Гэтэл Тоска эргэж ирнэ. Скарпъя дэвүүрийг Тоскад үзүүлж зураач, Аттаванти хоёр нууц холбоотой гэж итгүүлэхийг чадах ядахаараа оролдоно. Тоскагийн хардах сэтгэл дахин дүрэлзэж Каварадоссийг байгаа газраас нь олохоор явав.
Хорон санаат Скарпъя түүний араас мөшгөх цагдаа нарыг явуулаад, үзэсгэлэнт Тоскаг өөрийн эрхэнд оруулж авах далд муу санаа өвөрлөн хоцорно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хоёрдугаар үзэгдэл
Скарпъягийн ажлын өрөө. Анжелоттийг олохоор явуулсан цагдаа нар барьцаанд нь Каварадоссийг баривчлав. Орой болж гудамжинд хөгжим эгшиглэж, дарангуйлагч Бонапартыг ялсны баяр эхлэхэд бэлэн болж байгааг илтгэнэ. Энэ баяр дээр ялалтын ёслолын дууг Тоска дуулах ёстой байлаа. Скарпъя Тоскаг ирмэгц өөрийнхөө өрөөнд оруулахыг Шарронд тушаагаад Каварадоссийг байцаахаар оруулав.
Зураач хүнд тамлалыг зоригтойгоор тэсвэрлэн Анжелоттийн нуугдаж байгаа газрыг үл хэлнэ.
Тоска хүрч ирэв. Тэрээр хайрт хүнийхээ тамлагдан зовж байгаа дууг сонсоод тэсвэр алдан Анжелоттийн нуугдсан газрыг зааж өгнө.
Каварадосси Тоскаг жигшин зэвүүцэв. Зураачийг цагдаа нар авч явах бөгөөд түүнд цаазын ял тулгах нь илт болно. Тоска Каварадоссийн амийг аврахыг Скарпъягаас гуйна. Скарпъя өөрийн эртний хүслийг биелүүлэхээр шийдэж Каварадоссийн амийг аварсны хариуд Тоскагийн бие, сэтгэлийг шаардана.
Тоскад энэ доромжлол үнэхээр хүнд байвч хайртыгаа аврахын тулд өнгөн дээрээ зөвшөөрөв.
Скарпъя зураачийг хуурамчаар буудах тушаал өгөөд Тоскагийн хүсэлтээр түүнийг Каварадоссийн хамт Римээс чөлөөтэй гарч явах зарын бичиг олгов.
Скарпъя Тоскаг тэврэн таалах гэтэл ширээн дээр байсан хутгыг авч амжсан Тоска хорон санаатын амийг хөнөөнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гуравдугаар үзэгдэл
Шоронгийн өрөө. Каварадоссийн амьд явах хугацаа бага үлджээ. Тэр Тоскадаа захидал бичиж сэтгэлдээ салах ёс гүйцэтгэнэ. Гэнэт Тоска гарч ирэв. Скарпъя алагдсан тухай, оргох боломж олдсон тухай Тоскагийн яриаг Каварадосси сэтгэл догдлон сонсоно.
Хуурамчаар буудах үед нь болгоомжтой унаж, хөдлөхгүй хэвтэхийг Тоска хайрт хүндээ сануулна.
Харуулынхан ирж Каварадоссийг авч явав. Буун дуу пижигнэлээ. Тоска хайрт дээрээ хурдан очиж уулзахыг яарна. Харуулын цэргүүдийн хөлийн чимээ тасрав.
Тоска гүйсээр хүрч очив. Гэтэл… Тоска Скарпъяд хэрхэн мэхлэгдсэнээ сая ойлгов. Хамгаас хайртай хүнийхээ цогцсыг тэврэн суугаа хөөрхий бүсгүй Скарпъя алагдсан тухай зарын шуугианыг сонсоно.
Сполетто цагдаа нарын хамт бүсгүйг мөрдсөөр гарч ирэв. Тоскад буцах газар, очих хайрт нь байхгүй болсон тул тэрээр цамхагийн тавцан дээрээс үсэрч амиа егүүтгэнэ.
www.URLAG.mn