Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын ёс заншлын гайхамшиг
Уртын дуу

Монголын ёс заншлын гайхамшиг

Урлаг Урлаг20/11/2013Сэтгэгдэл байхгүй17 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
396150_115885315224309_2096519771_n3372354722013-11-20-20-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Гадаадын эрдэмтдийн нэр, гадаад нэр томъёогүй учир эл сэдэв нэг л шинжлэх ухаанч бус санагдаж болох. Гэтэл тэгж болдоггүй ма­гадгүй ганц асуудал нь үн­дэсний ёс заншил байж болох юм. Хүн төрөлхтний нийтлэг авъяас, (уг нь айс юм. Шидлэг ай хэр заяаж төрсөн бэ гэсэн шиг утгатай олон тооны нэрийдэл) шид­лэгийг монгол зан заншил гэж тодлон авч үзэж бол­мооргүй тал буй. Жишээ нь ёр, зөн, совин гэх мэт бөгөөд гэхдээ түүнийг ойлгох, тайл­барлах, оноож дүгнэх тал дээр үндэсний өвөрмөц сэт­гэлгээ түүнд тулгуурласан зан заншил үүдэх нь гар­цаагүй хэрэг. Үүнийг цухас тайлбарлаваас

Нэг. Ёр

Сайн зүйл мөрөөдөх, тийм болох сэтгэгдэл төрөөд байх нь зөн мөн. Гэтэл муу юм болмоор тийм чанарыг ёр гэнэ. Сайны ёр гэж байж үл болох лугаа адил муу зөн гэж огт байдаггүй. Монгол ардын дуунд

Зүүн нүдний дээд зовхис жирвэс жирвэс татаад бай­наа хө

Зүүн айлын Дуншаан гөөгөө ирэх нь ч юм уу даа гэж өгүүлдэг нь нэг л бүтэлгүй хариу, бүтэшгүй үйл болж болзошгүйг харуулсан хэрэг. Энэчлэн хар дарж зүүдлэх, шүд унаж зүүдлэх, морь унаа болон өөрөө бүдрэх, зүүн чих хангинах, хар шувуу ойр ирж гуагалах, шувуу тоонон дээр эргэлдэх зэрэг аль муу ёрыг хэлж барах вэ? Хэдийгээр ёр гэсэн үйлдэл ойлголт хүн төрөлхтөнд тү­гээмэл ч монгол ёс заншилд тэс өөр сэтгэлгээний тус­халаар бууж байгааг эндээс харж болно. Түүнийг доорхи ёс заншлаар баталж болох мэт.

– Айлын гэрт хүн шээвээс муу ёр. Шээсний нь хольц­той зүйлийг өөрт нь өгч уул­гах, эсвэл гэрийн эзний шээ­сийг уулгах зэрэг домтой.

– Түймэр нэгэн амины нэхэлтэй гэдэг. Заавал гарз олзны үүдийг шатаадаг гэх нь гал өөдөө гэсэн үндэсний гал шүтлэгт хамааралгүй байна. Гал өөдөө боловч голомт давсан түймэр гай ажээ. Ийм болохоор "гал аюултай" гэх нь буруу "түй­мэр аюултай" аж. Гал эсэр­гүүцэх алба бус түймэр эсэргүүцэх алба чухал аж, Галлаад! гэх орос орчуул­гаар ярих бус буудаад! гэх нь зөв болох зэрэг нарийн ойл­голтууд ундарна.

– Анчин хүнд нохой зээх тааралдвал ихэд сэжиглэдэг. Гэтэл европынхон хар муур хөндлөн гарвал сэжиглэнэ. Хэрэв зээх тааралдвал мон­гол хүн "цэнэгтэй буу чигээ бүү алд! Чи муу зээх чихээ бүү гарга!" гээд үргээж бууд­даг засалтай байна. Энэч­лэн цагаан буга, чоно, тар­вага зэргийг тааралдвал бууддаггүй хэрэв буудвал голомт сүйрэх ёр болно гэдэг. Хар домын судар зэрэгт муу ёрыг мэдэх засах талаар өгүүлсэн нь арвин буй. Тухайлбал: "Унасан морь дөрөө зууваас, агт морь гүү гишгэвээс муу ёр болно. Морины хүйсний үс туурайнаас нь дөрөв дөрвөн ширхэг үс авч оломноос нэг хэсэг жирэмнээс хоёр хэсэг, дөрөөнөөс нь нэг хэсэг, эмээ­лийн хойт хотгороос долоон хэсэг, сүүлийг хяргаж угаагаад тэр усыг дөрвөн зүгт цац! Цацсан юмаа билчээ­рээс хол чулуугаар дар! Гэх мэт.

Энэ мэт жишээ үй түм бөгөөд говийнхон гэхэд атан тэмээ, буйлваас ёр ирнэ. Халзан үхэр есөн зүйлийн идээ зул хүж өргөж атан тэмээг цохиж алаад өмнө зүг сэвсийг нь гарга! гэх мэт заслыг нь заасан байхад баруун аймгийнхан унасан морь нь ижилтэйгээ байгаа тохиолдолд янцгааваас эзэн нь үхэх ёр хэмээн сэжиглэж зохих засал хийж байх жи­шээтэй. Энэ мэтээр нохой айлд урвах, авдар сав дуу­гарах, могойн хөл хярах, цээртэй ёс ойр орчинд үйл­дэгдэх зэрэг олон зуун то­хиолдлыг зааж засал зүх­лийг нь гаргасан байдаг болно. Энэ нь "ёр судлал"-ыг хөгжүүлж утга учрыг нь бэдрэх зайлшгүй шаардлага байгааг харуулдаг.

Хоёр. Зөн

Хүний оюун ухааны гай­хамшигт чадварын тодор­хой илрэлийн баримт нь муу ёр, сайны зөн, хачин совин, онгод орох, мэргэ төлгө үнэн байх зэрэг өч төчнөөн чад­вар болно. Энэ бүхэн бөө мөргөлд түгээмэл байх эр­дэм аж. Зөн гэхэд зорьсон ажлын аянд цаг агаар таа­ламжтай, тааралдсан хүн зоны авир ааш өег, халуун хошуутай мал хөндлөн дай­ралдах зэрэг олон учралаас гадна тухайн өдрийн өнгө зураг, жил, мэнгэ зэрэг на­рийн зурхай байдаг аж.

Зүүд тайлах, зүг чиг гар­гах, зөв цагт эхлэх гэх мэт зан үйл нь бүгд зөнтэй хол­бог­дох зан үйлүүд юм. Баруун нүдний дээд зовхи татах, хөлийн ул загатнах /хол явах/, магнай тэнийх, зур­хайн тооллын эерэг болох зэрэг олон шинж зөнд ха­маатай аж. Зөн нь бас ай билгээр утга учрыг нээх, совин татах, мэргэн түргэн шийд олох зэрэг давхцалтай бөгөөд ялангуяа алив үйл­сийг билгээр нээх мэргэн ухаан чухаг аж. Энэ нь төлгө­дөх /зоос, ховлого, гэх мэт/ үйл бус мэргэн гэдэг нь мөр үг буюу ирээдүйг зөв тайлах билэг ухааны үйл давуу хэрэг, нээхүй чанар болно.

Энэ ч бас зөн мөн болой. Үүний сонгодог жишээ нь ерөөл, магтаал, зүйр цэцэн үгс, оньсого зэрэг аман зо­хиолын далай баян сан бөгөөд тухайлбал үлгэрийн төмөр цэрэг, үүлтэй тэнгэ­рээс доогуур үзүүртэй мод­ноос дээгүүр нисэх, саран дээр очих, од мичдэд хүрэх, үхсэн хүнийг анагаах, сэр­гээх, мангасыг дарах, эцэс­тээ жаран жилийн жаргал болох гэх мэт уран сэт­гэм­жүүд нь өнөөдөр нэгэнт хэ­рэгжсэн үнэн бодот зөн байс­ныг илтгэнэ.

Гурав. Совин

Энэ нь ёр ба зөнгийн илрэл үйлдэл болно. Ту­хайлбал баруун нүдний зов­хи татах /зөн/ үүдэн шүд унаж зүүдлэх /ёр/ зэрэг аж. Гэхдээ совин гэдгийг мэ­дээлэл /парапсихологи/ оюун билгийн үйлдэл хэмээн үзэж байсныг "Миний аль чих хангинаж байна?" хэ­мээн асуух, баруун бол "на­майг сайнаар хэлэх хэн байх вэ" гэх, зүүн бол "тэр л муу хэлж байгаа биз" хэмээн бодох зэрэг нь совинд бодот ач холбогдол өгч байсны илрэл тэр нь эдэвгээ хүртэл уламжлагдан ирсний нот­логоо болмуй.

Энэхүү совин мал амь­тад ч түгээмэл байдаг тод илрэлтэй учраас малчид байгал дэлхий цаг агаарыг шинжихдээ өргөн ашиглаж байсныг өмнө бид үзсэн билээ. Жишээ нь газар хөд­лөхөөс гурваас цааш хоно­гийн өмнөөс нохой сүүлээ хавчин гиншэж гэр тойрон гаслах, хотны мал тогтворгүй болох, бод мал үргэж дайжих зэрэг нь тэд зөн билэг ухаа­наар мэдэж буй хэрэг бус гай гамшиг ёр учрахыг тооцсон бус гагцхүү байгал-амьтан хоёрын хоорондох мэдээ­лэл совин чанар ажээ.

Дөрөв. Мэргэ төлгө

Ирээдүйн үйл хэрэг, түү­ний бүтэл, эрэл хайлт олз гарз, зовлон жаргалын мө­рийг үгээр хэлэх /мэргэ/-ийн тул заавал дам зүйлээр шинжиж түүний дохио чана­рыг нээхийг төлгө гэмүй. Үүнд энгийн үйл явдал цээр бэлгэдлээс ургуулан шин­жихээс эхлээд дал тавих, ховлого татах, ном нээх, үг хэлүүлэх, сүнс дуудуулж онгоор /онго/ хэяүүлэх, яриа чагнуулах, мөр тандуулах, зоос гүйлгэх, зүүд тайлуулах зэрэг олон арга зүй буй бөгөөд тэр бүхэн нь маш арвин ёс заншил үйлдлийн уламжлалтай болно.

XIII зууны хаад далаар мэргэлүүлж байсан тухай гадаадын жуулчдын тэмдэг­лэлд тодорхой дурдсан нь буй. Харь бусад ард түмнүүд ч хөзрөөр мэргэлэх, шоо хаях гэх мэт олон төл­гө­дөлтэй боловч дал түлэх зэрэг дээр дурдсан ёс занш­лууд нь яах аргагүй нүү­дэлчдийн өв соёл уламжлал мөн тул ихэд нарийвчлан судлууштай бөлгөө.

Тав. Үндэсний соёл

Бид нүүдлийн соёл ир­гэн­шил хэмээх нэр тойм хэрэглэх дуртай. Энэ нь юуны өмнө "байгал хүн мал" гэсэн гурамслал бөгөөд бид­ний дээр дурдсан ёс занш­луудын онцгой чанар төрөлх дархлаа нь үндэсний соёл мөн. Жишээ нь морь урал­дуулах, бөхийн барилдаан, Сур харваа, монгол дээл, тэрлэг, гутал, айраг уух, цагаан идээ бэлтгэх, гэр өргөө орд, хуур цуур, бий биелгээ, малч эрдэм зэрэг өч төчнөөн зүйл дурдаж болох бөгөөд эдгээр зүйлс нь чу­хам монгол хэмээх нэр алд­рын онцлогийг өргөж байдаг тул өвлөн уламжлаж өр­төөлөн удамшуулах ёс занш­­лууд мөнөөс мөн билээ.

Зургаа. Ардын урлаг

Монгол ёс заншил гэх сэдэвт үндэсний урлаг чухал байр суурь эзэлнэ. Дэлхийн өөр бусад ямар ч улс ард түмэн бүтээж чадаагүй ур­тын дуу, хөөмий, дэмбээ, морин хуур, найр, наадам, морин эрдэм, монгол гэр, ботго төл авахуулах эгшгийн урлаг, хурай, уухай, зал барил, овоо, эсгий, уул усны тахилга магтаал, галын та­хилга гээд тоочивч үл барах олныг дурдаж болмуй. Эд­гээр урлагаа төгс эзэмшиж монгол хүн гэдгээрээ бахар­хаж явах нь уламжлал ши­нэч­лэлийн гол учиг мөнөөс мөн ажгуу. Монгол хүн шиг исгэрэх, хөлгийн нуруун дээр дуу хадаах хийморьтон байдаг гэж үү.

Долоо. Өв

Өв гэдгийг зөвхөн эд хөрөнгө мэтээр үзэж үл бол­муй. Хэдэн сая живаа жи­лийн өмнө амьдарч байсан элдэв төрлийн үлэг гүрвэ­лүүдийн яс өндөг зэргээс эхлээд хэдэн арван мянган жилийн түүх нууцалсан хад­ны бичээс, булш хиргисүүр, хөшөө дурсгал, онгон тансаг байгал, ариун дагшин ус голууд бидний өв бөгөөд тэдгээрийг хайрлаж, хадгалж хамгаалж өдий хүрсэн уламж­лалаа хөгжүүлж ёс заншлаа дээдлэх явдал өнөө хийгээд ирээдүйн гол үүрэг ажгуу. 13 алтай, 23 хангай, 33 говь, Хөвсгөл далай, Сэлэнгэ мөрөн, Гур­ван голын төв, Хархорум… монгол эх орон минь бидний мөнхийн өв.

Найм. Аман зохиол

Монгол хүн бүрийг уран үгийн авьяастан, түүнийг судлан цээжлэж сурталчлан дэлгэрүүлэгчид гэж ярьдаг нь үнэн билээ. Ерөөс монгол­чуудын ахуй амьдралын өдөр тутмын дэг ёсонд аман зохиол үйлчлэхгүй, түүнд цаг зав гаргахгүй тохиолдол байдаггүй байжээ. Чухам иймээс бүтэн сар хэлдэг тууль /найраглал/, үлгэр / роман тууж/ өч төчнөөн бө­гөөд энэ дундаас "Монголын нууц товчоо", "Жангар", "Бу­риад Гэсэр" зэрэг сонгодог бүтээлүүд "Хан харанхуй" зэрэг олон туульс дэлхийд алдаршжээ.

Монгол амьдралын цаг хором, алхам бүхэн аман зохиолоор амьсгалж байдаг бөгөөд сургаал үг, зүйр, цэцэн үг, хошин үг, ёгт үг, ёж үг зэрэг үг холбооны төрөл, "оньсого", "таавар", "хурдан хэллэг", "түргэн хэллэг", "жо­роо үг" зэрэг уран сэтгэм­жийн байгалийн уянга дуу­лал, ерөөл магтаал бөө мөргөлийн уламжтай тахил­га, урт богино бэсрэг дууны төрөл, уриа, хурай, дууд­лага, аялага, зээхүй, уухай, гүүргий, тушгиралт, зийлгэ /ямаа/, гурий гээд тоочивч эс барагдах төрөл салбар бү­хий бөгөөд тэдгээрийг суд­лах, сурах явдал монгол үндэстнээ хөгжүүлэх чухал хөшүүргийн нэг мөн ажгуу.

Ес. Бичиг үсэг

Монголчууд шиг нэн эрт­нээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэг­лэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эх­лээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га­ралтай/ IХ-Х зуунд зохиогд­сон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг­ваандорж 1905 онд зо­хио­сон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоо­лоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалаг­даж байдаг ажээ.

Арав. Хар хайрцаг

Төрийн хар хайрцагны бодлого нэн эрт үеэс улам­жилсан гэж ярьдаг боловч тэр нь хар өнгийн хайрцаг дотор нууц бичиг хаадын гэрээс зэргийг хийдэг цоожтой хайр­цаг байсан мэт ойлгох нь буй. Хар гэдэг нь "хүч"-ийг төлөөлж хайрцаг гэдэг нь хайртай нандин зүйл агуу­лах жижиг сав гэсэн зүйр­лэлээр төв гол бодлогыг төлөөлж байсан ажээ. Үүнд:

Нэг. Хуянь /хиан/ угсаа /хуяньны буюу Хүннү гүрний үеэс батлагаатай/-т алтан ураг ясныхан төр барих ёсон.

Хоёр. Алтан чинхур /шонхор/ шүтээн /хиадын/ нандигнах тэнгэр угсаа

Гурав. Алтан аргамжаа /Уг угсааны эмэгтэйн хадам тал/ буюу эмэгтэйчүүдээр хадмын талыг нь барих ухаан бөгөөд одоо үед нэ­гэнт алтан урагтан үгүй бол­сон, алтан чинхур шүтээн үрэгдсэн тул энэ хэллэг уламж­лалт утга өвөө нэгэнт алдсан байдалтай. Тэдний өмч нандигнал асан төрийн тамга, исэр, хар цагаан туг зэрэг сүрд нь ч үрэгдсэн тул шинэчлэх шаардлага бий. Гэхдээ төрийгхэдхэн хүний дангаар эзэмших өмч болгох "цус ойртох" хэрэгсэл бол­гохгүй байхыг эрхэмлэх нь зөв бөгөөд тамга туг, дуулал, сүр /тэмдэг/ зэргийг зан­гидсан төрийн голч бодлого /үндсэн хууль/ энэ сэдвийг төлөөлж болох мэт.

Арван нэг. Улсын наадам

Улс гэдэг нь тухайн орны хүн ардыг хэлж буй хэрэг. Баахан морьтой улс, манайд согтуу улс ирэв гэх мэтээр ярьдаг тул улсын наадам нь "ард түмний" гэсэн үг. Төрийн гэвэл сайд ихсүүдийн болно. Монгол уламжлалд энэхүү улс гэдгийг гүрэн гэдэг бө­гөөд энэхүү гүр дотор төр, улс, хил /эх орон/ багтдаг ажээ. Одоо ч Оросын буриад Өвөрмонгол зэрэгт Монгол гүрэнэй, монгол гүрэн гэж ярьж бичдэг нь зөв бөгөөд гүрэн гэдэг "импер" утга бус түүнийг Эзэнт гүрэн гэмүй. Энэ наадам нь цэргийн нас­ны идэр эрсийг жилд гурван удаа цуглуулж хүч самбааг нь үзэх болсон эрт үеийн эрийн гурван /удаагийн/ наа­дам бус. Сур харвах морь унах нь охид эмэг­тэйчүүдэд хэзээ ч дархан эрхтэй байсан тул "үндэсний гурван" гэж ярих нь зөв аж. Эдгээр гурван төрөл нь ов­гийн байгууллын үеэс үү­дэлтэй маш эртний ёс зан­шил ажээ.

А.Бөх барилдаан. Эрт­ний хүмүүс эр тэнхээний хүчээр бусдыг дийлж ан авлаж, мал сургаж, өшөөт­нөө дарж өөр хоорондоо тэмцэлдэж байхад хэн ча­далтай нь алдаршин айдас хүйдэс төрүүлдэг байсан үеэс үүдэлтэй аж. Түүний эерэг хэлбэр нь наадам, найрын барилдаан аж. "Мон­голын нууц товчоо"-нд Улсын бөх Бүри, Бөх Бэл­гүтэй, Хавт Хасар гэж байдаг нь ихэд боловсорсон үеийн байдал болно. Овгийн үеэс үүдэлтэйг бөхийн дэвэлт /га­рьдын дэвэлт, бугын хя­лайлт, харцагын шүүрэлт мэт/, хүчит араатан жи­гүүрт­ний хөдлөл байдал үзүүлэх зэрэг хүй нэгдлийн үеийн ангуучны бүжиг хөөрөөний хэлбэр аж.

Ер нь бөхчүүл хоёр гар хоосон улаан гараараа хү­чит араатантай халз таа­ралдан тэмцэх гэж буй дүр үзүүлж (тийн сэтгэж хүч чад­лаа төвлөрүүлдэг) барилд­даг байсныг жараад оноос өмнөх үеийн бөхчүүл ид хавтай үзүүлдэг байв. Энэ нь үүслийн нэгэн сэжим мөн. Бөхийн цол начин, шонхор, гарьд арслан, заан зэрэг нь эрт дээр үеэс зодогны ард барс арслан, гарьд, луу зэр­гийг шаглан урладаг байсан нь тотем шүтлэгийн зүйл ба ялагдашгүйг зөнлөсөн сэт­гэлгээний илрэл юм.

Цолыг сондгой тооны даваанд цоллодог нь эрт үед тэгш тоог эм, сондгой тоог эр (хүч) хэмээн эрхэм­лэдэг байсантай холбог­доно. Зүүний ман­лай эр­хэмлэгддэг нь эрт дээр үеэс зүүн талыг дээдлэн "манайх" гэсэн ухагдахуунаар, баруун талыг "зочны" гэж үзэх ёсны гэрч. Мөн зүүн тал эмэгтэй, баруун тал эрэгтэй төлөө­лөлтэй зүүн нь баруунаасаа илүү дээдлэх хүндлэлтэй байдаг нь эхийн эрхт ёсноос бөхийн барилдаан үүдсэн гэдгийн нэгэн нотолгоо бол­дог ажгуу. Ийм учраас цол­луулж байгаа бөхчүүд эх­лээд засуулд очихдоо заа­вал зүүн мөрөнд нь (талд нь) очдог ёстой байжээ.

Б.Морь уралдуулах. Эши сурвалжаас үзвэл ний­тийн он тооллоос 3200 жи­лийн тэртээ өмнө азийн тал нутагт морийг гэрийн болгон дасгасан бөгөөд он тооллын өмнөх IX зууны үеэс эмээл хазаартай морь унадаг бол­жээ. Хүннү (хуяньны) нар морь унаж дайтдаг байсан (Модуны шаньюйн хүлэг морь) морь уралдаж наадан цэнгэдэг байсан, хурдтай морийг эрдэнэ болгодог байв.

Нүүдэлчдийн гол хүч хө­лөг морь байлаа. Иймд хам­гийн шандаст хурдыг шал­гаруулах нь тэдний хамгийн дээд эрмэлзэл цэнгэл бах­дал байжээ.

В.Сур харвалт. Мөн л овгийн байгууллын үе, тод­ловоос хуучин чулуун зэвс­гийн шувтарга, шинэ чулуун зэвсгийн эхэн үед нум сум гарч ан авын хөдөлмөрийг үлэмж хөнгөвчлөжээ. Аа­жим­даа цэрэг зэвсгийн хэ­рэг­сэл болжээ. Эдэвгээ дэл­хий нийтэд спортын чиглэ­лээр хөгжиж байна. Нум сумны тэмцээн нь юуны өм­нө хэний нум сум эрчтэй сайн болох хэлбэр хийцийн хөгжлийг шалгаруулахын дээр хэн илүү оноо цэцтэй мэргэн болохыг уралдуулдаг байв.

Монголчууд хүрэл зэв олдвол "тэнгэрийн сум" гэж үздэг ба олдошгүй чухаг шидэт зүйл мэтээр ойлгодог нь маш эртний олдвор олсон хэрэг төдийгүй эр хүний агсаргад хийморь хүчийг илтгэдэг нум сумны дээд эрхэмлэлийг илтгэж буй хэ­рэг болно. Монголчуудын харвалтын төрөл, нум сум­ны хийц нэн олон бөгөөд Чингэсийн чулууны бичигт Буха сачихуй гэдэг газар хамаг монгол ард олон ху­ран цэнгэх үед Чингэсийн ач хүү Есүнгэ 335 алд газар сум харвасан нь хамгийн хол харвасан дээд амжилтыг хөхүүлэн баясч тэмдэглэсэн хэрэг юм.

Бөх, морь, сур гурав мон­гол­чуудын хэзээд ч үл мар­тах гайхамшигт өв уламж­лал мөн тул малчин бүр хурдтай байх, эр бүхэн бөх болох, эрхийтэй бүхэн харваач болох хүсэл эрмэлзэлтэй байх чухаг ёс заншил мөн аж.

Арван хоёр. Чингэс хаан

Дэлхийн мянган жилийн суутан, монгол угсаатны бахархал шүтээн Чингэс хаан 1161 оны өвөл төржээ. Түүхийн гүн ухааны үүднээс мөшгөн шалгахүл нэр Тэмү­чин (Тэмүжин бус) цол Чин-Ихэс буюу Чингэс ажээ.

Түүний дэлхийг төвшит­гөсөн их ухаан эрдэм гүн ухааныг монгол болж төрсөн хүн бүхэн заавал эзэмшин судлах явдал монгол ёс зан удмын нандин соёл мөн болно. Иймээс Чингэс хааны тахилга бусад их дурсха­луудыг тодруулах, ёслон тэмдэглэж байх явдал мон­гол төрийн уламжлал ёсны шинэчлэлийн нэгэн бүрэл­дэхүүн байх ёстой нь зайлш­гүй ажгуу.

Арван гурав. Малын буян

Монголчуудын түүх соёл зан заншлыг мал ахуйгүй­гээр танин мэдэх аргагүй билээ. Бидний хэлэлцэн буй бүхий л ёс заншил эцсийн эцэст малын буянаа зөв хүртэх малч эрдмээр илэрдэг.

Өмнө дурдсан үгийн, тоо­ны, шинжээч эрдэм, шивш­лэг гэх дохиоч эрдэм ёс зан­шил бүхэн тэр бүү хэл мэнд­лэх ёс, ахмадыг хүндлэх гэх зэрэг хүнтэй холбогдсон зан заншлууд ч малын буянтай салшгүй хэлхээтэй байдаг. Жишээ нь та амархан сайн байна уу? сүрэг онд мэнд тарган орж тавтай сайхан хаваржиж байна уу? хэ­мээн мэндлэж морь унаанд нь мордуулах буулгах ёстой гэх мэт болно. Мал дагавал ам тосдоно гэдэг үг малын буяныг амьдралын эх сур­валж болохыг сургасан хэ­рэг. Малын эмээл хазаар чөдөр ногт зэрэг бүхий л тоног хэрэгслэлүүд мөн л монгол ёс заншил гүн ухааны тусхал баримт бай­даг. Жишээ нь чөдөр гэхэд урд хоёр хаа нь тэнцүү биш нэг хуруу урт богино байдаг нь хүчийг сарниулж буй фрактал бүтэц (замба­раа­гүй)-ийн хуулиар тооцсон хэрэг аж. Яг тэнцүү хийчих­вэл мэдээж хоёр хөлний алхаа тэнцүү тул уг чөдөр тэсдэггүй, урт богино учраас тиймхэн тооцоонд хүч нь сарниж "замбааргүй" хэлбэр морины их хүчийг өчүүхэнд оруулдаг аж. Энэ шинжээч эрдэм өнөөгийн хүмүүст бол их л нарийн судалгаа тоо­цооны үр дүнд бүтэх ажил мэт. Өөрөөр хэлбэл мал ахуйн тоног хэрэгслэлийн ёс заншил өнөөдөр их л гээг­дэж сайхан томсон хуйвтай уурга барьсан хүн хараг­дахгүй болоход хүрэх нь. Монгол ёс заншил гэдэгт монгол эд ахуйн гойд хийц, хэлбэр ур ухаан, хээ чи­мэглэл гээд маш олон эрдмийн чуулбар нийлбэр байдаг ч хэрэглээ судлал их л орхигдсоор буйг хэлэх ёстой.

Малын хэдэн мянган зүс, тоног хэрэгслийн ур ухааны хосгүй нарийн хийц хэмжээс зэрэг олон зүйл эрдэм ерөн­хий болж хомсодсоор. Уламж­лалаа умартан буйн илрэл энэ мөн билээ. Малын буян гэдэг идэх хоол, уух ундаа, өмсөх хувцас, орон гэр зэрэг түгээмэл хэрэглээ ойролцоо тооцоогоор 400 гаруй өвөрмөц ажил мэр­гэжил байна гэсэн тойм су­далгаа байдаг. Үүнийг би­чиглэн номлож хичээл бол­гон цагаар заавал бүрэн дунд боловсрол төдийгүй дээд боловсролын сургалт ч эс хүрэлцэх буй заа. Иймд малч эрдмийг үнэлэх тодор­хой шаталбартай болгож баклавар, магистр, докто­рын цол өргөж ч болох ши­нэч­лэл байж болох бөлгөө.

Арван дөрөв. Ардын тоглоом наадхай

Монгол ёс заншил хэ­мээн ярих нь их ч тодор­хойлохуйяа дэндүү өргөн цараатай далай баян сан­тай тул түүнийг тодорхой тогтолцоо зүйчлэлд хуваан өгүүлсэн эл сэдэв тус бүрийг унших судлахдаа дэлгэ­рүүлж хэлэлцэх өөрсдийн мэдэх зүйлээ нэмэн бая­жуулах, нэгэн сэдвээр нь дагнан лекц рефарат дип­ломын ажил бичих цаашид эрдэм судалгааны ажил хийж зэрэг цол хүртэх хүртэл ажиллах өв сан орон зай байгааг нийт оюутан мэргэд уншигч сонирхогч бүхэнд сануулах нь зөв буй заа. Монгол гэж хэлэхийн тулд монгол зүрх ухаан эрдэмтэй байх ёстой гэдэг билээ. Түү­ний үндэс нь ёс заншил, үндэсний өвөрмөц өв уламж­лал билээ. Гэтэл "Дөр­вөн бэрх хаях" гэх хамгийн энгийн нэгэн төлгөдлийг зурагтаар уламжлалаа сэр­гээх хэлбэрээр наймаа ху­далдааны ажлыг сурталч­лах таавар болгосон нь маш жижиг зүйл. Гэхдээ тийн санаачилсан нь олзуур­хууш­тай билээ. Ялангуяа цэцэрлэг сургуульд үндэс­ний тоглоом наадхайг сур­гах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажил тун чу­халчлагдана. Монгол хүний хүмүүжилд цахим тоглоо­моос илүүгээр байг гэхэд эн тэнцүү ач холбогдолтойг төр засаг ч анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа билээ.

  • * *

Монгол тоглоом наадхай нь ард түмний олон үед бүтээсэн сэтгэлгээний гай­хамшиг, хүмүүжлийн чухал хэрэгслүүр ёс заншил соё­лын үнэт өв мөн. Энэ нь юуны өмнө нүүдэлч соёл, малч эрдмийн онцлог туссан эрхэм эрдэнэ байдаг онц­логтой нь мэдээж буй заа.

Олон мянган тоглоом наад­хайн төрлийг ерөнхийд нь шинжиж үзвэл:

1. Маш эрт үед хамаарах бөх, сурын зэрэгцээ 10 гаруй мянган жилийн тэртээд "Буга жиргэх" зэрэг наадам байс­ныг судлаачид тогтоожээ. Нийтийн он тооллоос өмнөх үед хамаарах нэгэн хадны зурагт (Хэнтий Дархан су­мын Ногоон толгой гэдэг газраас олдсон эдэвгээ үн­дэсний төв музейд буй) уул талын бугын хүлэг бялдар дүрслэгдсэн байжээ.

2. Ноосон бөмбөг, үлээ­сэн гүзээ давсган бөмбөг, морин бөмбөг (поло) (Чжао Хун "Монгол татаарын бү­рэн тэмдэглэл 1221 он) зэрэг олон тоглоом бусад улсад өөр хувилбараар түгсэн тө­дийгүй шатар ч монголоос гаралтай болох талаар дурд­сан олон эрдэмтэд суд­лаачдын бүтээл буй. Эд­гээрийг нарийвчлан судлаж тогтоох явдал чухал болно.

3. Мал ба нүүдлийн ахуйд уялдсан онцлог нь шилбүүр унах, эмээл унах, гүү саах зэрэг олон наадхай тоглоомд илэрлээ олсон

4. Өш хонзон, дайн зэр­гийг голчилдоггүй эв эе найр цэнгэлийг дээдлэсэн онц­логоороо монгол тоглоом наадхай давуу талтай.

Жишээ нь чоно тарвага, цагаан тэмээцэх зэрэг наад­хай ба унасан бөх хаясан бөхдөө тахим өгдөг зэрэг олон зүйлээр нотлож болох

5. Хамгийн гол нь хүүх­дийн ой ухааныг нээх бие бялдрыг нь хөгжүүлэхэд чиг­лэдэг. Үүнд уран гогцоо, эв мод, хөлөгт тоглоомууд, дүрст тоглоом, уралдах хөө­цөлдөх өргөх унагах олон мэх наадхайг дурдаж болох

6. Наадмын нэр, хэллэг хүртэл өвөрмөц сонин бай­даг. Цагаан лонх тоолох г.м

7. Байгалтай харьцах нь элбэг. Чулуу таалцах…. ял­гах… гэх мэтээр олон нэр төрөл онцлогийг дурдаж болмуй.

Тоглоомын нэр төрлийн хувьд авирах дүүлэх харайх, догонцох, мөргөлдөх, урал­дах, туулай харайлгах, дүү­гүүрдэх, бөмбөг цохих, ши­дэх (чулуу онох, бай онох, товх харвах) шагаа (шагай) шагалцах олон төрөл, муур хулгана болох, зээр онох, адуу манах, будаг гуйх, усанд шунгах, алчуур нуух, цүү хаях, галахай (малгай) шүүрэх, үүрэлцэх, дүүрэл­цэх, бугуйлдах, булгиулах, чөмөг хугалах, олс татах, дээс эргүүлэх, монгол шат­рын хожил (уран бэрийн нээлт, тэмээний шээс уулгах гэх мэт) бусад хөлөгт тог­лоомуудын олон төрөл (бу­га, морь уралдах, шангар­цаг, зургаадай хөлөгт, жиргэ (олон төрөл) зэрэг өч төч­нөөн тоглоом наадам байх аж.

Харамсалтай нь орчин үед үйлдвэрлэлийн аргаар хийсэн гадаадын олон янз дүрст ба дуут тоглоом зэрэг ихэссэнээс үндэрний тог­лоом наадхайн уламжлал илт орхигдож энэ нь монгол ёс заншлаа багаасаа өвлөн хүмүүжихэд тусгаарлах нэ­гэн бэрхшээл болж буйг шүүмж­лэн үзэх ёстой. Иймд үндэсний тоглоом наадхай­гаа судлах сурталчлах, үйлд­вэрлэх зорилгод цалгар хан­даж буйгаа эрхбиш ухаарах цаг болсон мэт.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.