Утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэм, “Их талын жазз” төрийн бус байгууллага, Монголын Үндэсний Эх орон телевиз хамтран энэ сарын 24-ний ням гарагт “Яруу найргийн жазз үдэш” зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбогдуулан тус бүлгийн гишүүдтэй ярилцлаа.
-Өмнө нь та бүхний зохион байгуулж байсан уншлага уулзалтуудаас энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ. Сарын өмнө та нар Д.Нацагдоржийн хөшөөг тохижуулах ажил хийж байсныг санаж байна?
-Т.Есөн-Эрдэнэ: Монголын Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэм одоогоос дөрвөн жилийн өмнө байгуулагдсан. Яруу найраг, урлагт хайртай найман залуугийн нэгдэл юм. Хамгийн анх бид яруу найргийг рок хөгжим дээр уншиж, бяцхан үдэшлэг хийж байсан. Мөн МҮОНТ-ээр гарсан “Шинэ цаг” гээд яруу найргийн уралдаант нэвтрүүлэгт бүлгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн. Үүний дараа бид нэгдсэн уран бүтээлийн номоо гаргаж, үүний зэрэгцээ нийгэм рүү хандсан ажил сэдэж хийх хэрэгтэй юм байна гэж үзсэн л дээ. Тэр ёсоороо Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сэргээн засах багахан ажлыг хийсэн. Харин энэ удаад бид дахин нэг яруу найргийн уншлага үдэшлэг зохион байгуулахаар ажиллаж байна. Яруу найргийн жазз уншлага гэж ойлгож болно. Бид яруу найрагт хайртай, урлагт дуртай, хөгжим, бас бус олон зүйл сонирхоно. Тэгээд хүн ер нь хөгжим сонсохгүйгээр, урлагийг мэдрэхгүйгээр хөгжихгүй гэж боддог юм. Тэр дундаа хүмүүс ойшоодоггүй л болохоос тогтоод сонсвол жазз хөгжим бол гайхалтай. Дээр нь энэ хөгжим дээр бид шүлэг уран бүтээлээ уншвал бас л сонин байх болов уу гэж бодсон.
-Энэ үдэшлэгийг зохион байгуулах санааг хэн гаргасан бэ. Цааш цаашдаа өөр жанрын хөгжим дээр уншлага хийх хөтөлбөртэй юм биш биз?
-Ө.Үлэмжтөгс: Бид хөтөлбөрийн дагуу гэдэг ч юм уу, байнга төлөвлөөд амбицлаад явдаг хүмүүс биш ээ. Зүгээр л бидний энэ ажил хотын залууст, шинэ үеийнхэнд яруу найргийг хамгийн ойр дөт байдлаар хүргэх нэг хэлбэр юм уу даа. Шинэ үеийн залуус яаж ч бодсон “Болор цом”-ын тайзнаас сонсогддог шүлгүүдээс урлагийг олж харахгүй. Гэхдмээ магадгүй тэгж хардаг хүмүүс байгаа учраас яруу найргийг үнэлэх үнэлэмж маш доогуур түвшинд байна. Бид рок хөгжим дээр уншлага хийж байсан. Одоо жазз хөгжим дээр унших тухай ярьж байна. Энэ бүхэн маань залуус руу, хот руу хандаж хийж байгаа ажил. Мөн яруу найргийг тайзнаас, уралдаан, тэмцээний сэтгэхүйгээс холдуулах нэг алхам юм уу даа. Тэглээ ч их хотын амьдрал, хэмнэлийг хөгжмөөр төсөөлнө гэвэл магадгүй жазз, блюз хөгжмийн тухай ярих хэрэгтэй болно. Үүнийг үгийн урлагаар илэрхийлнэ гэж үзвэл модернист, пост модернист яруу найргийн хэв шинжид хамаарах болов уу гэсэндээ энэ үдэшлэгийг хийхээр зорьсон.
-Үдэшлэгт ямар зочид ирэх вэ. Зөвхөн та бүхэн шүлгээ унших уу?
-Ө.Үлэмжтөгс: Монголын Утга зохиолын хүрээний хамгийн элит түвшний яруу найрагч уран бүтээлчид ирнэ гэвэл ойлгомжтой байх. Тухайлбал, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана, “Модернист фронт командлагч” яруу найрагч Б.Галсансүх, МЗЭ-ийн ТУЗ-ийн дарга зохиолч Ц.Буянзаяа, Дэлхийн соёл, яруу найргийн академийн гишүүн, СГЗ Г.Мэнд-Ооёо, Утга зохиолын Хүрээ хөвгүүд бүлгэм зэрэг утга зохиолын нэр хүндтэй хүмүүсийг урьж оролцуулж байна. Тэд бүгд уран бүтээлээсээ хүргэнэ.
Т.Есөн-Эрдэнэ: Хөгжим талаас нь гэвэл “Их талын жазз” төрийн бус байгууллага Монголд жазз хөгжим хөгжүүлэхэд нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тэдний зүгээс чадварлаг хөгжимчид оролцоно. Мөн жазз дуучин Оюундарь, Наранбаатар, Күш энд Оюука гээд уран бүтээлчид байна. За мөн чадварлаг гитарчин Вовка буюу Д.Энхболд ах ирж тоглоно. Хүмүүс мэдэх байх. Хонх хамтлагийн гитарчин байсан гэдгээр нь. Дээр нь Оршихуй хамтлаг ирж тоглохоо мэдэгдсэн. Нэмэгдэж ирэх хамтлаг дуучид бас байгаа. Одоохондоо нэрийг нь дурьдах шаардлагагүй байх.
-Чадварлаг хөгжимчид, нэр хүндтэй уран бүтээлчид ирнэ гэхээр үдэшлэг нэлээд уран бүтээлч уур амьсгалтай болох нь ээ?
-Ө.Үлэмжтөгс: Уур амьсгал халуун дулаан, сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Энэ үдэш яруу найраг, хөгжмийг үнэн сэтгэлээсээ ойлгодог хүмүүс ирнэ. Тиймээс яруу найрагт дуртай, соёлтой уншигчид бидэнтэй хамт нэг үдшийг өнгөрөөнө гэж ойлгож байгаа.
-Танай бүлэг байгуулагдаад дөрвөн жил болж байгаа юм байна. Бүлгийн цаашдын үйл ажиллагааны талаар?
-С.Начин: Уран бүтээлч хүмүүс төрсөн өдрөө уншигчидтайгаа хамт тэмдэглэдэг жишиг байдаг. Бид энэ жазз хөгжимтэй яруу найргийн уншлагыг төрсөн өдрийнхөө хүрээнд хийж байгаа юм. Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй. Бид бүлгийн хамтарсан номоо гаргаад удаагүй байгаа ч, ондоо багтаагаад яруу найргийн сонсдог ном гэж болох CD-гээ гаргах гэж байна. Мөн бидний хувь хувийн уран бүтээлийн номууд маань удахгүй шил дараалан гарна. Бүлгэмийн ахлагч Т.Есөн-Эрдэнийн “Гол нь дуул…” яруу найргийн түүвэр, Ө.Үлэмжтөгсийн өгүүллэгийн түүвэр хэвлэгдэнэ. Мөн Э.Бүжинлхам, Д.Эрдэнэзулай нарын шинэ ном ч хэвлэхэд бэлэн байгаа.
-Утга зохиолд олон бүлгэм байна, Шинэ Үнэр бүлгэм юугаараа ялгаатай юм бэ?
-Ө.Үлэмжтөгс: Яруу найраг, утга зохиол бол ганц хүний урлаг. Нэг хүний авъяас билгээс хамаарах зүйл. Гэхдээ шинэ үе биднээс юу хүсч байна вэ гэхээр багийн тоглолт хамтын ажиллагаа шаардаж байна. Тийм ч учраас ар араасаа гарсан утга зохиолын бүлгэмүүд байгуулагдаж байгаа байх. Утга зохиолын Хүрээ хөвгүүд, Зүс бүгэг андууд гэдэг ч юм уу олон бүлгэм байна. Тэд бүгд өөрсдийн уран бүтээлээрээ цагийн шалгуурт үлдэж чадсан. Хөх мэдрэхүй болон бидний Шинэ үнэр бүлгэм ч бас яах аргагүй цагийн шалгуураар тогтож үлдэх ёстой. Бид өөрсдийн үзэл санаа, яруу найрагт шимтэн дурласан байдал, нөхөрлөлөөрөө нэгдсэн. Сүүлийн үед байгуулагдаж байгаа бүлгэмүүдийг би сайн мэдэхгүй юм. Ер нь бол бид хамгийн сайн нэгдэж чадсан бүлгэм гэж боддог шүү.
-Утга зохиолд та бүхэн бүлгээрээ ямар хувь нэмэр оруулах вэ?
-С.Начин: Бүлгүүд олноороо байгуулагдах нь зөв гэж боддог. Цаашид олон ийм бүлгэм, клубын системтэй нэдлүүд бий болж, хамтдаа хөгжснөөр утга зохиол маань хөгжинө. Яахав өөрсөдтэйгээ харьцуулбал бусад бүлгэмүүдийг хийсэн ажилтай, уран бүтээлтэй, амжилттай байх ёстой л гэж боддог. Спортыг аваад үзье л дээ. Багийн спорт л хамгийн нэр хүндтэй байна шүү дээ. Монголын утга зохиолд манай уран бүтээлчид өнгөрсөн зуунд ганц ганцаар явж, нэгнээ хэмлэсээр дэлхийд гарч ирсэн юмгүй л байна. Ингэж хэлснээрээ өмнөх үеэ үгүйсгэж байна гэж битгий ойлгоорой. Бид нэгдэж чадсан шиг монголын утга зохиолын салбарт бүр том нэгдэл, хамтдаа хөгжих боломж нээгдээсэй гэж хүсэж байгаа юм.
Т.Жанна
Эх сурвалж. Time.mn