Намайг үргэлж аз ивээдэг. Хүссэн бүхэн минь биелдэг болохоор аз туршсан зүйлээс би алдана гэж айдаггүй байлаа. Хэдий мөнгө төгрөгөөр хангалуун биш ч хүүхэд байхаасаа л зорьсон сургууль, хүссэн мэргэжил, ххйрласан залуу гээд хүссэн бүхнээ авч өнөөдрийг хүртэл амьдарсан өдөр хоног бүхэндээ би снтшнл хангалуун байж ирсэн. Гэвч хүссэн бүхнийг минь бурхан надад харамлаагүй хэрнээ хүлээж дийлэхгүй тийм хувь тавиланг бас илгээсэн юм. Зургаан сарын дараа би сургуулиа төгсөнө. Тэгээд ажилд орно. Хуримаа хийнэ. Хөөрхөн хүүхэдтэй болно.
Тэгээд хайрттайгаа хамт өвгөн эмгэн болтлоо аз жаргалтай урт удаан амьдарна. Урт удаан… Энэ миний мөрөөдөл. Зургаахан сарын дараа би мөрөөдлийнхөө дэргэд хүрнэ. Гэвч мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэхсэн. Өнгөрсөн зун би гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилласан юм. Ээж аав хоёрынхоо тэтгэврийн хэдэн төгрөгийг өчнөөн жил зулгаасан болохоор ядаж сургалтынхаа төлбөрийг олчих санаатай л. Монголчуудыг алтан суусан гуйлгачид гэж харийхан хэлдэг. Харин алтын минь хараад шүлсээ ч арчих сөхөөгүй улайран яваа тэднийг би үзэн ядаж байна. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Бас тэдэнд өөрийнхөө охид шиг охидоос илүү хайртай монголчуудыг.
Манай улсын томоохон алтны уурхайн хувь эзэмшигч гэх эхнэр нөхөр хоёр гадаадад туслах, хөтөч хийж нэг сар ажиллаад оюутан хүнд чамлахааргүй хөлс авлаа. Бас тэдэнтэй ажил хэрэг, анд нөхдийн холбоотой монголын зарим нэг улс төрч, бизнесмэнүүдтэй ч танилцсан юм. Ах нь дүүдээ тусална, ажилд оруулж өгнө гээд тэд ч надад сайн хандана. Ийм том хүмүүс намайг дэмжиж байхад итгэлийг нь алдчихгүй юмсан гэхдээ би ч өдөр шөнөгүй хаана хурал цуглаантай бол тэнд нь очдог байлаа. Сарын дараа гадаадын хоёр зочин буцах болж ажлын хэсгийн хамт олон маань бяцхан найр хийлээ. Гэхдээ миний хувьд бол урьд өмнө үзээгүй дээд зиндааныхны уулзалт байв. Тэр үдэш би өөрийнхөө хэнд ч гологдохооргүй зүс царай, мэдлэг боловсролтой гэдгээрээ бахархсан. Баяр тарахад хүмүүс надад ажил хэргийн хувийн гээд олон санал тавьсан. Гэвч сэтгэлийн хөөрлөөр, аз сорьсон, өөртөө хэт итгэсэн, болгоомжгүй гэнэн хандсан … мэдэхгүй ээ би яагаад тийм алхам хийснээ тайлбарлаж, өөрөө ч ойлгож чадахгүй нь. Хайрт минь намайг гэртээ хүлээж байгааг би мэдсэн шүү дээ. Бодвол тэр мөчөөс бидний амьдрал өөрчлөгдөнө гэж найдсаных л байх. Өөрчлөгдсөн нь үнээн. Гэхдээ миний бодсон шиг биш. Амьдралыг минь өөрчилж чадах бирдийн шидтэй мэт санагдаж байсан гадаад, монгол хоёр ахын хэнд нь гомдохоо ч мэддэггүй. Тэнд би л буруутай. Юу дутлаа гэж…
Дэлхийд 39.5 сая хүн ДОХ-ын халдвартай гэсэн. Яг над шиг. Ханиад хүрсэн өнөөх өвчин маань илэрч байна гэж айн чичирч, хайртай хүнтэй халуун сэтгэлээр бүхнээ зориулж чадахгүй. Миний өвчнийг хэн ч мэдээгүй гэж бодсон хэрнээ л хүн бүхэн намайг хараад мэдээд байгаа юм шиг.. Дотроо шоолж, шигшин холдоцгоож байх шиг. Цаг хугацаа хэмнэлээрээ л өнгөрч байхад би ингэтлээ их шаналж, хэн нэгний санамсаргүй хэлсэн үгэнд зүрхээ урагдтал эмзэглэж, би ингэж амьд явахыг хүсэхгүй байна.Энэ зууны тахал болсон эдгэршгүй аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Аюул биш гэж үү? ДОХ хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ ДОХ туссан хүн бүхэн үхдэггү й. Харин ДОХ тусахгүй байх боломж хүн бүхэнд бий гэдгийг хүн бүхэн мэдээсэй, сэрэмжлээсэй. ялангуяа өсвөр үе залуучууд маань, ирээдүйн ээж аавууд маань хэзээ ямагт бие биендээ үнэнч байгаасай.
Манай улсын нийт хүн амын 36% нь нэн ядуу амьдралтай, ажилгүйдэл газар авсан энэ нийгэмд гэр бүл салалт маш их байгаа нь үүнтэй ч холбоотой байх. Хэдийгээр манай орон ДОХ-ын халдварын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэл өндөртэй. Цөөхөн хүн амтай улсад маань аюулын харанга дэгдээд арван хэдэн жил болж байна. Мөнгөний төлөө хүмүүс биеэ үнэлэхээс эхлээд элдэв ажил хийж байна. Тэдний дийлэнхи нь энэ өвчний талаар сургалт мэдээлэлд сууж, шинжилгээ өгөөд байдаггүй. Вирус тээгч өөрөө мэдээгүй тохиолдолд цааш нь хичнээн ч хүнд халдааж болно. Харин мэдсэн хэрнээ санаатайгаар тийм үйлдэл хийхгүй гэдэгт би монголчууддаа итгэж байна. Хүн бүхэн өөрсдөө шинжилгээ өгөөд хэрвээ илэрсэн бол эмчийн хяналтанд эм тариа хэрэглээд байвал бид амьдарсаар л байна.яг л урьдынх шигээ, бусдын л адил. Улс үндэстэн бүрийн эмч эрдэмтэд энэ өвчнийг анагаах аргыг хайж шинэ шинэ туршилтуудыг хийсээр л байна. Саяхан АНУ-ын 42 настай эмэгтэйд халдвар үүсгэгч нянгаас төрөлхийн дархлаатай чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Удахгүй бүр мөсөн эмчилдэг болно гэдэгт би итгэж байна.
Анх Камеруны хоёр иргэн энэ өвчнийг монголд тээж ирсэн гэхэд, ДОХ-ын 37 дахь тохиолдол илэрлээ гэхэд ч би зүгээр л сонин болгон сонсоод, цааш нь сонин болгож яриад л өнгөрдөг байсан. Бэлгийн замаар, ариутгаагүй зүү тариураар, цусаар, эхээс урагт гээд яаж халдварладгийг нь би бүгдийг мэддэг байсан хэрнээ хайртдаа үнэнч байх, хамгаалалт хэрэглэх гээд алийг нь ч биелүүлээгүй. Өөрийнх тухай мэддэг хүнд энэ өвчин ирдэггүй юм шиг. Хэзээ ч надад ирэхгүй юм шиг..Монголд ДОХ-ын халдвартай хоёр эмэгтэй төрөөд хүүхэд нь халдваргүй гарсан гэх баярт мэдээ бий. Надаас төрөх бяцхан үр ч гэсэн эрүүл байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ? Гэвч аз одонд итгэсэн гэнэн танхил насанд минь хүсээгүй сугалааны хонжвор тааруулсан бурхан, хувь тавиланд итгэхээ байгаад удлаа. Гэсэн ч ялгаа алга аа. Харин амьдрах итгэлийг хүн хүнээсээ л авдаг юм байна. Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе надад зөндөө байсан. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм, энэ нийгмийн хариуцлагатай сэтгүүлзүй, эрх чөлөөт хүмүүс надад “манай орны ДОХ-ын тэд дэхь тохиолдол, ДОХ-той эмэгтэй” гэдэг нэрийг өгсөн. Ирээдүйн үрээс минь бусад бүх хүн надаас нүүрээ буруулан холдсон. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Гэтэд эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь. Би чинийхээ төлөө өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд амьд явах болно. Аавтай нь гурвуулаа аз жаргалтай урт удаан хамт амьдарна. Эмгэн өвгөн болтлоо … Энэ миний мөрөөдөл. Би мөрөөдлийнхөө дэргэд байна. Ганцхан мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч хүмүүс ээ !
www.URLAG.mn