Дэлхийн хөгжмийн урлаг сонгодог чиглэлээр даяаршихын зэрэгцээ тухайн үндэстний язгуур урлагийг дархлан үлдээх гэсэн салаа замын уулзвар дээр нэгэн шинэ урлагийг бий болгожээ. Тэр нь сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулсан “этно жазз” хэмээх хөгжмийн шинэ урсгал юм. Энэхүү урсгалаар байгуулдсан цагаасаа хойш Япон, Солонгос, ОХУ-ын “Большой театр зэрэг орноор аялан бие даасан уран бүтээлүүдээ толилуулсан хамтлаг бол ”Арга билэг” хамтлаг билээ.
Тэд энэ удаа Японы "Шизүока" мужид бие даасан тоглолтоо хийхээр болсон юм. Япон улсад болох уг тоглолтын талаар тус хамтлагийн Морин хуурч, продюссер А.Даваазоригтой цөөн хором ярилцлаа.
-“Арга билэг” хамтлагийнхан Япон улсыг зорих гэж байгаа юм байна. Энэ талаар?
-“Арга билэг” этно, жазз хамтлаг байгууллагдаад 5 дахь жилээ болж байна. Манай хамтлаг монгол улсын морин хуурийн чуулгын дэргэд байгуулагдсан. Бидний гол зорилго бол ардынхаа үндэсний хөгжмийг орчин үеийн этно тэр тусмаа хөгжмийн хэллэг дотроо нэлээн хэцүү урсгалд тооцогддог жазз хөгжимтэй хослуулж ардынхаа уламжлалт хөгжмийг дэлхийн орчин үеийн хөгжмийн өнгө аястай нийлүүлэх зорилготой. Байгуулагдсан цагаасаа хойш АНУ, ОХУ-ын “Большой театр”, Франц, Герман, Хятад, Солонгос улсуудад бие даасан тоглолтоо хүргэсэн байгаа. Монголын хөгжмийн хөгжлийг гадны орны үзэгчдэд сурталчлах, улс орныг уламжлалт үндэсний хөгжмийн хөгжлөөр нь тухайн орны соёл ямар түвшинд явж байгааг хөгжим судлаачид үздэг гэж ойлгодог. Энэ удаа бид нар энэ сарын 23-ны өдөр Японы "Шизүока" мужид бие даасан уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар тус улсыг зорих гэж байна. Японы ард түмэн манай монголын үндэсний хөгжим болох морин хуур, хөөмий, уртын дууг маш сайн мэддэг. Мөн бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь морин хуур яаж үүсч хөгжсөн тухай “Зүрхэн цагаан морь” домгоос сэдэвлэсэн морин хуурын тухай өгүүллэг бий. Японы үзэгчид болон хүүхдүүд нь морин хуурын маш өндөр мэдлэгтэй. Энэ удаагийн тоглолтоороо уламжлалт аялгуунаас гадна этно, жазз бүтээлүүдээ анх удаа Японы үзэгчдэдээ тоглох юм. Манай хамтлагийн тоглолтоос жазз хөгжмийг яаж тоглохыг харах боломжтой. Тэгээд тоглолтын дараа өөрсдийн сэтгэгдлээсээ хуваалцах байх аа.
-Гадны орны үзэгчид морин хуурыг энто, жазз урсгалтай хослуулан тоглохоор яаж хүлээж авдаг вэ?
-Гадны орны зарим нэг нь үзэгчид монголын үндэсний хөгжим морин хуурын талаар тодорхой хэмжээгээр ойлголттой байдаг. Монголд жуулчилж ирсэн хүмүүсээс авахуулаад. Тухайлбал, Баруун Европт этно урсгалаар тоглодог хамтлаг олон бий. Манай хамтлагийг энтно, жазз хэмнэлээр тоглоход маш өвөрмөц, содон сонсогдож байна маш өндөр түвшинд хөгжсөн байна гэдэг утгаараа бид нарт ханддаг.
– Бусад орны морин хуур тоглодог уран бүтээлчид манай улсын морин хуурчтай харьцуулбал ямар түвшинд явж байна?
-Өнгөрсөн аравдугаар сард Японд Төрийн шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн бүтээлүүдийг хэрхэн хэн сайн тоглох вэ гэсэн уралдаан Япон морин хуурчдын дунд болсон. Энэ уралдааны гала тоглолтод манай хамтлаг токио хотод очиж тоглосон юм. Япон морин хуурчид маш их сайжирч байгаа. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг маш сайн тоглож байсан. Гэхдээ гадаадад морин хуурчид бид нараас илүү тоглох биш илүү хөгжүүлж авах ёстой гэдэг утгаараа Жанцанноров гуай маань бид нарыг та нар миний бүтээлийг этно жазз урсгалаараа орчин үеийн хөгжмийн найруулгатай тоглооч ээ гэсэн санал тавьсаны дагуу тоглосон юм. Харин Японы морин хуурчид бол Жанцанноров гуайн бичсэн хувилбараар тоглож байхад бид нар илүү хөгжүүлсэн хувилбараар тоглож байх жишээтэй. Үүнийг Японы үзэгчид маш сайхан хүлээж авсан.
-Тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа
Х.Даваа