Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нэгэн гайхам үзэсгэлэн гарч байна гэж сонсогдов. Зарим нь тэндээс нийслэл хотынхоо өмнөх өнгийг мэдэж болох тухай ч ам уралдан ярина. Тиймээс тус үзэсгэлэн рүү яаран зүглэв. Үүдээр нь ороход өглөө орсон болохоор ч тэр үү хүмүүс цөөн байв. Гэхдээ тухайн бүтээлүүд ямар өнгө аяс, цагийн хэлхээг агуулсан нь хүмүүсийн чөлөөгөөр улам тод харагдаж байсан юм.
Танхимыг нар зөв тойрч явахад хамгийн наад талд нь улаан хүрэн дээлтэй, дух нь бага зэрэг үрчлээтсэн, шляпэн малгай духдуулсан ахимаг настай эрийн хөрөг харагдана. Доорх тайлбарыг нь уншвал “Өөрийн хөрөг” гэж ээ.
Үүнийг ажиглах зуур үзэсгэлэнгийн эзэн урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Г.Дунбүрээ нэг залуутай ярилцаж байгаа харагдав. Тэрбээр энэ удаагийнхаа үзэсгэлэнг “Он цагийн өнгө аяс” гэж нэрийджээ. Бүтээлүүдийг нь ажиглавал ам уралдан яриад байсан хүмүүсийн ярианд өөрийн эрхгүй итгүүлэх шиг болов.
Г.Дунбүрээтэй ярилцахад “Би чинь УБИС-ийн зураг хөдөлмөрийн ангийг 1965 онд төгссөн. Түүнээс хойш Урчуудын эвлэлийн хороонд ирснээр миний уран бүтээлийн гараа эхэлсэн. Гэхдээ би Хөвсгөл аймаг руу хуваарлигдаад байсан юм. Гэтэл тухайн үед Урчуудын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Н.Чүлтэм гуай намайг өөрийнхөө хороонд урвуулж авч байсан юм” гэв. Түүнээс хойш тэрбээр энэ их айлын бүлд албан ёсоор бүртгэгдэх болжээ.
Г.Дунбүрээ Н.Чүлтэмийг дуудах үед Урчуудын эвлэлийн хороо ч гэж юу байдгийг мэддэггүй байсан гэсэн. Ямартай ч яваад очъё гээд л гүйж. Тэр үеэ тэрбээр ихэд нандигнан дурсч ярьсан. “Энэ байгууллагад би орсноор зураг яаж зурдаг, тухайн цаг үетэй зохицуулж юу өгүүлэх ёстой бэ гэдгийг сурсандаа баярладаг. Би энэ байгууллагад ирээд яг 50 жил болчихож. Цаг хугацаа гэдэг хурдан өнгөрөх юм даа” гээд инээж байсан.
Гэхдээ тэрбээр уран зураг зурхаас гадна өмнө нь хэвлэлийн үйлдвэрээс эхлээд Богд хааны музейн захиралын албыг 1987-оос 1993 он хүртэл зургаан жил хашиж байсан удаатай юм билээ.
Дээхнэ шашны музей гэдэг байсан болохоор хууччууд энэ нэрээр нь сайн мэдэх биз ээ. Дээрх музейн захирал байна гэдэг Эрдэнэзуу, Амарбаясгалан зэрэг дөрвөн музейг хариуцаж ажилласан гэсэн үг. Тэрбээр энэ албыг хариуцаагүй байхдаа түүхэн сэдэвтэй шашны тухай зургийг ихэд сонирхон зурдаг байсан нь хожмоо захирал болохдоо улам гүн нэвтэрсэн нь мэдээж. Өөрийн эрхгүй шашны тухай үзвэр, зураг, хөргийг судалдаг болсон гэж ярьсан. Тэгээд ч аав нь лам хүн байсан болохоор сэтгэлзүйд нь ч багаас нь нөлөөлсөн байж болох. Аав нь Хөвсгөл аймгаас гаралтай боловч өөрөө Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Цахир гэдэг газар 1941 онд төрсөн гэсэн.
Анхны уран бүтээл нь “Арван ямаа” нэртэй байсан аж. Дээхнэ манай улсад аливаа уран бүтээл хийхэд хориглодог байсан нь түүнийг тойроогүй юм билээ. Учир нь тэр үеийн зураач залуус сэтгэлгээний урлагт анхаарлаа чиглүүлж, хийсвэр арга барилаар зурж үзэсгэлэнд оролцсон нь “Хөрөнгөтний урлагийг сурталчиллаа” хэмээн МАХН-ын Төв Хорооноос зэмлүүлж “Социалист реализм”-аас өөр арга барилаар бүтээхийг хориглон сануулж, тогтоол хүртэл гаргуулж байсан гэдэг. Гэвч тэрхүү тогтоолоор түүний хүсэл сонирхол баригдсангүй, бүтээлээ турвисаар л байна. Тэрбээр зөвхөн ахмад уран бүтээлчдээсээ суралцахаас гадна залуучуудаасаа мөн адил үлгэр дууриал авч байна гэж ярьсан нь ямар их төлөв төвшин хүн болохоо илтгэнэ. Хийсэн бүтээлүүдийг нь хараад энэ үгийг нь бодоход эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үг энэ хүнд зориулагдчихсан юм шиг санагдана.
Түүний бүтээлийн гол чиг хандлага нь түүхэн сэдэвтэй. Залуу байхаасаа л энэ чиглэлээр уран бүтээлээ туурвисаар ирсэн. Гэхдээ хааяа Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт зэрэг үйлдвэржилтийн тухай ч бүтээл төрүүлснээ нуугаагүй.
Г.Дунбүрээгийн бүтээлүүд Европын орноор их тархсан байдаг гэж ахмад зураачид ярьдаг юм билээ. Сонирхуулбал АНУ, ОХУ, Чили, Солонгос, Франц, Япон, Вьетнам зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргаж урлаг сонирхогчдынх нь сан хөмрөгт хүндтэй байрыг эзэлсэн гэдэг юм билээ. Өөрөө ч дээрх орнуудаар олон явсан. Нүдэнд тусч, сэтгэл татсан бүтээн байгуулалтыг нь харахаар зурахгүй байж чаддаггүй юм. Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлийн зарим нь ч дурсгал болгож зурж байлаа гэсэн. Тэрхүү бүтээлийг нь нэрлэвэл “Петр хааны хөшөө”, “Парижийн дарь эхийн сүм” зэрэг. Уншигч та тус үзэсгэлэнг сонирхохоороо улам илүү ойлгох болно оо.
Тэрбээр өнөөдрийг хүртэл 5000 орчим судалбар, 3000 гаруй бүтээл төрүүлжээ. Энэ үзэсгэлэнгээ яагаад “Он цагийн өнгө аяс” гэж нэрлэсэн юм бэ гэхэд “Энэ үзэсгэлэнд нийслэл хүрээний он, оны үйл явдлыг харуулахыг зорьсон юм. Жишээ нь их хүрээний үүсэл хөгжлийг түүхэн талаас нь харуулахыг зорьсон. Бөмбөгөр ногоон театр өмнө нь Засгийн газрын ордны суурин дээр байж байгаад шатсан. Ямар хэлбэртэй байсныг нь харуулахыг зорьсон. Ялангуяа залуучуудад энэ маш их хэрэгтэй. Нийслэл маань анх үүсэхэд хүмүүс дөрвөлжин байшинд байсан юм уу эсвэл гэрт амьдардаг байсан уу гэдэг нь тодорхой харагдана” гэв.
Тэрбээр ийм түүх агуулсан бүтээлээ туурвихдаа олон ахмадтай уулзаж байснаас гадна номын санд сууж түүх маш ихээр судалсан гэсэн. Тэдгээр ахмадын нэг нь Б.Ренчин агсантай 1971 онд уулзсан явдал.
Билгүүн номч тухайн үед хүрэн дээл өмссөн урт гэзэгтэй буурай харагдсан гэсэн.
Энэ тухай ярихад түүний Б.Ренчингийн тухай нэгэн хошин гэмээр ойлголт байж. Тэр нь тухайн үеийн хүүхдүүд доктор цолтой хүн болгоныг эмч мэргэжилтэй гэж боддог байж. Тиймээс Г.Дунбүрээ Б.Ренчин агсныг мөн адил эмч хүн гэж боддог байж. Харин олонтой ярилцаж эрдэмтэн хүн гэдгийг нь мэдэхдээ өөрөөсөө бараг ичсэн гэсэн. Гэхдээ тэрбээр тэр их эрдэмтэй хүнтэй уулзаж их хүрээний тухай мэдэх гэж догдолсон тул гадуур явж байхад нь таарч ярилцах хүсэлтэйгээ хэлжээ. Тэгэхэд нь Б.Ренчин гуай түүнийг “Маргааш 09:00 цагт манайд морилоод ир” гэж. Тэгэхээр нь залуухан зураачийн нойр шөнө нь бараг хүрэхгүй шахуу хөрвөөсөөр арай гэж өглөө болгож гэрт нь очиход 09:00 цагт гурван минут л дутуу байсан гэсэн. Г.Дунбүрээ хэлэхдээ “Б.Ренчин гуай тийм агуу хэрнээ эгэлхэн хүн байсан. Хэнийг ч ялгаж харьцахгүй. Уулзах хүсэлтэй хүн бүртэй ярилцахыг хичээдэг байсан гэсэн. Хэрэв амжихгүй бол захиа илгээдэг байсан юм билээ. Одооны УИХ-д гарсан хүмүүс тийм ч завгүй, ийм ч ажилтай гээд халгаадаггүй шүү дээ” гээд гоморхож байсан.
Түүний зургийн арга барил нь уламжлалыг хийсвэр сэтгэлгээтэй хоршуулж бүтээхийг эрмэлздэг гэнэ. Гэхдээ ихэвчлэн тосон болон судалбар зураг харагдсан. Цөөн тооны усан зураг ч байна билээ. Тус үзэсгэлэнд нь 108 бүтээл багтсан гэсэн. Гэхдээ суварганы тоог бэлгэдэж сонгоогүй зөвхөн өөртөө таалагдсаныг нь дэлгэтэл тохиолдолоор ийм тооных болж гэсэн. Үзэсгэлэн ирэх пүрэв гараг хүртэл үргэлжлэх аж.
У.Баярсайхан
Эх сурвалж: yalagch.mn