Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадам өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Энэхүү наадам нь тав дахь удаагаа болсон бөгөөд Нийгмийн ардчилал Монголын залчуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулсан юм.
Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой энэхүү наадамд найрагчид зөвхөн эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр 200 орчим найрагч өрсөлдсөн.
Тэднээс нэгийн даваанд 23 найрагчийн бүтээлийг тэнцүүлж хоёрын даваанд оролцох эрх олгосон. Тодруулбал хоёрын даваанд нэрээ дэвшүүлсэн
Ж.Алтангэрэл
Д.Бүтээлч
З.Батхуяг
Д.Гомбосүрэн
С.Ууганбаяр
Т.Зөнбилэг
Д.Цогбадрах
Н.Отгонцэрэн
О.Цэнд-Аюуш
Б.Чулуунцэцэг
В.Нэргүй
Б.Баттулга
Л.Торой
Н.Гантулга
Б.Энхтөр
М.Наранболд
Л.Ганзул
П.Нямлхагва
Б.Хашбаатар
Б.Ганхүлэг
Г.Баяр
Г.Нэргүй нар шүлгэн хүлгээрээ уралдсан юм. Хэдийгээр эх орны сэдэвтэй ч ихэвчлэн эх орноо бусдаас өмгөөлсөн, сүйдэж буй газар нутгаа аргадсан сэдэвтэй бүтээл уншигдсан байгаль эхээ сүйтгэж буй иргэддэд бага ч гэсэн санамж болсон болов уу.
Наадамд МАН-ын дарга М.Энхболд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат тэргүүтнүүд хүрэлцэн ирж үг хэлж нээсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Энэ жил Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны 80 насны ой тохиож байна. энэ өдөр “Тусгаар тогтнол” нэртэй яруу найрагийн наадмыг жил бүр зохион байгуулж хэвшлээ. Тиймээс эрхэм яруу найрагчийн “Тусгаар тогтнол” шүлгэнд хөшөө босгох гэж байгаа” гээд Д.Пүрэвдорж агсны хүүд схем зургийг нь гардуулсан юм. Тус хөшөөг тэд Тусгаар тогтнолын ордны өмнө тун удахгүй залах гэж байгаа гэсэн.
Наадам эхлэхэд Л.Торой, Б.Хашбаатар нарын дөрвөн яруу найрагч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй. Тиймээс 19 найрагч өрсөлдөх нь тодорхой болов. Хоёрын давааны салхийг Ж.Алтангэрэл хагалж модернист шүлгээ уншсан. Гэвч дараагийн даваанд харамсалтай нь шалгарч чадаагүй. Тэрбээр тэдгээр найрагчаас ганцаараа модернист шүлэг уншсан оролцогч байлаа.
Түүнчлэн ганц дайчин ганцаарддаггүйг харуулах гэсэг шиг олон эрийн дунд ганц цэцэг мэт болсон бүсгүй найрагч нь Б.Чулуунцэцэг байсан юм. Тэрбээр өөрийгөө эр хүн байсан бол яах байснаа хүртэл хил дээр бичжээ. Түүнийгээ уншиж сонирхуулсан юм.
Хоёрын даваанд 10 яруу найрагчийг шалгаруулсан. Энэ бол П.Нямлхагва, О.Цэнд-Аюуш, В.Нэргүй, Б.Чулуунцэцэг, С.Ууганбаяр, Л.Ганзул, Б.Баттулга, Г.Нэргүй, Г.Баяр, М.Наранболд нар байсан юм.
Наадам бүр явах тусмаа чангардаг хойно найрагчдын шүлэг энэ даваанд улам төгс бүтээл болсон нь мэдрэгдэж байсан.
Шүүгчдийг оноогоо нэгтгэж байх үед “Voice” группийн ахлагч С.Баттулга, дуучин Д.Балдан нар ая дуугаа өргөсөн нь тэнцсэн эсэхээ мэдэх гэж оноогоо сонсохыг тэсэн ядан хүлээж байсан найрагчдын сэтгэлийг бага ч гэсэн тайтгаруулаад авна билээ.
Ингээд дөрвийн даваа буюу эхний таван байр эзлэх мөч тодроход энэ өдөр хоёр ч удаа алтан шаргал намрын тухай уншиж, Дундговь аймгийнхаа Хулд сумын хулан давхилддаг байсан нутгаа дурссан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва, Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн хүү гэж хүртэл наргиа болж яригддаг “Болор цом”-ын хоёрдугаар байрын шагналт, О.Цэнд-Аюуш, элдүүр нь ханж яваа Б.Баттулга, бие нь жаахан ч билэг оюун нь хэдийнээ эрийн цээнд хүрсэн Л.Ганзул, олон эрийн дунд өнөө цэцэг мэт цомцойн суусан Б.Чулуунцэцэг нарын нэр тодров.
Уламжлал ёсоор тэднийг хөтлөгчөөр ажилласан Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Төв аймгийн Өнжүүл сумын эрх шар гэж хэлүүлэхдээ дуртай, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нэрсийн дагуу мокрофоны өмнө саатуулж шүлгийг нь уншуулсан юм.
Эцэст нь шүүгчдийн дүн тодроход тэргүүн байрыг О.Цэнд-Аюуш, П.Нямлхагва, Л.Ганзул нар хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн. Харин хоёр тусгай байрт Б.Чулуунцэцэг, Б.Баттулга нар шалгарлаа. Б.Баттулга саяхан яруу найргийнхаа хоёр дахь номоо гаргасан билээ. Наадам эхлэхээс өмнө түүнтэй тамхилангаа ярилцаж зогсоход “Хоншоор байвал өнөөдөр би байр эзлэнэ. Тэгвэл шагналынхаа мөнгөөр номынхоо нээлтийг хийнэ ээ” гээд инээж байсан. Ашдын билгээр амны билэг гэгчээр түүний үг ийнхүү биелэлээ олсон.
Тэргүүн байр эзэлсэн яруу найрагчид сая төгрөг, цом, өргөмжлөл очсон. Түүний шагналыг яруу найрагч Ж.Мөнхбат гардуулахдаа “Би энэ хүнийг яруу найргийн ном гаргавал 300 ширхэг хэвлүүлэх эрхийг өөрийн зүгээс өгч байна” гэдгээ мэдэгдсэн. Харин дэд болон гутгаар байр эзэлсэн яруу найрагч тав, 250 мянган төгрөг өргөмжлөл хүртсэн. Тэгвэл тусгай байрын эздийн гар дээр 100 мянган төгрөг өргөмжлөл дэлгэгдсэн.
Наадмын шүүгчээр Төрийн шагналт, яруу найрагч, зохиолч До.Нямаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Батбаатар, доктор, Б.Амартүвшин, С.Баттөр нар ажилласан.
Ингээд уншигч танаа дээрх наадам тэргүүн байр эзэлсэн найрагчийн бүтээлийг хүргэж байна.
Мананд төөрсөн Монголын их талд…
Мананд төөрсөн Монголын их талд очих юмсан
Магадгүй намрын буга ч бас уүнийг мөрөөддөг байх аа
Орчлонгийн оргүй хоосон дотор багтаж
Одод амарсан их талд л очих юмсан
Уулын буга ч бас үүнийг мөрөөдөж
Уран хөлөө бэл рүү нэг зөөдөг байх аа
Нойтон байхан дотор даяанчлан сууж
Норсон буга дэргэд ирэхийг үзэхсэн
Монголын их тал өөрийгөө түүнээс нууж
Моддын оронд манан өтгөрөхийг нэг харахсан
Арван хоёр салаа эрэвт нь үүлс тээглэж үлдээд
Ариун тэргүүн дээр нь сэмэрч байгаа буга
Улам өвгөрч байгаа их талын дунд
Урамдахаар зэхэж байхыг үзэхсэн
Гуниг дотроос бүлээн нүдээрээ ширтэх буга
Гуулин лимбэ шиг талд зогсоод
Нимгэрч байгаа мананд уусан
Шингэрч байхыг л үзэхсэн
Хөвчрүү хөвж байгаа манан доторх тэр бугын
Хөл нь хөндийрч байхыг л харахсан
Мананд төөрсөн Монголын их талд нэг очих юмсан
Магадгүй уулын буга ч үүнийг бас мөрөөддөг байх аа
У.Баярсайхан
Эх сурвалж: yalagch.mn