Жил бүрийн өнгийг тодорхойлдог “Гоёл-2014” наадмын “топ”-оор шалгарсан С.Ариунбилэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Топ” модель болсноосоо хойш анхны ярилцлагаа манай сайтад өгсөн бөгөөд өөрийн гэр бүл болон олон нийтийн дунд гарсан цуурхлын талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
–Сайн байна уу, “Гоёл-2014” наамдын “Топ”-оор шалгарсанд тань баяр хүргэе. Тайзан дээр нэрийг тань дуудахад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. “Гоёл-2014” наадмын “Топ модель” өргөмжлөлийг хүртсэндээ маш их баяртай байна. Би “Гоёл” наадамд 12 жилийн турш оролцохдоо хэзээ ч шагнал горьдож оролцож байгаагүй. Үнэхээр гэнэтийн зүйл болсон. Одоо хэр нь өөртөө итгэж чадахгүй байна. Анхны сэтгэгдлээ илэрхийлж чадахгүй байна. Ямартай ч урд хожид мэдэрч байгаагүй тийм л сайхан мэдрэмж төрсөн. “Топ” гэх өргөмжлөлийг дагаад маш их үүрэг хариуцлага, ирж байгаа гэж би бодож байна. Тийм учраас улам их хичээх болно.
-Гоёл наадамд 12 дахь жилдээ оролцсон гэлээ. Хэдэн настайгаасаа загвар өмсөж эхэлсэн юм бэ?
-Би 13 наснаасаа эхэлж загвар өмсөж эхэлсэн. Топ модель том Цолмон багшийн шавь. Миний тайзны алхааг хамгийн анх тавьж өгсөн. Мөн МҮОНТ-ээр гардаг байсан “Агшин” нэвтрүүлэгт үсэг зөөдөг байсан. 2002 онд “Өвлийн гоёл” наадамд оролцож байсан. Үүнээс хойш тасралтгүй 12 жил загвар өмсөж байна.
-Өөрийгөө “топ” өргөмжлөлийг хүртэнэ гэж төсөөлж байв уу. Хэнийг топоор шалгарна гэж бодож байсан бэ?
-Олон сайхан, мундаг бүсгүй оролцсон. Өөрийгөө топ болно гэж төсөөлөөгүй. Хичээл зүтгэл, хөдөлмөрийг минь үнэнчээр үнэлсэнд маш их баяртай байна. Ер нь бол олон жил загвар өмссөн гээд “Топ” болчихгүй. Тэр бүх хугацаанд сурч, эзэмшсэн тухайн хүний чадвар бол хамгийн чухал. Би хувьдаа 2-3 хүнийг “Топ” болох магадлалтай гэж бодож байсан ч өөрийгөө “Топ” болсон гэхэд үнэхээр итгэж чадахгүй байсан одоо ч тэр шокноос гарч чадаагүй л байна.
-Энэ жилийн “Гоёл” наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байв?
-Энэ жилийн наадамд өмнөх жилүүдийг бодвол шинэ, залуу загвар өмсөгчид ихээр орсолцсон. Загварын ертөнцөд шинэчлэлт хийх болсон гэдэг нь энэ үеэр их ажиглагдлаа. Ер нь жил жилийн гоёл наадамд оролцож буй загвар өмсөгчид болоод загвар зохион бүтээгчдийн ур чадвар илт сайжирч, наадмын цар хүрээ ч өргөжин тэлж байна.
-“Топ” гэх өргөмжлөлийг танд хүртээх болсон гол шалгуур үзүүлэлт нь юу байсан гэж бодож байна. Тус наадамд оролцсон бусад загвар өмсөгчдөөс Ариунбилэг юугаараа онцгой байв?
-Олон жил тасралтгүй загвар өмссөн минь тус наадмын “Топ” өргөмжлөлийг хүртэхэд нөлөөлсөн байх. Мөн загварын ертөнцөд нэр төрөө алдалгүйгээр олон жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлсэн гэж бодож байна.
-Таны өндөр болон биеийн харьцаа хэд вэ?
-Миний өндөр 176 см, биеийн харьцаа 86-62-91.
-Одоо ямар агентлагт харьяалагдаж байна?
-Хамгийн анх загварын тайзнаа хөл тавихад “Ганга гоёл” компанид анх орж байсан. Одоо дизайнеруудын холбооны загвар өмсөгчөөр ажиллаж байгаа. Өсвөр наснаасаа хойш загварын тайзнаа алхсан. Миний өөрийн зан чанар зүгээр суух дургүй аль болох хийж болох чадах бүхий л зүйлд өөрийгөө сорихыг хүсдэг.
-Жил бүрийн “Гоёл” наадмын “Топ”-ыг Ц.Мянганбаяртай холбодог. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Муу л бол зүүн талын хар овоохой гэдэг. Ц.Мянганбаяр захирал 25-н жилийн өмнөөс дизайнеруудын холбоог авч явж байгаа хүн. Тэрбээр жил бүрийн гоёл наадамд шүүгчээр ажиллахаас гадна мөн зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр ажилладаг. Энэ хүн шүүгчийн байр суурьнаас оролцох нь тодорхой. Харин үүнийг ньхүмүүс янз бүрээр ярьж, бичдэг. Энэ жилийн “Топ”-ын өргөмжлөлийг хүртсэн маань Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй огт холбоогүй гэдгийг би онцлон хэлмээр байна.
-Ариунбилэгийг загвар өмсөгч гэдгээс бусдаар бол хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй. Загвар өмсөхөөс гадна ямар мэргэжил боловсрол эзэмшсэн бэ гэдэг нь олон нийтэд сонин байгаа байх?
-Би Анагаах ухааны нүүр, ам, судлалын сургуулийг их эмчээр төгссөн. Мэргэжил дээшлүүлж нарийн мэргэжлийн эмчээр суралцсан. Саяхан хонхны баяр маань болсон. Удахгүй дипломоо гардаж авна. Загварын карьерын хувьд өөрийн зорилгодоо хүрсэн. Харин одоо мэргэжлээрээ ажиллаж бусдад хүндлэгдсэн эмч болохыг хүсч байна.
-Олон нийт шинэхэн “Топ”-ын хувийн амьдралыг ихэд сонирхож байна. Гэр бүлээ нууцаллаа, баян хүний эхнэр гэх зэргээр… Нууц биш бол бидэнд гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл гурвуулаа. Нөхрийг маань О.Золбаяр гэдэг програмист мэргэжилтэй хувийн компанид ажилладаг, эгэл жирийн залуу бий. Бид хоёр нас чацуу. Бидний охиныг З.Цэцүүхэй гэдэг одоо удахгүй дөрвөн нас хүрнэ. Одоогоор тусдаа гараагүй ээжтэйгээ хамт байгаа. “Топ” модель болсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр буруу ташаа мэдээллүүд ихээр гарч байна. Бусдын яриад байгаа шиг гэр бүлээ нууцалсан юм байхгүй. Ямар ч хүн гэр бүлээ нандигнан хайрладаг. Тийм учраас хайртай дотны хүмүүсээ хамгаалах нь зүйн хэрэг.
С.Сумхүү
Эх сурвалж: mass.mn