Энэ удаагийн дугаарын зочноор жүжигчин Н.Мөнгөнтулгыг урилаа.
-Та хамгийн сүүлд “Зоорь” нэртэй аймшгийн кинонд тогложээ. Дэлгэцийн хэд дэх уран бүтээл тань вэ?
-2005 онд “ТВ-5” телевизийн “Гялбаа” сэтгэхүйн таван ангит кинонд Анар гэх залуугийн дүрд тоглож байлаа. Түүнээс хойш “Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь”, “Тэнгрий” түүхэн кино, “Улаан дөрвөлжин” зэрэг кинонд тоглолоо. Уран бүтээл ид өрнөж, урлагийн салбарт ажиллах хүсэл тэмүүлэлдээ хөтлөглөн зүтгэж явна даа.
-“Чонын алтан шагай” киноны Тансагийн дүр таныг олон таниулсан болов уу. Санал нэг байна уу?
-Тийм ээ. Өмнө нь олон ангит кино хийгддэг байсан ч яг тийм детектив жанрын кино ерөөсөө байгаагүй. Тэр утгаараа шинэлэг, үйл явдал ихтэй, яриа багатай кино байсан. Тогоо шанаганы асуудлыг хөндөөгүй, бид мэддэг ч тэр бүр ил байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө оюунлаг. Тэгээд Тансагийн дүр олонд сайн хүрсэн.
-Энэ дүр таныг илүү урамшуулсан байх нь. Дэлгэцийн бүтээлд тоглож, хүмүүсийн танил болох ямар вэ. Уг нь та кинонд дуу оруулагч жүжигчнээр олон жил ажилласан санагдана?
– Ажил олдохгүй болохоороо орчуулгын киноны жүжигчид болно гэж ярьдаг тухай сонсогдсон. Сонин санагдсан шүү. Орчуулгын киноны жүжигчин гэдэг дурын хүний хийгээд байдаг, амар ажил биш. Орчуулгын кинонд дуу оруулж байгаад кинонд тоглосон жүжигчид их амжилттай явдаг тал бий. Их зүйл сурдаг л даа. Тиймээс би цаашид ч орчуулгын кино, дэлгэцийн бүтээл хоёрыг хослуулж ажиллая гэсэн бодолтой байна.
-Зоорь кинонд та ямар дүрд тоглов. Аймшгийн төрөл жанрынх гэдгээрээ онцлог болов уу?
-“Зоорь” өгүүллэг цахим хуудсаар, номоороо залуусын дунд нэртэй, хүмүүс нэлээд мэддэг. Миний ажилласан дүр Галсан. Галсангийн гэр бүл хөдөөнөөс хот руу шилжиж ирээд, өөрийнхөө нөөц бололцоонд тааруулж хямдхан байшин худалдаж авна. Тэр нь оршуулгын газартай хаяа нийлсэн, муу ерын сүнс шүглэсэн газар. Ингээд тэр гэр бүл эмгэнэлтэй хувь заяатай тулгарч байгаа талаар энэ кино өгүүлдэг юм.
-Киногоо ЗD технологиор Монголд анх удаа бүтээсэн гэсэн. Өмнө нь энэ төрлийн кино гарч байсан даа. Яагаад анхных гэсэн юм бэ?
– Өмнө нь “Сайн муу хэрцгий” гэсэн кино гарч байлаа. Тэр яг технологид нь таарсан уран бүтээл болж чадаагүй. Учир дутагдалтай болсон. Дараа нь “Помагите Нам-3”-ыг 3D-гээр хийсэн. Түүнийг манай кинонд ажилласан зураглаач Ш.Даваадорж хийсэн байгаа. Анхны 3D камер ашиглаж хийсэн болохоор туршилт маягийн уран бүтээл болсон. Одоо энэ кинонд туршлагажсан уран бүтээлчид ажиллалаа. Яагаад 3D форматыг сонгож авсан бэ гэхээр үзэгчдэд илүү бодит мэдрэмж мэдрүүлэхийг хүссэн. Паркт очоод галзуу хулгана дээр суугаад буугаад ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ яг тэрэн шиг тодорхой хэмжээний айдас, кайф мэдрээд гараасай гэж бодож байгаа.
-Жүжигчин бүхэн мөрөөдлийн дүртэй байдаг. Та ямар дүрд тоглохыг хүсч байна вэ?
-Олдсон дүр болгонд тоглоод явбал утгагүй. Тухайн найруулагчийн тавьж байгаа саналыг эхлээд судлахыг илүүд үздэг. Хүнд зохих, зохихгүй дүр гэж байна. Хэрвээ миний байгаа материал, дотоод сэтгэхгүйтэй, хувь жүжигчинтэй уялдаатай байгаад сайн дүр бүтээж чадна гэж өөртөө итгэлтэй байвал тоглохыг эрмэлздэг. Ямар ч байсан суралцаад, гайгүйхэн жүжигчин болчих юмсан гэж хүсдэг.
-Жүжигчин, найруулагч гээд багаа сайн бүрдүүлж байж сайн уран бүтээл гарна. Таныхаар сайн найруулагч гэж хэнийг хэлэх вэ?
-Уран бүтээлд найруулагч манлайлагч байдаг. Бүх хүмүүсийг удирдаж, дагуулж явж ямар хувь заяатай учрахыг нь тодорхойлдог. Өөрийн гэсэн гарын үсэг зурдаг. Тэр утгаараа манайд залуу дунд үеийн найруулагч байна. Жишээ нь “Монгол фильм”-ийн Д.Золбаяр ах, “Хам” студийн найруулагч Н.Ганболд, найруулагч Ж.Сэнгэдорж гээд нэр дурьдвал өөрийн гэсэн байр суурьтай болсон хүн олон бий.
-Монголын кино урлагт төрийн дэмжлэг дутагдаж байгаа талаар олон уран бүтээлч ярьдаг.Таны бодлоор яаж дэмжих хэрэгтэй бол?
-Төр, засгаас дэмждэг л дээ. Гэхдээ ганц нэг удаа хөрөнгө мөнгөөр туслахдаа гол биш, бодлоготойгоор хөгжүүлэх талд ажил хиймээр байна. Наад зах нь зориулалтаар нь ашиглахаа больчихсон кино театруудаа ганц хоёрынх нь үйл ажиллагааг сэргээвэл Монголын кино урлагт оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно. Нэгэнт хувьчилчихсан гээд болдоггүй юм бол хүн ам төвлөрсөн газар нь яагаад шинээр кино театр нээж болохгүй гэж. Одоо хоёр гуравхан кино театрт 20-30 кино очоод дугаарладаг. Эхний кино нь гарч байтал дараагийн кинондоо шахагдаад буудаг. Ингээд энд тэндээс ивээн тэтгэгч хайж, зарим нь бүр орон байраа барьцаанд тавьж кино хийсэн байтал зардлаа ч олж чадахгүйд хүрч байна.
-Киног мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа хүн олон байх шиг?
-Ний нуугүй ярихад яг ийм бодол хүсэлтэй олон хүн бий. Тэд Монголын кино урлагийн хэтийн төлөвт хэзээ ч санаа зовдоггүй юм шиг санагддаг. Зүгээр нэг удаа мөнгөний кино хийгээд явж байгаа хүмүүс байна. Үнэхээр сайн уран бүтээл хийгээд, зориод зүтгээд, сайн бүтээл гаргаад үзэгчдэд их таалагдаж байгаа ч уран бүтээл байна. Тэр бүхнийг ялгаж салгаж байгаа бол сайн хэрэг л дээ.
-Мөн сүүлийн үед загвар өмсөгч дуучин гээд мэргэжлийн бус хүмүүсийг кинондоо тоглуулдаг болжээ. Үүнийг та жүжигчин хүний зүгээс юу гэж боддог вэ?
-Мэргэжлийн кино урлаг гэх зүйлийн үнэ цэнэ алдагдаж байна. Жилд өчнөөн хүн жүжигчин мэргэжлээр сургуулиа төгсч байна. Гэтэл тэдэнд ажлын байр байхгүй. Манайд ганцхан театр байдаг. Хөдөө орон нутгийн хөгжимт драмын теөтрууд руу явах дургүй. Үнэхээр урлагт хайртай нэг нь иргэний зориг гаргаж хөдөө орон нутаг руу явж байгаа. Үлдсэн хэсэг нь борооны дараах мөөг шиг олширсон гэх арилжааны хэдэн телевизэд киноны дуу оруулагчаар ч юм уу, хөтлөгчөөр “шингэж” байна. Хэрвээ үнэхээр кино урлагт, аливаа уран бүтээлд царайлаг, сайхан бие хаатай, загвар өмсөгч шиг хүн тоглуулах шаардлагатай юм бол анхнаасаа жүжигчний ангид элсэлт авахдаа ийм шаадлага тавьдаг болох хэрэгтэй юм шиг санагддаг.
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ