Богино зүү, урт зүү хоёр арвын тоон дээр зөрөлдөхөд хэдхэн минут үлдсэн байлаа. Түүний зүрх цагийн зүүний цохилт бүрийг тоолон маш хүчтэй дэлсэж, цээжин дотор нь халуу шатна. Мянгаа энэ л учралын төлөө сүүлийн гурван жилийг дутуу нойртой өнгөрүүлжээ.
Тэртээ гурван жилийн өмнө түүний гар утсанд ирсэн нэгэн захидал амьдралыг нь өөрчилнө чинээ яахан санах билээ. Үл таних дугаараас танилцах хүсэлтэй байгаагаа зориглон илгээсэн тэр нэгэн бүсгүй Мянгаагийн сэтгэлийг гурван хаврын аальгүй салхинд хааш нь ч алдалгүй тогтоож чадсан нь гайхалтай. “Өөртөө чинь танилцаж болох уу?” гэхэд “Өөрөө хэн билээ” гэж бичсэн анхны зурвасаас хойш өдгөө хэдэн мянган зурвас бие биедээ илгээснийг бурхан л мэдэх аж. Зүсийг нь ч үзээгүй атлаа зүрх сэтгэлээ харамгүй өгсөн тэрхүү бүсгүйн нэрийг Саянаа гэдэг болохыг мэдээд “Чи надаас мянга дахин их нэртэй юм байна” гэж хариу илгээж байсан цаг үетэй харьцуулахад одоо тэдний захидал хайрын халуун дулаан үг, хүсэл мөрөөдлийн өнгө аясаар дүүрэн болсон байлаа. Зоогийн ширээний ард цомцойн суух Мянгаа хаалгаар орж ирэх бүсгүй бүрийн өөдөөс үл мэдэг инээмсэглэн сууна.
Тэр минь өндөр нуруутай болов уу, аль эсвэл намхан нуруутай хэрнээ бумбайсан хөөрхөн хацартай, давхраатай алаг нүдтэй байх даа гэж Саянаагаа гоо үзэсгэлэнтэй нэгнээр төсөөлөн суух боловч үе үе муу бодлууд төрнө. Ямартай ч түүнийгээ гоо үзэсгэлэнтэй гэж өөртөө бат итгүүлж чадсан болохоор муу бодлууд нь тэгсхийгээд л мартагдана. Баяр баясал, гомдол бухимдлаа бүгдийг л зурвасаар хуваалцдаг тэдэнд одоо зөвхөн биесээ харах л үлджээ. Зоогийн газрын хаалгаар ягаан өнгийн пальто өмссөн, дунд зэргийн нуруутай, давхраатай нүдэндээ инээмсэглэл хавчуулсан нэгэн бүсгүй орж ирсэн нь Саянаа байлаа. “Тиймээ, миний хүсэн хүлээсэн бүсгүй яг мөн дөө” гэж дотроо шивнэх Мянгаа суудлаасаа хэдэнтэй өндөлзөв. Тэд ингэж л учирсан. Зүс үзээгүй атлаа зурвас солилцох, зүс таниад хамт амьдрах гэдэг хоорондоо хичнээн их ялгаатай болохыг Мянгаа төд удалгүй мэдэрч эхэлсэн юм. Утасны цаанаас халуун дулаан үг харамгүй бичдэг байсан Саянаа нь тийм ч халуун дотно үгтэй, халамжтай нэгэн биш байлаа. Үнэндээ тэрхүү халуун дулаан хайрын үгс түүний хаанаас нь гарч байсныг Мянгаа бодоод олсонгүй. Үг дуу цөөтэй, сэтгэлээ тэр бүр хуваалцахгүй зожиг зантай ч гэмээр Саянааг энэ л хэвээр нь хайрлахаас өөр сонголт Мянгаад үлдсэнгүй. Хэдий зүс үзээгүй ч гэлээ гурван жил биесээ хайрласан гэгээн дурсамж нь Мянгаад хамгаас үнэтэй тул Саянаагаа гомдоож үл зүрхлэнэ. Ааш зан, царай зүс сайтай, бас болоогүй боломжийн амьдралтай Мянгаатай учирч гэр бүл болсондоо Саянаа олзуурхах боловч Мянгаагийн адил цаанаа л нэг гунигтай. Магадгүй тэдний сэтгэлийг тэртээх гурван жилийн гэгээхэн дурсамж нь аргадан тогтоож буй ч юм шиг. Нэг л өдөр уяанаасаа алдуураад хаа нэгтээ гүйн одох адгуус мэт хэн хэн нь сэтгэлээ хатамжлан зэхнэ.
Арга ч үгүй биз, бүтэн гурван жил сэтгэлээ дэвсэж, голоо харлатал догдолж хүлээсэн учрал нь голын хоёр эрэг шиг хол хөндий байгаад сэтгэл гундахаас ч яахав. Саянаа, Мянгаа хоёр ингэтлээ төрөл арилжсанд хэн хэнийгээ ч буруутгаж чадалгүй хоёр жилийг ардаа орхижээ. Үргэлж л бие нь муудлаа, эмнэлэгт хэвтлээ гэж дуулдах Саянаагийн дотны найз Үзмээг нас барсан тэр хар өдрийг хүртэл шүү дээ. Саянаа үе үе найзын бие муудлаа гэсээр хэд хоногоор эмнэлэгт сахиур хийж хонох бөгөөд энэ нь Мянгаад төдийлөн таалагдаггүй боловч түүнийгээ ил гаргахгүйг хичээнэ. Мянгаа, Үзмээ гэх найзыг нь нэг ч удаа харж байгаагүй болоод л тэгж дотроо битүүхэн хар үүсгэж бухимддаг байж мэднэ. Мянгаагийн сарын цалингийн цөөнгүй хувийг тэрхүү үл таних найзынхаа эмчилгээ сувилгаанд зарцуулсан гэх Саянааг Мянгаа ойлгохыг хичээх боловч үл чадахдаа хий дэмий л өөрийгөө зүхнэ. Нэгэн удаа Мянгааг ажлаа тараад гэртээ ирвэл гэрийнх нь хамаг л үнэтэй тавилга, эд хогшил нь цөм алга байв. Миний найз Үзмээгийн бие улам муудсан болохоор мөнгө их хэрэгтэй байна гэж үглэж байсан Саянаагийн үгийг санаад учрыг бараг гадарласан боловч итгэж өгөхгүй л байв. Найздаа тусаллаа, тусаллаа гэхэд гэрийнхээ эд хогшлыг цөмийг нь зарахдаа яахав дээ гэж Мянгааг үглэх зуур гаднаас Саянаа нүдэндээ нулимс тээсээр орж ирлээ.
– Миний найз өнгөрчихлөө ш дээ гээд элгээ тэврэн уйлж суух Саянааг харсан Мянгаа яах учраа олохгүй хэсэг зогсоод :
– Одоо ч хоёулаа болих уу даа, тэгээд ч энэ хоосон байшинд хаана нь амьдрах вэ дээ гээд том хүрэн цүнхэндээ өөрийнхөө хэдэн халтар хувцсаа хийгээд гарах гэтэл Саянаа сая нэг сэхээ орох шиг болж :
– Миний хайрт намайгаа уучлаарай, надад өөр ямар ч арга байсангүй гэснээ нулимстай гартаа үрчийтэл атгасан дугтуйтай захиаг түүнд сарвайв. Мянгаа үнэхээр сэтгэл шулуудсан бололтой захиаг ч авалгүй хаалга түлхтэл Саянаа араас нь ухасхийж гарт нь захиаг атгуулаад :
– Чи энэ захиаг заавал уншаарай, тэгээд эргэж ирэх эсэхээ өөрөө шийднэ биз гэж хэлээд Саянаа өөрийнхөө сэтгэл шиг хоосорсон өрөөнд өвдгөө тэврэн хоцров. Гарт нь атгуулсан захиаг Мянгаа хаях гэснээ больж халаасандаа хийгээд мартжээ. Үнэндээ тэрхүү захидлыг унших хүсэл огтхон ч төрөөгүй бололтой. Хэдэн ч өдрийн дараа юм бүү мэд, Мянгаа халаасаа уудалж байгаад өнөөх захиаг олох нь тэр. Саянаагаа дотроо битүүхэн үгүйлж байсан боловч түүний гаргасан занг уучилж чадахгүй л байв. Ямартай ч түүний өгсөн захидлыг уншихаар задлав. Нарийхан гардаг хар тосон балаар их л нямбай бичжээ :
“Сайн байна уу? хайрт минь. Би чамруугаа захиа бичээгүй ямар их удаа вэ, бараг бүтэн хоёр жил өнгөрсөн байна шүү дээ. Би чамдаа нэгэн түүх ярьж өгөх гэсэн юм. Би таван жилийн өмнө тэргэнцэртэйгээ зам гарч чадахгүй зогсож байтал нэгэн залуу надад тусалсан юм. Би уг нь ганцаараа гадуур нэг их гардаггүй юм, тэр өдөр яагаад ч юм ээж, аавдаа үргэлж дараа болж байхаар өөрөө гарч үзье гэж оролдсон минь тэр байлаа. Би чамайгаа тэгэхэд л анх олж харсан юм даа. Чи минь намайг зам гаргаж өгчихөөд гэр рүү чинь утасдаад өгье гээд утсаа гаргаж ирэхэд чинь би өөрөө залгая гээд чиний утаснаас өөрийнхөө дугаар руу залгаад салгасан юм. Би тэгж л чиний дугаарыг олж авсан. Чи тэр үед анзаараагүй байх л даа, чи ингээд ганцаараа үнэхээр явж чадах уу гэсээр салж одсон тэр л өдрөөс хойш би чамайгаа нэг өдөр, нэг хором ч мартаагүй. Анх чиний утас руу захидал бичихэд ямар их догдолж байсныг чи минь мэддэг ч болоосой. Чиний нэрийг Мянгаа гэдгийг сонсоод би яагаад ч юм Саянаа гэдэг найзынхаа нэрийг чамд хэлчихсэн юм. Чи тэгтэл “Чиний нэр минийхээс мянга дахин их юм байна” гэж хариу бичиж билээ.
Миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч бол чамтайгаа захидлаар харилцдаг байсан тэртээх гурван жил байсан. Би чамтай уулзахаараа нэрээ залруулж хэлнэ дээ гэж үргэлж боддог байлаа, гэтэл чамтай уулзахаар болзсон тэр өдрөөс хоёр билүү гурван сарын өмнөөс миний бие эрс муудаж эмнэлгийн үүд сахих болсон доо. Чинийхээ тэр их хайрын галыг унтраагаад энэ хорвоогоос би явахыг хүсээгүй, тэгээд л би чамруу найзыгаа явуулсан юм. Тиймээ, би чамруу жинхэнэ Саянааг явуулсан юм. Би чамд хайртай шиг тэр чамд хайртай, энэ үнэн шүү. Миний амсуулж чадаагүй хайрыг тэр чамд амсуулах болно оо. Чамайг минь энэ захиаг уншиж байхад би энэ хорвоогоос аль хэдий нь явчихсан байх болохоор би чамаас эцсийн удаа нэг зүйл гуйя. Миний найз Саянааг тэртээх гурван жил намайг хайрлаж байсан хайраараа үргэлжлүүлэн хайрлана гэж амлаач… Хайрт минь би дараа төрөлдөө заавал чамайгаа олж уулзах болно оо… Хайрт Үзмээгээс нь” гэж нулимс дуслуулан бичсэн захидал дээр Мянгаагийн том, том нулимсан дуслууд өөрийн эрхгүй асгарлаа.
А.Алтанхундага