Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “Эрдэнэсийн сан” 108 ботийг эрхлэн гаргагч “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х. Х. Андерсаны “Шүдэнз худалдагч охин” ном хэвлэгдэн гараад байна.
Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х. Х. Андерсан том цэнхэр нүдтэй, эв хавгүй унжгар царайтай, зожиг ганцаардмал, буланд суун дуртай тоглоом болох хүүхэлдэйн театртаа хамаг цагийг өнгөрөөдөг хүүхэд байжээ.
Тэрхүү бяцхан хүүхэлдэйн театраа өөрөө бүтээж, модон хүүхэлдэйнүүддээ элдэв даавуу шаавууны өөдсөөр янз бүрийн хувцас өөрөө “урлаж”, тэгээд зогсохгүй хүүхэлдэй бүрийн өмнөөс өөрөө дүрийг нь бүтээн тоглож өнжинө. Тэр үедээ л бяцхан Андерсен их Шекспир болон бусад алдартай жүжгийн зохиолчдын жүжгүүдээс маш олон хэсгийг цээжээрээ мэддэг байсан ба Андерсений ядуу гэрийн булан дахь хэний ч анхааралд өртөмгүй тэрхүү бяцхан театрийн үзэгч нь, найруулагч, жүжигчин нь ердөө Андерсен хүү өөрөө л байсан байна.
Бага насных нь энэхүү тоглоом түүний амьдралыг бүхэлд нь тодорхойлсон гэж хэлж болох бөгөөд магадгүй хүн төрөлхтний хүүхэлдэйн театрууд ч тэрхүү бяцхан, хуучирсан, ур муутай, эв хавгүй модон тоглоомтой нягт холбогдсон биз ээ. Учир нь өнөө Андерсений үлгэрийг тайзан дээрээ амилуулаагүй тийм хүүхэлдэйн театрийг дэлхийн аль ч өнцөг булангаас олохгүй болжээ.
Их зохиолч маань 1805 оны 4 сарын 2-нд Данийн харьяа Оденсийн Фюн арал дээр төржээ. Эцэг Ханс Андерсен нь (1782-1816) ядуу гуталчин, эх Анна Мари нь мөн л ядуу гэр бүлээс гаралтай аж. Данид Андерсенийг хаан удмын хүн гэсэн домог байдаг нь суут зохиолчийн өөрийнх нь уран хийсвэрлэлтэй холбоотой, өөрөөр хэлбэл залуу насныхаа намтарт зохиолч хүүхэд байхдаа хунтайж Фритстэй (хожмын VII Фредерик хаан) тоглодог байсан мэтээр бичсэнээс үүдэлтэй гэнэ. Энэ бүх уран сэтгэмжийн шалтгаан нь зохиолчийн аав өөрийгөө хаан удмын хүн хэмээн ярьснаас бий болжээ. Гэвч бодит байдал дээр, хожмын их зохиолчийн хүүхэд багынх нь амьдрал өөр байлаа.
Тэрбээр маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, уян, зөөлөн аймхай хүү байжээ. Тухайн үед сургуульд хүүхдийг зодож занчих нь хэвийн үзэгдэл байсан тул хүү сургуульд явахаас ихээхэн айдаг байдаг байсан гэдэг. Тиймээс ээж нь түүнийг хүүхэд зодохыг хориглосон еврейн сургуульд өгчээ. Еврейн ард түмний уламжлал, соёл ийнхүү зохиолчийн мэдлэгийн санд нэвтэрч, хожим еврейн сэдэвтэй хэд хэдэн зохиол бичсэн билээ.
2012 онд Данийн үндэсний архиваас нэгэн үлгэрийн гар бичмэл олджээ. Судлаачид түүнийг Андерсенийх болохыг нь тогтоосон ба тэдний нотолж буйгаар бол их зохиолч маань “Лаа” хэмээх нэртэй энэхүү үлгэрийг бүр Еврейн сургуульд сурч байхдаа бичсэн болж байна. Уг үлгэрт ширээний шургуулганд мартагдсан нэгэн тосон лаа чухам юуны тулд бүтээгдсэнээ мэдэхгүй ихэд эргэлзэн зовно. Тэгсээр галтай учирч, лаа ассанаар оршин буйнхаа утга учрыг олж, орчин тойрноо аз жаргалтайяа гэрэлтүүлэн гийдэг ажээ.
Магадгүй Андерсаний анхны зохиол нь болох энэ үлгэрийн үйл явдал зохиогчийнхоо хожмын амьдралыг зөгнөн тодорхойлжээ гэж хэлж болох юм. Сэтгэл зүрхэндээ мөнхөд асан дүрэлзэх их галтай жаал хүү ядуу гуталчны оромжинд яг л шүүгээний шургуулганд хийгээд мартагдсан лаатай адил байсан хэрэг. Хожим нэгэн өдөр тэрбээр чухам юуны тулд тэр их авьяасын галыг өвөртлөн төрсөн болохоо ухан ойлгож, орчин тойрноо, хүний ертөнцийг хайр энэрэл, ухаарал гэгээрлийн гэрлээр мөнхөд жаргалтайяа гэрэлтүүлсэн билээ.
Үлгэр мөрөөдөлд умбасан Андерсаний бага нас удаан үргэлжилсэнгүй, өөрийн бүтээсэн, өөрөө зоргоор тоглож суудаг театр-урлангийнх нь үүд хаалгыг амьдралын гашуун сүүдэр хааж орхив. Хүүг 11 настай байхад нь (1816 онд) аав нь нас барж, гэр бүлийнхнийхээ ахуй амьдралын хүнд хэцүү ачаанаас үүрэлцэх хэрэгтэй болсон байна. Ингээд балчир Андерсан нэхмэлчнийд, дараа нь оёдолчныд ажилд орлоо. Мөн тамхины үйлдвэрт нэлээд удаан ажилласан гэдэг.
Хүнд хүчир ажил хөдөлмөрт нухлагдсан ч хүсэл мөрөөдөл дүүрэн 14 настай залуу хүү бие даасан амьдралын нэн чухал шийдвэр гарган жүжигчин болохоор нийслэл Копенгагеныг зорив. Юуны учир явж буйг нь лавлаж асуусан ээждээ “Алдар цуутай хүн болно доо” гэж хариулжээ. Хүүгийн зорилго бол бага балчиртаа өрөөний буланд тоглодог байсан хүүхэлдэйн театраа жинхэнэ утгаар нь бодитойгоор хэрэгжүүлж, Копенгагенд байх Данийн эзэн хааны театрт ажилд орох явдал байлаа.
Гэвч жаалхүүгийн санаснаар болох юм юу байх билээ. Тэр үед гадаад үзэмжээр тийм ч сайнгүй бага залуу Андерсан Нугасны муухай дэгдээхэйн амьдралыг жинхнээсээ биеэр туулж өнгөрүүлсэн гэдэг. Гэвч цуцалтгүй гуйсных нь хариуд, мөн нөгөө талаар өрөвдөж, зүс царай муутай ч сайхан хоолойтойг нь бодолцон театрт ажилд авчээ. Удалгүй шилжилтийн насны хөвүүний дуу хоолой өөрчлөгдсөн тул ажлаасаа халагдах болов.
Энэ үед Андерсан таван үзэгдэлт жүжиг бичээд байснаа хэвлүүлэх мөнгө хүссэн захидлын хамт хаанд илгээж орхив. Энэ мэдээж амжилт олсонгүй. Шүлгийн номоо хэвлүүлсэн авч хэн ч тэрхүү номыг нь авсангүй. Гэхдээ урлагийн мэдрэмж сайтай хөөрхий ядуу хүүд хүмүүс санаа тавин Эзэн хааны тэтгэлгээр тусгай сургалттай сургуульд сурах зөвшөөрөл VI Фредерик хаанаас авч чадлаа. Тэнд суралцсан он жилүүд их зохиолчийн хувьд амьдралынх нь хамгийн хүнд хэцүү цаг үе байсан гэж хожим дурссан нь бий. Амьдрал, аливаа юмс үзэгдлийн цаад мөн чанарыг нарийн ухаж мэдэрдэг хүүгийн хувьд хичээлийн догматик сургалт бүгчим харанхуй байсны дээр багш, сурагчдын харьцаа эмзэг зөөлөн сэтгэл зүрхийг нь үргэлж шархлуулна. Дээр нь мөн үргэлжийн өлөн зэлмэг байдал, гачигдал дутагдал нэмжээ.
Гэвч юутай ч сургуулиа 1827 төгсөж чадав. Сонирхолтой нь Андерсан амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл зөв бичих дүрмийг огтоос сурч чадсангүй, тэрбээр бичсэн захиа, гар бичмэлдээ маш олон тооны дүрмийн алдаа гаргадаг байжээ. Андерсенийн хувийн амьдрал мөн л сонирхолтой. Хэдий их нэр алдартай болсон ч тэрбээр гэр бүл, үр хүүхэдтэй байсангүй.
25 наснаасаа утга зохиолын ажилд бүхнээ зориулж эхлэв. Их ч уншиж, улс орнуудын аж амьдрал, үлгэр домогтой танилцаж, эрж хайж байлаа. 1829 онд анхны уран сэтгэмжит өгүүллэгүүдийн түүврээ хэвлүүлж, удалгүй алдрын оргил өөд мацаж эхлэв. Хааны тэтгэлгийг хүртэх болж, арваадхан жилийн дотор Европын хамгийн алдартай зохиолч нарын нэгэнд зүй ёсоор тооцогдох болжээ.
Ханс Христиан Андерсан 1805-1875 онуудад амьдрахдаа үлгэр, аян замын тэмдэглэл, шүлэг олныг бичсэн ба өдгөө түүний бүтээл дэлхийн 140 гаруй хэлээр орчуулагдсан байна. Андерсений зохиолуудыг мэдэхгүй дэлхийн нэг ч залуу иргэн энэ цаг үед байхгүй бизээ. Түүнийг дэлхий нийтээр “Үлгэрийн хаан” хэмээн санал нэгтэй өргөмжилдөг. Ард түмэн бүрд өөрийн гэсэн аугаа их үлгэрч, туульчид бий. Эртний Грекийн Их Хомероос эхлээд л Францын Шарль Перро, Оросын А. С. Пушкин, К. Чуковский, Германы Ах дүү Гримм, Вильгелм Хауф, Шведийн С. Лагерлёф зэрэг олон арван алдартныг дэлхий нийт мэддэг. Гэвч “Үлгэрийн хаан” хэмээх энэ эрхэм дээд, яруу хүндлэл зөвхөн Данийн Х. Х. Андерсенд ногддог болно.
Өдгөө хүүхдийн шилдэг сайн бүтээл туурвисан зохиолчийг “Андерсаний алтан медаль”-иар шагнадаг. Хоёр жил тутамд олгогддог энэ шагналыг Бага Нобелийн шагнал ч гэдэг.
Мөн их зохиолчийн төрсөн өдөр 4 сарын 2-ныг дэлхий нийтээрээ номын баярын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ.
***
Дани улсын үндэсний хамгийн эрхэм нандин бахархал нь Х. Х. Андерсан юм. Хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт Андерсений ертөнцийг бэлэглэсэн даничууд 1913 оны наймдугаар сарын 23-д их зохиолчийнхоо дурсгалд зориулан Копенгаген хотын хаяанд, далайн хөвөөнд байх хадан цохион дээр алсыг мөрөөдөл дүүрэн ширтэн суугаа лусын дагинын хөшөөг урлан босгожээ. Зөвхөн энэ хөшөөг зорьж жил бүр сая гаруй жуулчин очдог гэнэ. 2013 оны 8 сарын 23-нд Лусын дагинын хөшөөний 100 жилийн ойг Дани даяар нижгэр тэмдэглэн өнгөрөөсөн байна.
Орост “Нугасны муухай дэгдээхэй”, “Хааны шинэ хувцас”, “Лусын дагина” зэрэг үлгэрийнх нь ертөнцөд аялах тусгай хөтөлбөр бүхий амралтын бүс байгуулж байгаа бол Хятадад Шанхай хотын Үндэсний паркт Андерсений Үлгэрийн ордон удахгүй нээлтээ хийх болжээ.
***
Андерсен нь зөвхөн Дани улсын, даничуудын бахархал төдий биш ээ. Хэрвээ гэрэл гэгээ, сайн санааны тэнгэр бурхан гэгч үнэхээр байдаг аваас тэр бурхнаас хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд бүүдийн унтарч байсан сайн сайханд итгэх итгэл найдварыг галыг сэргээж өгөхөөр илгээсэн элч нь Андерсен юм гэж хэлж болно. Учир нь Андерсаны үлгэрийн ертөнц бол бүхэлдээ гэрэл гэгээний, хүсэл мөрөөдлийн, сайн сайхан ухаарал, тэмүүллийн, танин мэдэхүйн дээд ертөнц юм.
Андерсаны үлгэр-зохиол жирийн нэгэн шидэт адал явдлын тухай өгүүлдэггүй. Хүний амьдралын, ерөөс оршин тогтнохуйн утга учрийн тухай гүн гүнзгий бодрол бясалгал, нарийн тансаг мэдрэмжийг хэн ч олж харж, ойлгож мэдэрч болох шидэт үлгэрийн энгийн хэлээр өгүүлсэн байдаг. Ямар үйлийг сайн сайхан үйл хэрэг хэмээдэг болох, түүнийг хэрхэн яаж бүтээж, бий болгож, бас хайрлан хамгаалж болдог тухай, тэр сайн сайхны, ерөөс эгэл амьдралын үнэ цэнийн тухай ч өгүүлнэ. Түүний үлгэрүүдэд гэгээн ухаарал, харуусал, хайр энэрэл, бас хөнгөн мэт атлаа гүн утгатай хошин шоглолууд нягт сүлэлдэнэ. Үлгэр бүр нь хүн бүхний сайтар мэддэг тийм л амьдралын тухай хүүрнэж буй мэт байна. Хүний дотоод сэтгэлийн гоо сайхан нь орчин тойрны эгэл жирийн ширээ сандал, шаахай, эсвэл шумуул зэрэгхэнтэй хэрхэн яаж уусан нэгдэж буй тухай өгүүлэх билээ. Андерсений шидэт үлгэрүүд нь нэг талаас ардын аман зохиолын онцгой шинжийг агуулдаг ч нөгөө талаар сонгодог уран зохиолд илэрдэг олон нарийн мэдрэмж, гүн агуулгуудаар нэн баялаг юм.
Билгүүн номч мэргэн Б.Ринчен абугай аль 1935 онд Андерсаны үлгэрүүдээс эх хэлнээ уран тансаг хөрвүүлснээс хойш монголын хэдэн үеийн уншигчид “Нугасны муухай дэгдээхэй”-г өхөөрдөн хайрлаж, “Эрэлхэг тугалган цэрэг”-ийн нүдэнд асан дүрэлзэх зориг золбоогоор урамшиж, “Чүдэнз худалдагч охин”-той хамт шаналж, “Лусын дагина”-ын мөрөөдлийг бахархсаар иржээ.
Монголын олон арван зохиолч, орчуулагчид Андерсаны үлгэрээс монгол хэлнээ орчуулан, Хэвлэлийн газрууд хэдэн арван төрлөөр ном болгон хэвлүүлж байна. Аль 1950-иад оноос эхлэн Хүүхэлдэйн театрт үлгэрээс нь сэдэвлэсэн жүжиг тавьж, Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөртөө оруулж ирсэн ба өнөөдөр ч залуусын заавал унших учиртай номын жагсаалтад Андерсений бүтээлээс багтаажээ.
Б.Номинчимэд