Бидний яаж ярьж байгаа нь юу ярьж байгаагаас дутуугүй чухал байдаг. Хэрэв үр дүнтэй яриа хэлэлцээр хийх тусгай аргуудыг мэдэж хэрэглэж байвал хэнийг ч “умруулж” болдог гэнэ. Энэ аргуудын тухай сэтгэл зүйч Лариса Большакова “Хүнд хэрхэн түлхүүр тааруулах вэ? Хамгийн чухал 30 дүрэм” номондоо өгүүлжээ. Энэ номноос хэсэгчлэн хүргэе.
Дуурайн “шингэх” арга
Хэрэв та харьцаандаа амжилт гаргахыг хүсч байвал ярьж байгаа хүнийхээ зан байдал, авир, ярианы хэм хэмжээг цаад хүндээ мэдэгдэлгүйгээр дуурайх урлагийг эзэмших хэрэгтэй. Харилцан ярилцагчийнхтай ижил “долгионы хуваарь”-т өөрийгөө тохируулж чадсанаар та түүнтэй жинхэнэ итгэлийн харьцаа тогтоож, үүгээрээ дамжуулан ямар нэгэн маргаан, шахалтгүйгээр хүссэн үр дүндээ хүрч болно.
Ямар ч хүн өөртэйгээ ямар нэгэн байдлаар ижил төстэй хүнтэй харьцахдаа дуртай байдаг. Ийм харьцааны үед биеээ барилгүй өөрийнхөөрөө байдаг учраас сэтгэлийн тав тухыг эдэлдэг юм. Тиймээс, та хүнийг дуурайн шингэх аргыг эзэмшвээс, та харьцаж байгаа хүндээ сэтгэлийн тав тухтай байдлыг нь бүрдүүлж өгөөд байж чадна гэсэн үг. Тэгвээс, та хоёр харилцан ойлголцолд амархан хүрэхээс гадна хоёулаа харьцаанаасаа сэтгэл ханамж авч үлдэнэ. Тэр байтугай, дуурайн шингэх арга нь маш гүнзгий, бүр сайн найз нөхөд болтол харьцааг авчирах тохиолдол цөөнгүй. Ер нь л энэ аргыг байнга хэрэглэснээр таны бүхий л харьцаа чанарын шинэ түвшинд гарна. Хүмүүс танд “үхдэг” болох бөгөөд та энэ, хэн бүхнийг “үхүүлдэг” чадвараа өөрийнхөө зорилгод улам сайн ашиглаж сурна. Та бараг л илбичин болчихно гэсэн үг.
Харилцан ярилцагчийнхаа дохио, зангааг дуурай
Энэ урлагийг эзэмшихэд ерөөс хэцүү биш. Та, хэрэг болгоод, жинхнээсээ харилцан яриа болон нэгэн нэгэндээ уусчихсан ярилцаж байгаа хүмүүсийг ажиглаад үзээрэй. Тэд бие биенийхээ хийж буй хөдөлгөөн, дохио зангааг өөрийн мэдэлгүй давтаж байгаа харагдах вий. Ядаж л ижил хэлбэрээр суугаад, хөлөө ч гэсэн адилханаар ачсан байх жишээтэй. Энэ бүхэн тэд ижил долгионд орчихсон, тэдний харьцаа сайхан, тааламжтай байгааг илтгэнэ. Хэрэв та ярилцагчийгаа тав тухтай тааламжтай байдалд оруулъя гэж хүсч байвал та түүний хийж буйг санаандгүй дуурайж байгаа юм шиг зориудаар дуурайгаад эхэл. Ярилцангаа түүний хэв маяг, дохио зангааг ажиж хуулбарла. Гэхдээ илэрхий бишээр хийнэ шүү. Хүн шоолсон хэрэгт оров! Ингэхгүйн тулд түүний хийснийг шууд биш, харин хэдэн секунд өнгөрсний дараа хий. Жишээлбэл тэр гараараа эрүүгээ барив. Тэгвэл хэдэн секундын дараа та ч гэсэн эрүүгээ барь. Энэ аргыг шууд болон толинд туссан байдлаар хийж болно. Эхний тохиолдолд ярилцагч баруун гараараа эрүүгээ барьсан бол та бас баруун гараараа барина. Хоёрдахь тохиолдолд та баруун биш зүүн гараараа эрүүгээ барьвал ярилцагч өөрийгөө толинд харж байгаа юм шиг болно.
Ярих маяг, хурд болон амьсгаа авах хэмнэлийг нь хуулбарла
Та ярилцагчийнхаа ярих маяг, хурдыг хуулбарлаж болно. Илүү нарийн нэг арга бас байна. Энэ бол ярилцагчийнхаа амьсгалтай өөрийнхөө амьсгалыг тохируулах арга юм. Түүний амьсгалах хэмнэлийг мэдэрч, тэр хэмнэлээр нь түүнтэй зэрэг амьсгал. Энэ нь таны санаанд багтахгүй үр дүн авчирна. Та хоёрын харьцаанд жинхэнэ итгэлцэл, жинхэнэ дотно байдал үүснэ.
Дуурайн шингэх аргад суралцаж хэрэглэж эхлээд та тун удахгүй өөрийн мэдэлгүй, автоматаар, харьцаж байгаа хүн бүртээ шингээд эхлэнэ. Энэ нь та харилцааны мастер, тааламжтай харилцагч болсон байна гэсэн үг. Улмаар энэ чадвараа хөгжүүлснээр хүмүүсийг урьдаас илүү улам сайн ойлгодог болж, тэдний сэтгэл санааны байдал, мэдрэмж, цаашлаад тэдний бодол санааг “уншдаг” болно. Удахгүй, яагаад хүмүүс ийм, эсвэл өөр ааш аяг гаргаж байгаа нь таны хувьд нууц байхаа болино.
Практик дасгал
Бүлэг хүмүүс эсвэл ямар нэгэн хүн олонтой газар байхдаа танихгүй хэн нэгнийг сонгоод анхаарлыг нь татахгүйгээр түүний хөдөлгөөн, дохио зангааг давтаж эхэл. Ингэснээр та түүнийг ойлгож мэдэрч байгаагаа мэдрэх болно. Магадгүй энэ хүнд тааламжтай хандах сэтгэгдэл танд төрнө. Ажиллагаагаа түүнд аль болох мэдэгдэлгүй, анхаарлыг нь таталгүй үргэлжлүүл. Таны ажиллагаанд түүний үзүүлж байгаа хариу реакцийг анхаар. Хэрвээ тэрээр хэтэрхий “хөлдүү” хүн биш бол та хоёрын хооронд холбоос тогтоод байгааг тэр мэдэрч эхэлнэ. Яагаад ингээд байгааг ойлгохгүй ч мэдэрнэ. Үүний үр дүнд та хоёрын харц тулах бөгөөд түүний харц ямар ч л байсан их элгэмсүү байх вий. Магадгүй үл таних хүн маань тань руу инээмсэглэж, цаашлаад та хоёр танилцаж ч магадгүй. Гэтэл та нэг их онцгой зүйл хийгээгүй шүү дээ. Түлхүүр тааруулах аргын хүч нь энэ. Та үүнийг хүнтэй харьцах бүрдээ бодож хэрэглэвэл, эерэг үр дүн таныг нэг их удаан хүлээлгэхгүй гэдэгт итгээрэй.
Харьцаанд тэргүүлэгч болох арга
Дээр дурдсан аргыг харилцан ярилцагчдаа хэрэглэж сурсан бол үүндээ сэтгэл ханаад зогсож болохгүй. Дараагийн алхмаа хий: Одоо маш зөөлнөөр, сэмхэнээр, харилцан ярилцагчаа өөртөө шингээ. Ингэснээр та хоёрын харьцаанд тэргүүлэх, хөтлөн удирдах байдлыг та эзэлж, таны хэлж байгаа үг, дохио зангаа тань түүнд улам их үнэмшил итгэлтэй болж ирнэ.
Магадгүй таны амьдралд хэн нэгнийг ятган сэнхрүүлэх, ойлгуулан итгүүлэх хэрэгцээ гарч байсан байх. Жишээлбэл, хэн нэгнийг өөрийнхөө хамтрагч болбол түүнд ашигтай байх болно гэдгийг ойлгуулах. Эсвэл хэн нэгний барилга барих төлөвлөгөө нь амжилтад хүрэх магадлал бага, харин тэр мөнгийг нь илүү ашигтай байдлаар эргэлтэнд оруулах арга танд байна, гагцхүү тэр хүнээ ойлгуулж сэнхрүүлэх хэрэгцээ гэх зэргээр… Хэрэв таны харилцагч таны саналыг ойлгохгүй зөрүүдлээд үгийг чинь авахгүй бол та яадаг вэ? Бухимдаад, цухалдаад, дургүйцээд, дуугаа өндөрсгөөд, бөөн сэтгэлийн хөдлөл болон ярьдаг уу? Тийм бол энэ арга үр дүн муутай, юун санал нийлэх, харин ч муудалцахгүй бол их юм болдог гэдгийг та ойлгосон биз дээ?
Ижил хөдөлгөөнөөс – сэтгэлийн нэгдмэл хөг рүү
Харилцан ярилцагчийгаа хөтлөх аргыг хэрэглэснээр та түүнийг хүчлэхгүйгээр тавьсан саналаа зөвшөөрүүлж чадах болно. Үүний тулд эхлээд түүнд шингэх аргаа мартаж болохгүй шүү дээ? Бидний организм бол нэгэн нэгдмэл эд, тиймээс бидний бие дотоод сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой байдаг. Хоёр хүний хөдөлгөөн зангаа ижил байвал автоматаар сэтгэлийн байдал, өөрөөр хэлбэл сэтгэлийн хөг аяс нь ч адил болоод ирнэ. Тиймээс харилцагчдаа шингэж нэгэн ижил сэтгэлийн хөг, нэгэн ижил уур амьсгалыг мэдэрч байх ёстой.
Харьцааныхаа явцыг өөрийн хяналтанд ав
Одоо та харьцааны байдлыг гартаа авах бололмжтой боллоо. Тэгэхээр, та хүнд шингэхэд хийдгээсээ эсрэг үйлдлийг хийх ёстой. Дагаж биш эсрэгээр. Харилцаж суугаа хүнээсээ өөр байдлаар суу. Түүнээс өөр хөдөлгөөн хий. Хэрэв та хоёрын хооронд зохих холбоос үүсчихсэн байгаа бол тэрээр өөрийн эрхгүй таны хөдөлгөөнийг давтана. Ингэсэн бол та хоёрын харьцаа таны хөтлөлтөнд орж эхэлжээ гэсэн үг. Байдлыг шалгах зорилгоор дахиад хэдэн хөнгөн хөдөлгөөн хийгээд үз. Цаад хүн чинь давтаад байвал таны цаг ирж гэж мэд. Одоо хэлэлцээрийг та гартаа авч болно.
Нэгэн саналд хүр
Яг одоо л танд харилцагчаа өөртөө итгүүлэх, өөрийнхөө саналыг зөв гэдгийг ойлгуулах, түүнийг өөрийнхөө талд татах, ядаж л зүгээр сайхан найзууд болох хамгийн их боломж байна. Гэхдээ бүхнийг маш алгуур, зөөлөн, шахалтгүйгээр хийх хэрэгтэйг санаарай. Угаасаа хүнээр хүсэхгүй байгаа юмыг нь хүчээр хийлгэх нь зохисгүй, бас боломжгүй тул бидний яриад байгаа аргууд хүнийг “зомбидож” хүсэхгүй байгааг нь хүчээр хийлгэх арга биш, зүгээр л найрсаг дулаан уур амьсгалыг бүрдүүлж харилцан ойлголцолд хүрснээр ажил хэргээ харилцан ашигтайгаар шийдэх боломжийг л бүрдүүлж байгаа юм шүү.
Практик дасгал
Өдөр тутмынхаа ажил хэргийн болон хувийн харьцааныхаа үеээр өөрийгөө болон цаад хүмүүсээ хөндлөнгөөс харж байгаа мэтээр ажиглаарай. Ямар үед та харьцааны ерөнхий хөгөнд орж чадаж байгаа, ямар үед чадахгүй байгаагаа дотроо тэмдэглээд байгаарай. Үйл хөдлөлийнхөө ижил болон өөр байдлуудыг байнга анзаарна. Таны харьцаж байгаа хүн танд таалагдаж байгаа бол та хоёр өөрийн эрхгүй нэг нэгийнхээ хөдөлгөөнийг давтаж байгааг та харах болно. Дараа нь та санаатайгаар харилцагчдаа шингэх болон түүнийг хөтлөх аргуудыг хэрэглэн дасгалжаарай. Одоо харьцаанд ямар өөрчлөлт орж ирж байгааг тэмдэглэж ав. Илүү тааламжтай, илүү үр дүнтэй болж эхлэв үү? Байнга дасгал хийснээр та энэ аргуудыг автоматаар хийдэг болно. Зүгээр л, таныг ингэе гэж бодоогүй байхад л цаанаасаа ундраад байдаг болно гэсэн үг.
Харилцагцаа хөтлөх аргад хангалттай дасгалжсаны дараа та ямар ч урьдчилсан шингэлтгүйгээр цаад хүнээ өөрийнхөө хэрэгцээт хөгөнд оруулж, түүнийг хөтөлж чаддаг болно. Үүний тулд та өөрөө зохих байдлаар өөрийгөө хөглөөд энэ байдлаа харьцааныхаа явцад алдахгүй байхад л хангалттай. Та дараахь зүйлийг хийх гээд үзээрэй: “дотоод гэрлээ асаагаад”,сэтгэлээсээ инээмсэглээд, сэтгэлийн хөгөө дээд зэргийн ялдам сайхан болгоод ямар нэгэн танихгүй, танаас огт өөр сэтгэлийн хөдөлгөөнд байж байгаа хүн рүү яваад оч. Ямар нэгэн юм асуу. Таны зорилго – аль болох богино хугацаанд цаад хүн чинь инээмсэглэдэггүй юмаа гэхэд ядаж ууртай байдлаасаа гаран зөөлөрч, тантай ижилхэн тайван байдлаар ярьж эхлэвэл та мастер болж эхэлж байна гэсэн үг. Харин цаад хүний ааш таны хэлж байгаа үгнээс болж биш, таны сэтгэлийн хөгөөр өөрчлөгдөх ёстой шүү. Сэтгэл санаа нь доош орчихсон байгаа хүнийг “та ямар дүнсгэр юм бэ, инээ л дээ” гэх мэтээр шалах хэрэггүй. Зүгээр л найрсаг байдалтайгаар ямар нэгэн энгийн юм асууж ярих ёстой. Яагаад гэвэл асуудал үгэнд биш, харин үгний ард байгаа таны сэтгэлийн хөгөнд л байх ёстой шүү дээ? Ийм байж чадсан тохиолдолд цаад хүн чинь сэтгэл нь засарч нүүрэнд нь баяр баясгалан тодорч ирж ч магадгүй. Энэ нь танд дээд зэргийн үнэлгээ болно.
www.URLAG.mn