“Эмоц” продакшны жүжигчин Ж.Мөнгөнсүхтэй ярилцлаа.Тэрээр архитектурч болох хүслээ сэтгүүлчээр сольж, харин сэтгүүлчээ жүжигчнээр сольсон бөгөөд эцсийн сонголтдоо сэтгэл хангалуун явдаг юм билээ.
-“Сонголт” олон ангит киногоор олон танигдаж байсан. Тэгвэл энэ кинонд яагаад тоглох болов?
-Би хоёрдугаар курст байсан гэхээр одоогоос дөрвөн жилийн өмнө тоглосон кино. Уг нь сэтгүүлч мэргэжилтэй хүн юм. Тэгээд манай ангийн “Star” телевизэд ажилладаг байсан Бэгзээ гэж найз маань ийм киноны проб хийж, жүжигчин шалгаруулж байгаа юм байна, хоёулаа оръё гэхэд нь би “Болъё, санаа зовоод, бие бариад байна ” гээд тэгсэн чинь бараг чирсээр байгаад SBN телевиз рүү аваад орчихсон. Манай Радио телевизийн дээд сургууль SBN телевиз хоёр бараг залгаа байдаг болохоор тэр л дээ. Тэгээд бүртгүүлээд ирэх хагас сайн өдөр проб эхлэнэ гэлээ. Тэр өдөр нь очих уу байх уу гээд тээнэгэлзэж байгаад гитараа аваад л гэрээс гарсан. Тухайн үед амьд хөгжим, гитар дэндүү их сонирхдог, хаа явсан газраа гитар үүрч явдаг байлаа.
-Тэгээд яасан?
-Тэгсэн чинь кино найруулж байсан Бат-Оргил ах нэлээд олон залуу пробонд орсны дараа гарч ирээд уурлангуй өнгө аястай “Та нар дууны тэмцээнд орж байгаа биш дээ. Яагаад орж ирээд дуу дуулаад байгаа юм бэ. Энд жүжигчин шалгаруулж авах гэж байна” гэнгүүт яанаа л гэж бодож байсан. Тэгээд ороод дуу дуулж болохгүй гэсэн юм чинь юу хийдэг юм билээ гэж бодоод гайхаад байлаа. Тэгээд нэгдүгээр курстээ ангиараа жүжгийн тэмцээнд орохдоо бэлдсэн дүрийн текст толгойнд орж ирээдтэрийгээ уншчихлаа. Тэгээд хэд хоногийн дараа надтай холбогдож энэ дүрд тоглох болсон доо.
-Энэ уран бүтээлд тоглоход хамгийн их сэтгэлд үлдсэн дурсамж байна уу?
-Манай кино дөрвөн сарын хугацаанд хийгдсэн. Энэ хугацаанд киноны бүх уран бүтээлчид 5-6 өрөө байранд байрладаг байсан. Миний амьдралд анх удаа ийм олон хүнтэй хамт дөрвөн сар нэг гэр бүл шиг амьдарч үзсэн минь хамгийн дурсамжтай үе байж. Хайрлаж, хүндэлж үргэлж телевизээр харж байдаг хүмүүстэйгээ ийм олон сар хамт байж, өдөр бүр шинэ зураг авалт, зохиолтой танилцдаг байсан.
-Тэрнээс хойш нэлээд хэдэн кинонд тоглосон. Нэг ангит, олон ангит кинонд тоглохын ялгаа юу байв?
-Мэдээж нэгдүгээрт цаг хугацааны асуудал байна. Олон ангит кино зарим нь жил, хоёр жил ч хийж болно. Нэг ангит ч гэсэн түүхэн маягийн кино бол бас л хугацаа шаардана. Харин сүүлийн үеийн хотын хэвмаягийн харуулсан кино сар, удаа гэхэд хоёр сарын хугацаанд бүтээд байх шиг байгаа юм. Би тэгэж ажигласан. Хоёрдугаарт олон ангит кинонд зураглаачид олон газар зэрэг зураг авалт хийх болдог. Ерөнхий найруулагч нь нэг зураг авалт дээр ажиллаж байхад бусад газар нь туслах найруулагчид нь ажиллах байх жишээтэй.Тэгэхээр найруулагчдын юмыг харах өнцөг нь бас өөр өөр болдог юм шиг. Харин нэг ангит кинонд ерөнхий найруулагч, зураглаач, зураач гэх мэт бүх уран бүээлчид нэг дор байдаг нь давуу тал байх.
-Улиран одсон 2013 онд чиний хувьд ямар байв?
-Их олон зүйл болж, олон зүйл өөрчлөгдсөн. Амьдралын хэв маяг, үзэл бодол ч төлөвшиж өөрчлөгдсөн гэж бодож байгаа. Би сэтгүүлч мэргэжлээрээ NTV телевизэд ажилладаг байсан. Найман сарын хугацаанд ажиллаад тэр үеэснада жүжигчин мэргэжил илүү зохих юм байна гэдгээ мэдсэн. Тэгээд “Хувь тавилангийн ээдрээ” кинон дээр танилцаад ах дүү болсон Тэмка ах маань надад санал тавьсан. “Эмоц” гээдхошин урлагийн продакшн байгуулах гэж байна. Чиний сонирхол хаашаа байна” гэж асуусан. Тэгээд би анх байгуулагдахаас нь эхлээд л энэ продакшнд орсон. Бас гэр бүлийн хувьд хүү маань нэг нас хүрлээ. Бүгдээрээ сайхан амьдарч байна.
-Мэргэжлээ голсон хэрэг үү?
-Хүмүүс намайг мэргэжлээ голлоо, бүхэл бүтэн телевизийн салбарыг орхилоо гэж ойлгоод байсан. Үгүй. Хүн хүсэл мөрөөдлөө дагаж, өөрт кайфтай зүйл хийх нь амьдрал илүү сонирхолтой, аз жаргалтай, өнгөлөг болгодог юм билээ.
-Шинэ жил саяхан болж өнгөрлөө. Шинэ жил гэхээр чиний бодолд хамгийн түрүүнд юу буудаг вэ?
-Гэр бүл, ээж аав, хоёр эгч, хань, хүү маань. Биднийг бага байхаас ээж аав хоёр маань бид гуравт шинэ жил бүрээр гоё бэлэг өгдөг байлаа. Оросын гоё бэлэгүүд. Одоо бол өөрөө хүүхэдтэй болчихсон юун нөгөө бэлэг авах.Миний хайртай хань, удмыг залгах үр маань хамгийн түрүүнд санаанд бууна. Тэднийгээ яаж баярлуулах вэ, яаж сайхан байх вэ гэж л бодогддог.
-Шинэ жилтэй холбоотой нандин дурсамжаасаа хуваалцаач?
-Намайг таван настай байхад бенгалын гал гээч зүйлийг шинэ жилийн орой ээж авчраад. Ээж аав хоёр орж ирээд “Хүүхдүүддээ бэлэгтэй. Том аниатай нь хуйвалдаж хоёр дүүд нь бэлэг барьж байна” гээд байсан. Тэр үед “Халтар царайт” ид моодонд орж байсан шүү дээ. Тэр кино гарч байхад гудамжинд нохой ч байдаггүй байсан гэж хэлж болно. Гэтэл бенгалын гал гэж эгч бид хоёр мэдэхгүй тэрнийг нь Мигель Ангел гэж нөгөө киноны гол дүрийн залуугийн нэртэй андуурч сонсоод байдаг. Тэгээд ямар сонин юм бэ манайд ирж байгаа юм байх даа гэж бодоод байлаа. Тэгтэл ээж шкафны хамгийн дээд талын шургуулганд хийгээд нуучихсан гээд болдоггүй. Бүр гайхаад бүхэл бүтэн хүн яаж багтдаг байна аа гээд л . Тэгээд он солигдох мөчид ээж гаргаж ирээд ийм учиртай гээд хэлсэн чинь уур хүрээд, сэтгэлээр унаж билээ. (Инээв)
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Ойрд шинэ жил гээд хүмүүсийг баярлуулдаг уран бүтээл дээр л ажиллалаа. Яг одоо дангаараа орсон уран бүтээл байхгүй. Харин яригдаж байгаа ажил байна. Бүтэх ч байх гэж бодож байна. Тэрний дараа гэвэл манай “Эмоц” продакшны гурав дахь бие даасан шинэ хошин шоу тоглолт дөрөвдүгээр сараас эхлэн тоглоно. Хажуугаар нь Боловсрол суваг телевизтэй хамтраад “Гурван найз” гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан 40 ангит сериал киноны зураг авалтыг эхлээд явж байна.
-Саяхан нэг сонирхолтой клипэнд тоглосон байсан?
-“Мөнхийн рэп” хамтлагийн Мийга ах маань манай продакшны жүжигчин Цогтбаяр бид хоёрыг клипэнд тоглоод өгөөч гэхээр нь тоглосон.Миний хүндэлж явдаг ах л даа.“90-60-90”гэдэг дуу. Их л хөгжилтэй, аальгүй маягийн дүр гаргасан клип болсон. Өмнө нь иймэрхүү зүйлд тоглож байгаагүй болохоор ч тэрүү тоглоод үзье гэж бодсон. Өөрийгөө хараад үхтлээ инээсэн. Хөөрхөн клип болсон байна билээ.
-Ж.Мөнгөнсүх бодит амьдрал дээрээ энэ клипэнд тоглосоноосоо хэр өөр хүн бэ, адилхан уу?
-Тэрс өөр хүн. Амьдрал дээр би илүү харж билүү долоохыг хүсдэггүй. Ийм сайхан ханьтай, үр хүүхэдтэй, сайхан амьдраад явж байна.
-Хэрвээ “Сонголт” кинонд тоглох пробонд ороогүй байсан бол одоо яг юу хийж байх байсан бол?
-Хэрвээ тэгсэн бол бас л чамтай адил телевиздээ ажиллаад, хүнтэй ярилцлага хийгээд ч юм уу явж байх байсан биз гэж бодож байна. Эсвэл магадгүй үргэлжлүүлээд гадагшаа сургуульд явчихсан ч байж магадгүй. Хэдийгээр би мэргэжлийн жүжигчин мэргэжил эзэмшээгүй ч гэсэн залуу хүний хувьд чадах гээд, чадахын тулд хичээгээд явж байгаа.
-Амьд хөгжим сонирхдог байсан гэсэн. Энэ сонирхлоо хөгжүүлээд явсан бол яах байсан бол?
-Улам илүү өөрийгөө хөгжүүлээд, өөр хөгжмийн зэмсэг тоглож сураад явах байсан байх. Бас тэр тал руугаа мэргэшсэн ч байх байсан юм билүү. Нээрээ амьд хөгжмийн “Pumpkin” гэдэг нэртэйхамтлагтай, ахлагч ньбайсан. Тайзан дээр хоёрхон удаа тоглоодтарчихсан. Бүгд оюутнууд, арван жилийн хүүхдүүд байсан болохоор хичээл номоо хөөцгөөсөн нь тэр. Гэхдээ би хэзээ нэгэн цагт дуулах хүсэл мөрөөдөл бий. Гоё дуу гаргаж, хүмүүс сонсдог болоосой гэсэн хүсэлтэй. Мэдээж амьд хөгжимтэй дуулна.
-Өөрийг чинь бас архитектурч болох гээд явж байсан гэж сонссон?
-ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн хэвлэлийн график дизайнер гэдэг мэргэжлээр сурдаг байлаа. Арван жилдээ 45-р сугуульд сурч байгаад есөө төгсөөд сүүлийн хоёр жилээ архитектурч болно гэж явлаа. Тэгээд судлаад үзсэн чинь ШУТИС-т тийм чиглэлийн лицей сургууль байдаг гэж мэдээд тэнд хоёр жил сураад тэгээд нэгдүгээр курсын эхний хагас жилдээ ШУТИС-т сурч байгаад Боловсрол суваг телевизэд болсон залуучуудын нэвтрүүлэгт хөтлөгч хийж үзлээ. Тэгээд би телевизийн хүн болох ёстой юм байна гэсэн хүсэл мөрөөдөлд автаад эхэллээ. Тэгээд нэгдүгээр курсын хоёрдугаар улиралаас РТДС-д шилжиж ороод сэтгүүлч болохоор шийдсэн дээ.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Миний ханийг Одонтунгалаг гэдэг. Байгаль, аялал жуулчлалын менежер мэргэжлээр ХАА-н их сургуулийг төгссөн. Миний удмыг залгах хүүг минь төрүүлж өгсөн, миний амьдралын түшиг тулгуур. Ямар ч үед намайг ойлгож хайрлаж чаддаг. Ган бат цайз маань. Бид хоёр таван жил болжээ. Богино ч биш урт ч биш хугацаа. Энэ хугацаанд бид хоёрынамьдрал гэрэлтсээр байсан. Цаашид ч гэрэлсээр байх болно. Миний ханийг Одонтуяа гэдэг. Энэ дашрамд хэлэхэд нэг хэсэг зарим сайтуудаар андуурал явагдаж, гүтгэлэгт өртсөн. Бид хоёр их юм болж байж танилцаж билээ. Бага эгчийн маань найз байсан. Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шүү дээ. Миний заяаны хань байж дээ гэж боддог. Гэтэл надтай хамт “Сонголт” кинонд тоглосон дуучин Одноо эгчийг Одонцэцэг гэдэг. Гэтэл Одноо эгч бид хоёрыг гэрлэх гэж байна, үрийн зулай үнэрлэх гэж байна, Одноог Одноогоор солилоо гэх мэт хар PR их явагдсан. Гэхдээ зүгээрээ. Тэрний ачаар намайг олон хүн мэддэг болсон шүү.
-Гэрлэх саналаа яаж тавьж байв?
-“Сонголт” киноны өмнөхөн гэрлэх санал тавьсан. Хоёулаа хамт ресторанд суугаад хоол идэж байгаад салфеткан дээр гэрлэх саналаа бичиж байсан гээд боддоо. Одоо манай эхнэрийн түрийвчинд байдаг. Дөрвөн мөрт зохиож бичээд палмастраар тодруулаад. Тэр үед би өөрөө шууд зохиогоод бичиж байсан. Одоо ч гэсэн суугаад бичвэл шүлэг бичих л юм билээ.
-Хүүгээ энэ хорвоод мэндэллээ гэхэд яг юу мэдэрч байв?
-Хүүтэй болох юмсан гэж бид хоёр анхнаасаа их ярьдаг байсан. Тэгээд л хүүтэй болж, мөрөөдөл минь биелсэн. Хүн аав болно, ээж болно, хүний өмнө хариуцлага хүлээж эхэлнэ гэдэг асар их баяр баясгалан байдаг юм билээ. Үйлдлээр үзүүлж, үгээр бичишгүй аз жаргал. Одоо гурвуулаа хамт байгаа үедээ л үнэхээр аз жаргалыг мэдэрч чаддаг.
Б.Цовоо
Эх сурвалж: Bataar.mn