Гэрэл зурагт л бидний амьдралын өчигдөр үлддэг. Энэ чухал салбарын төлөөлөл болсон Монголын ахмад гэрэл зурагчдын нэг, тэр дундаа анхны өнгөт гэрэл зургийн эмэгтэй зурагчин Г.Туяа гуайнд зочлох завшаан тохиосон юм. Тэрбээр 50 гаруй жилийн өмнөөс гэрэл зураг авч, Монголын олон олон түүхэн зургийг гэрэл зургийн халснаа буулгаж амжжээ. Олон үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлэн суугаа түүний залуу цагийн гялалсзсан хөдөлгөөн хэвээр, тас тас инээсээр биднийг угтав. “Өнгөт гэрэл зураг авч байсан анхдагчдын нэг гэж намайг нэрлэж болох ч манай багш гэж мундаг гэрэл зурагчин бий. Өнгөт зураг гэдэг ойлголтыг Монголд мэдрүүлсэн хүн бол Б. Сүхээ багш маань шүү дээ” хэмээснээр бидний яриа эхэлсэн юм.
-17 настайгаасаа л гэрэл зураг авч эхэлжээ-
Өдгөөгөөс яг 50 жилийн тэртээ, 17-хон настай байхдаа Г.Туяа “Монгол фото студи”-ийн босгыг алхан, улмаар гэрэл зургаар мэргэшиж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ л албандаа үнэнчээр зүтгэж яваа. Ажилдаа хоббигоороо хандаж, тэтгэвэрт гарахгүй болтлоо хорхойссон энэ эмэгтэй өдгөө ч аппаратнаасаа салаагүй. Энд тэндэхийн баярын цэнгүүн амралт зугаалгаар олны хэсэгт зураг авахуулах нь гол биш, хэзээний аппарат барьчихсан зураг дараад л гүйх нь энүүхэнд байдаг аж. Тиймээс ч өөрт нь гэрэл зураг ховорхон байдаг юм билээ. Фото студи тухайн үедээ улсын хэмжээний ганц байгууллага байсан болохоор гадна дотноос ирсэн дарга нарын зургийг их авчээ. Ингэж гүйхдээ ажилдаа улайрч, албан бус хувцастай тайзнаа зураг авч байгаад ёс зүйн хорооноосоо “донго” авч байсан ч удаатай гэнэ.
Г.Туяа 1964-1989 он хүртэл улсад ажил хийж гэрэл зураг авч байсан ч 30 гаруйхан насандаа олон жил ажилласан гэгдэж тэтгэвэрт гаргасан байна. Ажилласан жилээрээ ид хийж хөдөлмөрлөж явах насандаа ийнхүү “нөхөн олговрын тэтгэвэр”-т гарсан ч хувиараа зургаа авч, фондоо арвижуулсаар иржээ.
Хариуцлагагүй ажлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй
Тэрээр “Сурсан юм гэдэг хүнд үрэгддэггүй хөрөнгө байдаг юм билээ. Одоо ч хүн болгон зураг авдаг болсон байна. Хэн нэгэн лабораторид филтерээр зураг оруулж байвал би загнах вий дээ. Наадахыг чинь би 88 филтертэй байхад харанхуй лабораторид гаргаж байлаа. Та нартай адилхан кноп дараад ингээд сууж байсангүй. Ядаж та нар кнопоо дарахдаа хариуцлагатай хандаач. Ийм филтертэй байдаг, ингэж гарах ёстой гээд л зургаа угаалгаж байхдаа загнана шүү дээ. Намайг бүр таньдаг болчихсон” гэж ярив. Тэрээр гэрэл зураг авдаг болсныхоо дараа удалгүй ЗХУ буюу одоогийн ОХУ руу суралцахаар явжээ. Лангуун дээр давснаас өөр зүйлгүй байсан картын системийн үед суралцаж байсан болохоор авсан зургийнхаа шагналыг хараад маш их баярлаж байснаа дурссан юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн шоколадны үйдвэрийн эзний зургийг авч шалгалтаа өгч, сургуулиа онц төгсчээ. Үүнййгээ 24:32 хэмжээтэй угааж, эзэнд нь бэлэглэж чемодан дүүрэн шоколад аваад буцаж байсан түүхтэй аж.
Дарханы өнгөтийн өндөр Г.Туяа
Шинэ ажил болгоныг эхлүүлэх сайхан. Г.Туяа Дорнод болон Дархан хотод анхны өнгөт зураг авах зурагчнаар ажиллаж байсан аж. Ахмад гэрэл зурагчид “Дарханы өнгөтийн өндөр Туяа” гэхээр анддаггүй юм билээ.
“Монгол фото студи”-ээс гэрэл зурагчин н.Махбал, Ц.Нина, н.Улиатайхүү, Б.Сүхээ, Чулуун, М.Цэрэнжамц зэрэг зурагчин бэлтгэгдэн гарч байжээ. Тэднээс өдгөө Б.Сүхээ, М.Цэрэнжамц нар л түүхийн хуудасны шарласан түүх адил үлдээд байгаа талаар тэрээр дурслаа. Г.Туяа гуайн багш, өдгөө 70 гарч яваа Б.Сүхээ гэх эрхэмийг ахмад гэрэл зурагчид андахгүй юм. Тэрээр өнгөт гэрэл зургийг анхлан Монголд нэвтрүүлжээ. Олон жил гэрэл зураг угаасны дүнд хорноос нь болж өдгөө нүд нь юм харахаа больсон байна. Тухайн үед зургийг 60:70 хэмжээтэй задгай байдлаар найруулж, 5-6 хор дамжин угаадаг байжээ.
Харин гавьяат зурагчин Ц.Нина гуайн хувьд хэдэн жилийн өмнө бурхан болсон аж. Түүхийг гэрэл зурагнаа түүхчлэн үлдээдэг энэ эрхэмүүд өдгөө хуруу дарам цөөхөн үлджээ. Гавьяат болсон сураг сонсоод хэт баярласнаасаа болж ажлынхаа өрөөнд харвалт өгсөн гэсэн харамсалтай мэдээллийг бидэнд Г.Туяа гуай хуучилсан.
Харин н.Махбал Дархан хотод гэрэл зургийн студи нээж, тэндээ гэрэл зураг авч байсан анхдагчуудын нэг аж. Анхны өнгөт зурагчнаар Г.Туяа гуай очсоноор Дархан хотод олон хүний түүхэн гэрч болох зургуудыг авч буян үйлджээ. Энэ мэт олон олон гэрэл зурагчин түүхийн гэрч болсон зургууд авдаг ч өөрсдөө түүхэнд дурсагдаж чадалгүй тэнгэрт хальсаар байна.
-
ЗХУ-ын шокладны үйлдвэрийн эзэн эмэгтэй
-
Оюутан байхдаа
-
Ажилаа хийж явлаа
-
Зүүн гарын талын эрэгтэй анхны гэрэл зурагчдын нэг Махбал
-
Мэдээг бэлтгэсэн : Г.Эгшиг